ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭНХ ТАЙВАН, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ БОЛЖ БАЙНА
2019-11-06 09:51:54 Нийтлэгдсэн: Улс төр
Сөүл хотноо 2019 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Зүүн хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны форум ( Northeast Asia Peace and Cooperation Forum 2019) болж байна. БНСУ-ын ГХЯ болон Сежон судалгааны хүрээлэнгээс 2014 оноос хойш зохион байгуулж буй энэ удаагийн хурал Зүүн хойд Азийн энх тайван ба хөгжил: Солонгосын хойгийг Зүүн хойд Азитай холбох боломж сэдвийн доор болж байна. Эл ерөнхий сэдвийн хүрээнд Зүүн хойд Азид энх тайван, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг олон талт хамтын ажиллагаагаар дамжуулан итгэлцлийг бэхжүүлэх, Зүүн хойд Азид хил дамнасан агаарын бохирдлыг бууруулах, БНСУ-Япон-БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны туршлага ба Зүүн хойд Азийн улсууд хооронд итгэлцлийг бэхжүүлэх арга замууд, Зүүн хойд Азийн улсуудын төрөл бүрийн салбар дахь (спорт, олимпизм, соёл, аялал жуулчлал зэрэг) гурван талт хамтын ажиллагааны боломж зэрэг олон чиглэлээр хэлэлцэж байна. Уг хуралд оролцож буй манай улсын төр, судалгааны байгууллагын төлөөлөгчид Засгийн газрын төлөөлөгчдийн Нэгдүгээр сувгийн уулзалт болон салбар хуралдаан дээр байр сууриа илэрхийлж, бусад улсын төлөөлөгчтэй санал бодлоо солилцов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагчаар томилогдон ирсэн Тапан Мишраныг хүлээн авч уулзав.Уулзалтын эхэнд Ерөнхий сайд азийн орнуудад НҮБ-ыг төлөөлөн ажилласан арвин туршлагатай хүн томилогдсонд олзуурхаж буйгаа илэрхийлж, амжилт хүсээд, бидний харилцаа, үйл ажиллагаанд ажлын туршлага арга барил тань чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэв. НҮБ нь сүүлийн жилүүдэд бодлогын шинэчлэлийг шат дараатай явуулж буй. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр зэрэгт уялдсан бодлогыг хэрхэн хэрэгжүүүлэх вэ гэдэгт анхаарч байна гэдгээ НҮБ-ын суурин зохицуулагч тэмдэглэв. Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа тулгуурлан зорилтот түвшний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж ажиллаж байгаа нь бусад орнуудтай харьцуулахад маш сайн байгаа учир урт хугацааны төлөвлөлтдөө тусган ажиллахад бүх талаар дэмжинэ гэв. Хоёрдугаарт тулгамдсан асуудлаа оновчтой тодорхойлж, сайн дурын тайланг НҮБ-ын индрээс дэлхийн улс орнуудад сонордуулсан нь чухал. Цаашид Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах, боловсруулах үйлдвэрийг олноор барьж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тодорхой зорилтод дэмжлэг үзүүлж ажиллах сонирхолтой байна гэв. НҮБ-аас хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилт нь оновчтой бодлого. Монгол Улс газарзүй, хүн амзүй, улстөрийн бодлогын хувьд онцлогтой улс. Эдийн засгаа төрөлжүүлэх нь чухал. Иймд уул уурхайгаас гадна уламжлалт хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, нэмүү өртөг шингээн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах сонирхол, зорилго байна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газраас явуулж буй бодлогоо товч танилцуулав гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Масато Такаокаг эх орондоо бүрмөсөн буцах гэж буйтай нь холбоотойгоор хүлээн авч уулзав. Элчин сайд Масато Такаока манай улсад 2016 оны арванхоёрдугаар сард томилогдсон бөгөөд Монголд ирэхээсээ өмнө Ирак улсад Элчин сайдаар, Австралийн Сиднейд консулаар ажиллаж байсан туршлагатай дипломатч юм. С.Чинзориг сайд уулзалтынхаа эхэнд ноён Масато Такаокад Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлж, стратегийн түншлэл, хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлж, ахиц гаргах амаргүй албанд үр дүнтэй зүтгэсэнд талархал илэрхийлж Таныг манай улсад ажиллах хугацаанд хоёр орны найрсаг хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж өндөр дээд түвшинд хүрсэн. Төсөв санхүүгийн бэрхшээлтэй үед ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэхэд Япон улс гар сунган тусалсанд таны үүрэг оролцоо их байсан. Түүнчлэн манай хоёр улсын харилцаа өндөр дээд түвшинд хүрсний илэрхийлэлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Эзэн хааныг сэнтийд залах хүндтэй ёслолд оролцсоныг нэрлэж болно. Мөн энэ хугацаанд хоёр улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан. Япон улс Гадаадаас ажиллах хүч авах хуульдаа өөрчлөлт оруулж гаднаас ажиллах хүч авах 9 орныхоо тоонд Монгол Улсыг багтаасанд таны оролцоо маш их байсан хэмээн онцолсон юм. Ур чадвартай ажилтан илгээх, хүлээн авах тогтолцоог боловсронгуй болгох, үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны Санамж бичгийг С.Чинзориг сайд тус улсын Хууль зүйн сайдтай өнгөрсөн хавар байгуулсан бөгөөд хоёр тал ажиллах хүч илгээх, хүлээж авах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч нэлээд ажлыг хийж амжуулаад байгааг уулзалтын үеэр хөндөн ярилцсан. Мөн Япон улсын туслалцаа дэмжлэгтэйгээр манай нийгмийн даатгал, нийгмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хангах, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах, салбарын ажилтнуудыг сургах зэрэг хийж хэрэгжүүлж буй ажлууд цаашид ч үр дүнтэй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр тал илэрхийлсэн. Элчин сайд Масато Такаока цаг гарган хүлээн авч уулзсанд С.Чинзориг сайдад талархаад Монгол Улсад ажилласан хугацаа тун хурдан өнгөрсөн гэж байлаа. Тэрбээр өөрийнхөө ажиллаж байх үед эхэлсэн ялангуяа монгол залуусыг Японд хөдөлмөр эрхлүүлэхэд дэмжлэг болох ур чадвартай ажилтан илгээх, хүлээн авах тогтолцоо амжилттай ажил хэрэг болохыг харахыг хүсч байна гэсэн. Мөн хэдийгээр түүний дараагийн томилолт хэдийнэ тодорхой болсон ч Монголтой холбоотой эхэлсэн ажлуудынхаа талаар байнга анхаарал тавьж байх болно гэдгээ ч хэлсэн. Сайд нарын уулзалтадЯпоны ЭСЯ-ны Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтсийн хоёрдугаар нарийн бичгийн дарга Мацухаши Томоюки, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Анар нар оролцлоо.
Гачуурт-Налайх-Чойр чиглэлийн хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо
2019-11-05 10:23:45 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авч өнөөдрөөс хөдөлгөөнийг нээлээ. 60 жил болсон зам их хэмжээгээр эвдэрч, нэвтрүүлэх чадвар нь эрс муудан, байнга осол аваар гарч эрдэнэт хүний амь нас хохирч байгаа учир Монгол Улсын Засгийн газар энэ замыг зургаан сарын дотор шинэчлэх шийдвэр гарган ажлыг нь эхлүүлсэн юм. Хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, 26 метр өргөн, ус зайлуулах байгууламж, гүүр, нүхэн гарц бүхий замын хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн ч ирэх хавраас төмөр туузан хашлага, явган хүний болон дугуйн зам, суурьшлын бүсийн хэсгүүдэд явган хүний гүүрэн гарц хийж, өнгө асфальт бетоноор нэмж хучин долоодугаар сард бүрэн дуусгана. Автозамыг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүн, иргэдийн төлөөлөл оролцов. Борооны улмаас 29 хоног алдсан ч ажлаа чанартай гүйцэтгэсэн холбогдох яам, хотын захиргаа, гүйцэтгэгч компани болон бүтээн байгуулалтын ажлын ач холбогдлыг ойлгож хүлээцтэй хандсан иргэдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. Мөн Засгийн газар цаашид автозамын чанарт анхаарч, ашиглалтын хугацааг уртасгах, олон улсын жишигт ойртсон хийц, бүтэцтэй зам төлөвлөх, барьж байгуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг хэлэв. Шинэ зам нь зүүн болон өмнө бүсийн аймгууд, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбодог гол зам юм. Мөн Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийнх бөгөөд Улаанбаатар хотын автозамын сүлжжэнд хамрагддаг байна. Энэ зам хөгжлийн, аялал жуулчлалын, ажлын байр нэмэгдүүлэх, дагуул хотын хөгжлийг түргэтгэх зам гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Амарсайхан тэмдэглэв. Мөн Яармагаас Цонжин болдог хүртэл дугуйн зам тавьснаар эрүүл мэнд, спортыг дэмжих зам болно гэв. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замын нийт өртөг 36 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс санхүүжүүлжээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохайдро Лимитед корпорейшн, зөвлөх үйлчилгээг Мөнхад ашдын зам, туслан гүйцэтгэгчээр Тэгшплант, Гашууны гол, Дардан говь компани ажиллаж байгаа юм. Энэ замын бүтээн байгуулалт Монгол Улс, БНХАУ-ын найрамдалт харилцааг илтгэхийн зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх болно гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хэллээ. Мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулалтын өөр олон ажил хамтран хийж байгааг дурдав. Шинэ зам хурдны зам биш учир тээврийн хэрэгсэл эзэмшигчид хурдаа тохируулж, өөрийгөө болон бусдыг хүндэтгэн хөдөлгөөнд соёлтой оролцож, осол гэмтлээс сэргийлж байхыг Замын цагдаагийн байгууллага уриаллаа. Энэ онд нийслэл хотод Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам, Яармагийн шинэ, хуучин гүүрийн шинэчлэлт, их засвар, Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүр зэргийг барьж, ашиглалтад оруулаад байна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байранд зочиллоо
2019-11-05 09:43:34 Нийтлэгдсэн: Улс төр
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайханы урилгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байранд урилгаар зочлож, Баянзүрхийн шинэ гүүрнээс Төрийн ордон хүртэл хамтдаа зорчив. Ерөнхий сайдыг дагалдан Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хамт сууж, Улаанбаатар хотод хийгдэж буй томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын явц болон сайжруулсан шахмал түлшний цаг үеийн асуудлаар зам зуураа ярилцаж, саналаа солилцлоо. Зам, тээврийн салбарт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хүргэв. Тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил хийгдэж байна. Тус чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох шийдвэрийн хэрэгжилтийг одоо байгаа авто замыг ашиглан, нэмж хоёр эгнээ авто зам барих техникийн шийдлийг тодорхойлсон. Одоогоор үндсэн ажлынхаа 60 хувийг хийж гүйцэтгэсэн байна. Замын хучилтийн болон бусад ажлууд үлдсэн. Энэ зун үеэр, ус их байсны улмаас 29 хоногийг алдсан. Замын ажилд ийм олон хоногийг алдана гэдэг их сөрөг нөлөөтэй. Ямар ч байсан замын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 01-нд нээсэн. Замын ажил дуусаагүй байгаа үргэлжлүүлээд хавар хийгдэнэ гэлээ. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Хотын захирагч С.Амарсайхан нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар санал солилцож, ярилцлаа. Түлшний түгээлт жигдрэх шатандаа орсон. Айл өрхүүд ч хэрэглээндээ хэвшиж байна гэж үзэж байгаа. Борлуулалтын цэгүүдээ нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Мөн хяналтын цэгүүд ажиллаж, түүхий нүүрс нэвтрүүлэх, борлуулахгүй байхад хяналт тавьж ажиллаж байгаа. Агентлагуудын удирдлагуудаас бүрдсэн 24 цагийн штаб байгуулсан. Дүүргүүд дэх бөөний цэгүүддээ савлалт мөн хийж байна гэсэн мэдээллийг Хотын Захирагч С.Амарсайхан өглөө. Мөн айлуудад суурилуулах утаа мэдрэгчийн асуудлыг маш сайн судалж, аль нь илүү давуу тал, боломж бололцоотойг харж, харьцуулалт туршилтыг хийж, энэ сардаа багтаагаад иргэдэд хүргэхээр ажиллаж байна гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотод утааны байдал багасаж, түлшний чанар сайжирч, хүмүүс сайн түлш гэдгийг нь ойлгож мэдэрч эхэлж байна. Огт хэрэглэж хэвшээгүй шинэ зүйлийг хэвшүүлэхэд мэдээж тодорхой хэмжээний цаг хугацаа шаардана. Тиймээс түлшний хэрэглээний талаарх урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч ажиллах хэрэгтэй. Утаа багасаж байгаад бүх хүн баяртай байгаа гэдэгт би итгэлтэй байна. Утааны асуудал дээр улс төр хийнэ гэдэг утгагүй асуудал. Бид бүхэн нэг л уушигтай, нэг агаараар амьсгалдаг учраас утаагүй болох асуудал хүн бүхэн санал санаачлагатай оролцох хэрэгтэй гэсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байрыг сайшааж, Энэ их зүгээр шийдэл болжээ. Холбогдох албаны хүмүүсийн хамт явж, цаг хугацааг хэмнэн, ажлаа хурдан шуурхай хийх боломжийг бүрдүүлсэн байна гэсэнд Хотын Захирагчийн зүгээс Шаардлагатай тохиолдолд та авч ажил хэрэгтээ ашиглахад нээлттэй. Олон машин явж, замын түгжрэл үүсгэхгүй. Гол нь явж байхдаа асуудлаа хэлэлцэн, шийдвэр гаргах, цаг хугацаа хэмнэх давуу талтай гэж тодотгосон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй