Тэмбүүгийн өвчлөл буурч байна

Тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/-ийн халдвар авах эрсдлийг 3 дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг. Монгол улсын хувьд бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүүгийн өвчлөл 38,2 хувьтай байна. Үүнийг гурван ч төрийн тэргүүн бүрэн эрхийн хугацаандаа энэ ноцтой асуудлыг хөндөж УИХ-д мэдээлсэн байдаг. Эрүүл Мэндийн Яамнаас хэрэгжүүлж байгаа ажлууд үр дүнгээ өгч тэмбүүгийн халдвар, тархалт буурч байгаа билээ. 2018 онд: Өмнөх онтой харьцуулахад халдварт өвчин 2226 тохиолдлоор. тэмбүүгийн өвчлөл 507 тохиолдлоор буурсан. 2019 оны эхний 5 сард: Тэмбүүгийн 2727 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 245 тохиолдлоор буурлаа. Гэвч 15-24 насны хүн амын дунд өвчлөл харьцангуй өндөр байна. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлуудад үнэлгээ хийхэд 40 хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүй байжээ. Тиймээс ЭМЯ төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж улмаар устгах зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд 3 чиглэлээр 31 үйл ажиллагаа төлөвлөснөөс эрүүл мэндийн салбарын хэмжээнд 23, бусад салбартай хамтран 4, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны 4 ажил төлөвлөсөн. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй өвчтний бэлгийн хавьтагчийг илрүүлэн, тусламж үйлчилгээнд хамруулах ажил зохион байгуулж байна. Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин бөгөөд халдвар авсан хэн боловч өрх, сум,аймаг,нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношлогоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. 2,4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулсанаар бүрэн эдгэнэ. Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр,хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилнэ. Бэлгийн хавьтагчаа мөн эмчлүүлэх нь халдвар дахин авахгүй байх боломж учраас эмчилгээ хамт хийлгэх нь чухал юм.Тэмбүүгээр өвдсөн жирэмсэн эх хяналтдаа эрт орж өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд эх, хүүхэд аль аль нь эрүүлжих боломжтой. Энэхүү эмчилгээ урагт гаж нөлөөгүй байдаг байна. Монгол хүний удмын санд хортойгоор нөлөөлөх энэ өвчнөөс ард иргэдээ хамгаалахын төлөө эрүүл мэндийн салбар эрчимтэй ажиллах болно. Дэлхий нийтийн асуудал болоод байгаа энэ өвчнийг бид хамтдаа ялан дийлнэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол улсын Засгийн газрын Үндэсний хөтөлбөр батлах тухай 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/193 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрийг баталсан. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран энэхүү хөтөлбөрийг танилцуулах уулзалтыг 2019 оны 08 сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр зохион байгууллаа. Уулзалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Захиргаа, санхүү, дотоод хяналтын албаны дарга Т.Содгэрэл нээж, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяа Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мөн Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарласны дагуу энэ жилийн 8 дугаар сард зохион байгуулах ажлын талаар санал солилцов. Уулзалтад Эрүүл мэндийн яамны харьяа 14 байгууллага, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 12 байгууллага, Төрийн тусгай албан хаагчдын Нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн зэрэг байгууллагын хүний нөөцийн болон сургалтын албаны дарга мэргэжилтнүүд оролцлоо.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ХАМТ ОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САРЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 05 сарын 12-ны өдрийн 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалыг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг 2019 оны 8 дугаар сарыг ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САР болгон зарлах Эмнэлгийн даргын 2019 оны 07 сарын 30-ны өдрийн Б/361 дүгээр тушаалаар ажлын хэсгийн бүрэлдхүүнийг томилон, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг батлаж хэрэгжилтийг ханган ажиллаж эхэллээ. Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд Засгийн газрын 2019 оны 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаал, 2019 оны А/12 дугаар албан даалгавар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 сарын 29-ний 2/3421 тоот албан тоотоор ирүүлсэн албан даалгавар, Эмнэлгийн даргын 2019 оны Б/361 дүгээр тушаал зэргийг тайлбарлан таниулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн. 2019 оны 08 сарын 02-ны өдөр Эмнэлгийн удирдлагын баг, захиргааны албад, ажлын хэсгийнхэн эмнэлгийнхээ дэмжин туслах үйлчилгээний ажилтан, ажилчидтай уулзалт, ярилцлага хийж тэдний саналыг сонсож, 2 ажилтныхаа ар гэрийн нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ. Эмнэлгийн ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд ажилтан бүрийн идэвх, оролцоо, санаачлага нэн чухлыг тайлбарлан, санал солилцоцгоолоо. Энэхүү зорилтот сарын үйл ажиллагаанд тус эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо идэвхийлэн ажиллаж, олон талт ажлуудыг эмнэлгийн захиргаатай хамтран хэрэгжүүлж байна. Монгол улсын эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын үйл ажиллагаанд амжилт хүсч, НЭГ НЬ НИЙТИЙН ТӨЛӨӨ, НИЙТ НЬ НЭГНИЙХЭЭ ТӨЛӨӨ хамтран зүтгэцгээе хэмээн Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон бид уриалж байна.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Говьсүмбэр аймагт ажиллалаа

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Говьсүмбэр аймагт ажиллалаа. Тус аймагт ажиллахдаа аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа, Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын явц болон Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцав. Говьсүмбэр аймаг нь Монгол орны босоо тэнхлэгийн зам дагуу байрлалтай мянганы зам дагуу зорчих хөдөлгөөнт хүн ам, өөрийн харьяаны 17489 хүн ам болон хил залгаа 4 аймгийн 10 сумын нийт 25000 орчим хүн амд анхан болон хоёр дахь шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус аймагт ажиллахдаа Засгийн Газрын 2018 оны 255 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.Аймгийн хэмжээнд хувийн хэвшлийн шүдний 1 эмнэлэгтэй . Тус эмнэлэг нь 2019 оны 03 дугаар сард болсон ЭМД-ын сонгон шалгаруулалтад тэнцээгүйгээс хөтөлбөрийн хэрэгжилт түр зогсоод байна. Аймаг орон нутгийн зүгээс тус хөтөлбөрийг бодлогоор дэмжин 2018 онд АШУҮИС-н Нүүр ам судлалын сургуультай хамтран амны хөндийн эрүүл ахуйн үзлэг шинжилгээг зохион байгуулж давхардсан тоогоор 2993 хүүхэд үзлэгт хамрагдсан. Үзлэгээр өвчлөлтэй оношлогдсон 2104 хүүхдээс асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй 1789 хүүхдэд эмчилгээ хийж нийт үзлэгт хамрагдсан хүүхдийн 85 хувийг эмчлэн эрүүлжүүлсэн. Бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, эмчилгээнд шаардлагатай эм, бодисын зардлыг аймгийн орон нутгийн хөгжил сангаас бүрэн санхүүжүүлсэн. /ЭМГ-н дарга Ц.Мөнх-Од/ 2018 оны 08 дугаар сараас өрх, сумдын эрүүл мэндийн төвүүд Эрүүл мэндийн даатгалтай 4 багцаар гэрээ байгуулан ажиллаж байна. 2019 оны хувьд Засгийн газрын 25 дугаар тогтоолоор эмч, сувилагчийн цалин өссөн ч, нэг хүнд ногдох норматив зардал өсөөгүйгээс хүн ам багатай тус аймгийн хувьд нийт санхүүжилтийн хэмжээ хүрэлцэхгүй урсгал болон тогтмол зардал өр үүсэх зэрэг бэрхшээл тулгарч байна. Тус асуудлыг шийдүүлэхээр аймгийн удирдлагуудад санал хүргүүлсэн байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргаа хэмжээний төлөвлөгөөнд туссаны дагуу 8,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий аймгийн Нэгдсэн шинэ барилгын ажил эхэлсэн. Тус барилгыг тендер сонгон шалгаруулах журмын дагуу шалгарсан Тэргүүн чансаа ХХК гүйцэтгэж байна. Барилгын ажил эхэлсэн 2020 онд багтаан ашиглалтанд өгөхөөр төлөвлөн гүйцэтгэж байна. Тус аймагт ажиллах үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаадлагатай байсан түргэн тусламжийн авто машиныг Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх аймгийн Нэгдсэн эмнэлэгт гардуулан өглөө.

Нийслэлийн хэмжээнд гурван дүүрэгт мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг /25 ортой/, Чингэлтэй /15 ортой/ болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд /25 ортой/ Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр нээсэн билээ. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу засварлаж тохижуулсан эдгээр тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан бөгөөд дүүргийн иргэдэд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал нэгдүгээр үе шатанд холецистит, ивэрхий, шамбарам, батга, шөрмөсний гэмтэл, өөхөн эдийн хоргүй хавдар, хоол боловсруулах эрхтний мэс ажилбар, бусад хэлбэрийн аппендицит, ясны идээт үрэвсэл, хөхний үрэвсэлт өвчин, хуйхнагийн венийн бүдүүрэл, шуу, богтос ясны хугарал, тойгны хугарал, бугуй ба сарвууны хугарал, шагайнаас бусад тавхайн яс хугарах, ахиллын шандас гэмтэх, шилбэний түвшинд арын бүлэг булчин ба шөрмөс гэмтэх зэрэг эмчилгээ багтаж байгаа юм. Хоёрдугаар үе шатанд мухар олгойн хурц үрэвсэл, цөсны чулуу, хэвлийн ивэрхий, арьсны буглаа, мундас, хошного ба шулуун гэдэс орчмын буглаа, целлюлит /хумс шигдэх/ зэрэг эмчилгээ багтжээ. Гуравдугаар үе шатанд тодорхойгүй шалтгаант гэдэсний түгжрэл, мэс заслын дараах гэдэсний түгжрэл, ходоодны цочмог цус алдалт, шаант чөмөгний гандан хэсгийн дээд, дунд битүү хугарал, нойр булчирхайн үхжилт үрэвсэл зэрэг эмчилгээ багтсан байна. Өдгөө гурван дүүрэгт нээгдээд буй Мэс засал, гэмтлийн тасгийг цаашид бусад дүүрэгт шат дараатай нээн ажиллуулахаар төлөвлөж буй бөгөөд 2019 онд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт нээхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Дүүргийн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг нээгдсэнээр мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ өргөжин, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрөл олширч буй юм. Мөн иргэд тухайн оршин сууж буй дүүргийнхээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй авч, улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийг зорих ачаалал ч тэр хэрээр багасч буй чухал ач холбогдолтой юм. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.