Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгох 216.0 тэрбум төгрөг бэлэн болжээ

​ Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ. Уг хуулиудад 6.0 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг бүрмөсөн тэглэх, зээлгүй байсан ахмадуудад 1.0 сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор тусгасан билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.05.07) Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, тус компанийн охин компани болох Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нартай уулзаж, зээлгүй буюу 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудад ваучер олгох, түүнийг мөнгөжүүлэх ажлын явцтай танилцлаа. Эрдэнэс Монгол, Эрдэнэс силвер ресурс компаниуд Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, дээрх арга хэмжээнд шаардагдах 216.0 тэрбум төгрөгийг хуримтлуулж, бэлэн болгосон гэдгээ Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, Т.Мөнхбаяр нар мэдээллээ. Энэ үйл ажиллагааны төлбөр тооцооны асуудалд ямар нэгэн саад бэрхшээл байхгүй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: -2019.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад байгаа. Мөн 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн бий. Нийтдээ энэ арга хэмжээнд 238.0 мянган ахмад хамрагдана. Түүнд 216.0 тэрбум төгрөг шаардлагатай. Манай яам ахмадуудад ваучер олгох, улмаар мөнгийг дансанд шилжүүлэх бэлтгэлийг хангасан гэж ярилаа. УИХ-ын дарга Г.Занданшатар: -Тэтгэврийн зээлгүй буюу 1.0 сая төгрөгөөс доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудаас энэ арга хэмжээг хэзээ хэрэгжүүлж эхлэх талаар УИХ-ын нэр дээр нэлээд санал хүсэлт ирж байна. Цар тахлын хөл хорионы дэглэмтэй, улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд таагүй нөлөө үзүүлж буй энэ үед уг мөнгийг олгох нь зүйтэй байна гэж ахмуудад санал хүсэлтдээ дурдаж байгаа юм. Тиймээс ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг ирэх даваа гарагаас эхлэн яаралтай зохион байгуулах чиглэлийг Та бүхэнд өгч байна. Ваучер олгохдоо ахмадуудыг бөөгнөрүүлж, хөл хорионы дэглэмийг зөрчихгүйгээр гэрт нь, гарт нь хүргэхэд анхаарч ажиллаарай гэлээ. Ийнхүү иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа нөхөн төлөх тухай хууль бүрэн хэрэгжих боломж бүрдлээ. Үүнээс өмнө 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 228.5 мянган иргэний 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн бол одоо 238.0 мянган иргэнд 216.0 тэрбум төгрөг олгогдохоор болж байна. Нийтдээ ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээнд 466.5 мянган ахмад хамрагдаж, 911.0 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа юм.

Орчин цагийн зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойн баярын хурал боллоо

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойн энэ өдөр Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр давхар тохиолоо. Монгол цэргийн өдөр-өөр буюу 3 дугаар сарын 18-ны өдөр цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан түүхт 100 жилийн ойн баярын хурал, шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулж чадаагүй билээ. Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, төрийн дээд одон медалиар шагнасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авсны дараа баярын хурал болон шагнал гардуулах ёслол эхэлсэн юм. Баярын хурлыг нээж, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ Монгол Улсын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн хэлхээс түүх нь монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой. Эртний Хүннү улс болоод Эзэн Чингисийн эрэлхэг баатрууд, Манжийн дарлалыг эсэргүүцсэн ард түмний тэмцэл, хөдөлгөөн, тусгаар тогтнолоо дэлхий дахинаа тунхаглан зарласан Ардын хувьсгал, газар нутгийнхаа халдашгүй дархан байдлыг хамгаалан дайтсан Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтуудын түүхэн ялалт, баатарлаг гавьяа, эх орныхоо энх цагийн бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлст оруулж байгаа хувь нэмэр нь Монгол Улсын цэрэг, армийн түүхийн нэгээхэн хэсэг. Манай алба хаагчид өнгөрсөн зуунаас эдүгээг хүртэлх хугацаанд эх орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж, эх дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвараа илтгэж байна. Ингэснээр Монгол цэргийн мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт өсөн нэмэгдэж, олон улсын түвшинд Монгол цэрэг- дэлхийн цэрэг болж үнэлэгдэж байна хэмээн тодотгосон юм. Үүний дараа Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг Орчин цагийн Зэвсэгт хүчин 100 жил илтгэл тавьсан ба тэрээр илтгэлийнхээ төгсөлд эх орон, тусгаар тогтнолоо хамгаалсан баатарлаг үйлст ахмад дайчид, Зэвсэгт хүчний хөгжил, цэцэглэлтийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа бүрэлдэхүүндээ гүн талархал илэрхийлж, цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, баяраа хамтдаа тэмдэглэж чадахгүй байгааг цохон тэмдэглэж байв. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга зарим цэргийн алба хаагч, ажилтан албан хаагч, ахмад дайчдын төлөөлөлд төрийн дээд одон медаль гардуулж, баяр хүргэсэн юм. Энэхүү арга хэмжээнд БНӨСУ, ИБНАУ-д үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч, төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй барилгачин дайчид болон Төрлийн цэргийн командлалуудын удирдлагууд цахимаар оролцов. Ташрамд дурдахад,цар тахлын халдвараас сэргийлэх үүднээс цөөн тооны алба хаагчийг хамруулсан бөгөөд Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нар тус бүрэлдэхүүнээс ковид-19-ийн шинжилгээ авсны дараа дотогш нэвтрүүлсэн юм.

АН-ынхныг зодолдуулж, ард түмнээр түрүү барьсан цуглааныг ТЭСО санхүүжүүлэв үү

Цар тахал ковидын халдварыг 600-700 руу оруулж, хөл хорионы түвшинг бууруулсантай зэрэгцээд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан цуглааныг ТЭСО групп зохион байгуулж санхүүжүүлсэн бололтой. Ардчилагчид гэх нэрийн дор өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүдтэй эв санааны нэгдэлтэйгээ илэрхийлэхээр ирсэн ардчиллын партизан, Улсын баатрыгаа зодож нүдэн хөөсөн АН-ын жагсагчдыг өдрийн 60 мянгаар хөлсөлсөн гэх мэдээлэл тараад буй. Гэтэл энэ цуглааныг Х.Баттулгын талын АН-ын дарга О.Цогтгэрэл санхүүжүүлсэн бололтой. Э.Бат-Үүлийг хөөгчдийн дунд ТЭСО компанийн ажилтнууд байгаа нь ийнхүү хардахад хүргээд байна. Тэдний өөрсдийнх нь хэлснээр цугласан 3000 хүн бүрд өдрийн 60 мянган төгрөг гэж тооцохоор О.Цогтгэрэл их л хэмжээний хөрөнгө мөнгө хүч хаяж байгаа бололтой.

АН-ынхан хэсэг бүлэг хүмүүсийн эрх мэдлийн төлөө жирийн дэмжигч иргэдээ ашиглаж байна

Хулхи хийгээд хууль бус АН-ынхан өнөөдөр хоёр талдаа жагсаал цуглаан зохион байгуулж байна. Тэд хэсэг бүлэг хүмүүсийн эрх мэдлийн төлөө жирийн дэмжигч иргэдээ ашиглаж, ард түмнийг өдөөн турхирч байна. Буруугаа бусдад тохож, АН-ыг хамгаалан тэмцэх гэж байна хэмээн тайлбарлаж байна. Тулгатын АН-ыг магнайлан жагсаалд уриалан дуудсаар Э.Бат-Үүл гарч ирээд Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, нэр дэвшихээр улайрч байгаа Н.Алтанхуяг, МАН-ын дарга У.Хүрэлсүх 3 ах дүү шиг явсан. Энэ зорилго нь АН-ыг устгах байсан гэж хэллээ. Тэрийг мэддэг байсан юм бол Э.Бат-Үүл эрх мэдэлтэй байхдаа Н.Алтанхуягийг АН-ын даргаар 6 жилээр ажиллаж байхад энэ үгээ хэлж намаа аварч байхгүй яасан юм бэ Ерөнхийлөгч Х.Баттулга чинь АН-аас нэр дэвшиж гарч ирсэн хүн байх шүү дээ. Түүнд эрх мэдэл олгосон намынхандаа наад Ардчиллын завхрал гэдэг үгээ дайсан нь дээр дээ. Нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээр үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчийн өсгөгчийг дуугүй болгох үүрэг өгөөд тэрбээр Өнөөдөр АН-ыг устгах үйл ажиллагаа нэлээд эртнээс эхэлсэн. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тэр торгон мөчид манай намын бүлгээс 3 хүнийг өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга зориуд зохион байгуулалттайгаар урвуулж, эсрэг санал өгч, АН-ын улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг тэр үед унагаж байсан. Тухайн үед би Х.Баттулгалд өөрт нь хэлж байсан. Энэ шангаа хэзээ нэгэн цагт хүртэх болно гэж хэлсэн гэлээ. Энэ үгнээс АН-ын хагарал зөвхөн Ерөнхийлөгчийн сонгууль төдийгүй цаашид эвлэшгүйгээр цуурсныг харж болж байна. Хагарал бий болгосон хүн бол Х.Баттулга гэдгийг СЕХ-нд нэр дэвшихээр материалаа өгөөд байгаа С.Эрдэнэ олон нийтийн өмнө өсгөгчөөр хэллээ шүү. Ийм байхад өрсөлдөгч намдаа бурууг тохох гээд яах билээ. Б.Саруул

Д.АМАРБАЯСГАЛАН: АН ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХААСАА ИЧИХ ХЭРЭГТЭЙ

Хоёр хуваагдсан Ардчилсан нам сонгуульд хоёр нэр дэвшигч тодруулснаас үүдсэн дотоодын хэрүүл тэмцлийн бурууг эрх баригч нам руу чихэж эхэлсэнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр,Энэ бол Монголын ард түмний асуудал биш, МАН-ын ч асуудал биш. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй байж төрийн сонгуульд орж өрсөлдөх тухай ярьж байгаа нь эдгээр эрхмүүдийг ичгэвтэр харагдуулж байна. Дарангуйлал тогтох нь гэж улс төр хийж байгааг гайхаж байна. Монгол Улс ардчилсан парламентын засаглалд шилжээд 31 дэх жилдээ орлоо. Төв Азийн цээжинд ардчилсан орон гэж гайхагдаж яваа Монгол Улс эргээд нэг хүний болон нэг намын дарангуйлалд шилжих ямар ч боломжгүй гэдгийг өнөөгийн залуучууд, ард иргэд маань илүү сайн ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. 2012-2016 онд АН, АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН олонхыг бүрдүүлсэн УИХ, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар ажиллаж байсныг Монголын ард түмэн мэднэ. Тэр үеийг дарангуйллын нийгэм гэж үзэх юм уу. Уучлаарай, Н.Алтанхуяг гуай тийм зүйл байхгүй. Ардчилсан оронд сонгуулиараа цэвэр өрсөлдөөд, ялалт байгуулаад ард иргэдээсээ мандатаа авсан улс төрийн нам бодлогоо хэрэгжүүлж, улс орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө явдаг юм. 30 жилийн өмнө та бүхэн талбай дээр өлсгөлөн зарлаж байсан шигээ, тэр технологиороо өнөөдөр улс төр хийнэ гэвэл худлаа. Бид ч бас жагсаж, өлсөж чадна гэдгийг танд хэлье. АН-ын залуучуудад уриалъя. Та бүхэн минь намаа цэвэрлээч ээ, АН-ын ахмадууд залуучууддаа зайгаа тавьж өгөөч ээ. Бид шинэ үеийн улс төрчид, шинэ бодлого, арга барилаар өрсөлддөг баймаар байна. Монголд өнөөдөр улс төрийн намын хөгжил, төлөвшил юу юунаас чухал байна. Энэ төлөвшлийг бий болгохын төлөө МАН манлайлан ажиллаж байна. АН ч гэсэн хөгжиж дэвших ёстой. Залуучууд нь намынхаа эрх мэдлийг авч, шинэ түвшинд гарах зайлшгүй шаардлага гарсан нь сүүлийн өдрүүдэд харагдаж байна. Өнөөдөр ковидын нөхцөл байдал хүндрэлтэй байна. 150 гаруй иргэн маань алтан амиа алдчихаад байна. Цар тахлыг хяналтад авах, засч залруулахын төлөө Засгийн газар чадах чинээгээрээ ажиллаж байгааг Монголын ард түмэн харж байна. 26 хоногийн хөл хориог үр дүнгүй болгох ёсгүй. Хэн нэгэн улс төрчийн эрх ашиг үүнээс дээгүүр байж болохгүй. Ард иргэд маань 26 хоног хөл хорионд байж ард иргэдэд төдийгүй улс оронд ихээхэн хохирол учирсныг та бүхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ерөнхийлөгч болох та бүхний хүсэл үүнээс дээгүүр байж болохгүй. Ямар их хэмжээний хөрөнгө хүч,чадлаа дайчлан ажиллаж байгааг хэн хүнгүй харж байна. Цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарынхан Монголын ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө, цар тахлын эсрэг өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэтэл та бүхэн эрх мэдлийн төлөө нэг хүнийг албан тушаалд очуулахын төлөө өлсгөлөн зарлаад хэвтэж байгаагаасаа ичээч. МАН аль ч намаас нэр дэвшээд ирсэн, хэнбугайтай ч өрсөлдөхөд бэлэн байна. Гагцхүү монгол Төрийн тэргүүнийг сонгох сонгууль эрүүл, шударга, орчин үеийн дэвшилтэт сонгууль болох учиртай. МАН үүний төлөө манлайлан ажиллана. Бид төрийн байгууллагад хүндэтгэлтэй хандана. Монгол Улсынхаа хуулийг хүндэтгэж ажиллана гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Та бүхэнд хууль, дүрэм журам хамаагүй байж болно. Гэхдээ та бүхэнд нэг ч болов монгол хүний алтан амь хамаатай шүү гэлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.