Иргэн Х.Баттулга бус Монгол Улсын номер нэг албан тушаалтан юуны учир ЗХЖШ-т очив  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 19-нд олон нийтэд хандан мэдэгдэл хийснээс хойш нийгэм айдас хүйдэст автах болов. Тэрбээр МАН-ыг тараах тухай мэдэгдэл хийж, Улсын Дээд шүүхэд хүргүүлснийхээ дараа ЗХЖШ-т очсон нь байдлыг улам ч хурцатгасан юм. Харин өчигдөр энэ үйл явдлыг баталгаажуулж ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг олон нийтэд хандан мэдээлэл хийхдээ Нийгэм, цаг үеийн асуудал нь иргэдийг талцуулж болзошгүй байгаа учир бүх хүн хаана хаанаа бодож, болгоомжилж, Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал юм гэдгийг онцгойлон хэлмээр байна гэсэн нь анхаарал татна. Түүнчлэн тэрбээр Ерөнхийлөгч Төрийн ордонд мэдэгдэл хийснийхээ дараа ЗХЖШ-т хүрэлцэн ирсэн гэдгийг онцлоод гурван чиглэлээр үүрэг өгсөн гэсэн юм. Нэгдүгээрт, цэргийн албыг сайжруулах асуудлаар бий болсон Ажлын хэсгийн цэргийн анги байгууллагуудын үйл ажиллагааг шалгах, холбогдох шийдвэр гаргах, Хоёрдугаарт, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хойшлогдсон арга хэмжээг хэзээ, ямар хэлбэрээр Covid-19-ийн нөхцөлтэй уялдуулан зохион байгуулах, Гуравдугаарт, Монгол Цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар лавлаж асуусан гэв. ЗХЖШ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн шууд удирдлагын байгууллага. Төрийн эрх барьж буй улс төрийн намыг тараана хэмээн мэдэгдчихээд ЗХЖШ руу явж очсоныг хэрхэн ойлгох вэ. Иргэн Х.Баттулга бус Монгол Улсын номер нэг албан тушаалтны хувиар дээрх байгууллагад явж очсонд асуудлын гол оршиж байгаа юм. Ийнхүү Ерөнхийлөгчийг очсоны маргааш Жанжин штабын дарга нь айж сүрдсэн магадгүй маш их нервтсэн байдалтайгаар олон нийтэд хандаж байгаагаас үзвэл тэд нөлөөнд автсан байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр эрх баригч намыг тараахаа зарласан нь Ерөнхийлөгч ЗХЖШ-д биечилж очих үндэслэл болж байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь шууд удирдлагад байдаг цэргийн байгууллагад сэтгэл сэртхийлгэм олон хэрэг гарч байхад /цэрэг амиа алдсан, цэргийн ангийн дарга цэргээ зодсон, цэргүүд зэвсэглэж зугтсан гм/ эрхэм Ерөнхийлөгч биеэ хөдөлгөж очих нь бүү хэл амаа ч ангайгаагүй. Өөртэй нь хамаарал бүхий хариуцлагын асуудал үүсэхэд хамраа ч цухуйлгаагүй Ерөнхийлөгч өөрийнх нь амин хувийн эрх ашигт тулахад давхиад оччихож байгааг хэрхэн ойлгох вэ. Дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэж буй хүнд хэцүү цагт Ерөнхийлөгч хүн ард түмнээ эв нэгдэлд уриалан дуудаж, хамтын хүчээр цар тахлыг даван туулах итгэл төрүүлэх учиртай байв. Харамсалтай нь манай улсын Ерөнхийлөгчид энэ нь хорь дахь асуудал бололтой.

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЯВУУЛЫН ЦЭГ АЖИЛЛАНА

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан дархлаажуулалтын цэгийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нь нэмэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөхтэй холбоотой шийдэл гаргахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Тэрээр Зорчигч тээврийн нэгтгэл-д ажиллан явуулын цэгийн бэлэн байдлыг шалгалаа. Нийслэлийн болон төрийн өмчийн байгууллагын том оврын 40 автобусыг явуулын цэг болгоод байна. Мөн дархлаажуулалт хийлгэсэн иргэдийг ажиглах, эрүүл мэндийн үзлэг, бүртгэл хийх, эмч ажилчид ашиглах автобусыг ч бэлджээ Явуулын цэг хүн ам ихтэй хэсэг болон алслагдсан хороодод ажиллана гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

МАН-ын Удирдах зөвлөлөөс МЭДЭГДЭЛ гаргалаа

Mонгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргасантай холбогдуулан тус намын Удирдах зөвлөлөөс дараах мэдэгдлийг хийлээ. Мэдэгдэлд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Эрүүгийн хууль зэрэг арав гаруй хууль, тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэнэ

Өнөөдөр байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ.Үүнд: 1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Эх Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Хэлэлцэх асуудал: -Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; -Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; -Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; -Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт. 2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Хэлэлцэх асуудал: -Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; -Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/. 3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Хэлэлцэх асуудал: -Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт. ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН: Түр хорооны хуралдаан /Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/ 10.30 цагаас Үндсэн хууль танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Хэлэлцэх асуудал: -Оюу толгойн гэрээ, Байгаль орчин, татварын асуудлаар мэдээлэл сонсох.

Д.Ганбат: Өнгөө алдсан хайс, хашлагыг будаж, сэргээж байна

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нийслэлийн хэмжээнд нийт 10 байршилд авто замын тэмдэг, хайс арчлалт, авто замын заадас засварлах ажлуудыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, заавар, зөвлөмжийн дагуу хийж байна. Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Д.Ганбатаас тодрууллаа. -Зам засварын ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юү? -Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед бид зөвхөн замын заадас засварлах ажил хийх биш, хөдөлгөөн зохион байгуулах тэмдэг, хайс, хашилтын засварын ажлыг хийж байна. Мөн тэмдэг, тэмдэглэгээг угааж цэвэрлэх, хяналтын инженерүүд шаардлага хангахгүй тэмдэг, тэмдэглэгээг газар дээр нь сольж байгаа. Чингисийн өргөн чөлөөний өнгө үзэмжээ алдсан хайс, хашлагыг будаж, сэргээж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын 10 бригад ажиллаж байгаа. Тэмдэг угаах ажилд хоёр бригад, хайс тэмдэг солих, заадас засварын ажилд дөрвөн бригад ажиллаж байна. Хатуу хөл хорио тогтоосон энэ үед түгжрэл ихтэй хотын гол гудамж, замуудын заадас засварын ажил,нөхөөснүүдийгхийхээр төлөвлөсөн. -Энэ онд нийт хэчнээн зам, талбайд засвар, арчлалтын ажил хийхээр төлөвлөсөн бэ? -2021 онд нийслэлийн авто зам арчлалтын төлөвлөсөн ажлын хүрээнд нийт 175 гудамж, зам болон орон сууцны хороололдоторх 65 мянган ам метр авто замд нөхөн эвдрэл, хотын 33 гудамж замд 300 мянган метр заадас, 65359.47 ам метр тэмдэг, тэмдэглэгээ хайс арчлалт, гүүр, хоолой,туннельзэрэг засварын ажил хийхээр ажиллаж байна. Авто зам болон явган зорчигчийн замын заадас нөхөх, зам шинэчлэл, нийтийн эзэмшлийн зам, талбай болон явган зорчигчийн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хайс хашлагыг сэргээн засварлах шинэчлэх ажлууд хийгдэж дуусах юм. Ажиллаж байгаа 10 бригадад хөдөлмөрийн аюулгүй байдлын таван инженер өдөр тутмынзааварчилгаөгч, ажилчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, гэрлэн дохио, авто замын гэрэлтүүлгийн засвар шинэчлэл, автобусны буудал, гудамж талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжийн өнгө үзэмжийг сэргээн засварлах, ариутгал халдваргүйтгэлийн ажлуудыг хийж байгаа. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах тал дээр дүүргүүд өөрсдийн онцлогт тохируулан ажиллаж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.