Энэтхэгээс монгол иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц 08:55 цагт хөөрнө

Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу гадаад улсаас монгол иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгүүд хийгдсээр байна. Өнөөдөр Энэтхэг улсын Шинэ Дели хотыг чиглэн ОМ7757 аяллын дугаартай агаарын хөлөг08:55 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрөх төлөвлөгөөтэй байгаа юм. Тусгай үүргийн уг онгоцоор190 орчим иргэн эх орондоо ирэхээр бүртгүүлсэн талаарГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигмэдээлж байв.Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдэд зориулан Энэтхэг дэх Элчин сайдын яамнаас дараах зөвлөмжийг гаргажээ. Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудал ( IGIА)-аас 2020 оны 5 дугаар сарын 18-ны Даваа гаригийн 18.45 цагт хөөрөх МИАТ компанийн тусгай үүргийн EX Delhi нислэгт дараах журмаар үйлчлүүлнэ. Үүнд: Нэгэнт тогтмол рейсийн нислэг биш учир зорчигчдын бүртгэл гараар хийгдэнэ. Нийт зорчигчдыг гараар бүртгэхэд нэлээд цаг хугацаа шаардагдах тул нисэх буудлын 3 дугаар терминальд 14:00 цагаас хожидолгүй очсон байх шаардлагатай. ЭСЯ-тай хамтарч ажилладаг энэтхэгийн компанийн ажилтан нисэх буудлын үүдний гадна Таныг угтаж паспорт, Улаанбаатараас урьдчилж ирүүлсэн зорчигдын нэрсийн жагсаалттай тулгаж шалгана. Уг ажилтан зорчигчийн талон хоёр ширхэг маягтын хамт өгнө. Нисэх буудлын захиргаанаас баталсан эрүүл мэндийн асуумж-маягтыг нягт нямбай бөглөх хэрэгтэй. Эрүүл мэндийн асуумж маягтыг бөглөсний дараа нисэх буудлын хүлээх танхим дахь хаалганы дугаарыг мэдэж аваад Нисэх буудлын дотогш орж Эрүүл мэндийн ажилтанд очиж биеийн халууныг шалгуулж мөнөөх асуумжаа өгч тэмдэглэгээ хийлгэн тамга даруулна. Тэндээс рентген аппаратад ачааа тээшээ (23 кг) шалгуулж, гар тээшиндээ шошго авч зүүгээд ачаа тээшээ тэргэнцэрт хийж түрээд зорчигчдыг бүртгэлийн хэсэгт очно. Зорчигчдын бүртгэлийн хэсэгт ачаа тээшээ жинлүүлж шошго хадуулна. Зорчигчдын хуудасны хамт өгсөн маягтыг энэ хэсэгт салгаж өгнө. Ачаа тээшний урсгал дамжуурга ажиллахгүй тул 1, 2 дугаар дамжуургад зорчигч ачаа тээшээ аваачиж тавина. Энэ бүхэнд нисэхийн компани, нисэх буудлын ажилтнууд тусална. Зорчигч хилийн байцаан өнгөрүүлэхэд болон гаалийн ажилтанд бичиг баримтаа шалгуулна. Эдгээр шалгалтын дараа аюулгүй албаны үзлэгт орж рентген хаалгаар дамжин дотогш орсоноор агаарын хөлөгт суухад бэлэн болно гэжээ.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулахгүйг мэдэгдлээ

Монгол Улсад гүйлтийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014 оноос эхлэн Улаанбаатар марафон олон улсын гүйлтийг жил бүрийн 05 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт зохион байгуулдаг уламжлал тогтсон. Улаанбаатар марафон олон улсын гүйлтэд хамрагдах гүйгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гүйлт сонирхогч олон мянган иргэдийн хүсэн хүлээдэг нэр хүндтэй томоохон арга хэмжээний нэг болоод байгаа билээ. Өнгөрсөн жилийн хувьд Улаанбаатар марафон олон улсын гүйлтэд 32000 гаруй гүйгчид оролцсоноос 400 гүйгчид нь гадаадын 30 орноос оролцсон байна.Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ коронавирус /КОВИД-19/ халдварт өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан 2020 онд 05-р сард зохион байгуулах Улаанбаатар марафон олон улсын гүйлтийг хорио цээрийн дэглэм дуусах хүртэл хойшлуулж байгаа талаар Улаанбаатар марафон-ыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа мэдэгдэл гаргажээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Долоо хоногийн тойм

2020-05-15 17:14:06 Нийтлэгдсэн: Нийгэм
Долоо хоногийн тойм

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 18-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн зам ирэх сард ашиглалтад орно Улаанбаатар хотын хэмжээнд төлөвлөсөн ажлууд шат шатандаа үргэлжилж байна. Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барих бөгөөд эхний ээлжид Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн зам зургаадугаар сарын 10-н гэхэд бэлэн болно гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэллээ. Иргэдийн зүгээс автозамын үндсэн трассаас зайтай, аюулгүй стандарт бүхий дугуйн зам хэрэгтэй байна гэх хүсэлтүүд ирсэн учраас Таван шар Саппоро, Саппоро Баянбүрд, МУБИС Зүүн 4 зам, Зүүн 4 зам Офицеруудын ордон, Яармагийн гүүр Маршалын гүүр - Зайсангийн гүүр Скай Ресорт - Баянзүрхийн товчоо - Налайхын замтай тус тус холбосон дугуйн зам баригдах юм байна. Төв зам дагуу, автомашины замаас ангид, аюулгүй байдлыг хангасан стандартын шаардлага хангасан дугуйн зам баригдаж байгаа гэдгийг дурдлаа. Жишээ нь, Маршалын гүүрнээс Гачууртын Улиастайн гүүр хүртэл бүрэн гэрэлтүүлэгтэй, хоёр талдаа автомашины зогсоолтой, дундаа амралтын зогсоолтой 7.2 км урт үргэлжлэх явган хүний болон дугуйн зам зургаадугаар сарын 10-ний өдөр гэхэд бэлэн болж, үлдсэн ажлуудыг цааш үргэлжлүүлэн хийнэ хэмээн хотын Захирагч мэдээллээ. Нийслэл үнэт цаас гаргаж зах зээлд бэлэн байгаа орон сууцыг худалдан авч, түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулна Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээллийн цагаараа Улаанбаатар хотод анх удаа бонд гаргаж иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа талаар онцоллоо.Нийслэлд хөрөнгөөр баталгаажсан бондыг гаргах замаар зах зээлд борлуулагдахгүй бэлэн байгаа орон сууцыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч улмаар түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын хэлснээр уг хөтөлбөрийг УИХ, Засгийн газарт танилцуулж, тогтоол шийдвэр нь гараад байгаа аж. Мөн Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох газрууд нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран Ипотекийн корпорацийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Гэр хорооллын 220 гаруй мянган айл өрхийг богино хугацаанд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Нийслэл хотын иргэн бүр тодорхой шалгуурын дагуу түрээслээд өмчлөх энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт 35 мянган иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Нэг дор бүх иргэдийг орон сууцжуулах боломжгүй учир үе шат, дарааллаар нь хөтөлбөрт хамруулаад явах юм. 50 метр квадрат орон сууцанд сар бүр 394 000 төгрөг, 60 метр квадрат бол сар бүр 490 000 төгрөг, 70 метр квадратад 690 000 төгрөгийг төлөөд түрээслээд өмчлөх байдлаар орон сууцтай болох боломж бий. Тухайн иргэн сар бүр илүү төлөлт хийж, орон сууцаа богино хугацаанд өмчлөх эрх нь ч нээлттэй байгаа юм. Урт цагаан үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд иргэдээс санал авч байна Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн 3 дугаар байр буюу УРТ ЦАГААН үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан юм. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс хамгийн их санал авсан гурван бүтээлийг шалгаруулна. Шилдэг гурван бүтээлийг ажлын хэсгээс дахин санал хураалгаад цорын ганц шилдэг бүтээлээр урт цагааны барилгыг шинэчлэх болно. Урт цагаан үйлчилгээний төвийн ажлыг байрыг сэргээх, иргэдээ буцаан байршуулах, хоёрдугаарт авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, мөн ногоон байгууламж цэцэрлэгт болгох, дөрөвдүгээрт жуулчдын гудамж гэсэн гол санаагаа хадгалан үлдэх ёстой гэв. Эдгээр ирүүлсэн бүтээлүүдийг уралдааны удирдамжийн дагуу энэ сарын 12-17-ний өдрийг дуустал нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим http://uda.ub.gov.mn/?p=8150 хуудсаар дамжуулан иргэд олон нийтээс саналыг авах юм байна. Олон нийтээс хамгийн их санал авсан цорын ганц бүтээлээр Урт цагаан үйлчилгээний барилгыг сэргээн засварлах аж. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа Энэрэл хүүхэд хөгжлийн төвд ажиллалаа Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул нар Энэрэл хүүхэд хөгжлийн төв-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ чихмэл тоглоом хийдэг байсан Т.Туяажаргал нь өөртэйгээ адилхан эцэг эхчүүдтэй хамтран Энэрэл хүүхэд хөгжлийн төвийг үүсгэн байгуулжээ. Тус төв Вива сити хороололд байрладаг бөгөөд MCS групп нийгмийн хариуцлагын хүрээнд түрээсийн төлбөргүйгээр 3 жил ашиглуулж байгаа аж. Энэрэл хүүхэд хөгжлийн дэргэдэх Ханни чихмэл тоглоомын төвд ээжүүд бүх төрлийн зөөлөн тоглоомуудыг урладаг бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн захиалгаар 100 ширхэг чихмэл туулай урлаж байв. Энд чихмэл тоглоом урлахаас гадна амны хаалт, бээлий, түлхүүрийн оосор бүх төрлийн гар эсгүүрийг хийдэг байна. Түүнчлэн ЕБС-н технологийн хичээлд зориулсан гар оёдолын бэлдэцүүд ч их байлаа. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй 5 хүүхдийн аавууд нэгдэн Ирээдүй төв Төрийн бус байгууллагыг нээж өөрсдийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг талаараа дууллгалаа. Ирээдүй төв ТББ-ын гишүүн хуулийн зөвлөх Ж.Ганболд Бид өнөөдрийг хүртэл бүх санхүүжилтээ өөрсдөө гаргаж ажиллаж байна.Энэ үйл ажиллагаагаа тогтвортой авч явахад маш хүндрэлтэй асуудлууд их.Тиймээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлсан хөгжлийн төвүүдийг дүүрэг бүрт нээж өгөх, дэмжлэг туслалцааг үзүүлэх шаардлагатай байна. Тусгай сургууль 4, 2 цэцэрлэг байгаа боловч бүтэн цагийн, ганцаарчилсан болон бүлгийн тогтмол хөгжлийн төв зайлшгүй хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүд биеэрээ мэдэрч байна гэв.Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хүүхдүүдэд шаардлагатай эмийн жагсаалт болон албан хүсэлтийг УОК, ЭМЯ-д хүргэж, ажил хэрэг болгохыг дуулгаад цаашид тус төвийг стандарт шаардлагад нийцсэн статустай болгох, хувьсах зардлыг олгох асуудлуудыг судалж шийдвэрлэх ажлын хэсэг гаргахаар боллоо. Хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүрэгт ажиллалаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллалаа. Эхлээд шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх постын үйл ажиллагааг шалгав. Мөн энэ үеэр Хотын Захирагч тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар алслагдсан гурван дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвартай сайтай автомашины асуудлыг шийдвэрлэж өгч байгаа юм. Өмнө нь Налайх, Багануур дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай автомашины асуудлыг шийдвэрлэж өгсөн бол энэ удаа Багахангай дүүргийн Онцгой байдлынханд автомашиныг ийнхүү өгч байна. Ингэснээр тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн ажил үүргээ түргэн шуурхай гүйцэтгэх нөхцөл боломжоор хангагдаж байгаа юм. Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ой хээрийн түймрийн дуудлага буурчээ Нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн ногоон бүсэд 32 байгаль хамгаалагч, 32 морин эргүүл тогтмол эргүүл хийж ажиллаж байна. Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албад хамтран нийслэлийн хэмжээнд 5 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж ой хээрийн болон өнжмөл өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа юм. Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэлснээр өнгөрсөн сарын мөн энэ үетэй харьцуулахад ой хээрийн түймэр эрс буурсан үзүүлэлт гарчээ. Хуурайшилтын үед ой хээрийн түймрээс сэргийлэх хүрээнд нийслэлийн Байгаль орчны газраас цаг уурт зориудаар нөлөөлж үүл буудах хүсэлт явуулжээ. Мөн байгаль хамгаалагчид иргэн бүрт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байгаа талаар мэдээллээ. Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй агаарын чанарыг харьцуулахад PM10 тоосонцорын хэмжээ 15 хувиар, PM2.5 тоосонцорын хэмжээ 46 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Түүхийн нүүрсийг хэрэглээнээс халж сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарт эерэг үзүүлэлт гарч эхэлсэн. Сайжруулсан шахмал түлшний түгээлт нийлүүлэлтийн хувьд зуны улиралд 94 борлуулалтын цэг ажиллах юм байна. Харин түлшний хоёр дахь үйлдвэр Налайх дүүрэгт баригдаж эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад орно гэдгийг Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал мэдээллээ. Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй хашааг буулгахыг холбогдох албаныханд даалгалаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Их Тэнгэрийн амнаас зүүн зүгт байрлах Туул голын хойд хэсэг дагуух нурж орхигдсон хашаатай газруудаар явж ажиллалаа. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Зайсан толгойн зүүн хэсэгт туслах зам дагуух явган хүний замыг сүйтгэж, хашаа татсан барилгын хашааг буулгаж цэгцлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан Газар зохион байгуулалтын алба болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг өглөө. Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ Нийтийн эзэмшлийн гудамж талбайг сүйтгэж барилгын хашаа татсан асуудлыг яаралтай цэгцлэх хэрэгтэй. Салхи шуурганд хийсч улмаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй хашаануудыг буулгаж, холбогдох эзэдтэй нь холбогдож стандартын дагуу аюулгүй байдлыг хангасан хашаа татах ажлыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хариуцаж ажилла. Цаг агаарын аюултай үзэгдэл болохыг сануулж байхад иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Зайсангийн туслах зам дагуух нурсан, далийсан, өнгө үзэмжгүй хотын стандарт хангаагүй эдгээр олон хашаануудыг аж ахуйн нэгжүүдтэй нь холбогдож яаралтай буулгаж стандартын шаардлагад нийцсэн хашаа хороо татах ажлыг яаралтай эхлүүл. Нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэж хашаа татсан аж ахуйн нэгжүүдийг явган хүний зам талбайг нөхөн сэргээх, тохижилтын ажлыг яаралтай хийлгэхийг үүрэг болго. Барилга барих нэрийдлээр явган хүний зам талбайг эвдэлж болохгүй гэдгийг санууллаа. Мөн барилгын ажлыг эхлүүлэхдээ норм стандартыг дагаж мөрдөөгүй аж ахуйн нэгжүүдэд стандартын дагуу хамгаалалтын хашааг татаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг нөхөн сэргээж тохижуулах хугацаат үүрэг өгч ажиллахыг Захирагчийн Ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга нарт даалгаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. ХСҮТ-ын зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөсөн барилгыг албадан буулгаж орц гарц нээв Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц, гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул эмнэлгийн удирдлагууд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хандсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт очиж ажиллах үеэрээ эмнэлгийн удирдлагууд болон бусад холбогдох албаныхантай эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлж болохуйц байршлуудыг газар дээр нь үзэж танилцаад, эмнэлгийн баруун талд буй оршин суугчдын байр болон эмнэлгийн ажилчдын орон сууц хоорондох замыг чөлөөлж орц, гарц нээх үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Автозамын хөгжлийн газарт өгч байв. 2020.04.08 зураг Хотын Захирагчийн өгсөн үүргийн дагуу Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн баруун хойд талд таван автомашины гражийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Тухайн хэсэгт метрийн өргөнтэй явган хүний гарц, 7 метрийн өргөнтэй хоёр урсгалтай авто замыг нийслэлийн Автозамын хөгжлийн газраас тавьж тохижуулжээ. Мөн эмнэлгийн баруун урд хэсэгт зөвхөн яаралтай түргэн тусламжийн автомашин орж гарах газрыг чөлөөлж тохижуулж эхэлсэн байна. эмнэлгийн баруун хойд талд орц гарцыг нээсэн байдал ХСҮТ-ын зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөсөн цайны газрыг албадан буулгаж орц гарц нээж байна. Тус хэсэгт өргөтгөсөн цайны газар нь барилгыг өргөтгөх газрын зөвшөөрөлгүй, зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй аж. Тус цайны газрыг өргөтгөсөн аж ахуйн нэгжид газрыг чөлөөлж өгөхийг удаа дараалан тавьж байсан ч хувийн өмчид халдах эрхгүй гэх хуулийн заалтаар хаацайлуулан амжилт олоогүй талаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү тайлбарлаж байлаа. Тэрбээр хэлэхдээ Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж байгаа иргэд автобусны зогсоолын хэсгээр л орж гардаг ганцхан гарцтайн улмаас яаралтай тусламжийн автомашин хүртэл орж гарахад хүндрэлтэй, цаг хугацаа алддаг. Хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд хугацаат үүрэг даалгавар өгсний үндсэн дээр таван байршилд газар чөлөөлөлт хийгдэж, орц гарцыг нэмэгдүүлж байгаад эмнэлгийнхний зүгээс болон өвчтөнүүдийн ар гэрийнхний өмнөөс гүнээ талархаж байна. Олон нийтийн эрх ашиг, иргэдийн эрүүл мэндтэй холбоотой чухал асуудлыг шийдэж өгсөн хотын Захирагч С.Амарсайханд баярлалаа гэв. Цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтооно Нийслэлийн Засаг даргын хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоож баталгаажуулах тухай асуудлыг хэлэлцэв. Орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм, холбогдох стандартад заасан дээд хязгаарын хэмжээгээр тогтооход 723 нэгж талбарт 1173.2 га газарт өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон байна. Нийт 723 нэгж талбарыг газар ашиглалтын төрлөөр авч үзвэл 184 өмчлөгч, 521 эзэмшигч, 18 ашиглагч эрхтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна. Ажлын хэсгээс цэвэрлэх байгууламжийн хамгаалалтын бүсийн хэмжээг тодорхой хэмжээнд өөрчлөх саналыг оруулж байна. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламж болон алслагдсан дүүрэг, хороодод байрлах цэвэрлэх байгууламжийн эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг барилгын норм стандарт заасан дээд хязгаараар 150-500 метраас тус тус тогтоож, нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, баталгаажуулах саналыг оруулж байна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр зөвлөлийн гишүүдэд танилцуулав.Хотын Захирагчийн зүгээс орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийн газрыг баталгаажуулах тухай танилцуулгын төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган газрын нөхөн олговрыг тооцож, нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, газрыг баталгаажуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн шинээр төлөвлөн ашиглалтад орох цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын насос станцын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг холбогдох хууль, норм дүрмийн дагуу тогтоон төлөвлөж байхыг Хот байгуулалт, хөгжлийн газарт үүрэг болгосон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэхээр боллоо

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, Ажлын хэсэг байгууллаа. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг өгч байна. Харин зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг албадан буулгах, ачих, үүнтэй холбоотой гарсан зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс гаргуулж, нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулах ёстойг хотын Захирагч хэлж байлаа. Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой авах арга хэмжээнд дурьдснаар Стандартын шаардлага хангахгүй, өнгө үзэмжгүй, зориулалтын дагуу газраа ашиглаж байгаа хэдий ч барилга угсралтын талбайн аюулгүй байдлыг хангаагүй иргэн, аж ахуйн нэгжид богино хугацаатай үүрэг өгч ажиллахаар боллоо. Хэрэв заасан хугацаанд засаж, сайжруулаагүй тохиолдолд хашааг нэн даруй буулгаж, гарсан зардлыг тухайн байгууллага, аж ахуйн нэгжээр төлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгов. Хаврын салхи шуургатай энэ үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул, эрсдэл учруулж мэдэхээр эзэнтэй, эзэнгүй хашаануудад хяналт тавьж, стандартыг хангуулах ажлыг ирэх зургаадугаар сарын 1 гэхэд нийслэлийн 9 дүүрэгт хийж хэрэгжүүлсэн байх ёстойг хотын Захирагч сануулав. Ингэхдээ зөвшөөрөлтэй, стандартын шаардлага хангаж ажилладаг иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хөндөж болохгүй анхааруулсан юм. Харин хэрэгжилтэд хяналт тавих ажлыг нийслэлийн Засаг даргын орлогчид болон нийслэлийн Ерөнхий менежер нар дүүрэг, дүүргээр нь хариуцахаар боллоо. Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Хавдар судлалын үндэсний төвийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг нэг сарын өмнө шийдвэрлэсэн боловч өчигдөр очиход хийгдээгүй байсан. Харин өнөөдөр албадан буулгаж, орц, гарцыг чөлөөллөө. Энэ мэтчилэн гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй, гацах явдал дунд, доод шатны газар, хэлтсийн дарга нарын ажлын хариуцлагагүй байдлаас болж байна. Хот байгуулалттай холбоотой гомдол ч иргэдээс их ирж байна. Иймд иргэдийн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлж ажиллаж чадаагүй, ажлын хариуцлага алдсан Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Иргэдэд хүнд суртал учруулдаг, дээд шатанд гаргасан шийдвэрүүд хэрэгждэггүй, олон жил бугшсан энэ буруу жишгийг цэгцлэхэд амаргүй байгаа хэдий ч зөв голидролд нь оруулахын тулд цаашид ч хариуцлагын асуудлыг тавьсаар байх болно хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“Аюулгүй хот” төслийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд телекамерын ухаалаг системд түшиглэн нийслэл хотын иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах Аюулгүй хот төслийн танилцуулгыг нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хүргэлээ. Тэрбээр Аюулгүй хот төсөл нь холбогдох чиг үүргийн олон оролцогч талтай, нийслэлийг телехяналтын нэгдсэн цогц системтэй болгохыг зорьж байгаа томоохон төслийн нэг юм. Оролцогч талууд болох Замын хөдөлгөөний удирдлагын төв, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Тээврийн Цагдаагийн алба, Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар зэрэг байгууллагуудтай бодлогыг нэгтгэн төслийн хүрээнд хэв журмын телехяналтын систем болон замын хөдөлгөөний удирдлагын төвийн систем гэсэн хоёр дэд бүлгийн ажлууд хэрэгжинэ. Бид 1700 гаруй байршлаар нэг бүрчлэн судалгаа хийж одоо байгаа Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвийн телехяналтын 36 систем, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 5 систем, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн систем гэх мэт тус тусдаа хоорондын уялдаа төлөвлөлтгүй, нэгдсэн бодлого, хяналт сул, гэмтэл гарсан тохиолдолд хариуцсан байгууллага үйлчилгээ менежмент байхгүй, гэмт хэрэг, зөрчил гарсан даруйд видео дүрс харах нотлох баримт дутмаг зэрэг нь энэхүү төслийг хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөл шалтгаан болж байна. Иймд Аюулгүй хот төслийн эхний шатанд Улаанбаатар хотын авто замын 30 уулзвар, хот хоорондын хатуу хучилттай авто зам дагуу байрлах хяналтын 7 постуудыг камержуулахаар төлөвлөөд байна. Мөн энэ тусдаа системүүдийг дахин загварчилж, ухаалаг нэгдсэн удирдлага хяналтын цогц систем бий болгоно гэсэн мэдээллийг өглөө. Аюулгүй хот төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг гурван үе шатанд хуваасан ба нэгдүгээр шатыг 2020-2021 онд хэрэгжүүлэх бөгөөд нэгдүгээр шатны ажлын хүрээнд замын хөдөлгөөний хяналтын 600 орчим камер, хэв журмын 1500 орчим камер суурилуулна гэж төлөвлөн Нэг тархи нэгдсэн систем-ийг нэвтрүүлэх аж. Хоёрдугаар үе шат нь 2021-2022 он, гуравдугаар үе шат нь 2022-2023 онуудад тус тус хэрэгжих юм байна. Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Д.Ядамдорж Дэвшилтэт хот болгоход хамгийн чухал нөлөө үзүүлэх юм нь камержуулалт. Телекамерын системийг нэмэгдүүлэх нь маш зүйтэй. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад энэ нь чухал нөлөөтэй гэсэн саналыг хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сүүлийн нэг жилийн хугацаанд мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллан тооцоо судалгаагаа боловсрууллаа. Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвд хянагддаг 3689 камераас 2100 буюу 57 хувь нь хэвийн ажиллаж, 1589 буюу 43 хувь нь цахилгаан тэжээлийн найдваргүй холболт болон шилэн кабел, тоног төхөөрөмжийн гэмтэлтэй байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын ажлыг хөнгөвчлөх зорилгоор үйл ажиллагааг нь бэхжүүлэх үүднээс хотод нэг тархи нэгдсэн системийг бий болгохыг зорьж ажиллаж байгаа. Энэ төсөл гурван үе шаттай хэрэгжинэ. Гурван жилийн хугацаанд нийслэлийг бүхэлд нь камерын хяналтад авах боломжтой болно. Аюулгүй хотын нэгдсэн системд шилжих боломж бүрдэнэ гэж харж байна. Хариуцсан албан тушаалтнууд камерын стандарт аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Бид хүн бүрийн оролцоотойгоор иргэдийнхээ аюулгүй байдлыг хангасан хот болж чадна хэмээв. Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, аюулгүй хот төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хууль эрх зүйн орчны судалгаа хийх, шаардлагатай журам стандарт боловсруулах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах. Мөн хэрэгжүүлэх энэ төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тэмдэглэлээр үүрэг болгосон юм. Сүргийн түвшинд авч үзвэл бруцеллёзын халдварлалт 0.7 хувьтай байна Мөн хуралдаанд нийслэлийн нутаг дэвсгэрт бруцеллёз өвчнөөр тайван үхрийн аж ахуй, нэгж, суурийг тодорхойлж, баталгаажуулах, сүрьеэ өвчний тандарт шинжилгээ хийсэн ажлынхаа мэдээллийг нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа танилцууллаа. Тэрбээр Бруцеллёз нь бүх төрлийн мал, амьтан цаашлаад хүнийг өвчлүүлдэг зооноз халдварт өвчин. Улаанбаатар хотод анх удаа 34048 үхрийг бүрэн ээмэгжүүлж, бүртгэлжүүлж мэдээллийн сан бүрдүүлсэн. 16 аж ахуйн нэгжийн 537 толгой, 2661 өрхийн 33511 толгой, бүгд 34048 толгой үхэрт баталгаажуулах шинжилгээ хийхэд 33800 дээж сөрөг, 248 дээж эерэг үр дүн тус тус үзүүлэв. Сүргийн түвшинд авч үзвэл бруцеллёзын халдварлалт 0.7 хувьтай байна. Өрхийн түвшинд авч үзвэл 131 өрхийн 248 дээж эерэг урвалтай гарсан нь нийт шинжилгээнд хамрагдсан өрхийн 4.9 хувийг эзэлж байна гэв. Түүнчлэн нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Хөдөө аж ахуйн газартай хамтран Үхрийн бруцеллёзтой тэмцэх дэд хөтөлбөр боловсруулж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах, нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн үхрийг ээмэглэж, /шинэ төл/ бүртгэн мэдээллийн санд оруулах, бруцеллёзын шинжилгээг жил бүр хийх зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэхээр өнөөдрийн зөвлөлийн хуралдаанд танилцуулж байгаа гэдгээ онцолж хэллээ. Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, дараагийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болов. Ингэхдээ холбогдох албаныханд танилцуулсан мэдээллийнхээ судалгаа тооцоог дахин нягтлан гаргаж ирэхийг үүрэг болгосон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.