Эдийн засагч Д.Жаргалсайхан Монгол Улс хэзээ мөдгүй таг харанхуй, тас хөлдүү болох эрсдэлтэй тулгараад байна. Хот нь хав харанхуй, гэрлэн дохио ч асахгүй, бүх лифт, хөргөгч нь ажиллахгүй удахаар юу болдог, иргэд яаж зовдог гэдгийг Ливаны Бейрут хот энэ өдрүүдэд бодитойгоор харуулж байна. Ливанд эрчим хүчний нэгдсэн сүлжээний 80 хувийг нь хангадаг хоёр станц нь түлшгүй болсноос цахилгааны хязгаарлалт хийж явсаар сүүлдээ тэг зогсов. Цахилгааны үнийг хэт доогуур барьснаас, хөрөнгөгүй болж, хүчин чадлаа нэмж чадахгүй явсаар, дээрээс нь авлигажсан төр засгийнхаа уршгаар эдийн засаг нь тэнд бүрэн хямраад байна. Монгол үнэхээр Ливан шиг болох гэж байна. Эрчим хүч нь эрчмээ алдсаар, энэ салбар дампуурахад бэлэн болжээ. Яг хоёр жилийн өмнө, энэ тухай битодорхой бичсэн. Тэгвэл нөхцөл байдал эдүгээ улам дорджээ. Цар тахал энэ салбарт хүчтэй нөлөөлөв. Төрөөс тусгай хууль батлаж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг нь төрийн өмчит компаниар төлүүлэв. Энэ хөнгөлөлтөд зориулж 2020 оны арванхоёрдугаар сараас хойш 826 тэрбум төгрөг зарцуулж байна. Тэгээгүй бол эрчим хүчний салбар дахин сэргэхгүй байлаа. Эрчим хүчний салбар дампуурах нь дахин сонгогдохоо л хичээдэг улс төрчдөд л ашигтай болохоос, түмэн олонд асар их хохиролтой гэдгийг баруун аймгууд харанхуй болсон саяхны тав хоног, Улаанбаатарт наймдугаар сард цахилгаан тасарсан 5 цаг сануулсаар байна. Бодит байдал Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний нийлүүлэлт найдваргүй болж, эрчим хүчний дутагдалд оржээ. Гол шалтгаан нь хэрэглээ жил бүр нэмэгдсээр байхад дотоодын үйлдвэрлэлээ өсгөж чадахгүй, гадаадаас цахилгааныг өндөр үнээр худалдаж авсаар буй явдал. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Энэ 2021 онд (хүлээгдэж буй гүйцэтгэлээр) 9.9 тэрбум кВт.ц болж өмнөх оноос 12 хувь нэмэгдэнэ. Дулааны хэрэглээ 6 хувиар өсч 11 сая Г.кал болно. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 20 хувийг хоёр хөршөөсөө худалдан авч нийлүүлнэ. Эрчим хүчний салбар гал алдчихгүйн тулд дотоод бүхий л нөөц бололцоогоо шавхаж, насжилт өндөртэй зуухнуудаа тултал ачааллан ажиллаж байна. Өнгөрсөн 2020 онд төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачаалал 1309 МВт хүрсний 831 МВт нь Улаанбаатар хотод ногджээ. Төрөөс эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлийн хүчин чадлаа уг нь нэмэгдүүлж байгаа. Багануурт 400 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц 2024 онд ашиглалтанд оруулах концессийн гэрээ байгуулжээ. Тавантолгойд 450 МВт-ын цахилгаан станц барьж, 2025 онд эхний ээлжийг ашиглалтанд оруулах гэнэ. Эрдэнэбүрэнгийн 92 МВт-ын усан цахилгаан станцыг ирэх хавараас барьж эхлэнэ. Гэвч Монголд том төслүүд үргэлж гацаж, цагтаа ашиглалтанд орох байтугай, бүр зогсоочихдог гэдгийг хорин жил ярьж, арван удаа шавыг нь тавьсан 5-р дулааны цахилгаан станцын түүх өгүүлнэ. Эдүгээ эрчим хүчний ложистикийн компаниуд харилцан өрөндөө баригдаж, зөвхөн 2020 онд энэ салбар 88.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Нүүрсний үнэ 9 хувиар, тээврийн зардал 20 хувь, валютын ханш 7 хувь, хэрэглээний үнийн индекс 9.6, үйлдвэрлэгчийн үнийн индекс 10.1, гадаад орны үйлдвэрлэгчийн үнийн индекс 3.4, үйлдвэрийн ус, ашиглалтын цахилгаан, дулаан, нийгмийн даатгалын шимтгэл, үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал, зээлийн хүүгийн төлбөр гэх мэт зардал 14.5 хувиар тус тус өссөнтэй холбоотой гэж салбарын эрдэмтэд хэлжээ. Мөн ОХУ-аас авсан цахилгааны хэмжээ 21.8 хувиар, үнэ нь 15.9 хувиар тус тус өсч, импортын цахилгааны зардал 41.2 хувиар нэмэгджээ. Манай эрчим хүчний эх үүсвэрүүд, дамжуулах, түгээх сүлжээ 30-62 жилийн насжилттай, шугам сүлжээний 40 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна. Улаанбаатар хотын долоон дүүрэгт гэр хорооллын 13681 өрх стандартын цахилгаан авч чадахгүй байна. Өвлийн оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчээ хязгаарлаж, бүх хүчин чадлаа бүрэн ажиллуулж байгаа нь системийн хэмжээнд осол гарах, эрчим хүч орон даяар тасрахад хүргэж байна. Одоо яах вэ? Зөвхөн Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах цахилгаан, дулааны өргөтгөл, шинэчлэл хийхэд 3.5 их наяд төгрөг шаардлагатай болсон гэж хотын дарга Д.Сумьяабазар мэдэгджээ. Гэтэл ийм хөрөнгө энэ салбараас гаргах байтугай, одоо байгаа өрөө ч төлж чадахгүй болжээ. Дотоодын эрчим хүчний 60 хувийг үйлдвэрлэдэг ДЦС-4 ТӨХК гэхэд л Хөгжлийн Банкнаас авсан 90 тэрбум төгрөгийн зээлээ төлж чадахгүйд хүрчээ. Монгол Улс нь бусад олон орны адил эрчим хүчний үнийг төрөөс хязгаарлаж, зохицуулдаг. Гэхдээ яаж зохицуулахаараа эрчим хүч тасалдахад бэлэн болж, энэ салбар нь дампуурахад тулчихаад байгаа юм бэ? Энэ өвөл гэхэд алдагдалтай ажилладаг тул нүүрсний уурхайнууд үнээ өсгөж буй учир эрчим хүчний зардал 25.6 тэрбум төгрөгөөр өснө. Мөн монополь Улаанбаатар төмөр зам нүүрс тээврийн тарифыг 23.4 хувиар нэмж байгаагаас шалтгаалан нэмээд 5.6 тэрбум төгрөг шаардагдана. Дээрээс нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 100 компанид өвөлжилтийн бэлтгэл хангах, засвар, шинэчлэл хийхэд 128.8 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа ажээ. Бас сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд 28.9 тэрбум төгрөг, ОХУ-аас худалдаж авах цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтөд 4.7 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэнэ. Ийнхүү нүүрсний уурхай, төмөр зам, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах компаниудад нийт 159.6 тэрбум төгрөг яаралтай шаардлагатай байна. Энэ хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд эрчим хүчний үнийг арай илүү бодитой болгож зардлаа бүрэн нөхөхгүй юм гэхэд 20-30 хувиар өсгөхөөс өөр сонголтгүй болов. Үнийг хянаж зохицуулах үүрэгтэй байгууллагын мэргэжилтнүүдийн тооцоогоор одоо 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний тарифыг 36, дулааны эрчим хүчний тарифыг 20 хувиар тус тус нэмэгдүүлэх аж. Гэхдээ хүн амын хэрэглээний түвшинг харгалзан сард 150 кВт.цагаас бага хэрэглээтэй өрхийн үнийг энэ өвөл дуустал нэмэхгүй ажээ. Манай айл өрхийн нэг сарын эрчим хүчний төлбөр нь өрхийн нийт зардлын 5.5 хувийг эзэлдэг. ҮСХ-ны судалгаагаар 4 ам бүлтэй өрх сард дунджаар 220 кВт.ц цахилгаан хэрэглэж 36,220 төгрөг буюу өдөрт дунджаар 1200 төгрөг, 1 хүн 300 төгрөгийг цахилгаанд төлдөг. Тэгвэл автобусны билетийн үнэ 500 төгрөг, гар утасны төлбөрт өдөрт 820 төгрөг зарцуулж байна. Манайд 1 кВт.ц цахилгааны үнэ 6.2-6.3 ам.цент байгаа бол хоёр хөршийнхөөс 2 дахин, хөгжилтэй орнуудаас 3-5 дахин хямд байна. Үүнээс үзэхэд манай оронд цахилгаан эрчим хүч хамгийн хэрэгцээтэй атлаа үнэ цэнэгүй бүтээгдэхүүн болжээ. Эхний ээлжинд дулаан цахилгааны үнээ бага багаар нэмж, аажмаар ядаж зардлаа нөхдөг болгохоос гадна зэрэгцээд эрчим хүч хэмнэх, дулаан алдагдлыг багасгах, эрчим хүчний алтернатив эх үүсвэр ашиглах зэргийг дэмжиж, урамшуулсан бодлого хэрэгжүүлэх цаг болжээ. Харин урт хугацаандаа цөмийн эрчим хүчний станц барих, ус төрөгчийн задралыг ашиглах зэргээр нүүрс хүчлийн хийг багасгасан эх үүсвэр ашиглахыг дэлхийн цаг агаарын дулаарал, манай улсын хүлээсэн үүрэг шаардах боллоо. Ямар ч гэсэн төр засаг улс орноо гал алдуулчихгүй, Улаанбаатараа Бейрут шиг харанхуй болгочихгүй байх гэж иргэд найдсаар байна. 2021.10.18
Хүүхдийн мөнгийг хуримтлалд шилжүүлэх ч нэн шаардлагатай өрхүүд бүрэн болон тал хувиар нь авах боломжтой
2021-10-22 09:04:13 Нийтлэгдсэн: Улс төр Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.10.21) үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Засгийн газраас эдийн засгийг сэргээх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсэн төдийгүй халдварын эрсдэлийг цаг алдалгүй бууруулж, боломжит бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж ирсний дотор зорилтот бүлгийн хүн амыг бүрэн, нийт хүн амын 65.5 хувийг вакцинжуулаад байгааг танилцуулгад дурдав. Энэ нь ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 0.4 пунктээр нэмэгдүүлэхээр байгаагийн зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар сэргээж, дунд хугацаанд өсөлтийг тогтворжуулахад чиглэсэн төсөв, санхүү, шинэчлэлийн бодлогын багц арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Иймээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг өөрчлөх нөлөөлөлтэй байгааг Сангийн сайд танилцуулж, холбогдох төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн гэв. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамтаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг Алсан хараа 2050, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хуримтлалтай хүүхэд арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход шаардагдах тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан байдаг. Хуримтлалтай хүүхэд арга хэмжээг Ирээдүй өв санд төвлөрөх тухайн жилийн орлого, арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлал хэлбэрээр байршуулахаар төлөвлөж, Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа ба уг төсвийг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд хамааруулах зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад оруулах зарим өөрчлөлтийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулсан. Байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа төслүүдийг хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд эдийн засгийн үндсэн үзүүлэлт, орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийн зарцуулалтын хуваарилалтад оруулах өөрчлөлтийн талаар, мөн ирээдүйн өв сангийн зарцуулалт, цаашид ямар төсвийн бодлого баримталж ажиллах талаар, ирэх жилүүдийн төсвийн төсөөллийн тооцоолол бодитой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болохыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023- 2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Сангийн сайдын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн сайд, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдээс тодрууллаа. Төрийн өмчит компаниудаас авахаар төлөвлөсөн ногдол ашгийн талаар Г.Амартүвшин, Б.Баттөмөр нарын гишүүд тодруулахад, энэ чиглэлд дорвитой өөрчлөлт хийх шаардлага байгаа учир төрийн өмчит компани нэг бүр дээр эрсдэлийн үнэлгээ хийж байгаа, үүнд үндэслэн гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ хэмээн Б.Жавхлан сайд хэллээ. Стратегийн ач холбогдолтой бол төрийн мэдэлд үлдэнэ, эдийн засаг, бизнесийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор биржээр гаргаж болох бол энэ хэлбэрээр бүтцийн өөрчлөлт хийх аж. Гуравдугаар, төрийн өмчит байх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд татан буулгах юм байна. Үүний зэрэгцээ төрийн өмчийн талаарх багц хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа талаар Сангийн сайд дуулгаад, энэ хүрээнд дээрх асуудлыг нэн тодорхой ярих болно гэлээ. Төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь манай улсад 38 хувь байгааг Ж.Ганбаатар гишүүн хэлээд, олон улсын дундаж 28 орчим хувь байдгийг хэллээ. Орлого бага олдог манай улсын хувьд өндөр эрсдэл хэмээн тэрбээр хэллээ. Мөн инфляцын төсөөлөл болон бодит байдал хоёр нэн зөрүүтэй байгаа Ж.Ганбаатар гишүүн хэлж байсан. Төсвийн зарлагыг урсгал болон хөрөнгө оруулалтын гэдгээр нь ангилж харах нь зүйтэй гэдэг тайлбарыг Б.Жавхлан сайд хэлсэн. Урсгал зардлын хувьд, ДНБ-тэй харьцуулахад 2016 онд 27 хувь, 2017 онд 25.9 хувь, 2018, 2019 онд 23 хувь, 2020, 2021 онд 30 хувь болсон бөгөөд өргөн мэдүүлсэн төсөлд 28 хувь байгаа хэмээн танилцуулсан. Энэ хувь хэмжээ нь эдийн засгийн ижил бүтэцтэй улс орнуудтай харьцуулахад ойролцоо үзүүлэлт, хөгжингүй орнуудтай харьцуулахад бага үзүүлэлт гэв. Мөн Ж.Ганбаатар гишүүний хэлсэнчлэн, урсгал зардлуудыг тэлдэг хөрөнгө оруулалтуудаас татгалзах нь зүйтэй гэдэг зарчмаар ирэх оны төсвийн төсөлд тусгаад байгаа хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тодруулбал, ирэх онд ЗТЯ, ЭМЯ, ЭХЯ, БХБЯ-ны, эдийн засгийн хөгжлийг дэмждэг, дунд болон урт хугацаандаа өрсөлдөх чадварыг сайжруулах, өртгийг бууруулах дэд бүтцийн чиглэлээрх хөрөнгө оруулалтуудыг түлхүү санхүүжүүлэхээр төлөвлөсөн, нийт хөрөнгө оруулалтын 60 орчим хувь оногдож байгаа гэлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл төсвийн цагалбар оновчтой эсэх талаар тодруулж, Сангийн сайдаас хариулт авлаа. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58.7 хувь нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалтын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төсөл санаачлагчийн илтгэлийг, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. Хууль санаачлагчаас 2022 оны төсвийн жилд гадаад, дотоод худалдааг хөнгөвчлөх, экспортыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж, гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын гадаад худалдаа эрхлэгчдээс шаарддаг баримт бичиг, биет үзлэг, шалгалтын тоог бууруулах зорилгоор улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад олгож, холбогдох хуульд заасан хилийн мэргэжлийн хяналтын албаны ажил үүргийг холбогдох байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж холбогдох хуулийн төслийг боловсруулжээ. Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулж, тус сангийн тухайн жилийн орлогын эх үүсвэрийн арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулах, урт, дунд хугацаанд бэлэн мөнгө тараах халамжийн бодлогоос татгалзаж, хүүхдийн хуримтлалд бүрэн шилжих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Боловсрол соёл, урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, бодит гүйцэтгэлд үндэслэн цалин хөлсийг тогтоох зорилгоор төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг нь Засгийн газраас тогтоох, хүүхэд хамгааллын үйлчилгээний журам, Засгийн газрын гадаад зээл авах бэлтгэл ажлыг хангахад мөрдөх журмыг тус тус батлах, зээлийн батлан даалтын сангаас Засгийн газраас хэрэгжүүлж буй төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөргүй, барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэн, хуулийн этгээдэд батлан даалт гаргахыг зохицуулсан холбогдох хуулийн төслийг боловсруулжээ. Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд Засгийн газрын нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг тусгасантай холбогдуулан Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох, Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Боловсролын ерөнхий газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг зохицуулалтаар хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийг өөрчлөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн судалгаа, хөгжлийн газар болгон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус тус байгуулахаар холбогдох тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл тус бүрээр санал хураалгах нь зүйтэй гэсэн санал гарсан тул хууль, тогтоол тус бүрээр хураалгасан байна. Хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд орох өөрчлөлт, хохирол нөхөн төлөлтийн талаар, 2022 оны төсвийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Боловсролын багц хууль батлагдахгүй байх магадлалтай тул төсөвтэй холбоотойгоор багц хуулиас шаардлагатай зарим заалтуудыг 2022 оны төсөвтэй хамт батлах шаардлагатай эсэх талаар асуулт асууж, хариулт авсан гэв. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал малын индексжүүлсэн даатгалаас хохирол нөхөн төлдөг асуудлыг дахин судлан үзэж, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар төсвийн хэлэлцүүлгийн явцад боловсролын салбарын шинэчлэлтэй холбоотой төсөвт тусгагдсан асуудлаар Байнгын хороо зарим хууль, Улсын Их Хурлын тогтоолыг гаргах шаардлагатай талаар санал гаргажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тзсэрч дэлбэрэх бодис, тзсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд болон Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Харин Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нзмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Б.Жавхлан сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг худалдан авах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахтай холбоотой санал хэлж, Сангийн яам энэ чиглэлээр ямар төлөвлөлт хийснийг тодруулсан юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын бэлтгэл ажлыг шуурхай хангах үүргийг төсвийн захирагч нарт хүргүүлээд байгаа гэв. Шуурхай зохион байгуулалтаар ажилласнаар үнийн өсөлт, улирлын чанартай инфляц зэрэг олон эрсдэлээс сэргийлэх бололцоо бүрдэх бөгөөд энэ жилээс гүйцэтгэлээ эртнээс шахаж явах нь хөрөнгө оруулалтын чиглэлийн төсвийн шинэчлэлийн нэг хэсэг хэмээн Б.Жавхлан сайд хариулт өглөө. Олон улсын түвшинд амжилт гаргасан урлаг, соёлын зүтгэлтнүүдийг спортынхонтой адил урамшуулал, цалин, хангамж олгох эсэх асуудлаарх гишүүний асуултад Соёлын сайд хариулт өгсөн юм.Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор баталсан журмаар олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдийг урамшуулдагбөгөөд 2022 оноос Соёл урлагийг дэмжих сан нь уран бүтээлчдийг олон улсын чанартай тэмцээн, уралдаанд ороход нь дэмжлэг үзүүлэх, улмаар мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлдэг болохоор бэлтгэл ханган ажиллаж байгаа гэв. Ж.Ганбаатар гишүүн Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаатай холбоотой тоон мэдээллийг танилцуулж, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд ямар үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл өргөн мэдүүлснийг тодрууллаа. Тус сангийн дүрмийн санг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн, өөрөөр хэлбэл 1.2 их наяд төгрөгийн баталгаа гаргах бололцоотой болсон байна. Харамсалтай нь үйл ажиллагааных нь хүртээмж хангалтгүй байгаа учраас энэ удаа хүртээмжийг тэлэх, ипотекийн зээл авч буй иргэдийн урьдчилгаа төлбөрийн 60 хувьд Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргуулах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа гэлээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зориулалтад өөрчлөлт орсноор иргэдийн амьдралын чанар, өрхийн орлогод ямар өөрчлөлт орох талаар судалгаа хийсэн эсэхийг М.Оюунчимэг гишүүн тодруулав.Одоогоор 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгож байгаабөгөөд цар тахлын нөхцөлд бодлогын дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 35 хувьд хүрэх магадлалтай байсан ядуурлын түвшинг 21 орчим хувьд барьж чадсан гэх урьдчилсан судалгааг Азийн хөгжлийн банкнаас гаргасан болохыг А.Ариунзаяа сайд мэдээллээ.Ирэх онд Хуримтлалтай Монгол хүүхэд хөтөлбөр болгох ч нэн шаардлагатай айл өрхүүд хүсэлтээ гаргасны үндсэн дээр бүрэн болон тал хувиар нь авах боломжийг нээлттэй зохицуулсангэв. Энэ хүрээнд нийт өрхийн 20-30 хувь нь дээрх хувилбарыг сонгох магадлалтай хэмээн тооцоолоод байгаа аж. Ийнхүү төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа төслийн хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь хууль, тогтоолын төсөл нэг бүрийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Түүнчлэн Нийгмийн халамжийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олон дэмжсэн. Харин Байнгын хороо Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нзмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх боломжгүй хэмээн үзсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн юм. Үргэлжлүүлэн бусад хуулийн төсөл, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэснээр төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөөгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Эх сурвалж:УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Монгол, Азербайжаны гадаад худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурав
2021-10-22 08:53:25 Нийтлэгдсэн: Улс төр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн сайд Микаил Жаббаровтай өнөөдөр цахимаар уулзав. Уулзалтаар Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг нийтлэг ашиг сонирхлын бүхий л салбарт өргөжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх сайн эхлэл болж буйг cайд нар онцлов. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар: Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, Хөгжлийн цаашдын шинэ боломжийг тодорхойлох, Хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад үүсэж болох аливаа бэрхшээлийг арилгах үүрэг бүхий хамтарсан мэргэжилтний уулзалтыг тогтсон хугацаанд зохион байгуулах замаар хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх Худалдаа, эдийн засгийн харилцааг дотоодын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх боломж бүрдэж байна. Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Ц.Идэрбат, Э.Батшугар нар Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөлөө
2021-10-21 12:32:07 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай байлаа. Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнгийн талаар Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцуулсан. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохион байгууллаа хэмээн тэрбээр мэдээллээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн 21 сонгуулийн хороо, 148 хэсгийн хороонд нийт 1307 төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч, мэдээллийн технологийн 183 даамал ажилласнаас гадна, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэм, батлагдсан журмыг мөрдүүлэх чиглэлээр онцгой байдлын болон эрүүл мэндийн байгууллагын нийт 559 албан хаагч, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах үйл ажиллагаатай холбоотойгоор 253 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, санал авах байрны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн 720 албан хаагч, нийт 3022 төрийн албан хаагч ажиллажээ. Нөхөн сонгуулийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж, сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч тэдгээрийн ажиглагч, иргэд сонгогчдод хяналт тавих, ажиглалт хийх боломжоор бүрэн хангаж ажилласан бөгөөд санал авах, тоолох, дүн гаргах, хяналтын тооллого хийх үйл явц хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон 1271 ажиглагч хяналтаа тавин ажилласан гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга онцолсон. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нийт 148хэсгийн хороонд хяналтын камер ажиллуулж, нэгдсэн сүлжээнд холбосон техникийн шийдлийг хэрэгжүүлж сонгуульд оролцож буй нам, эвсэл, тэдгээрийн ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд сонгогчдын зүгээс санал авах, тоолох үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байна. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр явагдсан нөхөн сонгуулийн ирц 18 дугаар тойрогт 37.04 хувь, 28 дугаар тойрогт 39.61 хувь буюу тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, 78.6-д тус тус заасны дагуу ирц тавь буюу түүнээс дээш хувьд хүрээгүй 18, 28 дугаар тойргийн нийт 131 хэсэгт 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт санал хураалт явууллаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд нэрийн жагсаалтад бичигдсэн 50752 сонгогчоос 46.65 хувь нь буюу 23677 сонгогч, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгуульд нэрийн жагсаалтад бичигдсэн 114010 сонгогчоос 48.89 хувь нь буюу 55739 сонгогч оролцлоо. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нийт 89 хэсгийн 62.9 хувь буюу 56 хэсгийн хорооны ирц 50 буюу түүнээс дээш хувьд, 28 дугаар тойргийн нийт 59 хэсгийн 54,2 хувь буюу 32 хэсгийн хорооны ирц 50 буюу түүнээс дээш хувьд, хүрсэн бөгөөд нийт 148 хэсгийн 59.4 хувь буюу 88 хэсгийн ирц 50 буюу түүнээс дээш хувьд хүрсэн байна гэсэн мэдээллийг өгсөн. Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 78 дугаар зүйлийн 78.4, 78.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нөхөн сонгуулийн дүнг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон буюу 17264 санал авсан Цагаанхүүгийн Идэрбатыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай 107 дугаар тогтоолыг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон буюу 28537 санал авсан Энхбаярын Батшугарыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай 108 дугаар тогтоолыг тус тус гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлжээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж, хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэдгийг СЕХ-ны дарга онцлоод Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдож, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлд заасны дагуу Тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гэлээ. СЕХ-ны даргын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлсэн. Дараа нь шинээр сонгогдсон гишүүд Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Энхбаярын Батшугар, Цагаанхүүгийн Идэрбат нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдлаахэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэ
2021-10-21 11:56:20 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улс-Ногоон хөгжил НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ. Хэлэлцүүлэг нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд ойн аж ахуй, эрчим хүч, бэлчээрийн зохицуулалтын чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлэх, дээрх бага хуралд Монгол Улсын Засгийн газрын бүтээлч оролцоог дэмжих зорилготой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн төлөө бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж байгааг хэлэв. Мөн нүүрснээс өөр эрчим хүч, дулааны хангалттай эх үүсвэргүй орны хувьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмэгдүүлэхийг зорьж байгааг тодотголоо. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болох хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулна. Цаашид шинэ технологи, инноваци нэвтрүүлж, ногоон санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэн энэ хувийг 27.2 хувь болгохыг зорьж байгаа юм. Монгол Улс Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас багагүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд зарцуулахаар төлөвлөөд байна. Мөн хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, ялангуяа донор орнууд, олон улсын байгууллагуудын туршлага, зөвлөгөө, шууд болон шууд бус санхүүгийн дэмжлэг онцгой үүрэгтэй юм. Хэлэлцүүлэгт Азийн хөгжлийн банк, НҮБ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Дэлхийн банк групп зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байна. Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ахмед М. Саийд: Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхдээ олон сорилт, бэрхшээлтэй тулгарах нь ойлгомжтой. Гэхдээ олон боломж бас нээгдэж байгаа. Та бүхний зоримог алхмыг Азийн хөгжлийн банк бүрэн дэмжиж байна. Ялангуяа эрчим хүч, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр тухайлан дэмжинэ. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нөөц ихтэй танай улс дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашид экспортлох боломж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, дэд захирал Уша Рао-Монари: Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсын анхаарлын төвд байгаад талархал илэрхийлье. Тэрбум мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаа нь маш зөв алхам. Нийт иргэн, түүний дотор эмэгтэйчүүд, залуучуудыг татан оролцуулах нь зүйтэй. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн улс орнууд хамтдаа тэмцэж байж үр дүнд хүрнэ. ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон: Уур амьсгалын өөрчлөлт цөлжилт, шар шороон шуурга, байгалийн гамшигт үзэгдэл гээд олон хор хохирол учруулж байна. Даван туулах, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, санхүүжилтээ нэмэхэд анхаарах нь зүйтэй. Дэлхийн улс орнууд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлаар асуудлаа ярилцан, тодорхой үр дүн гаргах нь чухал байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх, малын тоо толгойн зохистой харьцааны менежмент бүрдүүлэх, хог хаягдлын үйлдвэр болон дулаан, эрчим хүчний хэмнэлттэй барилга барихад шаардагдах хөрөнгийг нэмэх шаардлагатайг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэлэв. Монгол Улсын ногоон хөгжлийн алсын хараанд ойн аж ахуйн оролцоо, Ногоон эрчим хүчний шийдлийг өргөжүүлэх, Тогтвортой бэлчээрийн зохион байгуулалт болон ногоон эдийн засгийн төрөлжилт сэдвээр хэлэлцүүлэг хийх юм. Урьдчилсан хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Азийн хөгжлийн банк, НҮБ хамтран зохион байгуулж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй