УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнг өргөн барилаа

​ Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 17264 санал авсан Цагаанхүүгийн Идэрбат, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд мөн намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 28537 санал авсан Энхбаярын Батшугар нарыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргажээ. Нөхөн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн 21 сонгуулийн хороо, 148 хэсгийн хороонд нийт 1307 төрийн албан хаагч, мэдээллийн технологийн 183 даамал, халдвар хамгааллын дэглэм, батлагдсан журмыг мөрдүүлэх чиглэлээр онцгой байдлын болон эрүүл мэндийн байгууллагын нийт 559 албан хаагч, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгахтай холбоотойгоор иргэний бүртгэлийн 253 итгэмжлэгдсэн ажилтан, санал авах байрны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн 720 албан хаагч, нийт 3022 төрийн албан хаагч ажилласан байна. КОВИД-19-ийн улмаас тусгаарлагдсан, гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авчээ. 2021.10.10-ны өдөр явагдсан нөхөн сонгуулийн ирц 18 дугаар тойрогт 37.04 хувь, 28 дугаар тойрогт 39.61 хувь болж, сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул ирц 50 буюу түүнээс дээш хувьд хүрээгүй нийт 131 хэсэгт 2021.10.16-ны өдөр нэмэлт санал хураалт явуулсан байна. Ингэснээр 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд сонгогчдын 46.65 хувь нь, 28 дугаар тойрогт 48.89 хувь нь оролцжээ. 18 дугаар тойргийн 89 хэсгийн 62.9 хувь буюу 56 хэсгийн хорооны ирц, 28 дугаар тойргийн нийт 59 хэсгийн 54.2 хувь буюу 32 хэсгийн хорооны ирц 50 буюу түүнээс дээш хувьд хүрсэн байна. Нөхөн сонгуулийн саналын хуудсыг нийт 148 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирчээ.

Дараалсан таван жилийн цалингийн дунджаар тэтгэврийг дахин тогтоох хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Одоогийн байдлаар манай улсад 317 мянга орчим өндөр настан тэтгэвэр авч байна. 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг 2018 онд нэмэгдүүлж 7 жил буюу 84 cap болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасахад хүргэсэн. Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог. Ингэснээр иргэдийн өндөр насны тэтгэврийн мөнгөн дүн бодитоор нэмэгдэх нөхцөл бүрдэнэ, төр иргэддээ тэгш, шударга хандах эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байна. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэхүү хууль батлагдан хэрэгжих үед 2018 онд батлагдсан хууль хэрэгжиж эхэлсэн хугацаанаас эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд тэтгэврийн зөрүү үүсэх, үүнээс улбаалсан хохирол амсах эрсдэл үүсэхээр байна. Тиймээс энэхүү хуулийн төслийгУИХ-аар хэлэлцэх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээн хуулийн төслийн танилцуулгад дурджээ. Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос өндөр насны тэтгэврийг тогтоон бодож байгааг 5 жил болгон өөрчлөхөд хуулийн өөрчлөлтийн хугацаанд тэтгэвэр тогтоолгосон иргэдийн авах тэтгэврийн хэмжээнд зөрүү үүсэж байгаа тул иргэдийн өндөр насны тэтгэврийг дахин тогтоох, энэ хугацаанд үүссэн зөрүүг нөхөн олгох харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулжээ. Энэхүү зохицуулалтад 2018 оны Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд орсон өөрчлөлтөөр тэтгэвэр тогтоолгосон өндөр настнууд хамаарах юм байна. Ингэснээр иргэдийн өндөр насны тэтгэврийн мөнгөн дүн бодитоор нэмэгдэх нөхцөл бүрдэнэ, төр иргэддээ тэгш, шударга хандах эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байна.

Их замын дээрэмчдэд хөрөнгөө дээрэмдүүлэх тэнэг байхгүй!

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тойроод дээр дооргүй ид хэрэлдэж байна. Харвал, хэдэн жилийн өмнөх өргөн царигтай төмөр замаар Хятад танк орж ирээд, Монголыг эзэлнэ гэх харанхуй төсөөллөөсөө монголчууд огт салсангүй. Хууль санаачлагч П.Анужин, Д.Өнөрболор нар үг, үйдлээсээ буцаж, төслөө татан авах хүсэлт УИХ-ын даргад хүргүүлсэн нь ердөө хар масст хараалгаж, чичлүүлэхгүйн тулд. Сургаар нь нойрноосоо сэрсэн манай яруу алдарт коммунист эх орончид, ордны попууд аль хэдийнэ ноолоод эхэлжээ. Хэрэвзээ хуулийн төсөл Ц.Даваасүрэнд таалагдахгүй байвал эсрэгээрээ Монголд ашиг авчирна гэсэн үг. Ц.Даваасүрэн Монголд ашигтай маш олон төслийг гацаасан, нураасан. Багануурын, Тавантолгойн цахилгаан станц гэх мэтчилэн. Тэр тусмаа Х.Булгантуяагийн хэлснээр, том хөрөнгө оруулалт татах тийм том төсөл Монголд хаана байгаа юм бэ?! Байгаа ганц Рио Тинто-гоо байнга хөөнө, тууна, гэрээг цуцлана гэж айлгаж, дарамталдаг байж. Цар тахал дэлхийг орвонгоор нь эргүүлж, эдийн засгаа хөл дээр нь босгохын төлөө улс орнууд хөрөнгө оруулагчдыг ёстой л хөхөөрөө даллах нь холгүй байгаа. Гэтэл монголчууд хууль нь батлагдаа ч уу, үгүй ч үү тодорхойгүй, орж ирээ ч үү, үгүй ч үү хөрөнгө оруулагчдыг хараал, зүхлээр булаад дууслаа. Сохор зоос оруулаагүй байхад ингэж үзэн ядаж байгаа улсууд мөнгөө аваад ирвэл жинхэнээсээ алаан болох байлгүй. Статистикаас харвал, Монгол Улсад 2010-2019 оны хугацаанд нийтдээ 83.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. 36.6 их наяд (43.9 хувь) төгрөг нь дотоодын хөрөнгө оруулалт, 46.7 их наяд (56.1 хувь) төгрөг нь гадаадын хөрөнгө оруулалт байна. Мэдээж цаг сайхан үед Монголд цүнхтэй мөнгөө бариад ирдэг гадаадынхан бишгүйдээ л байлаа. Харамсалтай нь, урьж авчраад хөөгөөд, залж ирүүлчхээд дээрэмдээд дууссан даа. Хан ресурс, Арева-гаас эхлүүлээд. Адаг сүүлдээ Хан ресурс-т 100 сая ам.доллар төлөх өрөнд унасан. Үүний хариуцлагыг хэн ч хүлээгээгүй, татвар төлөгчид л хохирч үлдсэн байдаг. 2011 онд Оюутолгой-н уурхайн үйлдвэрлэл эхэлж, гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.47 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд амжилтаа үзүүлжээ. Хамгийн сүүлд засгийн эрх АН-аас МАН-д шилжих үед буюу 2016 онд дөрвөн тэрбум ам.доллар давж байсан бол үүнээс хойш тогтмол буурчээ. Төв банкны урьдчилсан тооцоогоор 2021 онд 1.4 орчим тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэхээс 600-700 сая ам.доллар нь Оюутолгой-н мөнгө. Хуулийн төслөө санаачлагчид нь Монгол Улсад гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрх зүйн таатай орчныг сайжруулах үзэл баримтлалын хүрээнд дэмжсэн болохоо тайлбарлажээ. Гээд гол асуудал нь хуулийн мууд биш хүмүүсийнх нь хандлагад байгаа юм. Харин ч Монголын татварын тогтоомж, хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулагчдад тааламжтай. Даанч төрийнхөн нь их гарын дээрэмчин болохоор яалтайв. МХЕГ, ҮТЕГ, ШӨХТГ, цэрэг цагдаа, тагнуул гааль зэрэг үй түмэн төрийн хувцас өмссөн нөхөд авлига нэхнэ, өгөхгүй бол дарамтална, торгоно, хөрөнгийг нь булаана, шоронд хатаана. Английн Ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсоны 19 сая ам.долларыг монголчууд хулхидсан түүх одоо ч маргаантай байгаа. Засагчандмань Майнз компанийн захирал Д.Буянтогтох нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хүргэн ах гэх. Англичууд монголчуудыг лав одоо адгийн дээрэмчнээр төсөөлж буй биз. Нэмээд Босоо хэвтээ хөх монгол нь гэр орон, ажил албан дээр нь очиж зодож, нүднэ. Ер нь бол монголчууд бүтэхгүй хүмүүс нь үнэн, парламентын дарга нь хүртэл буу, гавтай тусгай ажиллагаа явуулна. Ийм хүмүүстэй наймаа тохироо ярихад хэцүү. Тэнэг баян байлаа ч Монголд одоо 100 ам.долларын хөрөнгө оруулалт хийхгүй. Тэгээд ч бид ичгүүр сонжуургүй, их замын хулгайчид болохоо өнгөрсөн хугацаанд дэлхийгээр нэг зарлачихсан. Жишээ нь, Салхитын мөнгөний уурхай байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн биеэр тусгайгийнхантай очин, төрд хураан авч байгаа бичлэг Youtube-гээр нэг бий. Эрдэнэтийн 49 хувийг төр эрх мэдлээрээ түрий бариад ил цагаан дээрэмдчихсэн. Ц.Нямдорж Эрдэнэт-ийг булааж авахын тулд сүүлчийн ганц цамцаа урагдтал зүтгэсэн дээ. Ард түмний өмч нэрийн ард Ардын намын дарга нарын саалийн үнээ болоод удлаа, Эрдэнэт. Үндсэндээ хууль тогтоогч засаглал нь нэг гараараа хууль батлаад, нөгөө гараараа дээрэм хийхээр чинь гадаадынхан байтугай дотоодын хөрөнгө оруулагчид чинь тогтохгүй байна. Төрийн зохицуулалттай эдийн засагтай байна гэх үг хөрөнгө оруулагчдад битгий ирээрэй гэсэнтэй ялгаагүй сонсогдоно. Тэгэхээр хууль эрх зүйн орчноо сайжруулна гэж худлаа амлаж сууснаас ШӨХТГ, МХЕГ-ыг татан буулгана. Хөрөнгө оруулагчдыг айлгаж, дарамталбал хуулийн дагуу хариуцлага тооцно гэж ил тод зарлабал эргээд Монголыг сонирхож эхэлж мэдэх юм. Түүнээс хуулиа хэчнээн өөрчлөөд, хүмүүс дээрэмчин, шантаажчин хэвээрээ байвал Монголын төртэй наймаа хийх хөрөнгө оруулагчид дэлхийгээс олдохгүй!

50 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН АЙДАС, НАРИЙН ЦАРИГИЙН АЙДАСТАЙ ЯГ АДИЛХАН!?

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын санаачилсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Монголын нийгэмд яг одоо шуугиан тарьж байна. Ялангуяа уг хуулийн Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох, мөн гадаадын хөрөнгө оруулагч түүний гэр бүлд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох гэсэн хоёр заалтыг хэн хүнгүй эш татаж Хятадуудыг олноор нь оруулж ирэх хууль зүйн орчин бий боллоо, Монголчууд Хятадын колони болох алхам тавигдлаа хэмээн дур зоргоороо бичицгээж байна. Энэхүү хуулийг санаачилсан, мөн дэмжсэн нэр бүхий гишүүдийг есөн шидээр доромжилж Эх орноосоо урвасан хужаагийн үр удам хэмээн цоллон, нэр төр, үндэс угсаад нь бүдүүлгээр халдаж, эрээ цээргүйгээр дайрч давшилж байна. Ер нь Монголын нийгэмд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн тухай асуудал сөхөгдөх даруйд монголчуудыг өөрсдөөр нь, Монголыг Монголоор нь намнуулах, тухайн хууль тогтоомжийг хүчингүй болгох, үйл ажиллагааг нь гажуудуулах, сааруулах, тэрхүү хуулийг санаачилсан хүмүүсийг нийгмийн шаар шавхруу, эх орны урвагч болгох энэ байдал гадны нөлөөтэй, үгүй нь мэдэгдэхгүйгээр сүүлийн хэдэн жил чимээгүй ноёрхож ирсэн. Үүний хамгийн том жишээ арваад жилийн өмнө бас л нийгмийг хагалан бутаргаж, нэгнийгээ бууны нохой, гадныхны гар хөл, Хятадын эрлийз хурлийзаар дуудацгаасан нарийн цариг-ийн асуудал мөн. Монголын экспортын бүтээгдэхүүн гардаг төмөр замын урсгалыг нарийн царигтай болгоно. Таван толгойгоос-Гашуунсухайт, Сайншандаас-Замын-Үүд, Хөөтөөс-Бичигт хүртэл нарийн царигтай төмөр зам тавина. Нүүрс тээвэрлэх шинэ төмөр замаа эдийн засгийн гол асуудал гэж үзэж байгаа бол хамгийн зөв сонголт нарийн цариг. Шилжүүлэн ачилтын зардал гэж жилдээ хичнээн тэрбумыг үрэлгүйгээр Хятадын төмөр замтай шууд холбогдоно. Хятадаас гадна Япон, Солонгос, барууны орнууд, АНУ гээд олон улсад өргөн хэрэглэгддэг дэлхийн стандартад нэвтэрнэ гэдгийг эдийн засгийн шинжээчид, стратеги, геополитикийн судлаачид гаргалгаатай хэлж байсан. Мөн Нарийн царигтай төмөр зам дэлхийн 60 гаруй хувийг эзэлж байна. Хятадаас гадна Америк, Канад, Австрали, Арабын орнууд бүгд нарийн царигтай. Нарийн царигтай төмөр зам нэг цуваан дээр 18 мянган тонн ачаа тээвэрлэх боломжтой, өргөн царигтай нь 3 мянган тонн байдаг, ийм зөрүүтэй гээд бүх тооцоо судалгааг гарган УИХ-аар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-ыг батлуулж, түүндээ нарийн царигийг суулгаж өгсөн бол 2020 оны тавдугаар сард уг тогтоолыг УИХ хүчингүй болгож, нарийн царигийн асуудал дууссан. Нарийн царигаар төмөр зам тавибал Хятадын танк орж ирнэ, Монголын бүх баялаг үнэгүй гадагш урсана гэх тархи угаалт, нийгмийг хагалан бутаргасан үйл явц үүргээ биелүүлж, Монголыг Монголоор нь намнасны үр дүнд өнөө хэр нь бид эдийн засгийн гол урсгал нүүрсээ төмөр замаар, вагоноор нь зөөж чадахгүй, цөөхөн хэдхэн машин нүүрс гаргах гэж Хятадыг царай алдаад зогсож байна. Хэрвээ Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 270 км төмөр замыг Энержи ресурс компани барих гэж байхад тухайн үеийн Зам тээврийн сайд Х.Баттулга гэж хүн гацаагаагүй бол уг төмөр зам 2013 онд ашиглалтад орсноор энэ хугацаанд нийт 200 сая тонн нүүрс олборлож 10 тэрбум ам.долларын өгөөжийг Монгол Улсад өгөх байлаа. 2013 оноос хойших нүүрс тээврийн мэдээлэлд Эрдэнэс-Таван толгой, Энержи ресурс болон Таван толгой компаниуд нийт 115 сая 369 мянган тонн нүүрсийг авто тээврээр Таван толгойгоос-Гашуунсухайт руу тээвэрлэсэн байна. Үүний нийт зардал нь гурван тэрбум 254 сая 898 мянган ам доллар болсон. Энэ бол санхүүгийн тайлангаас гарсан төмөр замгүйгээс үүдсэн цэвэр алдагдал. Төмөр зам барих өртөг хэтэрсэн 582,2 сая ам доллар, авто тээврээр тээвэрлэсэн нүүрсний зардал 3 тэрбум 254 сая 900 мянган ам доллар гээд нийлээд 3 тэрбум 837 сая 200 мянган ам долларын бодит хохирол үүссэн байна гэж уул уурхай судлаач Л.Наранбаатар хэлсэн. Монголчуудыг ийнхүү улсынхаа эрх ашгийн төлөө бус хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө тэмцэлдэж шороочин, нүүрсчинээрээ дуудалцан тэнэглэцгээж байх хойгуур Хятадтай хиллэдэг улс орнууд болон Индонез, Австрали, Канад, ОХУ, АНУ гээд дэлхийн зах зээлд өрсөлдөгч бүх орнууд нарийн царигаар тээврээ явуулж эдийн засгийн асар их амжилтад хүрсэн. Өргөн нарийн гэж хэрэлдэж тэр хооронд хойд хөрш ОХУ гэхэд 32 сая тонн буюу дөрвөн тэрбум ам.долларын коксжих нүүрсийг Хятадад борлуулчихсан байх жишээний. Мөн Орос Зүүн Сибирийн нарийн царигтай төмөр замаар Хятадтай холбогдож хоёр тэрбум тонн нүүрсний нөөцтэй жилийн 25-30 сая тонн хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн цогцолбор байгуулан, Хятадын зах зээлд эзэн суусан. Ердөө ганцхан жишээ татахад ийм байна. Улс орнууд дэлхийн хэмжээний бодлого боловсруулж, нүүрсний зах зээлд ингэж ноёлж гайхуулж байхад бид өдөртөө 100 машин нэвтрүүлж чадахгүй, үндсэндээ атгахан нүүрс гаргах гэж үхэлдэж байгаа минь эмгэнэл. Цар тахлын үед бүр өрөвдмөөр байдалд орсон биз дээ. Хэрвээ нарийн царигтай төмөр замаа тавьж, нүүрсээ вагоноор зөөсөн бол ийм байдалд орохгүй, наад захын жишээ гэхэд энэ хугацаанд 10 тэрбум ам.долларын ашиг олох байлаа хэмээн амаа барьцгааж байгаа. Өнөөдрийн нийгэмд шуугиан болоод гадны хөрөнгө оруулалтын 50 мянган ам.долларын айдас чинь нарийн царигийн айдастай яг ижил шүү. Гадны хөрөнгө оруулалтын энэ хууль хэрэгжсэнээр Монголд эдийн засгийн орчин өөр болно. Түүнээс хятадууд бөөнөөр орж ирээд суучихна, бид яваандаа Хятадын харьяат болно гэж айхын хэрэггүй. Ингэж мунхруулж нийгмийг босгож ирж байгаа нь цаанаа өөр бодлого. Хувьсгалаас өмнө, хуучин гамингийн хар хятадууд цувах шиг юм бодоод байх юм. Өнөөдөр Хятад орон бол хөгжил дэвшил, бүх талаараа дэлхийн супер гүрэн болсон. Талын там болсон Монголд ирээд бүччихнэ гэж байхгүй. Мөн тухайн улсад түр хугацаагаар оршин суух, тухайн улсын иргэн харьяат болох гэдэг асар зөрүүтэй ойлголт. Оршин сууна гэдэг товчхондоо тухайн улсын хуулиар тогтоосон татвар тогтоомжийг төлж, өөрийн бизнес үйл ажиллагаа явуулах, хаана байдаг, аль ч улсад мөрдөгддөг энгийн зарчим. Харин тухайн улсын иргэн болно гэдэг нь өөр асуудал. Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхээ эдэлнэ. Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа хамгаалах тусгай хууль эрх зүйн зохицуулалттай. Хөрөнгө оруулалтын хуульд дээрх өөрчлөлт орсноор аливаа хөрөнгө оруулагчид иргэншил олгох, оршин суух эрхийг шууд олгох эрх зүйн ямар ч үндэслэлгүй гэдгийг хууль санаачлагчид хэлсэн. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалтын энэ хуулийг ухаалгаар шийдэж, эрдэмтэн судлаачид, нийгмийн зүтгэлтнүүд тал талаас нь авч үзэж, ирээдүйн хөрөнгө оруулалт, улс орны хөгжлийг бодож дэмжих хэрэгтэй байна. Х.Ганхуяг болон уг хуулийг санаачилсан бусад гишүүд байр сууриндаа итгэл үнэмшилтэй, эр зоригтой байх нь чухал. Хужаагийн эрлийзүүд, эх орноосоо урвагчид гээд нийгэм цовхчоод, сошиалаар дайрч давшлаад унангуут П.Анужин, Д.Өнөрболор гэх нөхдүүд яасан хурдан няцаж, буулт хийж, айж тэвдэж байна вэ. Нүд нь нь эргэлдээд өөрсдийгөө өмгөөлж хамгаалан, бусад руугаа дайраад, бурууг тохоод, бараг л хуулийг зассан мэтээр нийгэмд ойлголт төрүүлсэн нь ямар ч хөөрхийлөлтэй юм бэ дээ гэж харагдсан. Харин Х.Ганхуяг гишүүн Бидэнд цаг үетэйгээ уялдсан бодлого шийдвэр, түүний үр дүнд ард иргэдийн амьжиргаа бодитойгоор дээшлэх, олон олон үйлдвэрлэл эрхлэгчид дэлхийн зах зээлд гарах нээлттэй боломж юунаас ч чухад гэдгийг бизнесийн салбараас төлөөлөл гарсан гишүүний хувьд, хийж бүтээх зорилготой залуу хүний хувьд энэ мэт явуургүй үйлдлээс болж ухарч няцаж, бухаж чичлэх үйлдэл гаргахгүй гэдгээ мэдэгдсэн нь уг хууль нийгмийн эсэргүүцэл дундаас гараад ирэх байх гэх итгэлийг төрүүлсэн. Нэг үеэ бодоход Монголын ард түмэн хэрсүү болсон. Уг хууль дээр ч холыг харж, ирээдүйгээ бодож, хожим нарийн цариг шиг улс орны хувь заяанд үнэлж баршгүй хохирол учруулахгүй төлөө энэхүү хуулийг бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Их хурлын дарга Г.Занданшатар та гадны хөрөнгө оруулалтыг үндсээр нь үгүй хийсэн айхавтар хууль гаргаж, түүний чинь балгаар Монголын эдийн засаг өөдөө нар харалгүй өнөөг хүрсэн. Харин Гадны хөрөнгө оруулалтын энэ хуулийн төслийг парламентаараа нэн даруй хэлэлцүүлж батлуулах хэрэгтэй байна. Д.БАТБОЛД

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.