Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг танилцуулж, санал солилцлоо
2022-02-11 09:05:18 Нийтлэгдсэн: Нийгэм Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг танилцуулж, санал солилцох хэлэлцүүлэг өнөөдөр болж, үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид, арилжааны банкнууд, барилгын компанийн төлөөлөл болсон 60 гаруй хүн оролцлоо. Энэхүү төслийг гэр хорооллын бүсэд хэрэгжүүлэх бөгөөд сэргээгдэх эрчим хүч ашигласан, хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон 10 мянган айлын орон сууц бүхий эко хорооллыг барьж байгуулах юм. Төслийн танилцуулга уулзалтад Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар оролцсон юм. Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг 2022-2027 оны хооронд зургаан жилийн хугацаанд таван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын зургаан шинэ дэд төвд нийт 100 га талбайд барьж байгуулах орлогод нийцсэн, ногоон орон сууцны эко-хорооллын эхний үе шат Баянхошуу болон Сэлбэ дэд төвд хэрэгжинэ. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцаар хангах, эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг багасгах, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулах, дэд төвийн иргэдэд үзүүлэх нийгэм, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Мөн төсөлд хамрагдах иргэдийг мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамруулж, дэд төвүүдэд ажлын байр олноороо бий болох зэрэг ач холбогдолтой. НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Газпромбанкны удирдлагуудтай уулзлаа
2022-02-10 08:53:21 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Газпромбанкны удирдлагууд болон албаны бусад төлөөлөгчидтэй хамтарсан уулзалт хийлээ. Уулзалтад Газпромбанкны Нефть хийн төслийн газрын захирал, АО Криогаз ХХК-ийн Ерөнхий захирал Смелов Владимир Олегович, тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Нефьт хийн газрын дарга Радионов Михайл Юрьевич, орлогч дарга Лавров Леонид Алексеевич, хамтарсан компанийн Ерөнхий захирал Горелов Александр Витальевич, Улаанбаатар байгалийн хий ХХК-ийн ТУЗ-ын дарга Лий Ил Гио, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн захирал Н.Баярчимэг, Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Г.Даваажаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо. Газпромбанкны удирдлагууд уулзалтын эхэнд хамтарсан нэгж байгуулан ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Газпромбанкны Нефть хийн төслийн газрын захирал, АО Криогаз ХХК-ийн Ерөнхий захирал Смелов Владимир Олегович Байгальд ээлтэй шингэрүүлсэн байгалийн хийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Улаанбаатар хотын нийтийн тээврийн том оврын автобус, автомашины хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, хангах, цаашлаад Эрхүү зэрэг хотод шингэрүүлсэн хийн үйлдвэр барьж ашиглалтад оруулах, түгээх станцууд барих төлөвлөгөөтэй байна. Харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эхлүүлэхэд Нийслэлийн хотын удирдлагуудын зүгээс бодитой дэмжлэг, ойлголцол, шат дараалсан хэлэлцээр чухал. Нийслэлийн иргэдийн автомашины хөдөлгүүрийг газ хэрэглээнд нэвтрүүлэхэд төрийн зүгээс бодлогоор тодорхой дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж байна гэв. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Уул уурхайгаас ангид байгальд ээлтэй, сэргээгддэг эх үүсвэрийг дэлхий нийтээр эрэлхийлж байна. Энэ бол дан ганц Улаанбаатар хотын асуудал биш. Дэлхий нийтийн асуудал. Нийслэл, харьяа агентлаг, газрууд агаарын болон хөрсний бохирдлыг үүсгэгч эх үүсвэрийг бууруулах зорилгоор хатуу түлшийг байгальд ээлтэй эх үүсвэрээр солих ажилд анхааран ажиллаж байна. Үр дүнд хүрсэн бодитой шийдэлтэйгээр хамтран ажиллахад таатай байна. Хотын зүгээс мэргэжлийн баг бүхий хөрөнгө оруулалтын ажилд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэлдэхүүн дэмжлэг үзүүлж ажиллах болно гэлээ. Хамтарсан уулзалтын үеэр Газпромбанкны төлөөлөгчид Улаанбаатар хотын иргэдийн шингэрүүлсэн хийн хэрэглээ нэмэгдэж байгаа хэдий ч эх үүсвэр, түүхий эд, түлшний хангамж тасалддаг, үйлдвэр цөөтэй зэрэг бэрхшээл байгаа нь судалгаанаас харагдаж байна гэдгийг хэлж байлаа. Нийслэлийн удирдлагын зүгээс нийтийн тээврийн автобусны тоо хэмжээг нэмэгдүүлж, байгалийн хийн түлшний хэрэглээг дэмжих нь чухал болохыг онцолсон юм. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Мөсөн өргөөнд 10:00 цагтХоккейн лигийн тэмцээн эхэлнэ. АТГ-ын Олон нийтийн төвд 11:00 цагтАТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар мэдээлэл хийнэ. Шонхор Тауэрт 11:00 цагтАрдчилсан намын дарга С.Эрдэнэ, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу, Д.Ганбаяр нар маргааш хуралдах ШЕЗ-ийн сахилгын хорооны хурлын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Монгол ньюсмэдээллийн төвд 12:00 цагтСэтгэшгүй эмнэлгийн эмч нар КОВИД-19-ийн эмчилгээний талаар мэдээлэл хийнэ. YES компанийн байранд 12:00 цагтМонгол Улсад амьдардаг Өвөрмонгол иргэд ӨМӨЗО-нд Монголын түүх хичээлийг хичээлийн программаас хассан талаар, 21 аймаг, 9 дүүргийн сургуулийн багш нарт монгол бичиг заах аян өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ.
Зарим нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна
2022-02-10 08:29:48 Нийтлэгдсэн: Нийгэм Ойрын өдрүүдэд төв, говь, зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч чангарахыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна. Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 11-13 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 37-42 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 28-33 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 18-23 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. 2022 оны 02 дугаар сарын 11-нээс 02 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 11-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11,14-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох хуваарийг хүргэж байна. Нийгмийн халамжийн тэтгэврийг 2022.02.15, 2022.02.14 Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж 2022.02.15 Насны хишиг 2022.02.15, 2022.02.24 Хүүхдийн мөнгөн хуримтлал 2022.02.17 Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж 2022.02.15, 2022.02.24 Дэлгэрэнгүйг доорх зургаас харна уу.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй