“Орших уу Эс орших уу”

Үнэлэх
(1 үнэлгээ)

Дэлхийн утга зохиолын ноён оргил болсон гурван бүтээлд У.Шекспирийн “Гамлет”, Гётегийн “Фауст”, Сервантесийн “Дон Кихот” зэрэг жүжгүүд ордог гэж эрдэмтэн судлаачид хэлдэг билээ. Түнэр харанхуй цайзын хонгилд бодол болон гуниглах Гамлет “Орших уу, эс орших уу?” хэмээн өгүүлнэ. Бат бэх чулуун хэрэмт энэ цайз нэгэн цагт түүний төрсөн гэр байсан бол харин одоо шорон гяндан мэт санагдах болжээ. Шударга ёс, хүнлэг чанар, үнэнч сэтгэл гэдэг энэ цайзад нэгэнт үгүй болсон байв. Орчлон хорвоогийн бузар булайтай эвлэрээд үхсэн мэт амьд явах уу, эсвэл энэ бүхний эсрэг халуун амь, бүлээн цусаа зориулаад мөнхийн амьтай үхэх үү? гэдэг л Гамлетийн өмнө тулгарчээ. Суут У.Шекспир “Гамлет” хэмээх энэхүү алдарт бүтээлээ 30 настай байхдаа 60 настай хүний ухаанаар бичсэн гэдэг. Үнэндээ “Орших уу, эс орших уу” хэмээх энэ асуулт хүн төрөлхтний мөнхийн асуулт хэвээр байгаа билээ.

Алдарт "Гамлет" жүжиг Монголын тайзнаа 33 жилийн өмнө Ч.Чимидийн орчуулгаар 1979 онд ур¬лагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С Галсанжав гуай энэ жүжгийг олны хүртээл болгосон юм. “Гамлет”-д Монгол Улсын Ардын жүжигчин Л.Жамсранжав, Ардын жүжигчин Гомбосүрэн, Цэндээхүү, Хандсүрэн, Лоовой, Дамдинсүрэн, Улсын гавъяат жүжигчин Мижиддорж нарын зэрэг алтан үеийн сор болсон жүжигчдээс гадна төрийн шагналт жүжигчин Сувд, нэрт жүжигчин Цээнямбуу. Улсын гавъяат жүжигчин Нямсүрэн нарын зэрэг авъяаслаг уран бүтээлчид тоглож байжээ.

Харин өдгөө 33 жилийн дараа энэхүү бүх цаг үеийн мэргэжлийн урлагийн шилдгийн шилдэг оргил болсон бүтээлээр УДЭТеатр 11-09нд өвөл цагийн нээлтээ хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Энэхүү жүжиг нь уран бүтээлчдийн авъяас, ур чадварыг ихээхэн сорьсон бүтээл болох ба тэднийг “Орших уу Эс орших уу” гэдгийг тодорхойлох томоохон даваа юм.

Гүн ухааны сэдэвтэй том хэмжээний бүтээлийг найруулан тавина гэдэг хэн дуртай хүний хийгээд байх ажил биш билээ. Өнгөрөгч тавдугаар сард тендер зарлахад найруулагч Б.Баатар, Б.Мөнхдорж, Ч.Найдандорж, Ч.Түвшин, Н.Наранбаатар гээд драмын урлагийн нэртэй найруулагчид өрсөлдсөнөөс театрын отгон найруулагч Н.Наранбаатар ялсан ба тэрээр УДЭТеатрын ерөнхий найруулагчаар томилогджээ. Энэхүү нэр хүндтэй албан тушаалд томилогдоод удаагүй байтал алдарт “Гамлет” жүжгийг тавих гэж байгаа нь ерөнхий найруулагчийн хувьд томоохон сорилт болж байна.

Жүжгийн гол дүр болох Гамлетэд УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ сонгогдсон бол түүний ээж Гертрудагийн дүрийг гавьяат жүжигчин У.Уранчимэг, Полонийд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан тоглохоор болжээ. Харин Гамлетын хайрт бүсгүй Офелиягийн дүрд А.Ганчимэг тодорсон ба дублёроор нь СТА Д.Ганцэцэг тоглохоор болсон юм.
 

Нийтэлсэн: 2012-10-09 14:14:28

Нийт сэтгэгдэл: 1

  • Зочин

    Wodnefrul explanation of facts available here.

    Nermine 2012-11-03 17:18:51     94.23.14.30          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.