ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.В.ЛАВРОВТОЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Сочи хотноо 2019 оны 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж буй Валдайн 16 дугаар бага хурал-ын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзаж хоёр талын харилцааны зарим асуудлаар санал солилцов. Тухайлбал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох 1957 оны худалдааны гэрээ-нд нэмэлт оруулах арга хэмжээ эцэслэсэнтэй холбогдон ОХУ-ын Владивосток хотноо Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээх ажлыг хурдасгаж, ойрын хугацаанд зорилтыг хэрэгжүүлэх тухай хоёр тал тохиров. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Оросын төвийн томоохон хэвлэл, мэдээллийн агентлаг болох ТАСС, Риа Новости болон олон улсын Валдай клубын хэвлэлийн албанд манай улсын гадаад бодлого, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар тус тус ярилцлага өгөв.

Он гарсаар 91 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна

Улсын хэмжээнд 2019 он гарсаар эхний 09 сарын байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Завхан аймгийн 50 суманд нийт 91 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 50,3 мянган га ой,255,379 мянган га хээрийн талбай, нийт305,679 мянганга талбай түймэрт өртсөн байна. Түймрийн улмаас байгаль экологид 23,8 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449,7 тэрбум төгрөгийн зардал гарчээ. Гал түймрийг шалтгаанаар нь авч үзвэл: Ил гал 53% Цахилгаан ашиглалт 19% Яндангийн цонолт 15% Технологийн горим зөрчигдсөн 6% Санаатай үйлдэл 0.2% Шалтгаан тогтоогдоогүй 5% Бусад 1% Эх сурвалж: ОБЕГ

БНХАУ-ын 41 иргэнийг албадан гаргаж, 102 иргэний оршин суух зөвшөөрлийг цуцаллаа

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд орон нутагт уул уурхай, барилга, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалтыг энэ оны 09 дүгээр сард зохион байгууллаа. Шалгалтанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 224 аж ахуй нэгж, байгууллагын 33 улсын нийт 4027 гадаадын иргэн хамрагдсан байна. Шалгалтаар ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 41 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сая 700 мянган төгрөгийн торгууль оногдууллаа. Мөн бүртгэлийн болон оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчсөн, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн БНХАУ-ын 29 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 2 сая 980 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа. Түүнчлэн мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Архангай аймгийн Найруулга ХХК-нд Бодонч анар констракшн ХХК, Өвөрхангай аймгийн Өв эко мийт ХХК-нд Энх Эрдэнэ Мөнх ХХК, Бажуалун ХХК, Эйч Кэ Би ХХК дээр НХХЯ-ны харьяа ХХҮЕГ-аас зам, барилгын чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан боловч, мах боловсруулах үйлдвэрт зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 102 иргэний зөрчлийг илрүүлж, оршин суух зөвшөөрлийг нь цуцлан хүчингүй болгож Монгол Улсаас гаргасан байна. Эх сурвалж: ГИХГ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төслүүд өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сарын 01-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улс, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2012 оны хэлэлцээг үндэслэн Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль төслийг техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос хэрэгжүүлж байна. Төслийг өндөр түвшинд хамтран хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр Германы тал 2019 он хүртэлх үйл ажиллагаанд 4.0 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилт бүхий техникийн туслалцааг олгох, Монголын талаас хийгдэх төсвийн хөрөнгө оруулалт цаг хугацаанд төлөвлөгөөний дагуу хийгдэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан Монголын талын хүсэлтээр 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгох боломжтой тухай мэдэгдсэн байна. Түүнчлэн, Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхон дахь оюутны 2-р байрыг Монголын тал хариуцахаар болж 2019 оны Төсвийн тухай хуульд энэ зориулалтаар 2,5 тэрбум төгрөгийг тусгасан байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Польш Улсад 2013 онд хийсэн айлчлал болон хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт, яриа хэлэлцээг үндэслэн БНПУ-ын Засгийн газраас 50 сая еврогийн экспортын зээлийг эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын нөхцөлт тусламж буюу экспортын зээл-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэсэн. Уг нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2017 онд байгуулжээ. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих, Гал түймэртэй тэмцэх техник тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл, Гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт эмнэлэг төсөл, Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл, Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл, Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр тогтсон байна. Өнөөдрийн байдлаар эдгээрээс 2 төслийн тусгайлсан зээлийн гэрээг байгуулж, төслийг хэрэгжүүлж байна. Бусад төслүүдийг хэрэгжүүлж, санхүүжилтийг авах, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн салбарт эрүүл мэндийн салбарыг нэмэхийн тулд Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүчинтэй хугацааг 1 жилээр сунгах шаардлагатай болсон байна. Дээрх хоёр хуулийн төслөөс гадна Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Монгол Улсад томилогдон ирж буй НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа

Монгол Улсад өнгөрсөн сард томилогдон ирсэн НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2003 оноос хойш НҮБ-д ажиллаж, сүүлийн жилүүдэд Зүүн хойд Азид ажиллаж байсан буюу бүс нутгийн нөхцөл байдлын талаар мэдлэгтэй хүн манай улсад томилогдон ирсэнд таатай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн НҮБ Монгол Улсын хөгжлийн бодлогыг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улс загвар улс болох, олон салбарт манлайлах боломжтой гэж үзэж буйгаа хэлж, энэ асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа. Ноён Тапан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр Монгол Улс тогтвортой хөгжлийн асуудлаарх 2030 он хүртэлх үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулсан нь маш сайн болсон гээд зарим асуудлыг нь хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн баримт бичигт тусгах асуудлаар санаачилгатай ажиллахаа илэрхийлсэн юм. Уулзалтаар талууд мөн агаарын бохирдол, мансууруулах бодис зэрэг тодорхой сэдвийн хүрээнд санал бодлоо солилцсон бөгөөд ярилцсан сэдвийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж тодорхой ахиц, үр дүнд хүрэхээр зорьж ажиллана гэдгээ НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра илэрхийллээ. Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.