Х.Баттулга: Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02-р сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай /Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ. Мөнэнэ ням гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, ард түмэндээ хандан үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: Эрхэм монголчууд аа, Ард иргэд ээ, Ахмад настан буурлууд аа, Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Шинэ оны эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гаргасныг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, улмаар УИХ-аас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан билээ. Энэ бол нэг талаар монголын төрөөс ахмад настанууддаа барьж буй Сар шинийн бэлэг юм. Монголын төр нэг удаагийн үйлдлээр бус боломжит бүх аргыг ашиглан ахмадуудынхаа нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээр чармайн ажиллаж байна. Цаашдаа тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөх боломжийг эрэлхийлнэ. Энэ нь улсын төсөвтэй шууд холбоотой учир нарийн тооцоо судалгаа, төсвийн тодотгол хийх зэрэг үйл ажиллагаа шаардлагатай юм. Ахмадаа ачлах, настан буурлуудаа тэтгэх нь монголын өв уламжлал, ёс заншил бөгөөд үеийн үед төрийн эрхэм үүрэг байж ирсэн. Сар шинийн баярын өмнөхөн дэлхий даяар эрчимтэй тархаж буй титэмт вирусийн халдвар, цар тархалтын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан зарлиг гаргахаас аргагүйд хүрсэн. Учир нь, энэ вирусийн халдварт өвчин нь вирус илэрсэн улс орнуудын ахмад настнуудад хүндээр тусах нь олонтаа тохиож байна. Уламжлалт Цагаан сарын баяраараа бид ахмад буурлуудаа эрүүл энх, амар амгалан байлгахад илүүтэй анхаарах ёстой билээ. Монголчууд аа, Та бүхэндээ хандан настан буурлууддаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна. Биеэр уулзаж золгох нь ихээхэн эрсдэлийг дагуулах учир энэ өвчний тархалтыг буурах хүртэл тэвчин өнгөрөөх нь ахмад настнуудад маань тустай юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхааруулгаас үзэхэд шинэ титэмт вирусийн тархалт нь мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаас илүү ноцтой төлөвтэй байна. Вирусийн өвчлөлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн найдвартай арга тул Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна. Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд хөршид Цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, халдвар тархах, өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид, эрдэмтэд анхааруулж байгааг үл тоож хэрхэвч болохгүй. Бүх нийтийн эрүүл энхийн төлөө хүн бүр хичээж, хариуцлагатай, сахилга баттай байх цаг бидний өмнө ирлээ. Хүн бүр хувийн ариун цэврийг дээдлэн сахиж, эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр гараа тогтмол угааж, амны хаалтыг байнга зүүж, биеийн дархлаагаа дэмжээрэй. Вирусийн дэгдэлт, тархалт намжих хүртэл, өвчнийг хяналтад бүрэн оруулах цаг иртэл олныг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах, олон хүнтэй газраар хэсүүчлэхээс хүн бүр зайлсхийж, хэсэг хугацаанд тэвчих, хамтдаа эрсдэлийг даван туулах цаг тулж иржээ. Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг хязгаарлах дэс дараалсан арга хэмжээнүүдийг авахаар шамдан ажиллаж байна. Ард иргэд ээ, Монголчууд аа, Настан буурлууд аа Нийтийг хамарсан өвчин зовлонг дэлгэрүүлэхгүй байх, хүн бүрийн эрүүл саруул амьдралыг тэтгэх, хамгаалах үүднээс уламжлалт Цагаан сарын баярыг зөвхөн энэ удаадаа тэмдэглэхгүй, тэвчин өнгөрөөхийг Та бүхнээс ахин дахин хүсэж, уриалъя аа. Эрүүл явахад олон олон Цагаан сарын баярыг тэмдэглэнэ. Та бид эрсдэлт нөхцлийг хамтын хүчин чармайлтаар даван гарч, энх тунх сайн сайхан амьдрах болно. Итгэл найдвараа бүү алдаарай, анхаарал сэрэмжээ битгий сулруулаарай. Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд эрүүл саруул, энх тунх аж төрөх болтугай гэжээ. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Ээлжит чуулганы хугацаанд хуулийн 34 төсөл хэлэлцжээ

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 10 удаа хуралдаж, хуулийн төсөл 34, Улсын Их Хурлын тогтоолын төсөл (давхардсан тоогоор) гурвыг хэлэлцэж, яам, агентлаг, байгууллагын тайлан, мэдээлэл хоёрыг сонсож, хууль, Улсын Их Хурлын тогтоол тус тусхоёрыг батлуулсан байна. Байнгын хорооноос төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт долоо, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт дөрөв, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга нэг, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 10, Ажлын хэсгийн танилцуулга хоёр, Байнгын хорооны зургаан тогтоол баталжээ. Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болголоо Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэн батлуулав. Монгол Улсын Их Хурлаас хүн амыг аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан Баяжуулсан хүнсний тухай хуулийг 2018 онд баталсан. Иймд Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийн зохицуулалт нь Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардаж байгаа тул уг хуулийг хүчингүй болгожээ. Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт нь Хууль зүйн байнгын хороонд хуваарилагдан, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж байгаа Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан тул уг хуулийн төслийг давхардуулан хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын 2019 оны 107 дугаар тогтоолыг батлуулсан байна. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байгуулахаар болов Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж батлуулах, улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдалтай холбоотой мэдээллээр иргэн, хуулийн этгээдийг хангах, улсын усны тоо бүртгэл, статистикийн мэдээллийг нэгтгэн боловсруулах, усны нөөц, ус ашиглалтын тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих, стратегийн томоохон орд газарт цооног өрөмдөх, ус ашиглах судалгаа хийхэд дүгнэлт гаргах, ган, цөлжилт, хуурайшилтын үед усны нөөц хомсдох, бохирдсон тохиолдолд тухайн сав газарт ус ашиглагчийн ашиглах усыг хуваарилах, хязгаарлах, ус, түүний орчныг нөхөн сэргээх зорилгоор ус ашиглахыг тодорхой хугацаагаар түр хориглох зэрэг бүрэн эрхийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллахаар заажээ. Мөн Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолд заасан байна. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгүүд ажиллаж байна Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд цаг үеийн асуудлаар сайдын мэдээллийг сонсож, хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж ажиллажээ. Тухайлбал, Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Байгаль орчны төлөв байдлын 2017-2018 оны тайлан-гийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдынмэдээллийгтус тус сонсов. Мөн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулж,Байнгын хорооны дарга, ажлын алба болон холбогдох яамны мэргэжилтнүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Хэрх, Түнхэл багийн Иргэдийн Нийтийн Хурлаар Ноён уулын улсын тусгай хамгаалалтын ангилал ахиулах, хилийн заагт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үйл явц, Ноён-Уул орчмын тусгай хамгаалалтын нөхцөл байдалтай танилцсан байна. Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг болон Дэд ажлын хэсгүүд нийт найман удаа хуралджээ. Үргэлжлүүлэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Генетик нөөцийн тухай, Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлынхэсгүүд ажиллаж байна гэжээ. Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ

Шадар сайдаар ахлуулсан шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна

Зарим аймагт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Булган, Хөвсгөл, Завхан, Увс аймгуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна. Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх Л.Саянаа, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Топан Мишра, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон Эрүүл мэндийн яам, ХХААХҮЯ, ОБЕГ-ын холбогдох удирдах албан тушаалтнууд багтаж байгаа бөгөөд өнөөдөр Орхон, Булган аймагт ажиллалаа. Орхон аймгийн хувьд мал бүхий 1100 орчим малчин өрхөд 135 мянган толгой мал өвөлжиж байна. Энэ жил 8000 тонн хадлан тэжээл бэлтгэсэн. 580 мянган толгой мал төллөх юм байна. Сумдын хэмжээнд цас ихтэй байгаагаас хаваржилт хүндрэх төлөвтэй, аймгаас бэлтгэсэн аюулгүйн нөөцийг хэрэглэж дууссан тул мал төллөх үеэр малчдад улсын нөөцөөс өвс олгох хүсэлтэй байгаагаа аймгийн Онцгой комиссын гишүүд Шадар сайдад уламжилж байлаа. Булган аймгийн хувьд 2019-2020 онд 16 сум, 1 тосгон, 75 багийн 8,5 мянган малчин өрхөд 3,6 сая мал өвөлжиж хаваржиж байна. Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод сумдад Өвөрхангай, Архангай, Дундговь, Төв аймгийн буюу нийт 4 аймгийн 19 сумын 423 малчин өрхийн 340,9 мянган толгой мал отроор өвөлжиж байна. Өвс тэжээлийн нөөц дуусч байгаа тул 500 тонн өвс, 100 тонн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, отроор ирсэн айлуудад эрүүл мэндийн болон малын хулгай зэрэг гэмт хэргийн дуудлага, үйлчилгээ үзүүлэхэд түлш, шатахууны зардал ихээр гарч байгаа тул 20 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Дулааны станцыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч, орон нутгийн мэдэлд ажиллуулах, Сайхан сумын нутагт орших Илчит металл ХХК-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагааг сэргээж, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг санал, хүсэлтийг аймгийн удирдлагын зүгээс тавилаа. Мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдлын талаар мэдээллийг шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд танилцууллаа. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, аймгийн Засаг дарга сум, багийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад цаг үеийн асуудлаар тухай бүр үүрэг чиглэл өгч, хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах, Гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаатай холбоотой зардлыг эхний ээлжинд Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулах, малчдад шаардлагатай өвс, тэжээлийг өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан худалдан авах , Малчдад төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тухай бүр шуурхай хүргэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, Аймаг, орон нутгийн хүн амд шинэ коронавирус болон шувууны томуугийн H5N1 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн дэглэмийг баримтлах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөд онцгой анхаарч ажиллах, Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар ухуулга, сурталчилгаа зохион байгуулах, томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан олон нийтэд хандсан зөвлөгөө, зөвлөмж, сэрэмжлүүлэх мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол өгөх, ХӨСҮТ-өөс гаргасан стандартын дагуу аймаг, орон нутагтаа оёдлын цех, үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, амны хаалт үйлдвэрлэх, Халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтын асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах зэрэг үүрэг, чиглэлийг аймаг, орон нутгийн удирдлагуудад өглөөгэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Казахстан улсад айлчилна

Энэ жил Казахстан Улсад Абай Кунанбаевын 175 жилийн ой, Алтан Ордын 750 жилийн ойн баяр тохиож байна. БНКУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин ирэх тавдугаар сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа бол Ерөнхийлөгч Х.Баттулга мөн энэ онд тус улсад айлчлахаар товложээ. 2019 онд 25 жилийн дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон гэдгийг талууд онцолж байгаа. Мөн Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит VIII хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон билээ. Ерөнхийлөгчийн айлчлалын ирэх долдугаар сард товлосон гэдгийг албаныхан хэлж байна.

Монгол Улс, БНХАУ хооронд агаар, төмөр замаар зорчих хөдөлгөөнийг зогсоов

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоолоо. Энэ нь БНХАУ-аас ирэх болон тус улсад зорчихыг бүрэн хориглож байна гэсэн үг юм. Гэхдээ бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хэвийн үргэлжилнэ. БНХАУ-д зайлшгүй шаардлагаар зорчихоор галт тэрэг, онгоцны тасалбар захиалсан бол МИАТ, Улаанбаатар төмөр зам компани мөнгийг нь ямар нэгэн шимтгэлгүйгээр буцаан олгоно. Засгийн газрын тогтоолын дагуу 2020 оны 02 дугаар сарын 01-нээс хойш БНХАУ-ын иргэд болон тус улсаар дамжин Монгол Улсад зорчих иргэдийг нэвтрүүлээгүй байна. Засгийн газар БНХАУ-д байгаа монгол иргэдээ 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл бүх боомтоор, мөн өдрөөс хойш зөвхөн Замын-Үүд болон Буят-Ухаа боомтоор хүлээн авсан. Хилээр зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоосноос хойш БНХАУ-д байгаа монгол иргэдийг тусгай нислэгээр авчрах шаардлага гарч болзошгүй. Энэ тохиолдолд шаардагдах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах бөгөөд ирсэн тохиолдолд тусгаарлана гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.