Ерөнхийлөгч МАН-ын талд орсон шалтгаан

Үнэлэх
(0 үнэлгээ)

МАН чуулганы танхимын үүднээс буйдангаа холдуулж, суултаа зогсоолоо. Түүнчлэн АН ч Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр зассан байсан ширээ сандлаа “гаргасан” юм. Ийнхүү тэд ирэх оны төсвийг хугацаанд нь багтаан батлахаар ажилдаа шуурхайлан оров. Ингэхдээ төсвийн төслийг ирэх сарын 15-н гэлгүйгээр 10-ны дотор багтааж, батлах тухай АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлсэн.

Төсөв түүхий байгааг эдийн засагчид сануулсаар байтал яарвал даарна гэгчийн үлгэр болчихгүй л бол сайн хэрэг. Ямартай ч эцсийн дүндээ Ерөнхийлөгч тэднийг эвлэрүүлж чадлаа. Гэхдээ Төрийн тэргүүн МАН-ынхантай ямар тохироо хийв гэдэг нь хачирхалтай. Улс төр бол өгөө аваатай бизнес гэдэг. Асуудлыг хурцадмал байдалд ортол нь ам нээгээгүй ардчилсан Ерөнхийлөгч МАН-ын удирдлагуудыг хүлээн авч уулзсан.

Уулзалтаар жагсагчдад зарчмын хоёр санал тавьсан билээ. Эхнийх нь өөрийн биеэр Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан санаачилж, МАН-ын УИХ дахь бүлгийг хүлээн зөвшөөрүүлэх. Удаах нь 2013 оны төсвийн төслийг УИХ хугацаанд нь шуурхай, чанартай хэлэлцэж батлах. МАН ч толгой дохин хүлээн авсан.

Үнэндээ жагсагчдын хувьд АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх асуудлыг л хойшлуулж байвал төсвийн төслийг хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байсан. Харин АН хэзээ ч бууж өгөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан бол мөн л МАН-ын удирдлагуудтай уулзсаныхаа дараа зөөлөрч, тэдний хүссэнээр шийдвэрлэлээ.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ерөнхийлөгч ч санал бодлоо илэрхийлж, төсвийн хуулиа хэлэлцэх үүргийг өгсөн. УИХ-ын чуулганы танхимын хаалгыг буйдангаар хааж суух нь өөрөө хариуцлагагүй, хууль зөрчсөн үйлдэл. Жирийн иргэдийг хууль зөрчихөөр хатуу хариуцлага тооцдог мөртлөө УИХ-ын гишүүд гэхээр хуулийг үл тоож, хурал үймүүлж болно гэсэн үг биш.

УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс асуудалд хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж байгаа” гэв. Харин МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд “Тангараг өргөхийн тухайд нэр дэвшигчдийн зүгээс тал талаасаа шүүхэд хандсан байгаа. Холбогдох байгууллагууд нь ярилцаад эцсийн шийдвэрийг гаргана биз. Үүнийг заавал чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд тавьж, чуулганыг гацаагаад яах вэ гэдэг дээр ойлголцлоо” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, эсэргүүцэгчид Төрийн тэргүүн, УИХ-ын дарга З.Энхболд болон АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нартай хийсэн уулзалтын дараа ийн хэн хэн нь тайвширсан мэдэгдэл хийж, үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхээр болсныг дуулгасан. Хэн хэн нь бууж өгөхгүй хэмээн шазуур зууж байсан тэднийг Ерөнхийлөгч эвлэрүүлж чадлаа гэж үү. АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн эрхэнд гарсан цагаасаа хойш ардчилсан Ерөнхийлөгчтэй хэл амаа ололцоогүй юм даг.

Үйлдэл бүрээрээ үгийг нь үнэгүйдүүлэх болсон тэр угшил нэгт Төрийн тэргүүний үгээр асуудлыг хойшлуулсан гэвэл юу л бол. Тэр ч бүү хэл, Ерөнхийлөгч “75-аар” бууж өгч байхад. Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн асуудлыг өөрийн оролцоотойгоор шийдвэрлэх төдийгүй шүүхийн процесс дуустал Өвөрхангайн төлөөллийг тангараг өргүүлэхгүй гэж “ам гарсан” гэсэн.

Мөн Нээлттэй сонсголын тухай хуулийн төсөл хэлэлцүүлэхээр төлөвлөж буй гэнэ. Энэхүү хуулийн төсөл нь парламент цөөнхөө сонсдог зарчмыг хуульчлахад чиглэгдсэн талаар ч тодотгохоо мартаагүй. Тэд ийм амархан тохиролцлоо гэж үү. Тэгээд Ерөнхийлөгч АН-ынхныг ч ийм амархан өөрийнхөө үгэнд оруулчихсан гэхэд хачирхалтай.

Эсэргүүцлийн үеэр шаардлагыг нь хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ МАН мэдэгдэж байсан. Тэдний дараагийн тэмцэл нь юу байсан бэ. Өлсөх үү, эсвэл 25 гишүүнээ эргүүлэн татах уу. Үүнээс л тэдний тохиролцооны үндэслэл гарч ирнэ хэмээн ажиглагчид дүгнэж буй юм. Хэрэв МАН УИХ дахь 25 гишүүнээ эргүүлэн татвал улс төрийн нөхцөл байдал тийм ч таатай байхгүй.

Цаашлаад энэ үйл явц УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох үндэслэл ч болж мэдэх эрсдэлтэй. Мэдээж, тэр үед Засгийн газрын багана ч нурна. 16 жилийн дараа олонх биш ч олон болж Засгийн эрхийг атгаж байгаа АН энэ бүхнээс болгоомжилж, ах намын шаардлагыг хүлээн авсан байхыг үгүйсгэх аргагүй. Эс бөгөөс эхнээс нь бүгдийг өөрийн дураар хийж байсан АН-д ингэж зөөлрөх шалтаг, шалтгаан ховор.

Нөгөөтэйгүүр, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “Ерөнхийлөгчтэй тохиролцсон хэд хэдэн зүйл бий. Тодорхой үр дүнд хүрснийх нь дараа жич мэдээлнэ” гэж байсан. Тэгэхээр ах намын хариуцлагатай хүний үг ч зөвшилцлийг нааштайгаар эргүүлэх битүүхэн сануулга байсан ч байж мэдэх л юм.

Ямартай ч АН-ын түрэмгийллээс болж хууль зөрчигдөх, олон асуудал шийдлээ олохгүй гацаанд орох, улмаар улс төрийн үйл явц хурцдаж эхэлснийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гаригт Сүхбаатарын талбайд болсон эсэргүүцлийн цуглаан харуулсан хэмээн ажиглагчид дүгнэж буй. Харин тэд наймаалцаж чадлаа.


Л.Нинжсэмжид  

Нийтэлсэн: 2012-10-25 23:18:23

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.