Ерөнхийлөгч МАН-ын талд орсон шалтгаан

МАН чуулганы танхимын үүднээс буйдангаа холдуулж, суултаа зогсоолоо. Түүнчлэн АН ч Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр зассан байсан ширээ сандлаа гаргасан юм. Ийнхүү тэд ирэх оны төсвийг хугацаанд нь багтаан батлахаар ажилдаа шуурхайлан оров. Ингэхдээ төсвийн төслийг ирэх сарын 15-н гэлгүйгээр 10-ны дотор багтааж, батлах тухай АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлсэн. Төсөв түүхий байгааг эдийн засагчид сануулсаар байтал яарвал даарна гэгчийн үлгэр болчихгүй л бол сайн хэрэг. Ямартай ч эцсийн дүндээ Ерөнхийлөгч тэднийг эвлэрүүлж чадлаа. Гэхдээ Төрийн тэргүүн МАН-ынхантай ямар тохироо хийв гэдэг нь хачирхалтай. Улс төр бол өгөө аваатай бизнес гэдэг. Асуудлыг хурцадмал байдалд ортол нь ам нээгээгүй ардчилсан Ерөнхийлөгч МАН-ын удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Уулзалтаар жагсагчдад зарчмын хоёр санал тавьсан билээ. Эхнийх нь өөрийн биеэр Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан санаачилж, МАН-ын УИХ дахь бүлгийг хүлээн зөвшөөрүүлэх. Удаах нь 2013 оны төсвийн төслийг УИХ хугацаанд нь шуурхай, чанартай хэлэлцэж батлах. МАН ч толгой дохин хүлээн авсан. Үнэндээ жагсагчдын хувьд АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх асуудлыг л хойшлуулж байвал төсвийн төслийг хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байсан. Харин АН хэзээ ч бууж өгөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан бол мөн л МАН-ын удирдлагуудтай уулзсаныхаа дараа зөөлөрч, тэдний хүссэнээр шийдвэрлэлээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Ерөнхийлөгч ч санал бодлоо илэрхийлж, төсвийн хуулиа хэлэлцэх үүргийг өгсөн. УИХ-ын чуулганы танхимын хаалгыг буйдангаар хааж суух нь өөрөө хариуцлагагүй, хууль зөрчсөн үйлдэл. Жирийн иргэдийг хууль зөрчихөөр хатуу хариуцлага тооцдог мөртлөө УИХ-ын гишүүд гэхээр хуулийг үл тоож, хурал үймүүлж болно гэсэн үг биш. УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс асуудалд хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж байгаа гэв. Харин МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд Тангараг өргөхийн тухайд нэр дэвшигчдийн зүгээс тал талаасаа шүүхэд хандсан байгаа. Холбогдох байгууллагууд нь ярилцаад эцсийн шийдвэрийг гаргана биз. Үүнийг заавал чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд тавьж, чуулганыг гацаагаад яах вэ гэдэг дээр ойлголцлоо гэсэн юм. Өөрөөр хэлбэл, эсэргүүцэгчид Төрийн тэргүүн, УИХ-ын дарга З.Энхболд болон АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нартай хийсэн уулзалтын дараа ийн хэн хэн нь тайвширсан мэдэгдэл хийж, үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхээр болсныг дуулгасан. Хэн хэн нь бууж өгөхгүй хэмээн шазуур зууж байсан тэднийг Ерөнхийлөгч эвлэрүүлж чадлаа гэж үү. АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн эрхэнд гарсан цагаасаа хойш ардчилсан Ерөнхийлөгчтэй хэл амаа ололцоогүй юм даг. Үйлдэл бүрээрээ үгийг нь үнэгүйдүүлэх болсон тэр угшил нэгт Төрийн тэргүүний үгээр асуудлыг хойшлуулсан гэвэл юу л бол. Тэр ч бүү хэл, Ерөнхийлөгч 75-аар бууж өгч байхад. Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн асуудлыг өөрийн оролцоотойгоор шийдвэрлэх төдийгүй шүүхийн процесс дуустал Өвөрхангайн төлөөллийг тангараг өргүүлэхгүй гэж ам гарсан гэсэн. Мөн Нээлттэй сонсголын тухай хуулийн төсөл хэлэлцүүлэхээр төлөвлөж буй гэнэ. Энэхүү хуулийн төсөл нь парламент цөөнхөө сонсдог зарчмыг хуульчлахад чиглэгдсэн талаар ч тодотгохоо мартаагүй. Тэд ийм амархан тохиролцлоо гэж үү. Тэгээд Ерөнхийлөгч АН-ынхныг ч ийм амархан өөрийнхөө үгэнд оруулчихсан гэхэд хачирхалтай. Эсэргүүцлийн үеэр шаардлагыг нь хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ МАН мэдэгдэж байсан. Тэдний дараагийн тэмцэл нь юу байсан бэ. Өлсөх үү, эсвэл 25 гишүүнээ эргүүлэн татах уу. Үүнээс л тэдний тохиролцооны үндэслэл гарч ирнэ хэмээн ажиглагчид дүгнэж буй юм. Хэрэв МАН УИХ дахь 25 гишүүнээ эргүүлэн татвал улс төрийн нөхцөл байдал тийм ч таатай байхгүй. Цаашлаад энэ үйл явц УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох үндэслэл ч болж мэдэх эрсдэлтэй. Мэдээж, тэр үед Засгийн газрын багана ч нурна. 16 жилийн дараа олонх биш ч олон болж Засгийн эрхийг атгаж байгаа АН энэ бүхнээс болгоомжилж, ах намын шаардлагыг хүлээн авсан байхыг үгүйсгэх аргагүй. Эс бөгөөс эхнээс нь бүгдийг өөрийн дураар хийж байсан АН-д ингэж зөөлрөх шалтаг, шалтгаан ховор. Нөгөөтэйгүүр, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар Ерөнхийлөгчтэй тохиролцсон хэд хэдэн зүйл бий. Тодорхой үр дүнд хүрснийх нь дараа жич мэдээлнэ гэж байсан. Тэгэхээр ах намын хариуцлагатай хүний үг ч зөвшилцлийг нааштайгаар эргүүлэх битүүхэн сануулга байсан ч байж мэдэх л юм. Ямартай ч АН-ын түрэмгийллээс болж хууль зөрчигдөх, олон асуудал шийдлээ олохгүй гацаанд орох, улмаар улс төрийн үйл явц хурцдаж эхэлснийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гаригт Сүхбаатарын талбайд болсон эсэргүүцлийн цуглаан харуулсан хэмээн ажиглагчид дүгнэж буй. Харин тэд наймаалцаж чадлаа. Л.Нинжсэмжид

Ерөнхий сайд 50 тэрбум төгрөг юунд зарцуулахаа тайлагнав

Ерөнхий сайдын багцад 50 тэрбум төгрөг ямар ч зорилгогүй суулгасан байна гэж сөрөг хүчин үзэж шүүмжилж байгаа. Тэгвэл энэ асуудалд Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд хариулт өглөө. Тэрээр, 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулах эсэхээ задлаад бичиж болно л доо. Гэхдээ зураг төсөл нь бэлэн бус учраас л болохгүй байна. Замын цагдаа торгууль ногдуулаад бэлэн мөнгө авдаг. Тэгэхээр замын цагдаа бэлэн мөнгө авах бус тасалбар өгдөг байх. Үүнийг нэвтрүүлэхийн тулд би тэр мөнгөнөөс тодорхой хэмжээгээр зарцууулна. Түүнээс гадна Нэг цонхны үйлчилгээ гэдгийг бид ярьсаар л байгаа. Үүнийг бодитоор хэрэгжүүлэхэд зарцуулна. Спортын бэлтгэл хийдэг төвүүдийг байгуулахад, аймгийн төвийн битүү зах, Улаанбаатарт хөдөөний иргэд ирээд ногоо зардаг зах, эмчилгээ оношлогооны төв байгуулах, залуучууд очдог эрүүл саруул үйлчилгээний байгууллагыг дэмжих, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөрөнгө оруулалт хийе гэсэн юм. Энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй л мөнгө. Ийм санаатай 50 тэрбум төгрөг зарцуулъя гэсэн юм. Яг энэ жагсаасан зүйлээс би үүнийг нь хийхгүй гэж хэлэхгүй л дээ гэв. Д.Мөнх

 АН-ыг шүүхэд өгч, МАН-ыг торгоё

МАН-ын гишүүд сүүлийн үед үндсэн ажлаа ч хийж чадахаа байж. Уг нь, тэдний үндсэн ажил нь УИХ-ын чуулганы танхимд хуралдаж, хууль батлах ёстой байх. Гэтэл тэд АН-ынхнаас айгаад хуралдаа сууж чадахгүй, харин хурал явуулахгүй гэж эсэргүүцэж байна. Тэднээс Та нар яагаад хуралдаад байгаа юм бэ гэж захын хүн асуухад л Олонхи болсон АН бидний хууль бусаар хүчирхийлж байна. Ямар зүйлд хүч хэрэглэж байна хэмээн хариулж байгаа. Тэр тусмаа УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар АН-ын гишүүдэд маш их хүчиндүүлж байгаа аж. Тэдний ярихыг сонсоод байхад их хэцүү байгаа бололтой. Мөхөс бидний ойлгож байгаагаа АН-ынхан олонх болсноороо даламдуулж МАН-ынханд АББД-т үзүүлж байгаа аж. АББД гэдэг нь Ажлын байрны бэлгийн дарамт гэсэн үг. Олон улсад юу гэж товчилдгийг мэдэхгүй ч манайд бол ингэж томчилж болох байх. Гэхдээ тэднийг яаж хүчиндэж байгааг бусад хүн олж хараагүй. Тэгсэн хэрнээ л МАН-ынхан АН олонхиороо биднийг түрэмгийлж, хүчирхийлж байна гэх. Тэгвэл хууль бусаар ажлынхаа нөхдөд Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн АН-ыг шүүхэд өгье. Яагаад гэвэл, шинээр ажилд орсон нэгэн царайлаг бүсгүйг удаан хугацаагаар харах нь хүртэл ажлын байрны бэлгийн дарамт болдог юм чинь хууль бусаар хүчирхийлсэн АН-ыг шүүхэд өгөхөд яавал гэж. Харин Төрийн ордны тухай хуулийг зөрчсөн МАН-ыг торгоё. Төрийн ордны тухай хуулийн 11.1.4. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэх, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийхийг хориглоно.... 13.1.3. Энэ хуулийн 11.1.4-т заасныг зөрчиж Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлсэн, төрийн ордонд нэвтрэгчид саад хийсэн иргэнийг 20 000-50 000 төгрөг, албан тушаалтныг 20 000-60 000 төгрөг, байгууллагыг 50 000-250 000 төгрөгөөр торгоно... гэж заасан байна. Тэгвэл Төрийн ордонд орж ажил үүргээ гүйцэтгэх ёстой Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Г.Уянга, Ж.Батзандан гээд АН-ын болон Шударга ёс эвслийн гишүүдийг МАН-ын жагсагчид Төрийн ордон руу ороход нь саад учруулсан. Багцаагаар нэг хаалган дээр 100 хүн байсан гэж тооцож, торгуулийн хамгийн бага хэмжээгээр торгоход чамгүй мөнгө цуглуулах нь. Дээрээс нь хууль зөрчиж Төрийн ордонд суулт, жагсаал зохион байгуулсан МАН-ын гишүүдийг тус бүрт нь торгож, жагсаал зохион байгуулсан гэдгээр МАН-ыг буруутгаж торгуулийн хамгийн дээд хэмжээгээр торгоё. Яагаад гэвэл Төрийн ордны тухай хуулийг илтэд зөрчиж суулт зарлаж, жагсаал хийсэн МАН-ыг торгоё. Г.ДАВАА

М.Энхсайхан албан тушаалтай болов

Төрийн өмчийн хорооны өчигдрийн хуралдаанаар МҮАН-ын дарга М.Энхсайханыг Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирлаар томилсон байна. Монгол, Оросын нийгэм, эдийн засаг, улс төрийн чухал ач холбогдолтой уг албан тушаалд тэрээр ийн тухалснаар Засгийн газарт нөлөө бүхий албан тушаалтан болж байгаа юм. Харин Б.Батзаяаг тус компанийн ТУЗ-ийн даргаар томилсон байна.

Х.Тэмүүжин сайд Төрийн ордонд дайрч орж байгаа бичлэг

Х.Тэмүүжин сайд Төрийн ордонд дайрч орж байгаа бичлэг. МАН-ын гишүүд дэмжигчид өнөөдөр Төрийн ордны гадаа жагссан билээ.Тэд АН-ын гишүүдийг чуулганы танхимруу оруулахгүйн тулд ийнхүү хамгаалалтанд гарсан байна. Мөн ордны гадна талд байгаа иргэд АН-ын гишүүдийг ордонруу оруулахгүйн тулд хаалга тус бүр дээр зогсож байгаа ч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дайран орсон байна. chuhal.mn

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.