Н.Алтанхуягийн Засгийн газар Орон нутаг болоод Ерөнхийлөгчийн сонгуулиар ч хамтарна

Энэ долоо хоногт сайд нарын нэр албан ёсоор тодорч, С.Батболдын Засгийн газар халаагаа өгнө. АН-ынхны хувьд баяр хөөр болохоор энэхүү үйл явдлыг тохиолдуулаад УИХ-д олуулаа болсон эднийхэн амралтгүй ажиллаж, хуралдаж байна. Өчигдөр болсон АН-ын ҮЗХ-ны хуралдаанаараа тэд эвслийн Засгийн газрыг 75:25 гэсэн харьцаатайгаар байгуулах хэлэлцээрээ баталснаас гадна удахгүй болох орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулиар ч хамтран ажиллах асуудлыг нухацтай ярилцсан байна. Өөрөөр хэлбэл АН, ИЗНН-ынхан 75 хувийн эрхтэйгээр, Шударга ёс эвсэл 25 хувийн эрхтэйгээр Засгийн газарт багтаж, шингэхээс гадна хоногоо тоолон хүлээж буй орон нутгийн сонгууль болооод Ерөнхийлөгчийн сонгуулиар яг энэ ирцээрээ МАН-ынхныг хуу намнахаар шийдсэн байна. Эвсэж сонгуульд өрсөлдөх тохиолдол хэзээд байдаг. Сая л гэхэд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл сонгуульд эвсэж өрсөлдсөнөөр бусад намын олон жилийн турш тэмцээд байгуулж чадаагүй амжилтыг олж чадлаа. Үүний адил АН-ынхан 90 гаруй жилийн түүхтэй МАН-ыг нэг мөсөн дарахаар шийдсэн үү, ямартай ч хамтарсан Засгийн газар байгуулсан багаараа ирэх сонгуулиудад хүч хавсрахаар шийдсэн нь өчигдөр болсон АН-ын ҮЗХ-ны 40 дүгээр хуралдаанд нэлээд маргаан дагуулсан байна. Ялангуяа Э.Бат-Үүл баатар энэхүү асуудлыг ойлгохгүй байгаагаа илэрхийлж, хамтарсан Засгийн газар байгуулж болно, гэвч яагаад заавал эдгээр жижиг намыг бид дагуулж сонгуульд оролцох ёстой юм бэ гэсэн асуудлыг тавьжээ. Үнэхээр ч ийм маргаан ҮЗХ-ны гишүүдийн дунд бий болох нь аргагүй. Нөгөөтэйгүүр эвт шаазгай буга барина гэгчээр эд энэ багаараа хаяанд ирээд буй сонгуулиадад оролцвол амжилт үзүүлэхээс гадна Н.Энхбаяр гэдэг барын амыг Ц.Элбэгдорж Бид хамтдаа шүү гэдэг зальжин аргаар таглахаар шийдсэн байж болох юм. Зөөлөн нь хатуугаа иднэ гэгчээр Н.Энхбаярыг дарж авах гэсэн Ц.Элбэгдоржийн заль мэх гэж ойлгож болно л доо. Юутай ч Н.Алтанхуяг арга ухааныхаа ачаар өөрөө Ерөнхий сайд болж, Шударга ёс эвсэл, ИЗНН-тай бус МАН-тай эвсэх сонирхолтой байсан Ц.Элбэгдорж нарын эвийг эвтэйхэн олж чадлаа. Тиймээс Н.Алтанхуягийн Засгийн газар ирэх он жилүүдэд Хамтарсан засгаараа ажиллаж, Орон нутаг болоод Ерөнхийлөгчийн сонгуульд хамтаараа өрсөлдөж, мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлнэ гэсэн гурван гол асуудалд анхаарлаа хандуулан ажиллахаар болсон байна.

МАН-ын Генсект 3, Намын даргад 2 хүн өрсөлдөнө

МАН-ын түүхэн ялагдал гэж хэлж болох хоёр дахь ялагдалаа хүлээгээд байна. Энэ нь МАН-ын төв удирдлага, Намын дарга, Ерөнхий нарын бичгийн дарга, Орон тооны болон орон тооны бус нарийн бичгийн дарга нар, Хэлтсийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдхүүнээр нь огцруулах хангалттай шалтгаан болоод байна. Үүгээр зогсохгүй Нийслэлийн сонгуульд үнэмлэхүй ялагдсан байдал нь Нийслэлийн МАН-ын хороог халаа сэлгээнд уриалан дуудаж байна. Харин энэ бүхний төгсгөл маргааш дуусах гэж байна. Тодруулбад МАН маргааш намыхнаа бага хурлаар энэ бүх асуудлыг шийдэх гэж байна. Юутай ч маргааш болох намын бараг хурлаар хэн хэн албан тушаалд яригдаж байгаа талаар хүргэе. Юуны түрүүнд МАН-ын даргын байр сууринд хоёр эрхмийн нэр явж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг намын даргаар бага хуралд санал оруулах УЗ-ийн шийдвэр гарсан байна. Үүнийг таалаагүй Хотын фракц мөн өөрийн гэсэн нэр дэвшигчээ сойхоор бэлтгэлээ базааж байгаа бөгөөд хэнийг вэ гэдгээ ихээхэн нууцлаж байна. Магадгүй М.Энхболдыг нэр дэвшүүлэх магадлал өндөр байна. Ерөнхий нарийн бичгийн даргад Ж.Сүхбаатар өрсөлдөх нь нэгэнт тодорхой байгаа бөгөөд тэрээр УИХ-ын гишүүн байхдаа хуулийн өндөр мэдлэгтэй, Ц.Нямдоржтой заамдалцаж байхдаа нам дотроо хэлхээ хэлчихдэг хийхээ хийчихдэг эрс зоримог шийдэмгий гэдгээ харуулсан, С.Эрдэнийг Новш хэмээн байнгын хороон дээр тас хийтэл нь дайраад авсан нь өрсөлдөгчөө толгойг нь илээд байдаггүй гэдгээ хангалттай харуулсан. Хамгийн давуу тал нь нэр хүндтэй. Мөн БОАЖ-ийн сайд Д.Цогтбаатарын нэр яригдаж байна. Тэрээр олон улсын харилцааны мэрэгжилтэй үүгээрээ ч олон жил ажилласан тул түүнийг дөлгөөн тайван их хүчтэй улс төр хийхгүй хэмээн ярилцаж байна. Гэвч тэрээр эрс шийдэмгий байдлаар асуудалд хандах нь олонтой байдаг. Сайд байх хугацаандаа Туул голыг бохирдуулагч арьс ширний үйлдвэрийн эздийг алгадаад гаргаж байсан үе бий. Хамгийн ноцтой нь өнөөдрийн хамгийн өндөр нэр хүндтэй улс төрч Х.Баттулгыг нам цохиж унагааж байсан тохиолдол хэдхэн жилийн өмнө болж байсныг түүний ойр тойрныхон ярьдаг. Тэгхээр тийм ч зөөлөн боорцог бол биш. Г.Занданшатарыг У.Хүрэлсүхийн залгамжлагчаар тавих тухай бас яригдаж байгаа авч тэрээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс доошоо бууж генсекийн ажил хийх тал дээр тийм ч таатай хандахгүй гэдгийг олон хүн гэрчилж байгаа бөгөөд одоог хүртэл нэр дэвшүүлж өрсөлдүүлнэ гэсэн яриа огт гараагүй ч Зандка байвал болж байна гэсэн МАСЗХ, НАМЗХ-ны залуучуудын амнаас гарах болжээ. tsag.mn

АН хүлээж, МАН гэдийсээр ...

2012-07-23 09:38:03 Нийтлэгдсэн: Улс төр
АН хүлээж, МАН гэдийсээр ...

УИХ-ын анхдугаар чуулган өнгөрсөн баасан гарагт хуралдаж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа томилох ёстой байлаа. Гэвч анхдугаар чуулганд МАН-ын гишүүд ирсэнгүй. АН МАН-тай Хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар зөвшилцөөгүй учир тэд эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ. Энэ удаагийн сонгуулиар засгийн эрхийг дангаараа барих улс төрийн хүчин тодроогүй. Хамгийн олон суудал авснаараа АН бусад нам, эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулах эрх атгасан буй. Тиймээс МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, ИЗНН-тай зөвшилцөж, хамтарсан Засгийн газар байгуулах гэрээ байгуулсан. Гэтэл МАН-ынхан АН манай намтай ч зөвшилцөх ёстой байсан хэмээн өнгөрсөн баасан гарагт товлосон УИХ-ын анхдугаар чуулганд оролцохгүй гэдийлээ. Анхдугаар чуулганыг хамгийн өндөр настай нь удирдана гэсэн хуулийн заалтын дагуу Д.Дэмбэрэл даргалсан бол МАН-ыг төлөөлж, Н.Энхболд ганцаараа чуулганы танхимд орж ирсэн юм. Н.Энхболд Хуулиараа 39-өөс дээш суудал авсан нам УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ. Олонх болоогүй тохиолдолд хамгийн олон суудал авсан нам нь бусадтайгаа зөвшилцөж байж УИХ-ын даргад нэр дэвшүүлэх ёстой. УИХ-ын тухай хуулийн 8.1, 9.1, 9.2-т энэ тухай тусгасан. Гэтэл АН-аас манай намд ямар ч санал тавиагүй. Энэ тухай өчигдөр орой лавласны дараа АН-аас зөвшилцөх тухай бичиг явуулсан байсан. Энэ бичгийг өглөө жижүүрээс авсан. Одоо л намын дарга уншиж, танилцаж байгаа байх. Уг нь, бие даагч гишүүн ч УИХ-ын даргад өрсөлдөх эрхтэй. Тиймээс одоо шууд энэ асуудлыг хэлэлцвэл хууль зөрчинө. Тиймээс эхлээд зөвшилцье. Манайх намын бүлгээрээ ярилцах хэрэгтэй байна гэв. АН-ын дарга Н.Алтанхуяг Зөвшилцөх тухай бичгээ хүргүүлсэн. Хугацаа алдалгүй ажлаа хийцгээе. Та нар цөөнх учраас саналаа хэлнэ биз хэмээн хариу барилаа. Н.Энхболд АН-ын гишүүдэд хандан дахин Манай нам 25 гишүүнтэй. Бичиг өгөөд орхих биш, бидэнтэй зөвшилцөх ёстой гэснээр маргаан дэгдэв. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж 20 жилийн өмнөх энэ өдөр /долдугаар сарын 20/ шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан УИХ анхны хуралдаанаа хийж байсан. Тиймээс энэ түүхэн өдөр бид асуудлаа ярилцаж, дуусгах хэрэгтэй байна. Зөвшилцөх тухай асуудалд Үндсэн хуульд тодорхой тусгасан. Үүнийг баримталъя. Олонхи болсон нам, нөгөө намд өгсөн бичгийнхээ хариуг хүлээх шаардлагагүй гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг Зөвшилцөх асуудлыг Улсын Дээд шүүх тайлбарласан. Санал хүргүүлснээр зөвшилцөлд хүрсэн гэсэн үг. Өөр тайлбар байхгүй. Хуулийн дагуу л явъя гэлээ. Харин УИХ-ын гишүүн С.Баярцогт АН Засгийн газраа аль намтай хамтарч байгуулахаа шийдээд олонхоо бүрдүүлчихээд байхад заавал МАН-тай зөвшилцөх албагүй. Дэмбэрэл дарга та, МАН-ын биш, хамгийн ахмад гишүүний хувьд хурал удирдаж байгаа. Тиймээс хурлаа үргэлжлүүлж, МАН-ын гишүүдийг орж ирэхийг шаардах үүрэгтэй. Ажлаа хий гэхэд Д.Дэмбэрэл Ийм тулгалт хол явахгүй шүү. УИХ-ын даргаа сонгох гэж байж гишүүдийн хагас нь байхгүй байна гэж хариулав. Ингээд АН-ынхан зөвшилцөх гэсэн асуудлаар Тамгын газрынхнаас тайлбар хүссэн юм. Тэд Аль ч нам, эвсэл энэ хуулийн 8.1-д заасан суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөн УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ гэж УИХ-ын тухай хуулийн 9.2 дахь заалтыг уншлаа. Гэтэл УИХ-ын гишүүн С.Баярцогт Тамгын газрынхан хуулиа зөв тайлбарла, бусад гэдэг чинь бүх намтай зөвшилцөнө гэсэн үг биш хэмээн бухимдав. Энэ үеэр АН-ын гишүүд дөрвөн жилийн өмнө УИХ-ын даргыг томилохдоо С.Оюун гишүүнтэй зөвшилцөөгүй шүү дээ гэж шаагилдав. УИХ-ын гишүүн С.Оюун үг хэлэх гэж зөвшөөрөл хүстэл хурал даргалагч боломж олгосонгүй. Н.Алтанхуяг Анхдугаар чуулганы одоо завсарлуулбал дахиж хэзээ цуглах юм бэ. Би сайд нараа танилцуулж, хурлаа үргэлжлүүлмээр байна гэв. Хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл Зөвшилцөж, нэр дэвшүүлэх ажиллагаа Үндсэн хуулийн дагуу явах ёстой. Зарим намтай зөвшилцөөгүй байна. Зөвшилцлийг гүйцээх хүртэл, хуралдааныг завсарлууллаа гээд алхаа цохиод, танхимаас гараад явчихлаа. Ингээд чуулганаа үдээс хойш 15:00 цагт үргэлжлүүлэхээр гишүүд тарсан юм. МАН-ын бүлгийнхэн зөвшилцлийн асуудлаар хуралдсан боловч дээрх байр сууриа өөрчлөөгүй гэнэ. АН-ынхан бүтэн өдрийн турш хүлээж, МАН-ынхан гэдийж суусаар УИХ-ын анхдугаар чуулганаа хуралдуулж чадсангүй.

ЗАСГИЙН ГАЗРЫГ 75:25 ХАРЬЦААГААР БАЙГУУЛАХААР БОЛЛОО

Эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээр хийх үүрэг бүхий АН-ын Ажлын хэсгийнхэн бусад намын Ажлын хэсэгтэй зөвшилцөж дуусчээ. АН-ын Ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга, гишүүн Ч.Сайханбилэг, Шударга ёс эвслийн Ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан, гишүүн Д.Тэрбишдагва нар өчигдөр үдээс хойш энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. АН МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэл болон ИЗНН-ыг сонгож, 75:25 харьцаатайгаар Засгийн газраа хамтран байгуулахаар тохиролцсон байна. Тэдний хамтарч гар гасан тунхаглалд Үндсэн хуулийн хүрээнд улс орон, ард түмний язгуур эрх ашгийг дээдлэн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд тогтвортой хамтран ажиллахаар тохиролцож, хамтарсан Засгийн газар байгуулахаар шийдвэрлэснээ тунхаглаж байна. АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн хамтарсан Засгийн газар нь үйл ажиллагаандаа АН-ын Монгол хүн хөтөлбөрийг үндэс болгон ИЗНН-ын Амьдрал хөтөлбөр, МАХН-МҮАНын Шударга ёс эвслийн Монголоо аврах таван хувьсгал мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтыг тусган, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсрууллаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийг ард иргэддээ ил тодоор тогтмол мэдээлж, үр дүнтэй, идэвхтэй хамтран ажиллах болно гэж тунхаглаж байна гэжээ. Үүнийг Ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга уншиж танилцуулсан юм. Тунхаг бичигт АН, ИЗНН болон Шударга ёс эвслийн Ажлын хэсгийн ахлагч нар гарын үсгээ зурж, баталгаажуулжээ. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бие даагч гишүүд нэгдэх эрх нь нээлттэй юм байна. Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж, УИХын дарга, Ерөнхий сайдыг томилно. Улмаар Засгийн газраа байгуулах, ямар бүтэцтэй байхыг тогтоож, бялуу хуваах ажилдаа орох юм. Хамтын ажиллагааны гэрээ байгуулахдаа талууд 2016 он хүртэл тогтвортой ажиллахаар гарын үсгээ зурцгаажээ.

Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсон ч Алтангадас фракц яамгүй хоцрох нь ээ

АН-ынхан яамдаа хувааж, бялуугаа хүртээж эхэллээ МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, ИЗНН-тай хийх хэлэлцээг АН-ын бүлгээс томилогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүтнүүд өчигдөр, өнөөдрийн турш үргэлжлүүлэн хэлэлцэж, тохиролцож байгаа билээ. Тэгвэл бялуу хуваах үйл ажиллагааг анхааралтай хянаж буй АН-ынхан өчигдөр орой дотооддоо ширүүхэн хуралдаж, яамдаа эхний байдлаар фракцууддаа хуваасан тухай баттай эх сурвалжаас сонстов. Бидний олж авсан мэдээлэл худлаа биш л бол АН-ынхан энэ удаа намын дарга Н.Алтанхуягийнхаа фракц буюу Алтангадаст Ерөнхий сайдын суудал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаас өөр бялуу өгөхгүй байхаар ярилцаж, шийдсэн гэнэ. Энэ ч утгаараа Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёр нь албан тушаалтай үлдэж, үүнээс өөрөөр илүү харж, билүү долоох боломж Алтангадасынхны хувьд хаагдаж буй бололтой юм. Бүрэн эрхт хугацаа нь дуусгавар болж буй С.Батболдын Засгийн газар 11 яамтай. Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатайгаа нийлээд 14 сайдтай байлаа. Харин энэ удаа Н.Алтанхуягийн Засгийн газар 14 яам, 17 сайдтай болж байгаа сурагтай. 14 яамныхаа дөрвийг нь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлд бэлэглэж буй бол нэг яамаа ИЗНН-д өгөхөөр болжээ. Ингэхээр ард нь есөн яам үлдэж байгаа биз. Үүнийхээ дөрвийг нь Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-д, хоёрыг нь Л.Гантөмөрийн даргалдаг Нэг ардчилал фракцид, гурвыг нь МҮДН-д өгөхөөр өчигдөр орой яригдсан байна. Нэг ёсондоо АН-ын фракцууд эхний байдлаар яамдаа хуваан авч, бялуугаа хүртээх алхамаа хийсэн байна. Энэхүү бялуу хуваалт ихэнхид нь таалагдвал нэр нь яригдаж буй сайд нарыг удахгүй баталгаажуулах биз ээ. 14 яамыг 14 сайд толгойлно. Эдэн дээр Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга буюу Монгол Улсын сайд нэмэгдвэл 17 сайдтай болох тооцоо гарч байгаа юм. Ийм байдлаар Н.Алтанхуягийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах нь ээ. Нөгөөтэйгүүр Н.Алтанхуягийн Алтангадас фракцид яагаад яам өгөхгүй хэмээн АН-ынхан ярилцаж, тохиролцоход хүрнэ вэ гэдэг асуудал урган гарч байна. Үүнийг намаа ялалтад хүргэж чадаагүй гэх шалтгаанаар Н.Алтанхуягт хариуцлага тооцъё гэдэг асуудлыг Х.Баттулга гишүүн хөндөж тавьсантай холбон ойлгож болох аж. Тодруулбал уржигдар буюу энэ сарын 16-ны өдөр АН-ын ҮЗХ-ны хуралдааны үеэр Х.Баттулга гишүүн мөн л энэхүү яриаг сөхөж, дэлгэсэн байна. Тэрбээр Хөвсгөл, Говь-Алтай, Дорнод гэсэн аймгуудад АН-аас нэр дэвшсэн хүмүүсийг бид анхнаасаа эсэргүүцэж байсан. Ялангуяа Говь-Алтай аймагт нэр дэвшсэн Б.Ариунсан гурвын гурван удаа нэр дэвшээд уначихсан байхад дахиад нэр дэвшүүлж, бүхэл бүтэн тойрог алдаад байхдаа яадаг юм. Хөвсгөл, Дорнодын тухайд Л.Гүндалай, П.Алтангэрэл нарыг битгий нэр дэвшүүл, бид дэмжихгүй шүү гэж орон нутгийн АН-ын хорооныхон хэлсээр байтал дэвшүүлээд бас хоёр тойрог алдчихлаа гэж ихээхэн бухимдалтай нь аргагүй орилж, хашгирч байсан гэнэ. Энэ үгээ Х.Баттулга гишүүн өчигдөр болсон АН-ын дотоод хуралдаанаараа ч давтаж байсан аж. Тэгэхээр АН-ын даргын суудлаас унагах нь битгий хэл харин ч Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын суудлыг өглөө, үүнээс өөрөөр сайхан загнаж чадахгүй, битгий давар гэсэн байдлаар Х.Баттулга тэргүүтнүүд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарт шахалт үзүүлсэн бололтой. Харин Н.Алтанхуягийн хувьд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, мөн Нийслэлийг АН удирдах боломж анх удаа ирлээ. Ард түмэн ийм их итгэл үзүүлснийг бид чамлаж болохгүй. Улсыг удирдах дөрвөн том эрх мэдэл бидний гарт байна. Үүнийг ашиглаж, зөв менежментээр явах хэрэгтэй гэсэн утгатай зүйлийг ҮЗХ-ны хуралдааны үеэр хэлж байжээ. Ямартай ч өчигдөр АН-ынхан дотооддоо нэлээн ширүүхэн хуралдаж, яамдаа эхний байдлаар хувааж авлаа. Энэ хуваарилалтыг хэрэв шог байна гэж үзвэл Н.Алтанхуяг тэргүүтэй Алтангадасынхан өөрчлөлт хийх хэрэг гарах биз ээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.