31 дэх Засаг дарга замын хөдөлгөөнөөс ажлаа эхэлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос батламжаа гардан авсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулахаас ажлаа эхэлнэ гэлээ. Тэрбээр батламжаа гардсаныхаа дараа Юунаас ажлаа эхлэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Хамгийн түрүүнд хийх ажил нүдэн дээр ил байна. Зам засварын ажилтай уялдаад ямар хүнд байдал үүссэн нь ил байна. Замын хөдөлгөөний үйл ажиллагааг яаралтай ойрын үед зохицуулах ёстой. Өвөлжилтийн бэлтгэлийн талаар сэтгэл зовоосон мэдээллүүд байна. Ийм тулсан ажлуудад ханцуй шамлан орно гэлээ. Тэрбээр Засгийн газрын ордноос гарангуутаа Нийслэийн төр, захиргааны Хангарьд ордонд очиж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн тамга тэмдгээ хүлээн авлаа.

З.Энхболд ойрын хүрээнийхээ хүмүүсээ зөвлөхөөрөө сонгож эхэлжээ

УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр томилогдсон байна. Хэдийгээр тойргийн маргаан нь эцэслэгдээгүй боловч энэ асуудлыг шийдтэл Их хурлын дарга зөвлөхөөрөө ажилуулах санал тавьсан гэнэ. Нам дотроо нэр хүндтэй, бас ч итгэл хүлээн Их хурлын дэд даргаар хүртэл ажиллаж байсан Г.Батхүү ийнхүү улс төрийн зөвлөхөөр ажиллах болов. УИХ-ын дарга З.Энхболд төрийн ажил тасралтгүй явах ёстой гэсэн зарчмыг сүүлийн үед байнга хэлэх болсон. Тиймээс ч Их хурлын ажилд байнга тусалж, өөрт нь зөвлөх хүмүүсийг хэн байх вэ гэдгээ эхээс нь тодруулж, багаа бүрдүүлж эхэлжээ. УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгээс гадна хэд хэдэн зөвлөхийн нэр тодорхой болжээ. Тэдний дотор Боролдой студийн захирал Д.Мягмар болон МУИС-ийн багш Н.Ганзориг нарын нэрс ч дуулдаж байна.

 УПЕГ-ын удирдлагууд УИХ-ын даргатай уулзлаа

УИХ-ын дарга З.Энхболдтой Монгол Улсын прокурорын ерөнхий газрын удирдлагууд өнөөдөр үдээс хойш уулзаж баяр хүргэн ойрын үед хийж байгаа ажлууд болон боловсон хүчний нийгмийн асуудал, ажиллах нөхцөл, техникийн шинэчлэлийн талаар танилцууллаа. УПЕГ-аас орон нутгийн прокурорын байгууллагуудыг байртай болгох, боловсон хүчнээ сэлгэж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх талаар анхаарч аймаг бүрт прокурорын мэдлийн орон сууцны байртай болохоор ажиллаж байгаа. Ажиллагсдын ажлын ачааллыг жигдлэх, давтан сургалтад хамруулах, хэргийн явц байдалтай шуурхай танилцаж мэдээлэл солилцох теле хурал хийх, онлайн сүлжээнд холбох зэрэг ажлуудыг хийж эхлээд байна. Мөн ойрын хугацаанд дүрэмт хувцасныхаа загварыг шинэчилж Ерөнхийлөгчөөр батлуулахаар ажиллаж байгаагаа Ерөнхий прокурор танилцуулав. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд Өнгөрсөн сонгуулийн маргаантай асуудлуудыг шийдэхэд хэр удах талаар тодруулахад Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Холбогдох байгууллагуудтай ярилцсан. Аль болох шуурхай, шударгаар шийдэх болно. Энэ удаагийн сонгуулийн маргаантай асуудлуудыг үнэн зөв шийдэхгүй бол дараа дараагийн сонгуульд сөрөг нөлөөтэй. Мөн УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын талаар хуульд зарим өөрчлөлт оруулахгүй бол эрх зүйн хувьд зохицуулалтгүй хүндрэлтэй асуудлууд бий. Энэ талаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг яаралтай баталвал сайн байна гэлээ. Өнөөгийн байдлаар Прокурорын байгууллагын нийт ажиллагсдын 67 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

  Санал өгдөг кнопоо андуураад дарчихаж

Чуулганы танхимд УИХ-ын даргыг сонгох үеэр АН-ын хоёр гишүүн татгалзсан санал өгчээ. Товчхондоо УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Ш.Түвдэндорж нар З.Энхболд гишүүнийг даргаар сонгохоос татгалзсан байна. Самбарт тэдний нэр гарсны дараа бусад гишүүд нь тэдэн рүү их л нухацтай харж, гайхаж эргэлзсэн байдал гаргав. Гэтэл тохой нийлэн суудаг мань хоёр гишүүн Санал өгдөг кнопоо андуураад дарчихаж хэмээн гэмээ цайруулсан юм. Уг нь АН-ын гишүүд УИХ-ын даргаа 100 хувийн саналтайгаар дэмжүүлэх гэсэн байх. Харамсалтай нь, саваагүй хоёр гишүүний санамсаргүй алдаанаас болж 95.2 хувиар дэмжигдэж дээрх санал хураагдсан юм. УИХ-ын шинэхэн дарга З.Энхболд зуумхай гэдгээрээ Монголын улстөрд алдартай. Тийм ч учраас дээрх байдалд нэг их таатай хандахгүй л байх. Саваагүй зан ч зарим тохиолдолд эзэндээ хор болдог доо.

Л.Оюун-Эрдэнэ: Манайх дуусч байгаа үнэн юм байна

Өчигдөр орой Дуурь бүжгийн эрдмийн театрын байрны эсрэг талд зам гарах гээд зогсож байтал ард нэг хүн Манайх дуусч байгаа үнэн юм байна. Фээсбүүк, твиттер дээр бол дуусчихаж. Би харин хэд хоног твиттер чинь хийлээ гэж ярих нь сонсондов. Эргэж харвал МАН-ын Нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнэ нэг хүнтэй хамт явж байлаа. Энэ үед 18:05 цаг болж байсан юм. Тэд зам гараад намынхаа байр руу орж байгаа харагдана лээ. Энд хэн нэгэн хүний мууг үзэх гэсэнгүй. Хүн ойр дотныхоо хүнтэй энэ зэргийн юм ярилгүй л яахав. Гэхдээ улс төрийн ийм том намын хариуцлагатай алба хашиж байгаа хүн хаана, хэнтэй, юу ярихаа бодох хэрэгтэйг сануулах гэсэн юм. Улс төр хийнэ гэдэг чинь тиймч амар тоглоом биш шүү. Хийгүй эр хүн гэж өвөгцүүл ярьдаг даа... Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөөд буй У.Хүрэлсүхийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл тэр одоохондоо тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж буй хүн. Энэ үед Төрийн ордонд АН-ынхан чуулганаа хийхээр МАН-ынхныг хүлээж байсан ба МАН-ын бүлэг хуралдаж байлаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.