Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ХАМГИЙН ЧАНАРТАЙГААР БАРЬЖ ГҮЙЦЭТГЭХ ХЭРЭГТЭЙ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 05 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллана. Томилолтын эхний өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 киллометр авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж, гүйцэтгэгчдийн саналыг сонсож, зарим үүрэг даалгаврыг өгөв. Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай автозам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин автозамыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ автозам барьж буй юм. Хуучин замыг өргөтгөн шинэчлэх автозамын барилга гүйцэтгэлийг дараах таван багцад хуваан тендер зарлаж, гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэлийг эхлүүлжээ. Үүнд: I багц - Улаанбаатраас баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км, II багц - Хар модот давааны араас Урьхан хүртэл 45,5 км, III багц Урьханаас Сүмбэр хүртэлх 45,74 км, IV багц Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 км, V багц Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км автозамын барилгын гүйцэтгэлийг аж ахуйн нэгжүүд тус тус гэрээгээр гүйцэтгэж буй юм. Өнөөдрийн байдлаар 1, 3, 5 дугаар багцын автозам барилгын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж, 2, 4 дүгээр багцынх зогсонги байдалтай байна. Ерөнхий сайд 1, 3, 4, 5 дугаар багцын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь үзлээ. Нэгдүгээр багцын гүйцэтгэл 85.43%, 3 дугаар багц 69.76%, 5 дугаар багц хэсэгт 70.46%-ийн гүйцэтгэл хийгдсэн бөгөөд тус гурван багцын нийт 113.53км замаас 65.01 км-т хучилт хийгдэж, бусад хэсэгт гүүр, хоолой, газар шорооны ажил дуусч, суурь хучилтын ажил үлджээ. Төлөвлөгөө ёсоор энэхүү гурван багц хэсгийг энэ оны долоодугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэв. Харин 2, 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэгчид хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэлийн гэрээг цуцалснаар нийт 90.58 км автозамын барилгын ажил хийгдээгүй байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэлийн талбай дээр ажиллах үеэр гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж, чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцож, цаашид дахин тохиолдол гаргахгүйн тулд хар жагсаалт гаргаж, олон улсад зарлах, сайн гүйцэтгэгчдийг алдаршуулах зэргээр ажиллах хэрэгтэй гэдгийг салбарын сайдад анхааруулав. Цааш хэлэхдээ, Эхлүүлсэн автозам барилгын ажлаа бүх хүчээ дайчлан хугацаанд нь дуусгах нь чухал. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг барьж дуусгах асуудал Засгийн газрын анхаарлын төвд байнга байх болно. Дархан-Уул болон Орхон аймгийнхан, тус замаар зорчиж буй иргэдээсээ хүлцэл өчье. Шинээр барилгын ажил эхлүүлэхээс илүү эхлүүлсэн төслүүдээ дуусгахыг Засгийн газар зорьж байна. Үүнд автозамын төслүүд багтана. Түүн дотроо Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг чанартай барьж, нэн яаралтай ашиглалтад оруулах асуудал Монгол Улсын Засгийн газрын анхаарлын төвд байх болно гэлээ. Шинээр өргөтгөн барих хоёр эгнээ замыг Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр мөн л таван багц хэсэгт хуваан гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж, зам барилгын ажлын гэрээг 2020 оны 10 дугаар сард байгуулан барилгын ажлыг 2021 оны 03 дугаар сард эхлүүлээд байна. Гэрээ ёсоор 24 сарын хугацаанд тус замыг барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой юм гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

ДАРХАН ХОТОД ЗАЛУУС ХОРООЛОЛ БАРИХАД ЗАСГИЙН ГАЗРААС 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өчигдөр Дархан-Уул аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрөлөө сааруулах, хот төлөвлөлтөө төгөлдөржүүлэхээр шинээр боловсруулж баталсан ерөнхий төлөвлөгөөгөө танилцуулав. Өдгөө 109 мянга гаруй хүн амтай Дархан сум 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулж, 2035 он гэхэд гэр хороололгүй хот болж, үүнийг даган хүн амын тоогоо 300 мянгад хүргэхээр тооцоолжээ. Энэ хүрээнд Дархан сумын 13, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 11 мянга гаруй га талбайг хамарсан шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтөд Залуус хотхон, IT парк, Их дээд сургуулиудын кампус, музей, номын сангийн цогцолбор, спорт танхим, задгай талбай, аялал жуулчлалын гудамж байгуулахаар тооцоолсон байна. Тус төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг шаардлагатайг хэллээ. Тодруулвал ерөнхий төлөвлөгөөний дагуу 2035 он хүртэл хугацаанд 100.000 айлын орон сууц барихаар тусгасан бөгөөд тухайлбал Дархан-Уул аймгийн төвийн Дархан сумын 15-р багийн 2,524 өрхийн 8,500 гаруй иргэнийг орон сууцжуулах аж. Дархан сумын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, суурьшлын бүс байгуулахад эхний ээлжинд дэд бүтцийг байгуулахад нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Дараагийн шатны бүтээн байгуулалт, барилгажилтыг хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор хийх аж. Тус ерөнхий төлөвлөгөөтэй танилцсныхаа дараа Засгийн газраас дэмжлэг үзүүлж, ирэх оны төсөвт дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдэв. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын үндсэн дөрвөн зорилтын нэг төвлөрлийг сааруулах бодлогод нийцэж буйг онцлов. Дархан сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд баригдах нэг дэд төсөл болох Залуус Хороолол нь нийт 11.6 га талбайг хамрах бөгөөд урьдчилсан байдлаар 9 давхар 18-н орон сууцны барилга, 150 ортой цэцэрлэгийн барилгыг 2 байршилд, 480 суудалтай сургуулийн барилга, хатуу хучилттай авто зам 2.1км, 700 авто машины зогсоол, Ногоон байгууламж 1.6 га талбайд, үйлчилгээний барилга байхаар тооцсон гэлээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛНА

Монгол Улсын Шадар Сайдын ахалсан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны ээлжит цахим хуралдаанаар 2020 оны ажлаа хэлэлцэж, энэ онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Шадар сайд Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн стандартыг 45 хоногт багтаан батлуулахыг Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Стандарт, хэмжил зүйн газарт үүрэг болгов. Мөн 24 арга хэмжээг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр болов. Ингэснээр төрийн байгууллагууд нэгдсэн мэдээлэлд үндэслэн Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбарын бодлого, төлөвлөлтөө боловсруулах суурь нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой юм. Хороо нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын шинэтгэлийн чиглэлээр УИХ, Засгийн газраас баталсан хууль, тогтоомж бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны төлөвлөгөө болон олон улсын гэрээний хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлагаар удирдан зохион байгуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй. Хороонд сайд нар болон чиглэлийн агентлаг, газрын удирдлагууд багтдаг юм гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:  100+ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрээр эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, хийж байгаа ажлаа товч танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн хамтрах талаар санал солилцов. Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээн хөгжүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд 100+төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний тулд хувийн хэвшлийг боломжит бүх хэлбэрээр дэмжихээ Ерөнхий сайд хэллээ. Гэхдээ бүгдийг төр хариуцах боломжгүй. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг Засгийн газар, Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг хувийн хэвшил хариуцах боломжтойг жишээ болгов. Төр бизнест оролцдог, улс төр-бизнес холилдсон, төрийн албан хаагчид хүнд суртал, чирэгдэл учруулдаг, авлига нэхдэг, хэн нэгэнд нь давуу байдал олгодог зэргийг одооноос тэглэж, бизнесийг жам ёсоор нь явуулах ёстой гэлээ. Сангийн сайд Б.Жавхлан 100+ төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгсний дараа бизнес эрхлэгчид саналаа илэрхийллээ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин:Эдийн засаг, худалдаа хариуцсан яам байгуулах шаардлагатай. Их сэргэлт хийхийн тулд бүгдийг шинээр эхэлье. БНХАУ-ын эдийн засаг хамгийн их өснө гэж Дэлхийн банк үзсэн. Эдийн засаг нь нэг хувиар өсөхөд манайд 0.83 хувиар нөлөөлнө. Энэ өсөлтийг том боломж болгоход аж ахуйн нэгжүүд анхаарах байх. Цар тахлаас болж 27 мянган аж ахуйн нэгж ажлаа зогсоосон. НӨАТ, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг эргэж харах шаардлагатай байна. 1,000 орчим зөвшөөрлийг цөөлж, мэргэжлийн холбоодод нь хариуцуулъя. Хамтдаа эдийн засгаа сэргээе, хөрөнгө оруулалт татъя, нэг аж ахуйн нэгжийг биш, бүгдийг нь дэмжиж байж хөгжие. Ган хийц ХХК-ийн ерөнхий захирал М.Даваасүрэн:Төмөр замын бетон дэр үйлдвэрлэгчдийн нэгдэл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон. Гурван аж ахуйн нэгж хийсэн ажлынхаа мөнгийг аваагүй. Банкны зээл, цемент, арматурын өрнөөс гадна элс, хайрга, дайрга нийлүүлэгч болон тээврийн компаниудад төлбөрөө төлөөгүй, ажилчдынхаа цалинг өгөөгүй байна. Хасу мегаватт ХХК-ийн ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш:Залуус ажиллаж хөдөлмөрлөх ямар ч сонирхолгүй, халамжийн мөнгөөр амьдардаг боллоо. Сургаж ажилд авъя гэхэд ирдэг хүн байдаггүй. Үүнд анхаармаар байна. 10 их наядын цогц төлөвлөгөөг бодитой, үр дүнтэй байхад анхаарах хэрэгтэй. Манайх гэхэд л Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй байна. Гаргасан шийдвэр дунд шатандаа хэрэгжиж байгаа эсэхэд анхаарна уу. Энержи ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл:Жижиг, дунд бизнесээ дэмжих гурван хувийн хүүтэй зээл амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна. Уул уурхайн бирж байгуулах цаг болсон. Том экспортлогч аж ахуйн нэгжүүдэд зориулж зээлийн шугам нээх шаардлагатай байна. Дотооддоо зээл авъя гэхэд банкуудын хэмжээ хязгаарт баригдаж, хамгийн ихдээ 20-30 сая ам.доллар авах боломжтой байдаг. Манай компани 400 орчим сая ам.долларын бонд босгож, хүүгийн төлбөрт жилд 40-50 сая ам.долларыг гадагшаа төлж байна. Энэ зээлийг төгрөгөөр авч дотооддоо төлбөл 40-50 сая ам.доллар Монголд үлдэх боломжтой. Монголын Алт ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт: Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж зэс баяжуулах үйлдвэр байгуулах болсон. Хамгийн боломжтой байршил нь Бор-Өндөр. Дэд бүтэц, усан хангамж сайтай учир шийдвэрээ эргэж харна уу. МСҮТ төгсөөд үйлдвэрт доод тал нь гурван жил ажилласан залуусыг их, дээд сургуульд эчнээгээр суралцахыг дэмжих хэрэгтэй байна. Дор хаяж сургалтын төлбөрөө ажиллаж байхдаа олох боломжтой. Гааль, татвартай холбоотой хуулийн заалтууд хоорондоо зөрчилддөг нь ажилд хүндрэл учруулж байгаад анхаарах хэрэгтэй. Алтан жолоо трейд группийн ерөнхийлөгч В.Энхбаатар:Цахилгаан, дулаан, Нийгмийн даатгалын шимтгэл зэргийг тэглэж, дархлаажуулалтыг эрчимтэй хийж байгаа нь сайшаалтай. Замын-Үүд-Эрээний тээвэр үнэхээр хүнд, хил гардаг тээврийн хэрэгслийн тоо буурсан. Хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын хүмүүс авлига нэхдэгээс болж тээврийн зардал өссөн гэдэг нь худлаа юм билээ. Манай зарим жолооч, хилийн цаана байгаа өвөрмонгол иргэдтэй холбоотой. Үүнд анхаармаар байна. АПУ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг:Олон хүнийг ажлын байраар хангадаг, ялангуяа эмэгтэйчүүдийг ажилтай болгодог хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих чиглэлээр 100+ төсөлд хэр тусгагдсан бол. Үүнд анхаарна уу. Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал:Дэмжиж ажиллахад бэлэн. Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжиж байгаад талархаж байна. Томоохон аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлчилгээний салбартаа анхаарах хэрэгтэй. Бизнес эрхлэгчдийн асуултад Ерөнхий сайд болон сайд нар хариулт өгч, зарим саналыг нь судлана гэлээ. Тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн дутуу санхүүжилтийг ойрын хугацаанд өгөхөө Сангийн сайд Б.Жавхлан хэлэв. Зэс баяжуулах үйлдвэр барихаар зургаан байршилд судалгаа хийхэд эхний гуравт Эрдэнэт, Налайх, Оюутолгой хамгийн тохиромжтой гэж гарсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэллээ. Уулзалтыг хааж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрээр Засгийн газрын бодлого тогтвортой, нээлттэй байх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ, тодорхой соёлын өөрчлөлт рүү хамтдаа оръё. Ерөнхийгөөс тодорхой руу явъя. Хэрвээ аж ахуйн нэгжүүд тухайн нэг төслийг сонирхож байгаа бол тэр төслөө ганцаарчилсан болон хэсэг бүлгээрээ, эсвэл салбараараа тал бүрээс нь ярьж байя гээд бизнес эрхлэгчдэд амжилт хүсэв гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.