АТГ-т ирсэн эрүүгийн 579 хэргээс 10-г нь шүүхэд шилжүүлжээ

​​ Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны хоёрдугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 38 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 579 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 552 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны зээл олголт, төлөлтийг шалгах эрүүгийн хэрэгт зарим объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн мэдэгдэл хоёрыг бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Эх сурвалж: АТГ

Өнөөдрөөс ХАЛАМЖИЙН МӨНГӨНИЙ олголт эхэлнэ

​ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2022 оны хоёрдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг гаргасан байна. Тухайлбал, энэ сард тэтгэвэр, тэтгэмжийг 14-нээс эхэлж олгох нь. Харин хүүхдийн 100,000 төгрөг болон эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг хоёрдугаар сарын 17-ноос олгох хуваарьтай байна. Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтийгEHalamj,Ebarimtсистемээр дамжуулан бүх сараар нь гаргах боломжтой юм. Нийгмийн халамжийн тэтгэврийг 2022.02.15, 2022.02.14 Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж 2022.02.15 Насны хишиг 2022.02.15, 2022.02.24 Хүүхдийн мөнгөн хуримтлал 2022.02.17 Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж 2022.02.15, 2022.02.24 Дэлгэрэнгүйг доорх зургаас харна уу. Цахим системд нэвтрээд буй тэтгэмжийн төрлүүд: Насны хишиг Жирэмсэн эхийн тэтгэмж 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж Ихэр хүүхдийн тэтгэмж зэрэг байгаа бөгөөд салбарын мэргэжилтэн цаашид бага багаар цахим шилжилт хийнэ. Ингэснээр иргэд заавал хороо, дүүрэг дээр очихгүйгээр бүртгүүлэн, хүссэн дансандаа төрийн халамжийн мөнгө, тэтгэмжээ авах боломжтой аж.

ЭЛЕКТРОН ТАМХИЙГ ДОТООД ОРЧИНД ТАТАХЫГ ХОРИГЛОЖ, ИМПОРТЫГ ХЯНАНА

Монгол Улс 2005 онд тамхины эсрэг хуультай болж, 2012 онд Тамхины хяналтын тухай хуулийг шинэчилж баталсан. ДЭМБ-аас мэдээлснээр тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрч жил бүр тамхидалтын улмаас найман сая гаруй хүн амь насаа алдаж байгаа бол эдгээрийн 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантай байна. Дээрх тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны 30-69 нас хүн эзэлж байна. Тэр дундаа сүүлийн үед залуучуудын дунд дэлгэрээд байгаа электрон тамхины хэрэглээг хумих, хуульчлах шаардлагатай байгааг хөндөж Нийгмийн бодлогын байнгын Тамхины хэрэглээ ба хууль, эрх зүйн орчин сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тамхины хяналтыг зохицуулах хуулийн төслийг Эрүүл мэндийн яам боловсруулж Засгийн газарт өргөн мэдүүлэх хугацааг богиносгохыг зохион байгуулагчид дурдлаа. Хуулийг ирэх зургадугаар сард УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Мөн Эрүүл мэндийн яам, дүүргүүдийн хяналтын байгууллага, ТББ-уудтай хамтарч хяналтын механизмыг тодорхой болгох үүднээс тамхины хэрэглээний талаарх нарийвчилсан судалгаа хийх, бусад байгууллагууд энэ асуудалд хамтран ажиллах шаардлагатайг анхааруулав. Хяналтын хуулиар электрон тамхийг хуульчлах, дотоод орчинд татахыг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох юм байна. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:Электрон тамхийг үйлдвэрлэх, экспортлох, импортлох асуудлыг зохицуулна -Тамхины хяналтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын нэгдэн орсон Тамхины хяналтын суурь конвенцод нийцүүлэх, тамхины төрлийн бүтээгдэхүүнд утаат болон утаагүйг нь хамаатуулахын зэрэгцээ, электрон тамхийг хуульчлах, шаардлагатай тохиолдолд Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах болон хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах шаардлагатай. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид электрон тамхийг хил, гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан бараа, төхөөрөмж, аппарат гэх зэргээр нэрлэж мэдүүлдэг юм байна. Тиймээс утаат тамхи шиг хяналт тавих боломжгүй. Иймд электрон тамхийг хуульчлах, дотоод орчинд татахыг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэх нь зүйтэй. ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг:13-15 насныхны 14.3 хувь нь тамхи татдаг -Сүүлийн жилүүдэд тамхины хэрэглээ улам залуужиж байна. Манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 24.2, эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3 хувь, 13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарсан. Мөн манай улсад 2017-2019 оны хооронд импортоор оруулж ирсэн электрон тамхины хэмжээ 68 дахин өсчээ. Үүнийгээ дагаад хэрэглээ ч мөн өссөөр байгаа аж. Тиймээс салбарын яамнаас ирэх зургадугаар сард багтаан Тамхины хяналтын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн барихаар болсныг мэдэгдэв. Эх сурвалж: Зууны мэдээ сонин С.Уянга

ТЦА: Яармаг, Энх тайваны өргөн чөлөө, Нарны зам өндөр ачаалалтай байна

Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл, цэцэрлэгийн үйл ажиллагаа танхимаар эхэлж байгаатай холбоотойгоор замын ачаалал өндөр байна. Тодруулбал, /08:20 цагийн байдлаар/ Яармагийн баруунаас зүүн чиглэлд, Нарны зам, Энх тайваны өргөн чөлөө буюу Таван шараас Баруун дөрвөн хүртэл гэх мэт бараг бүх зам өндөр ачаалалтай байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Яг одоо ачааллын талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв мэдээлж байна:

Дэлхийн банктай уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлал, байгаль орчны чиглэлд хамтран ажиллана

​ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдрэнэ Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михневтэй өчигдөр (2022.02.10) уулзалт хийлээ. Уулзалтын бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа нар байлцав. Талууд уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлал, хамтын ажиллагааны асуудлаар голчлон санал солилцсон юм. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газартай 2021-2025 онд хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийн хүрээнд байгаль орчны асуудлууд болон аялал жуулчлалтай холбоотой олон зорилтууд туссан байгаад талархалтай байна гэдгээ онцлоод, Байгалийн нөөцийн ашиглалт, орчны бохирдлыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох чиглэлээр шууд болон салбар дундын зохицуулалттай асуудлуудыг чухалчилж байна. Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд салбар дундын зохицуулалт, оролцоо ихтэй учраас уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангах тогтвортой санхүүжилтийн шийдлийг БОАЖЯ сонирхож байна гэлээ. Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хариуцан ажиллаж буй яамны хувьд салбар дундын зохицуулалт, бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг түлхүү гүйцэтгэж ирсэн. Цаашид ч хамтын ажиллагааг үргэлжлүүлэн олон нийтийн оролцоог дэмжиж ажиллах сонирхолтой байна гэдгээ хэлээд хүүхэд залуучуудад чиглэсэн танин мэдэхүйн шинэлэг аргачлалтай арга хэмжээ зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхээс гадна Монгол Улсад хэрэгжих боломжтой бүхий л төслийг дэмжиж ажиллахад бэлэн гэдгийг онцлоод, Нэн ялангуяа хөдөлмөр, ажил эрхлэхтэй холбоотой төслүүдэд анхаарал хандуулж байна. Дэлхийн банк өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улстай нягт хамтран ажиллаж ирсэн. Энэ хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байна гээд цаашид ямар салбарт илүү анхаарч, дэмжлэг үзүүлж болох тухай БОАЖ-ын сайдтай санал солилцлоо. Уулзалтын үеэр Дэлхийн банкны аялал жуулчлалын аналитик судалгааны мэргэжилтэн АНУ-ын Вашингтон хотоос холбогдож, Монгол Улсын аялал жуулчлалын чиглэлээр хийгдсэн судалгааг танилцуулав. Уг судалгаанд Монгол Улс аялал жуулчлалын салбараа сүүлийн 20 жил хэрхэн хөгжүүлж ирсэн болон өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хэрхэн анхаарах, яаж хөгжүүлэх боломжтой зэрэг бизнес загваруудыг олон улсын түвшинд болон Монгол орны өөрийн боломжинд тохируулан боловсруулжээ. Танилцуулгын дараа Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев энэхүү тайланг БОАЖЯ-тай хамтран олон нийтэд сурталчлах хүсэлтээ илэрхийлэв. Түүний дараа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсээд Ойн салбараас эдийн засагт экосистемд оруулах хувь нэмэр, үйлчилгээ өндөр учраас байгальд түшиглэсэн шийдлүүдийг турших боломж өндөр. Удахгүй үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратегийн зорилтууд, арга хэмжээний төлөвлөгөөнүүд эцэслэгдэн гарахаар БОАЖЯ-аас уламжлалт ёсоор түншлэгч талуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна. Дэлхийн банк яамдууд болон Улаанбаатар хоттой орчны бохирдлыг бууруудах чиглэлээр хамтран ажиллаж ирсэнд талархаж байна. Техник, технологийн шинэчлэлийн хурдацтай үед системчилсэн аргачлалуудыг ашиглан агаарын бохирдлыг бууруулахад анхаарч ажиллаж байна. Иймээс энэ чиглэлийг үргэлжлүүлэн анхаарч үзнэ гэдэгт итгэлтэй байна гээд Улаанбаатар хотоос гадна суурин газруудын орчны бохирдол, төвлөрлийн асуудлыг анхаарч, Эрдэнэт, Дархан зэрэг хоёрдогч дагуул хотуудын хот төлөвлөлт, эрчим хүчний үр ашигтай байдлыг сайжруулах, эрсдлийг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа хэллээ. Мөн тэрбээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг тогтвортой дэд бүтэц болон өрсөлдөх чадварт суурилсан шинэлэг бүтээгдэхүүн бий болгох хүрээнд хамтран ажиллах олон боломжуудыг танилцуулж, аялал жуулчлалын салбар КОВИД-19 цар тахлын улмаас зогсонги байдалд хүрсэнг дурдаад, Засгийн газраас эдийн засгаа богино хугацаанд сэргээх арга хэмжээнүүд авч эхлээд байна. Тэргүүлэх чиглэл аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг хийж, Монгол Улсын ДНБ-нд эзлэх хувийг нэмэгдүүлэх, уул уурхайтай өрсөлдөхүйц түвшинд хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ арга хэмжээнүүдийг Дэлхийн банкны стратегид тусгагдсан жижиг, дунд үйлдвэрлэгчид болон бусад ложистик бизнесийн орчныг дэмжих, хөгжүүлэх зорилгуудтай уялдуулах нь үр өгөөжийн хувьд өндөр хүлээлттэй байна гэлээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлал, эдийн засгийн бодлогоо зарлахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд БОАЖЯ энэ сар болон ирэх гуравдугаар сард Аялал жуулчлалын хэд хэдэн форум хийнэ. Тус форумд гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон Засгийн газрын бусад яамдын түвшинд хамтран ажилладаг олон улсын байгууллагууд оролцоно. Энэ арга хэмжээнд оролцох албан ёсны урилгыг өөрийн биеэр хүргүүлж байна гээд цаашид урт хугацаанд хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэх өндөр хүлээлттэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.