ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР “ВАЛДАЙН 16 ДУГААР БАГА ХУРАЛ”-Д ОРОЛЦОЖ БАЙНА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ны Сочи хотноо 2019 оны 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж буй Валдайн 16 дугаар бага хурал-ын Их Евразийн гео эдийн засгийн орон зайн шинэ хэлбэр сэдэвт салбар хуралдаанд илтгэгчээр оролцож, үг хэлэв. Уг салбар хуралдаанд ОХУ-ын Үндэсний судалгааны их сургууль Эдийн засгийн дээд сургууль-ийн Дэлхийн эдийн засаг болон Дэлхий улс төрийн бодлогын тэнхимийн эрхлэгч С.А.Караганов, Бүгд Найрамдах Казахстан Улсын Алмата удирдлагын их сургуулийн Төрийн болон олон нийтийн бодлого, эрх зүйн сургуулийн тэнхимийн эрхлэгч Аскар Нурша, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Гадаад хамтын ажиллагааны хорооны орлогч дарга Фу Ин, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн яамны харьяа Дэлхийн эдийн засаг, дипломатын их сургуулийн профессор Улугбек Хасанов нар мөн илтгэгчээр оролцож шинээр үүсч буй Их Евразийн орон зайн асуудлаар тус тусын байр сууриа илэрхийлэв. Олон улсын Валдай клубын хуралд олон улсад нэр хүндтэй улс төр судлаач, шинжээчид хуран цугларч дэлхийн өмнө тулгарч буй олон улсын харилцаа, улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын өргөн хүрээтэй цаг үеийн асуудлаар нээлттэй яриа, хэлэлцүүлэг өрнүүлдэг онцлогтой хурал юм.

ХҮЧИТ ШОНХОР ЗАХАД МАХНЫ БӨӨНИЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД ТОРГУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Чингэлтэй дүүргийн 11-р хороонд байршилтай Хүчит шонхор ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар махны худалдаа эрхэлж буй худалдаа эрхлэгчид худалдаалж буй маханд гарал үүслийн гэрчилгээ, дагалдах төлбөрт үйлчилгээний хуудасгүй, бөөнөөр нийлүүлэхдээ бэлтгэн нийлүүлэлтийн гэрээгүй, нийлүүлсэнийг нотлох падаан баримтгүй, ул мөр тогтоох урагш, хойш шатны бүртгэл бүрэн гүйцэд хөтөлж хэвшээгүй зэрэг зөрчилтэй байна. Мөн зориулалтын бус тээврийн хэрэгслээр мах, махан бүтээгдэхүүнийг тээвэрлэж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд мах, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхлэж байгаа иргэдэд зохих арга хэмжээ авч ажиллах тухай Хүчит шонхор ХХК-д улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгч ажиллалаа. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд нөхцөлд машинаас худалдаа эрхэлж байсан 40 иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль шийтгэвэр ногдууллаа.

Өнөөдөр төв, баруун, зүүн аймгуудын нутгаар цас орж хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд:Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, эрс сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 4-9 хэм, Алтайн өвөр говь болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Эрс сэрүүсч 9-11 хэм дулаан байна. 2019 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 10-р сарын 2-нд зарим газраар, 3-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-р сарын 2-3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна. Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Монголд баригдах газрын тосны үйлдвэрт 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр тусална

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д айлчилсан билээ. Тус айлчлалын талаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Мохеэндер Прат Сингх өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр хэлэхдээ, Ерөнхийлөгч Х.Баттулга нь арван жилийн дараа Энэтхэг улсад зочилсон юм. Улмаар тус айлчлалын үеэр Энэтхэгийн ерөнхийлөгч Рам Нахт Ковинд, Ерөнхий сайд Нарендра Модит нартай уулзаж хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангаж цаашид Монгол, Энэтхэгийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ажиллаж байхаар тохиролцов. Мөн хоёр орон нь соёл иргэншил, түүх, оюун санаа, соёлын холбоо, ардчилал, эрх чөлөөг эрхмэлсэн нийтлэг үнэт зүйлтэй тул ирээдүйд бүхий л талын харилцаагаа улам өргөжүүлэхээр болсон байна. Түүнчлэн төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэрээ терроризмын эсрэг үйл ажиллагаанд хамтран идэвхитэй ажиллах тухай ярилцсан төдийгүй эл бүс нутагт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болжээ. Улмаар Энэтхэг улсаас Монгол улсруу зорчих виза шууд олгох зохицуулалт хийхийг талууд тохиролцсон аж. Мөн айлчлалын хамгийн чухал хамтын ажиллагаа нь Монгол Улсад газрын тос үйлдвэрлэх үйл ажиллагааг Энэтхэг улсын тал 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болсон явдал байлаа. Төрийн айлчлалын үеэр Монгол Улс нь, 76 орны бүрэлдэхүүнтэй эко нарны энергийн олон улсын эвсэлд нэгдэх хүсэлтээ өгсөн байна. Учир нь Монгол орон жилийн 270 өдөр нь нартай байдаг тул дээрх хүсэлт нь экологийн хувьд ач холбогдолтой чухал зүйл боллоо. Харин боловсролын салбарт Энэтхэгийн Засгийн газраас Монгол залуучуудад олгож буй тэтгэлэгийг нэмэх шийдвэр гаргасан юм. Энэ нь ихэвчлэн буддизмын сургалтын тэтгэлэг ажээ. Хоёр орны хооронд зорчих асуудлаар Хүннү-Эйр авиа компаниас Монголоос, Энэтхэг улс руу шууд нислэг хийх ажлыг удахгүй турших юм байна. Ирэх 10 дугаар сард Энэтхэг улсын төрийн томоохон төрийн түшээ манай улсад айлчилж дээр дурьдсан газрын тосны боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлнэ гэж ноён Сингх хэллээ. Ингээд уг хурлын төгсгөлд элчин сайд М.П. Сингх хэлэхдээ, ирэх жил манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Энэ үеэр Улаанбаатар болон Дели хотуудад чуулга уулзалт, соёлын арга хэмжээ зохион байгуулахыг төлөвлөж буй гэв

Бүгд Найрамдах Чех улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех улс /БНЧУ/-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Ярослав Кубераг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр болж буй энэхүү айлчлал бодит үр дүнтэй, хамтын ажиллагааг шат ахиулах суурь болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Хэдийгээр дипломат харилцаа тогтоосноос хойш 70 жил болох гэж байгаа ч эдийн засаг, иргэд хоорондын, соёл, хүмүүнлэгийн гээд олон салбарт чамлалттай харилцаатай байгааг талууд хүлээн зөвшөөрч, цаашид хамтран ажиллахдаа аль аль талдаа харилцан ашигтай байхаар, хамтран гуравдагч орнууд руу бүтээгдэхүүн гаргах чиглэлд анхаарлаа төвлөрүүлэхээр ярилцсан юм. Ялангуяа, эдийн засаг, хүн ам нь өсөж буй зүүн Азийн улс орнуудын импорт нэмэгдэж байгаа ойрын ирээдүйд Монгол дахь түүхий эдийг БНЧУ-ын үйлдвэрийн технологитой хослуулах замаар эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтой гэж үзлээ. БНЧУ түүхий эдээ боловсруулахгүйгээр экспортод гаргаж байсан үеээ өнгөрөөж, өндөр технологи ашиглах болсон тул Монголд нэмж үйлдвэр барихаас илүүтэй байгаа нөөц боломжоо бүрэн ашиглаж, технологийн шинэчлэл хийх, боловсруулах чиглэлд хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэж ярилцлаа. Ноён Ярослав Куберагийн айлчлалын бүрэлдэхүүнд БНЧУ-ын бизнес эрхлэгчид багтаж буй бөгөөд Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, БНЧУ-ын Элчин сайдын яам хамтран Улаанбаатар хотод бизнес форум зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр хоёр улсын бизнес эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлэх төвийг нээхээр болсон нь айлчлалын бас нэг үр дүн хэмээн үзэж буйгаа талууд онцлон тэмдэглэлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ноён Ярослав Кубера нар соёл спортын, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх чиглэлд мөн дэлгэрэнгүй санал бодлоо солилцсон юм. Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.