Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймаг дахь бүтээн байгуулалттай танилцав

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн хэмжээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтуудын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцав. Улсын төсөвт санхүүжилт нь тусгагдаж, он дамнан баригдаж бйагаа барилга гүйцэтгэлийн ажлууд үргэлжилж байна. Мөн Монгол улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарласантай холбогдуулан АХБ-ны болон бусад санхүүжилтээр шинээр хийгдэж буй бүтээн байгуулалт ч сумдад өрнөж байна. Батноров, Норовлин, Биндэр, Дадал сумдад түүхийн танилцуулга цогцолбор байгууламжууд баригдаж байна. Тодруулбал 1206 онд одоогийн Биндэр сумын нутагт эзэн Чингис хаан их хуралдайг хуралдуулж, Монгол улсыг тунхагласаныг бэлгэдэн Монгол төрийн их хуралдай орд цогболборыг тус газарт нь байгуулж байна. Эзэнт гүрний тулгын чулуу тавигдсан түүхэн газрыг эрдэмтэд сурвалжлан олсноор 1994 онд хөшөө босгосон байдаг юм. Аялал жуулчлалын бүс нутгийг хөгжилд хөтлөх 250 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлж, Биндэр суманд Онон гол дээр дотоодын аж ахуйн нэгж бие даан гүүр барьж байна. Харин Баян-Адарга Дадал сумыг холбосон Онон голын 150 метр төмөр бетон гүүрийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, ашиглалтад оруулжээ. Баян-Адарга сумын иргэдийн 40 гаруй хувь нь Онон голынхоо хойд талд амьдардаг бөгөөд голын урсацаас хамаарч зорчих хөдөлгөөн хийдэг байсан хүндрэл энэхүү гүүр баригдсанаар арилсан байна. Түүнчлэн Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн шинэ бүс бий болох төдийгүй Хэнтий аймагт Засгийн газраас хэрэгжүүлэх түүхэн аялал жуулчлалын бүс, томоохон цогцолборууд, түүнийг холбох авто замын трассын нэвтрэлт гүүр ашиглалтад орсноор нэмэгдэнэ хэмээн тооцоолж байгаа аж.

Монгол-Германы бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулах талаар хэлэлцжээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр талууд COVID-19 цар тахлын эсрэг хоёр орны Засгийн газруудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцсон байна. МөнХБНГУ-ын Гадаад хэргийн Төрийн сайд Н.Аннентай утсаар ярилцаж тохиролцсоны дагуу энэ намар ХБНГУ-ын Элчин сайдын яам, холбогдох байгууллагууд болон Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Монгол-Германы бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулах асуудлыг мөн хөндөж ярилцсан байна. Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Ц.Элбэгдорж,Б.Хурц нарын бүлэглэлээс  нэр дэвшсэн залуус

Энэ сонгуулиар сонгогчид шинэ, залуу хүнийг дэмжинэ гэсэн хандлагатай байгаа сонгогчдын судалгаа гарчээ. Харин энэ хандлагыг далимдуулан АН-ыг базсан бүлэглэлүүдийн гар хөл болсон залуучууд олноор нэр дэвшиж явна. АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдоод нэг удаа АН-ынхан фракцгүй боллоо гэж мэдэгдэж байсан ч энэ сонгуулиар фракцуудаасаа ч томорсон бүлэглэлүүд нэр дэвших эрх авсан. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийг гурван бүлгийн тохиролцоон дээр нэр дэвшүүлсэн гэх. Тэр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, генерал Б.Хурц нарын, Ерөнхийлөгч Х.Баттулгын, С.Эрдэнэ болон З.Энхболдын бүлэглэлүүд аж. Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын бүлэглэл энэ удаа нэлээд хүчтэй байж олон нэр дэвшигч дэвшүүлсэн, тэр дундаа залуусаа түлхүү явуулсан. АН-ын генсек Ц.Баатархүү, АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Ц.Элбэгдоржийн зөвлөх асан Ч.Өнөрбаяр, нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хуульч О.Алтангэрэл, ХХБ-ны төлөөлөл Э.Долгион, Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, АПУ-гийн Б.Түвшин, Б.Ганхөлөг нар Ц.Элбэгдоржийн бүлэглэлд хамаарч байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа эдгээр залуус Ц.Элбэгдоржийн УИХ дахь гал хамгаалагчийн үүргийг гүйцэтгэх, бүлэглэлийн эрх ашгийн төлөө л ийнхүү мацаж яваа. Ц.Баатархүү.Тэр гэнэт АН-ын генсек болсон УИХ-д нэр дэвших эрхээ амархан авчихсан нь Ц.Элбэгдоржтой холбоотой нь тодорхой аж. Тийм биш бол П.Галиндэв, Д.Мөнх-Эрдэнэ, Л.Наранбаатар нар шиг нэр дэвших эрх авч чадахгүй гомдоллож явах байсан биз.Ц.Баатархүү өөрөө фракц, бүлэглэлд багтдаггүй гэх боловч тэр бүр 2005 оноос хойш Ц.Элбэгдоржийн хүн гэгдэх болсон. Лектор төвийн гэгддэг тэрбээр Ц.Элбэгдоржийн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан нэгэн. Дараа нь 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөхийн албыг хашсан. 2012 оны орон нутгийн сонгуульд АН ялснаар Э.Бат-Үүл хотын дарга болж, Ц.Баатархүү Ц.Элбэгдоржийн хот дахь төлөөлөл болон түүний орлогчоор томилогдсон. Ердөө дөрөвхөн сарын дараа тэр гэнэт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь АН-ын фракцуудын зодоонтой холбоотой байлаа. С.Эрдэнэболд.Мөн л Ц.Элбэгдоржтой ойр, Өдрийн сонин-ы орлогч эрхлэгч, Хууль зүйн дэд сайд асан Ш.Сүхбаатарын хүү. Тиймээс ч Ц.Элбэгдоржтой ойр байж, Ц.Баатархүү тэр хоёр адилхан Засгийн газрын хэвлэлийн албаны даргаар ажиллаж явсан юм. Тэр эдүгээ АЗХ-ны ерөнхийлөгч. Өмнө нь АН-ын нарийн бичгийн дарга ч явсан. Бусад залуусаа бодвол дээрээ татаас ихтэй. Ч.Өнөрбаяр.Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед 2010 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж, тэнд ахлах референтээс эхлээд дэд даргын алба хашиж байсан нэгэн. Олон хууль батлуулсан хэмээн онгирох энэ залуу АТГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байв. Ч.Өнөрбаяр зөвлөх хийхийн хажуугаар МУИС-ийн Хууль зүйн сургуульд ахлах багш байв. Дараа нь 2012 онд Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөхийн алба хашиж явсан. Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллах чадваргүй гэгдэж байсан тэрбээр яах аргагүй л Элбэгээгийн хүн. О.Баасанхүү.Түүний хувьд УИХ-д эхлээд Ц.Нямдоржийн хэлснээр Н.Энхбаярын оймсны хавчуурга болж орж ирсэн бол 2016 онд МАН, АН-ынхан саналаа хуваах зуур дундуур нь гүйгээд орчихсон азтан. Н.Энхбаяраас МАХН-ыг нь булаах гэсэн ч чадалгүй тус намаас хөөгдсөөр эцэст нь сонгуулийн нэр дэвшүүлэлтээс хэдхэн хоногийн өмнө АН-д орсон. Б.Хурц, Т.Бадамжунай нартай ярилцсан нь ил болсноор түүний МАНАН-гийн хүн болох нь тодорхой болсон. О.Магнай.Гудамжны тэмцлээс гараагаа эхэлсэн энэ залуу, улстөрд ороод 7 дугаар сарын нэгний үймээнийг эхлүүлж, үүнээсээ болж АН-д элсэж хэргээс мултарсан. АН-ыг засгийн эрх барьж байх үед ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан. АН-ын нарийн бичгийн дарга тэрбээр Ливан улсын иргэнийг залилж, 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нь 724 саяд үнэлэн өөрийн эзэмшлийн компанид шилжүүлэн авсан. АТГ-аас уг хэргийг шалгаж, яллагдагчаар татсан байдаг.2008 оны долдугаар сарын 1-нийг хамт өдүүлсэн Ц.Элбэгдорж түүнийг ивээлдээ авч, хэргээс мулталсан. О.Алтангэрэл.Хуульч О.Алтангэрэл гээднэг залуу улстөрчдийг шүүмжлээд гүйгээд байдаг байсан. Гэтэл гэнэт АН-д ороод бүр Өвөрхангай аймгийн АН-ын дарга болж. О.Алтангэрэл Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үеэс Шүүхийн ерөнхий зөвлөлд өндөр албан тушаал хашиж байсан хүн. Төрийн албанаас гэнэт зайгаа барьж, улс төр ханцуй шамлан орж, бүр УИХ-д нэр дэвшихээр болсон, аймгийн Намын хорооны даргын албыг хашдаг нь түүний эрийн сайндаа хүрсэн улс төрийн оргил лав биш. Э.Долгион.Блүүмберг ТВ, Засгийн газрын мэдээ сонины эрхлэгч түүнийг АН-д сонгуулийн нэр дэвшүүлэлтийн өмнөх өдөр элсүүлээд л маргааш нь нэр дэвшүүлчихсэн. ХХБ-ны төлөөлөл Э.Долгион бол энэ дундаа хамгийн нөлөөтэй нь ч байж мэдэх. Учир нь түүний ард Сахал Д.Эрдэнэбилэг ах нь зогсож буй. Б.Түвшин.Уг нь НИТХ-ын төлөөлөгч боловч АПУ-гийн Б.Түвшин гэгддэг нэг залуу бий. Түүнийг АПУ-гийн Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан болохоор ийн нэрлэдэг гэнэ. Энэ удаа АН-аас УИХ-д нэр дэвших эрх авсан нь нэг талаас Г.Батхүү агсны нэр нөлөө, нөгөө талаас Ц.Элбэгдоржийн татаас гэлцэнэ. Б.Ганхөлөг.Г.Батхүү агсаны хүү. Энэ залуугийн тухайд анх удаа нэр дэвшиж байгаа. Ц.Элбэгдорж нарын дэмжлэг, аавынхаа нэрээр дэвших эрх авсан нь ойлгомжтой. Н.Номтойбаяр нар аавынхаа нас барсан хэргийг нэр дэвшихдээ ашигласан гэж түүний тухай хэлж байлаа. Г.Самбуу

“Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж малчдын амьжиргааг дэмжинэ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн Тоосгоны үйлдвэр, уурхайчид болон малчин өрхийн төлөөллүүдтэй уулзав. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын үр дүн, намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг танилцуулж, иргэдийн санал сэтгэгдлийг нь сонслоо. Мал аж ахуйн салбар, малчдыг хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн дунд, урт хугацааны бодлого, нийгэм, эдийн засгийн шаардлага, эрэлт хэрэгцээнд суурилан Монгол малчин үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд баталсан юм. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэх тогтолцоог шинэчилж, чанарын үнэлэмж бий болгох, малчин өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуйг тогтвортой эрхлэх, орлого, ашгаа өсгөх нөхцөлийг сайжруулна. Мөн малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг дэмжих, малчдын амьжиргаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн гэдгийг МАН-аас нэр дэвшигчид онцлон хэлж байв. Монгол малчин үндэсний хөтөлбөрийг 2020-2024 оны хугацаанд хэрэгжүүлэх юм. Манай улсын нийт өрхийн 25,8 хувийг малтай өрх, үүний 73.6 хувийг малчин өрх эзэлж нийт хүн амын 19.4 хувь нь малчин өрхөд амьдарч, ажиллах хүчний 26,7 хувийг малчид бүрдүүлж байна. Тиймээс малчдын амьжиргааг дэмжиж, малын бэлчээрийг хамгаалж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн гол тулгуур гэдгийг мөн хэлж байлаа. Өнгөрсөн хугацаанд Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн хөрөнгө оруулалтыг салбар бүрт эрчимжүүлсэн гэдгийг МАН-аас нэр дэвшигчид дуулгав. Тодруулбал 2017 онд 5,3 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2019 онд 26,6 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийж салбарт бүрт бүтээн байгуулалтуудыг эхлүүлжээ. Ялангуяа Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдаж, нярайн эмгэг судлалын тасаг нээгдэж орчин үеийн техник төхөөрөмжийн тусламжтайгаар бүх төрлийн шинжилгээнд бүрэн хамрагдах боломжтой болжээ. Мөн 100 ортой хүүхдийн цэцэрлэг, Цагдаагийн хэлтсийн шинэ барилга баригдаж буй бөгөөд Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж байгаа юм. Түүнчлэн Нэг хот-Нэг стандарт зорилтын хүрээнд иргэдийн амьдарч буй орчинг сайжруулж ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөж ашиглалтад оруулж эхэлжээ. Цаашид бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан татварын тогтолцоог хөгжүүлж, алсладсан бүс нутаг, аймаг сумдад томоохон аж ахуйн нэгж салбараа байгуулахыг бодлогоор дэмжихээр намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байна. Учир нь Багануур, Багахангай, Налайх дүүрэгт үйлдвэр, үйлчилгээ эрхэлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх аж. Мөн төр хувийн хэвшлийн түншлэлээр аж үйлдвэрийн паркуудыг байгуулж, дотооддоо үйлдвэрлэл эрхлэж ажлын байрыг нэмэгдүүлэхээр намын мөрийн хөтөлбөрт тусгагджээ. Уулзалтын үеэр иргэдийн зүгээс иргэдийн амьжиргааг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж хөнгөлөлттэй орон сууцаар хангаж өгөхийг хүсч байв. Мөн малын бэлчээр хомсдож байгаа учраас замбараагүй газар олголтыг зогсоож, худагтай болгож өгөх саналыг гаргаж байлаа. Малчдын амьжиргааг дээшлүүлэх сүү цагаан идээг худалдан авах, арьс ширийг үнэд хүргэж дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлэх саналыг ч малчид хэллээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, ЦэндийнСандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.