МАН-ын нэр бүхий гишүүд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичгийг өргөн барьж магадгүй гэнэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар намынх нь нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Гарын үсэг зурах санаачлагыг Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүд гаргасан гэх мэдээллийг эх сурвалжууд өглөө. Холбогдох хуулийн дагуу ерөнхий сайдыг огцруулах саналыг парламентийн 19 гишүүн дэмжсэнээр УИХ-д өргөн барих нөхцөл бүрдэнэ. Олдсон мэдээллээр огцруулах саналыг энэ сарын 20-иор УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Учир нь, уг хугацаа хүртэл яамдын ТНБД нар бүрэн томилогдож, агентлагуудын дарга нарыг жинхэлэх аж. Өөрөөр хэлбэл, яамд, агентлагийн доторх халаа сэлгээ жигдэрч, засгийн газар бүтцийн хувьд тогтжворжсон хойно ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөхөөр төлөвлөсөн бололтой. Өнөөдрөөр тооцоход ерөнхий сайд Ж.Эрдэнэбат томилогдоод 58 хонож буй. Энэ хугацаанд Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-гийн Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах замаар төсвийн тодотголоо боловсруулж, мөнгөний бодлогыг хүүг гэнэт огцом байдлаар 4.5 хувиар нэмэгдүүлсэн гэх шүүмжлэл явж буй юм. Түүнчлэн төсвийн тодотголын хүрээнд халамжийн бодлогыг хэт танаж, 22 мянган төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдгээ мэдэгдсэн нь намын гишүүдийнхээ шүүмжлэлийг хүлээсэн юм. Намын гишүүдийнх нь зүгээс Засгийн газрын мөрийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа намын мөрийн хөтөлбөрөөс хэт гажуудуулсан, бодлогоор шийдэх том асуудлуудыг шууд байдлаар төсвийн тодотголд тусгасан зэргээр ерөнхий сайдаа буруутгаад буй юм. WORD.MN

Б.Чойжилсүрэн: Ахмадууд талийгаач болсон хөгшнийхөө тэтгэврийг авах сонирхолгүй байна

Өнгөрсөн онд баталж ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр байсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох саналыг Сангийн яамнаас оруулж ирсэн. Уг нь энэ хуулийн үйлчлэлийг хүлээж байсан олон зуун ахмадууд байсан гэдгийг Ардчилсан намын бүлгийнхэн онцлоод яагаад хүчингүй болгох санал оруулж ирсэн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулахад Ер нь хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Бас Монголчууд сүсэг бишрэлтэй, талийгаач болсон хөгшнийхөө нэрийн өмнөөс тэтгэврийг нь авах сонирхолгүй байна. Энэ талаарх санал хүсэлтийг манай яаманд ихээр ирүүлж байгаа учраас Сангийн яам уг хуулийг хүчингүй болгох санал оруулж ирсэн гэсэн тайлбар өглөө. WORD.MN

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.09.05/ хуралдаанаарАвлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслүүдийг Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог 1 удаагийн тэтгэмжийн хэмжээг 1-12 сар болгож байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог байсныг 12 сар хүртэл болгохоор Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шүүгчийн цалин хөлс нь төрийн албан хаагчийн дундаж цалингаас өндөр, адил мэргэжил, ур чадвар шаардах төрийн бусад адилтгах албан тушаалын цалингаас хэт өндөр байгааг өөрчлөх, түүнчлэн шүүгчийн нийгмийн баталгааны зарим заалтууд төрийн бусад салбарын хуулиас дээгүүр тогтоогдсон гэж үзэж шүүгчийн нийгмийн баталгааны заалтуудыг онцгой байдал, төрийн аудит гэх мэт бусад салбарын баталгаатай ойролцоо түвшинд байхаар тусгажээ. Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж, зардлын үр ашигтай байдлыг хангах зорилгоор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас бүх шатны шүүхийн ажиллагаанд болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөх асуудлыг Төсвийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй хэмээн үзэн боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл тус бүрээр нь хэлэлцсэн бөгөөд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхиАвлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжсэн юм. ХаринШүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухайхуулийн төсөл,Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжээгүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Үүний дараа Зарим хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулав. Монгол Улсын Их Хурлын 5, 6 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өргөн мэдүүлэгдсэн боловч хэлэлцэн баталж амжаагүй нийт 152 хууль, 16 Улсын Их Хурлын тогтоолын төсөл байсан бөгөөд тэдгээрийг хууль санаачлагчаар нь авч үзвэл Ерөнхийлөгчөөс 13 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 1, Засгийн газраас 65 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 1, Улсын Их Хурлын гишүүдээс 74 хуулийн төсөл, 14 Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус санаачлан өргөн мэдүүлжээ. Шинээр байгуулагдсан Засгийн газар 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр Засгийн газраас өмнө санаачилж, өргөн мэдүүлсэн 50 хуулийн төсөл, 1 Улсын Их Хурлын тогтоолын төслийг татан авсан байна. Байнгын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн боловч хэлэлцэн шийдвэрлээгүй байгаа 81 хуулийн төсөл, 16 Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын саналыг авах шаардлагатай, мөн Монгол Улсын хууль тогтомжийг 2016-2020 онд боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгуулах зорилгоор дээр дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг дэмжлээ хэмээнУИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Гаргасан санхүүгийн зөрчийн хэмжээгээрээ Р.Бат-Эрдэнэ тэргүүлж Б.Очирбат удаалжээ

Төрийн өмчит их дээдсургуулиудын удирдлагын төлөө маш ширүүн тэмцэл болдог. Тэгвэл өнгөрсөн хичээлийн жилд эрхм ректоруудын гаргасан санхүүгийн зөрчлийн тоо хэмжээ л тэрхүү цусгүй тулаан яагаад хурц болдогийн нэг шалтгааныг хэлж өгч байна. Санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчих, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах зэргийн цаана хөрөнгө мөнгө шамшигдуулсан үйлдэл байдаг. Өнгөрсөн хичээлийн жилд төрийн өмчит их дээд сургуулиудаас АШУҮИС-ийн ректор Г.Батбаатар нь зориулалт бусаар зарцуулсан 47 саяас гадна санхүүгийн 418 сая төгрөгийн зөрчил гаргажээ. ХААИС-ын захирал Т.Хэрүүга 393 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан бол гаргасан санхүүгийн зөрчлийн хэмжээ нь 233 сая төгрөгт хүрчээ. ШУТИС-ын ректор Б.Очирбат хөдөө аж ахуйн андаасаа бүр илүү гарсан байна. Тэрээр 810 гаруй сая төгрөгийн хөрөнгийг бүртгэлд тусгаагүйгээс гадна 93 сая төгрөгийг зориулалт бусаар захиран зарцуулсан гэнэ. МУБИС-ын захирал Д.Мөнхжаргал нь хариуцлага тооцох хэмжээний 61 саяын хэрэгтэй байна. Харин хамгийн тэргүүнд МУИС-ын захирал Р.Бат-Эрдэнэ манлайлсан агаад 5,6 тэрбумын санхүүгийн зөрчил гаргаж аудитаас зөрчлийг арилгах албан шаардлага өгчээ. МУБИС гэхэд л 2014-2015 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар яамнаас эрх шилжүүлсэн Сургуулийн өмнөх боловсролд зориулсан хөгжмийн зэвсэг худалдан авах гэрээг Фүлсолюшин компанитай байгуулж улмаар зах зээлийн үнээс 1-49 дахин өндөр үнээр хөгжмийн зэвсэг худалдан авчээ. ХААИС нь 2015 оноос баригдаж эхэлсэн 6.6 тэрбумын өртөгтэй спорт заал, зоорьтой 4 болон 10 давхар хичээлийн 2 байртай нийт 3 блокоос бүрдэх хичээлийн 2-р байрны санхүүжилтээс Стройко компанид 393 сая төгрөгийг албан ёсны гэрээ хэлэлцээргүйгээр шилжүүлсэн байна. ШУТИС нь ректорын хэрэгцээнд ланд-200 худалдан авсан бол ХААИС нь мөн ийм маркын машин дур мэдэн худалдажаваад ТӨХ-д хураалгажээ. МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль нь Ивээл Оргил компаниар 32 сая төгрөгийн засварын ажил хийлгэхдээ 15 сая төгрөгийг нь сургуулийн ерөнхий нягтлан бодогч бэлнээр авч гүйцэтгэгчид өгсөн гэх ч баримт нь гарын үсэггүй гэнэ. АШУҮИС нь сайдын багцаас 330, өөрийн эх үүсвэрээс 140 сая төгрөг гарган Оюутны Эко цогцолбор төв барихаар Шил металл хийц компанитай гэрээ байгуулсан ч мөнгөө өгөөд алджээ.\үргэлжлэл бий\ WORD.MN

Путинаас томилолт авсан Оросын тэрбумтан Алишер Усманов Узбекстаны ерөнхийлөгчөөр очино

ДундадАзийн энэ улсын төрийн тэргүүн Ислам Каримов олимпод оролцсон багаа хүлээн авсан дайллага дээр архи хэтрүүлэн уугаад бие нь гэнэт муудаж бурхан болсон. Энэ тухай хамгийн түрүүнд мэдээлсэн Reuters агентлаг дараагийн ерөнхийлөгчийг сонгох талаар сонирхолтой нийтлэл гаргажээ. Үндсэн хуулийн дагуу өдгөө төрийн тэргүүний эрхийг парламентын дарга Нигматилла Юддашев эдэлж байгаа. Гэхдээ түүний засгийн эрхийг авах боломж тэгтэй тэнцэнэ. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Рустам Иноятов хамаагүй найдлагатай нэгэн. Талийгаачийн эртний анд тэрээр зөвлөлийн шугмаар улс төр, төр захиргаа болон бизнесийн хүрээнд өөрийн сүлжээ нөлөөллөө тогтоож чадсан. Гэхдээ нас сүүдэр нь 70 гарсан тул бас л хасагдах шатны хүн гэнэ. Өөр нэгэн боломжтой нэр дэвшигч нь шадар сайд Рустам Азизов юм. Узбекийн элит давхаргаас гаралтайн дээр түүнийг америкчууд дэмжиж байгаа нь нэг том давуу тал гэнэ. Гэхдээ энэ нь Оросд таалагдадгүй тул эргээд сул тал нь болсон. Ерөнхий сайд Шавкат Мирзяев нь талийгаач ерөнхийлөгчийн эхнэрд их нөлөөтэй, гэр бүлийх нь найз байжээ. Өдгөө 59 настай тэрээр Самаркандын фракцид харьяалагддаг. Өмнө нь Каримовыг зүрхний өвчтэй болсоныг олон нийтэд зарлаад засгийн эрхэнд санаархаж байна хэмээн буруутгагдсан. Түүний зээ охин нь Оросын тэрбумтан узбек гаралт Алишер Усмановын ач хүү Бабуртай гэрлэсэн ч удалгүй хүргэн нь машины ослоор амиа алдсан. Ач хүүгээ өөрийнхөө залгамжлагч хэмээн бэлдэж байсан тэрбумтан дургалд нь зориулан Ташкентэд том мечет бариулсан. Оросууд өөрийн тэрбумтны Узбекийн улстөрийн элит давхаргын хүчирхэг гэр бүлтэй тогтоосон худ ургийн холбоогоор дамжуулан Мирзяевыг дэмжих нь тодорхой болжээ. Үндсэндээ Путин Усманов хоёр л шинэ ерөнхийлөгч хэн болохыг шийдэх аж. Энэ нь Путины улстөрийн нөлөө шахалт, Усмановын мөнгө гэсэн үг юм. Одоогоор хэрвээ өөрийн хүнийг нь засгийн эрхэнд гаргавал төрсөн нутагтаа асар их хөрөнгө оруулалт хийнэ гэж тэрбумтан хоёрдугаар сувгаар дамжуулан мэдээлэл тараасан гэнэ. Өөрөө хөрөнгө оруулахаас гадна Оросоос ч мөнгө татаж чадах аж. Түүнээс гадна Оросд ажиллаж амьдардаг узбекчуудын нөлөө холбоог ашиглаж байна. Узбекийн хоёр сая гаруй иргэн Оросд ажилладаг нь хуучны стан гэгддэг улсуудаас хамгийн олон тоотой нь юм. Тэд жилд асар их мөнгийг эх орон луугаа шилжүүлдэг. Хэрвээ Кремлийн талын хүн төрийн тэргүүн болбол узбекчуудыг Оросд ажиллаж амьдрах болон зорчиход хөнгөн хялбар болно гэсэн хүлээлт үүсээд байна. Өдгөө оросууд шахалтаа улам чангатган Алишер Усмановыг ерөнхийлөгч болгохоор зүтгүүлж эхэлжээ. WORD.MN

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.