Монгол Улсын Шинжлэх ухааны академиас дараах уриалгыг гаргалаа. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэе. УРИАЛГА БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт өвчин гарч, хөршийн нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд багагүй бэрхшээл учирч, дэлхийн нийтэд томоохон сорилт тулгарч байна. Монгол Улс, Монголын ард түмэн энэ хүнд цаг үед найрсаг хөрш БНХАУ, Хятадын ард түмэнтэй хамт байж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг манай төрийн болон төрийн бус байгууллагуудаас уриалж байна. Монгол улсын Шинжлэх ухааны академи нь БНХАУ-ынШУА болоод эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай олон жил хамтран ажиллаж ирсэн бөгөөд одоо судалгааны 11 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдрийн үүсээд буй хүнд нөхцөл байдалд бид хамтран ажилладаг хятадын эрдэмтэн судлаачид, найз нөхдөө дэмжих зорилгоор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын ажилтан албан хаагчид нэг өдрийн цалингаа хандив болгон өргөхийн ялдамд, энэхүү сайн санааны үйлсэд нэгдэхийг нийт ажилтан албан хаагчид даа уриалж байна. МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх хууль амжилттай хэрэгжиж, иргэд тэтгэврээ хугацаанд нь бүрэн авчээ
2020-02-19 09:40:41 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 18-ны өдөр Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх тухай УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын ХЭГ, холбогдох яам, төрийн өмчит компани, банкуудын удирдлагуудтай уулзаж ярилцлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга М.Баярмагнай, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, Эрдэнэс силвер ресурс компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат нарын зэрэг хүмүүс оролцлоо. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэд хэдэн шийдвэр гаргаж, 6.0 саяас доош төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх, тэтгэврийн зээлгүй иргэдэд 1.0 сая төгрөгийн, зээлийн үлдэгдэл нь 1.000.000 төгрөгөөс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаас эзэмшүүлэх үйл явц амжилттай үргэлжилж байгааг уулзалтын үеэр албаны хүмүүс танилцууллаа. Өнөөдрийн байдлаар тэтгэвэр авагчдын 2020 оны 1, 2-р сарын тэтгэврийг бүрэн олгосон бөгөөд Хөгжлийн банкны баталгаатай Эрдэнэс бонд гаргаж, арилжааны банкуудад арилжихад бэлэн болгоод байгаа аж. Эрдэнэс силвер ресурс компани Салхитын ордтой холбоотой шүүхийн асуудлыг цэгцэлж, ордын шинэчилсэн ТЭЗҮ-г хийгээд байгаа бөгөөд татвараа тооцсон дүнгээр 569.0 тэрбумын цэвэр ашигтай байх урьчилсан тооцоо гараад байгааг гүйцэтгэх захиарл Т.Мөнхбаяр хэлэв. Энэ тооцоо орд газрын 1/3 буюу бага хэсэгт түшиглэн хийсэн тооцоо бөгөөд цаашид батлагдсан нөөц нэмэгдэх юм байна. Уулзалтаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийг 5 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй Эрдэнэс бондоор солиход үүсэх хүүгийн зөрөөний асуудлыг аль аль талдаа хохиролгүйгээр, хуулийн хүрээнд хэрхэн шийдэх талаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрэв. УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн шийдвэр, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааг амжилттай, шуурхай зохион байгуулж байгаа Ажлын хэсэг (ажлын хэсгийн ахлагч Сайд С.Чинзориг), банкны удирдлагуудад талархал илэрхийлж, банкны системийн тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр шаардлагатай зохицуулалтын арга хэмжээг авч, хуулийг чанд баримтлан ажиллах, энэхүү үйл ажиллагааг Цагаан сарын өмнө хэрэгжүүлж дуусгахыг чиглэл болголоо.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргасны хүрээнд ажлын хэсэг байгуулж, БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг нэртэй аяныг эхлүүлж буй талаар мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:Монгол Улс, БНХАУ-тай сайн хөршийн харилцаатай. Тиймээс урд хөршид тархаж буй коронавирусын халдварын тархалт өндөр хүнд нөхцөлд сэтгэлийн хандив өгөх хүмүүс олон байгууллагаар бус нэгдсэн дансаар хандив цуглуулах санал гаргасан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ГХЯ, Уханьд төгсөгчдийн холбоо, АН зэрэг олон иргэн, оюутан залуус, байгууллагууд Хятадад тусламж үзүүлсэн. Тиймээс энэ удаа ч мөн иргэд, олон нийт, ААН-үүдийг хүмүүнлэгийн аянд нэгдэхийг уриалж байна. ДЭМБ-ын зүгээс БНХАУ-д гарсан коронавирусын халдварын тархалтын үед улс орон бүр өөр, өөрийн гэсэн дотоод зохион байгуулалттай, нэгдмэл ажиллаж чадвал Ковид 19 халдварын тархалт саармагжих боломжтой талаар мэдээлсэн. Иймд иргэд аливаа худал мэдээлэлд итгэлгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, урд хөршид туслах аянд сэтгэлийн дэм үзүүлэхийг уриалж байна. гэв. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:Монгол Улсаас жилд дунджаар 1.5 сая иргэн БНХАУ-д жуулчилдаг бол манай улсад ирж байгаа жуулчдын 40 орчим хувийг БНХАУ-ын иргэд эзэлдэг. Одоогоор БНХАУ-д 336 монгол иргэн байгаа тухай албан мэдээлэл байна. Холбогдох яам болон байгууллагууд нэгдэж, хүсэлт илгээсэн иргэдээ татан авчрах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Коронавирусын халдварын тархалтаас шалтгаалж дэлхий нийтээр аялал жуулчлалын салбарт хүндрэл учрах нь тодорхой. Тиймээс өвчлөл өндөр байгаа энэ цаг үед иргэд, олон нийтийг сар шинийн баярыг угтан аялал, зугаалгаар явахгүй байх, баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан билээ. Хэрэв манай улс коронавирусын халдваргүй орноор бүртгэгдвэл цаашид аялал, жуулчлалын салбар хөгжих бүрэн боломжтой. Юуны түрүүнд эрүүл мэндийн асуудлыг харгалзаж үзэх нь зүйтэй учир бид хүмүүнлэгийн аяныг хэрэгжүүлэхээр болсон байгаа. гэлээ. Сангийн дэд сайд Х.Булгантуяа: БНХАУ бол манай хамгийн том худалдааны түнш. 2010 оноос тус улстай 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулан томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Түүнчлэн сүүлийн жилүүдэд нэг тэрбум орчим юанийн буцалтгүй тусламжийг Монгол Улсын Засгийн газарт олгосон байна. Тиймээс бидний зүгээс ард иргэн, ААН-үүдийг хүнд цаг үед хамтран ажиллаж, тус улсад дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. гэсэн юм. Хандивын данс: Төрийн банк 341303432597 Хүлээн авагчийн нэр: Хүмүүнлэгийн аян
Баянхонгор аймгаас тодорсон Аварга малчидтай онлайн уулзалт хийж, хүндэтгэл илэрхийллээ
2020-02-18 11:42:05 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн М.Билэгтийн хамт энэ жил Монгол Улсын аварга малчин, аварга саальчин цолоор шагнагдсан Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Баян-Өндөр, Бууцагаан, Галуут, Гурванбулаг, Заг, Өлзийт, Хүрээмарал сумын малчин, саальчидтай албан өрөөнөөсөө онлайнаар холбогдож, баяр хүргэлээ. Онлайн уулзалтад аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон дээрх сумдын удирдлагууд, аварга малчдынхаа хамт оролцлоо. Баянхонгор аймгийн хэмжээнд өвөлжилт хэвийн, цас зуд багатай, цөөн айл зэргэлдээ аймаг, сумдын нутагт отор хийж яваа юм байна. Аймаг, сумын удирдлагууд малчдаа дэмжиж, байнга анхаарал хандуулж байдагт нь аймгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар: -Монгол мал, малчин хоёр бол Монголын баялаг юм. Малчдынхаа хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлэн хүндэлж, жил бүр Аварга малчдыг тодруулдаг сайхан уламжлалтай. УИХ-ын гишүүд нутаг ус, тойргоосоо тодорсон Улсын аваргуудад биеэр очиж хүндлэл үзүүлэн, шагналыг нь гардуулдаг. Энэ жилийн хувьд цаг зуурын хүндрэл үүссэнтэй холбоотойгоор очиж амжихгүй нь. Төрийнхөө шийдвэрийг иргэн бүр даган биелүүлэх үүрэгтэй. Тиймээс та нартайгаа технологийн дэвшлийг ашиглан, онлайнаар уулзаж, мэндчилгээ дэвшүүлж байгаа юм. Хүн төрөлхтний өмнө тулгарсан сорилт, бэрхшээлийг бид даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр Монгол Улсад корона вирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч сэрэмж илүүдэхгүй. Хүнсний бараа болон эмнэлгийн шаардлагатай хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, зарим бүтээгдэхүүний гаалийн татварыг багасгах, чөлөөлөх асуудлаар дөнгөж сая Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ долоо хоногт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог хуралдуулахаар төлөвлөж байна. Та бүхэн маань өргөн дэлгэр золгуутаас аль болох татгалзаж, гар утас, дүрст холбоогоор ахмадууд, ахан дүүстэйгээ золгож, монгол ёс заншлаараа мөр зүгээ гаргаж, уул ус, хангай дэлхийдээ сүслэн залбирч, сайхан шинэлээрэй. Ахмадууддаа хүндрэл төвөг учруулалгүй, асран хамгаалахад илүү сайн анхаараарай. Ажил хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлсэн Та бүхэндээ болон Та бүхний гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, нутгийн зон олондоо баяр хүргэж, Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлье. Удахгүй цаг сайхан болж, хорио хязгаарлалт тавигдсаны дараа учран золгохын ерөөл тавья гэв. УИХ-ын гишүүн М.Билэгт Улаанбаатар хотоос 600-1000 км-ийн алс байгаа малчидтайгаа цахимаар нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна. 2019 он Баянхонгор аймгийн малчин түмний хувьд амжит бүтээл дүүрэн жил байлаа. Манай аймаг малаа таван төрөл дээр нь өсгөж, нийт малын тоогоороо улсад VI байрт орж, тэмээний тоогоороо II-т, ямаагаараа улсад тэргүүллээ. Арван нэгэн хүн Улсын аварга малчин, саальчин боллоо. Малынхаа төлөө цаг наргүй зүтгэдэг, уйгагүй хөдөлмөрч Та нараараа бид бахархаж байна. Та бүхэн бол нөхөн сэргээгддэг, өсөн үрждэг баялгийг бүтээгчид. Тиймээс Сар шинийн босгон дээр амьдралын аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэлээ. Энэ жил Баянхонгор аймгийн Баацагаан сумын малчин Ж.Ганзориг, Баянлиг сумын малчин С.Банди, Баян-Өндөр сумын малчин З.Батцоодол, Бууцагаан сумын малчин Б.Магвансүрэн, Галуут сумын малчин Х.Амгаабазар, Гурванбулаг сумын малчин Д.Цэндсүрэн, Заг сумын малчин Б.Лувсанбат, Өлзийт сумын малчин Б.Бат-Олдох, Хүрээмарал сумын малчин А.Батдэлгэр, С.Сумъяабазар нар Улсын аварга малчин, Өлзийт сумын саальчин С.Оюунчимэг Улсын аварга саальчин болсон юм. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Г.Занданшатар: Үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулж, амны хаалтны нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа
2020-02-18 11:17:16 Нийтлэгдсэн: Улс төрУлсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2020.02.17) нийслэлийн зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, Бөмбөгөр худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцлаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дөрвөн эмийн сангаар ороход хоёр эмийн санд нь нэг удаагийн амны хаалт, гар ариутгагчийн нөөц байхгүй, дууссан байлаа. Шүүлтүүртэй даавуун амны хаалт 3500 төгрөгөөр зарагддаг байсан бол өнөөдрийн байдлаар 4000 төгрөгөөр зарагдаж байна. Нийлүүлэлт хангалтгүй байгаа. Харин эм, тарианы борлуулалт хэвийн байгааг эмийн сангийнхан хэлж байсан юм. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Бөмбөгөр худалдааны төвөөр орж, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа.Буруу ташаа мэдээллийн улмаас иргэд хүнсээ ихээр худалдан авч, нөөцлөх асуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний барааны үнэ ханшийг хөөрөгдөх, зохиомлоор өсгөх байдал гарсныг худалдаа эрхлэгчид хэлж байсан юм. Худалдан авалт өмнөх жилтэй харьцуулахад бага байна. Жилийн жилд сар шинийн баярын өмнө барааны үнэ нэмэгддэг. Нийлүүлэлт багассан учраас үхрийн махны үнэ өссөн. Сүүлийн хоёр жилд адууны махны үнэ өсөх хандлагатай байгаа. Цаанаасаа мах үнэтэй ирдэг болсон. Гадуур янз бүрийн цуурхал яриа гарснаас болсон уу, өнгөрсөн амралтын хоёр өдөр худалдан авалт их байсан гэж Бөмбөгөр худалдааны төвийн худалдагч П.Жаргалбуян хэллээ. Худалдаа, үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлж байгаа иргэд амны хаалттай байдаг болсныг ч тэд хэлж байлаа. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Үндэсний статистикийн газар болон бусад холбогдох байгууллагууд зах, худалдааны төвүүдээр судалгаа хийж үзсэн. Супермаркетуудын хувьд үнийн өсөлт харьцангуй бага байсан бол бөөний худалдааны төвүүд дээр өсөлттэй харагдлаа. Зохиомол хомсдол үүсгэж, өргөн хэрэглээний барааны үнийг хөөрөгдөх байдлыг зогсоох талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тодорхой арга хэмжээ авахыг чиглэл болгосон гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Тэрбээр, Энэ цаг үед иргэд маань тайван амгалан, ухамсартай байх хэрэгтэй. Хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа сорилт, бэрхшээлийг Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө сэтгэлээр давж гарах ёстой. Мах, маск, гурил зэргийг бөөндөж авах хэрэггүй. Үүнээс болж зохиомол хомсдол, зохиомол эрэлтийг үүсгэж байна. Хүнсний бүтээгдэхүүний гадаад дотоод нийлүүлэлтээ зохицуулж байгаа учраас хомсдол үүсэхгүй, хангамж хүрэлцээтэй байгаа. Харин амны хаалт, ариутгалын бодисын хүрэлцээ, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Дөрвөн том үйлдвэр болон өрхийн үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулж, амны хаалтны нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа. Үнэ өссөн байна. Үүнийг гэрээгээр зохицуулж, үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн үнийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллана. Иргэд, үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд хүчээ нэгтгэж, хямарч бухимдалгүй, ухамсартай байвал ямар ч бэрхшээлийг давж чадна. Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврээ чанд сахих хэрэгтэй. Уламжлалт сар шинийн баяраараа айл хэсэхгүй, цахимаар шинэлэг байдлаар золголт хийж, золголтын мөнгөө мобайлаар шилжүүлэх байдлаар зохицуулах нь зөв. Сар шинийн өдрүүдээр хийгдэж байгаа гүйлгээнээс шимтгэл авахгүй байх талаар Төвбанк болон банкуудын холбооныхонтой уулзаж, чиглэл өгсөн гэв. Түүнчлэн Сар шинийн баярыг цуцалж байгаа хэрэг биш, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад нэг жил өнжиж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ хэцүү өвчинд ахмад настан илүү өртөмтгий байгаа учраас очиж золгоогүй нь үл хүндэтгэсэн хэрэг болохгүй. Харин ч хүндэлж, хайрлаж байгаагийн илрэл гэдгийг ч тэрбээр онцлон тэмдэглэсэн юмгэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй