“ТОХОЙ ИЛҮҮ”

2019-10-17 12:57:55 Нийтлэгдсэн: Халуун сэдэв
“ТОХОЙ ИЛҮҮ”

Сангийн дэд сайдаар Х.Булгантуяа гэх шавилхан бүсгүй томилогдсоныг сонсчихоод Ийм мундаг толгойг тиймхэн албан тушаалд ашиглах ч гэж дээ, МАН-ынхан хэмээн нэлээд нэр хүндтэй нэгэн эдийн засагч толгой сэгсэрч байж билээ. Тэр үед Дэд сайдын талаар мэдэхгүй байсан учраас чухамдаа яагаад тэгж үнэлснийг нь сонирхож, намтрыг нь хэрэг болгон уншсан юмдаг. Х.Булгантуяа тун ч энгийн бүсгүй. Элдвийн гоёл чимэглэлгүй, энгийн л нэг төрийн албан хаагч. Сайн танихгүй нэгэнд том яамны дэд сайд ч гэж харагдахгүй байх шүү. Тийм л энгийнээр амьдардаг бас ажилладаг. Гэхдээ эзэмшсэн мэргэжил, төгссөн сургуулийнх нь жагсаалтыг харвал энэ шавилхан бүсгүй өнөөгийн төрд суугаа олон арван улстөрчдөөс тохой илүү мэдлэгтэй гэдгээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд нотлон харуулсан юм. Дэд сайд Х.Булгантуяа бүрэн дунд боловсролоо Австрали улсын Канберра хотын Лейнем дунд сургууль, мөн Монгол-Туркийн хамтарсан сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд эзэмшжээ. Дараа нь МУИС-д элсэн суралцсан бөгөөд үүнээс гадна БНХАУ-ын Дундад Хятадын Их сургууль, АНУ-ын Ейлийн Их сургуулийг Олон улсын эдийн засагч, хөгжлийн эдийн засагч мэргэжлээр тус, тус төгсчээ. 5000 ханз үсгэнд хятад хэлээр цэвэр ярьдаг, мөн англи хэлтэй гээд түүний өргөн мэдлэгийг олон хүн үнэлдэг. Ярилцлага авахад урамтай, ажлаа мэддэг эх сурвалж хэмээн сэтгүүлч бид ч түүнийг ихэд тооно. Ийм л толгой улс төрд хэрэгтэй. Тиймдээ ч МАН-ынхан түүнийг онилж, Х.Булгантуяа 2016 оны сонгуулийн үеэр Ардын намд Нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байлаа. Улмаар сонгуулийн дараа Сангийн яамны дэд сайдын албан тушаалд очсон юм. Харин ирэх онд Их хуралд өрсөлдөх нь тодорхой аж. Тиймээс намынхаа дэргэдэх НАМЭХ-ны тэргүүний сонгуульт албан тушаалд өрсөлдөхөөр хүсэлтээ албан ёсоор өгсөн байна. Түүнтэй өрсөлдөх эмэгтэйчүүдийн нэр эхнээсээ дуулдаж байгаа ч миний үнэлсэн шиг тохой илүү мэдлэгтэй нь ховор харагдана билээ. Х.Булгантуяаг тийм ч сайн танихгүй. Олон газар ажлын шугамаар уулзаж, нэлээд хэдэн удаа нийтлэлдээ ашиглах тоо баримт салгаж явсан юм. Тэр бүхэнд энэ бүсгүйг өнөөгийн улстөрчдөөс хавьгүй чамбай мэдлэгтэй, дэргэдэх сайдаасаа ч үнэ цэнтэй намын кандитат хэмээн үнэлж байлаа. Цаашдаа ч ингэж л үнэлнэ. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын сонгуульт албан тушаал байтугай сайд, даргын албан тушаалыг ч түүртэхгүй хийх боловсролтой, чадалтай олон зуун эмэгтэйчүүдийн төлөөлөл, бидний дуу хоолой учраас дэмжсээр ч байх болно.

“Шинэ хөдөө” төслийн хүрээнд анхан шатны хүнсний ногоо тариалагчдад иж бүрэн хүлэмж олголоо

Шинэ хөдөө-Булган төслийн хүрээнд хийгдэж буй олон талт ажлын нэг нь өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 16-н сумын анхан шатны хүнсний ногоо тариалагчдад зөвлөмж зааварчилгааны хамт хүлэмж хүлээлгэн өгөх юм. Төслийн хүрээнд сумдын болон иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу нийт 101 хүлэмж олгох бөгөөд нэг бүрийн үнэ нь 1,178,000 төгрөгийн үнэтэй уг хүлэмжийг аж ахуйн эрхлэгчид жил бүр 290 мянган төгрөгийн эргэн төлөлттэйгээр 4 жилийн хугацаанд төлөх юм. Нийлэг хальсан уг хүлэмж нь гадуураа нарны хэт халалтаас сэргийлэх хамгаалах тор бүхий 4*8 харьцаатай 32м.кв, хавар, зун, намрын улиралд ашиглах боломжтой, мананжуулах усны системтэй иж бүрэн хүлэмж ажээ. Хүлэмж нийлүүлэх ажлыг аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас тендэр зарлан шалгаруулж Их булаг интьернэшнл ХХК нийлүүлжээ. Өнөөдөр Гурван булаг, Баяннуур, Дашинчилэн сумын төлөөлөл ирж хүлэмжээ хүлээн авлаа. Агрономич Б.Энхбаяр: Энэ хүлэмжээр 5 ам бүлтэй айл хэрэгцээгээ хангаад илүүгээр нь амьжиргаагаа дээшлүүлэх бүрэн боломжтой Хүлэмж гардуулах арга хэмжээний үеэр Аймгийн ХХААГ-ын Ерөнхий агрономич Б.Энхбаяртай уулзаж зарим зүйлийг тодрууллаа. -Хүлэмжийг ямар сонгон шалгаруулалтаар иргэдэд олгож байгаа вэ? -Гол зорилго нь хүнсний ногоо тариалагч өрхийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс 3-н улиралд үлэмжийн ногоо тариалах нь давуу талтай юм гэж үзэж Шинэ хөдөө төслийн хүрээнд 16 сумдад энэхүү хүлэмжийг олгож байгаа. - Хүлэмж маань хэр чанартай гэж үзэж байна. Авсан иргэд маань 4 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй юм байна. Үр ашгаа хэдий хугацаанд өгнө гэж тооцоолж байгаа вэ? -Техникийн тодорхойлолт, болзлыг хангасан учраас мэргэжлийн хувьд чанартай гэж дүгнэж байгаа. Аливаа хүлэмжийн чанар нь плёнкон хальсны чанартаа байдаг. Сайн чанарын хүлэмж 5-н жилээ даадаг гэж үздэг, түүнээс цааш хүлэмж эрхлэгч өөрөө засаж шинэчлээд ашиглах боломжтой. Энэ удаагийн хүлэмжийн давуу тал нь гадуураа нарны хэт халалт, цонолтоос хамгаалах давхар тортой ирсэн. Энэ нь плёнкны эдэлгээг уртасгах, тэгснээрээ ургацыг нэмэгдүүлэх давуу талтай. Зах зээлийн үнийн хувьд ч гэсэн арай хямд үнийн саналыг бид сонгосон. -32 м.кв хэмжээтэй хүлэмж, энэ зайд хэр хэмжээний ногоо тариалах боломжтой вэ? Хэрэгцээг нь хангаад дээр нь өрхийн амьжиргааг дээшлүүлэх боломжтой юу? - Айл өрхийн хашаанд тийм ч их зай эзлээд байхааргүй боломжийн хэмжээтэй гэж үзсэн. Тэгсэн хэрнээ 4-5 гишүүнтэй өрхийн хэрэгцээг шинэ ногоогоор хангаад илүү ургацаа худалдаалж амьжиргаандаа нэмэр болох бүрэн боломжтой. 32 м.кв талбайн ашигтай талбай нь 30 м.кв, 1 м.кв талбайд 5-6 ширхэг ургамал ургадаг. 1 ургамлаас 5-6 кг жимс авдаг гэж тооцдог. Ингээд тооцохоор 5 гишүүнтэй өрх хэрэгцээгээ 1 таримлаасаа хангаад үлдсэн таримлынхаа ургацыг борлуулах боломжтой гэсэн үг. Тиймээс энэ тооцооллын үндсэн дээр бид 4 жилийн хугацаанд эргэн төлөлтөө төлөх боломжтой гэж үзсэн. -Энэ хүлэмжинд ямар төрлийн ногоонууд тарих боломжтой вэ? Хэзээнээс тариалж эхлэх вэ? -Ногоочид маань янз бүрийн зориулалтаар ашиглахаар авч байна. Зарим нь жимс жимсгэнийхээ суулгацыг үржүүлж зарах, түргэн ургадаг өдөр тутмын хүнсний нарийн ногоонууд тарих зорилгоор, дадлагашаагүй шинэ ногоо тариалагчид маань өргөст хэмх, улаан лооль тарина гэсэн зорилгоор ч авч байна. Өрх бүртэй нэг бүрчлэн бид гэрээ хийж олгож байгаа, ирэх 3 сараас үрсэлгээгээ хий, 4 сараас тариалалтаа хий гэдэг шаардлага тавиад заавар зөвлөгөөгөө өгөөд эхлүүлнэ. Баяннуур сумын Хөгжлийн бодлогын мэргэжилтэн Б.Наранцэцэг: Шинэ хөдөө төслийг манайхан нэг үеээ бодвол мэддэг, оролцоё, юм хийе гэсэн хүмүүс маш их болсон -Төслийн хүрээнд сум болгонд 5-6 хүлэмж олгож байгаа. Сумын хэмжээнд хүлэмж авах сонирхолтой иргэд хэр байна, ямар сонгон шалгаруулалтаар хүлэмж авах иргэдээ сонгосон бэ? -Бид сумандаа байнга хүнсний ногоо тарьж ургуулдаг, аймаг, сумаас зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд идэвх санаачлагатай оролцдог, туршлагатай, нэг, хоёр жилийн өмнөөс хүлэмжтэй болох хүсэлтээ тавьсан ногоочиддоо эхний ээлжинд хүлэмж өгөхөөр болсон. Хүлэмж авах сонирхолтой, бүртгүүлсэн иргэд цаана нь нэлээд байгаа. Манай сум дээр үеэсээ тэжээлийн аж ахуйн эрхэлдэг, газар тариалан эрхэлдэг туршлагатай учраас орон нутгийн иргэд маань ихэнх нь ногоо тариалахдаа мэргэжлийн болсон. Тиймээс эхний хүлэмж авсан иргэд маань ногоогоо тариалаад, үр шимийг нь хүртээд эхэлвэл дараа дараагийнх нь иргэдэд дахиад хүлэмж олгоно гэж найдаж байгаа. Ер нь Ж.Бат-Эрдэнэ гишүүүний санаачилсан Шинэ хөдөө төсөл хөдөөгийн малчид болон өрхийн орлогоо дээшлүүлэх гэсэн иргэдэд чиглэсэн маш үр дүнтэй төсөл болсон. Олон ч ажил хэрэгжиж байна, тэр болгонд нь оролцох сонирхол хүмүүст маш их бий. Саяхан л гэхэд Шинэ хөдөө төсөл бизнесийн боломж уулзалтанд оролцохдоо манай сумынхан арьс шир боловсруулахьболон махны бага оврын цехтэй болох хүсэлтээ илэрхийлсэн. Гишүүн маань Туршлагатай, юм хийе гэсэн зүтгэлтэй иргэд маань нэгдэж нийлээд хоршоо болоод санал санаачилгаа гаргавал бүх талаар дэмжинэ гэсэн байгаа. Хүн зориод хийж л чадвал боломж гарцыг нь нээж дэмжиж өгч байгаад нь их баяртай байна.

Түрээсийн орон сууцанд хамрагдах ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квотыг нэмэхийг хүслээ

УИХ-ын даргын захирамжийн дагуу Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулсан байдал, цаашид авах арга хэмжээ-ний талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг энэ сарын 16-ны өдөр Төрийн ордноо зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Б.Баттөмөр, Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорац, Монгол Улсын Хөгжлийн банк, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Монголын ахмадын холбоо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө Үндэсний зөвлөл, Тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо, Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбоо, Ээлтэй ертөнц зэрэг төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Өнгөрсөн онд гэхэд Өргөдлийн байнгын хороо түрээсийн орон сууцтай холбоотой гурван тогтоолыг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Холбогдох яам, агентлагуудын тайлбар мэдээллийг сонсохын зэрэгцээ Буянт-Ухаа 2 хорооллын барилгын явцтай 3 удаа газар дээр нь танилцаж, иргэдтэй уулзаж, тулгамдсан олон асуудлыг нь шийдсэн. Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийн хамруулах, Түрээсийн орон сууцыг иргэд түрээслэнгээ өмчлөлдөө шилжүүлэх журмуудыг батлуулсан. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах үүднээс Өргөдлийн байнгын хорооноос санаачлан Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн банктай хамтран ажиллах Гурван талт менежментийн гэрээ-г байгуулж, баригдаж дуусаагүй, гацаанд байсан барилгын ажлуудыг эрчимжүүллээ. Мөн УИХ-аас түрээсийн орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 гаруй тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэн баталсан. УИХ-аас анх удаа ипотекийн зээлийн журамд инженерийн дэд бүтцээ шийдсэн 120м.кв хүртэлх талбайтай гэр хорооллын амины орон сууцанд ипотекийн зээл олгох асуудлыг шийдвэрлэсэн гээд 2020 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэхэд иргэдийн орон сууцжуулах асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд энэхүү хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. 2018 оны байдлаар Улаанбаатар хотод 380 гаруй мянган өрх амьдарч байгаагаас 43 хувь нь орон сууцанд, 57 хувь нь гэр хороололд амьдарч байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2016 оноос хойш нийт 700 гаруй иргэдээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлжээ. Өнгөрөгч 07 дугаар сард Нийслэлийн орон сууцны корпорацын зохион байгуулсан 972 айлын энгийн болон түрээслээд өмчлөх байрны цахим бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан нь орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн эрэлт өндөр байгааг харуулж байгаа юм. Гэтэл 2020 оны улсын төсөвт түрээсийн орон сууцны санхүүжилтэд зориулж 60 тэрбум төгрөг төсөвлөсөн нь өнгөрсөн жилийнхээс даруй 2 дахин бага байгаад хэлэлцүүлэгт оролцогчид шүүмжлэлтэй хандаж байсан юм. Нийслэлийн орон сууцны корпорацаас 580 айлын орон сууцыг энгийн болон түрээслээд өмчлөх хэлбэрээр 8 зорилтот бүлгийн хүрээнд цахим бүртгэл явуулсан. Нийт бүртгүүлсэн иргэдийн 87.8 хувь нь түрээслээд өмчлөх, 12.2 хувь нь энгийн түрээсийн хэлбэрийг сонгосон байжээ. Хоёр долоо хоногийн хугацаанд 35 гаруй мянган иргэн бүртгүүлснээс эхний шатны шалгаруулалтад 580 иргэн тэнцэж, цаасаар материалаа өгчээ. Үүнээс одоогийн байдлаар 130 иргэн хугацаандаа материалаа өгөөгүй, цахимаар бүртгэлийн баримтаа нотолж чадаагүй гэх үндэслэлээр хасагджээ. Хэлэлцүүлэгт оролцсон төрийн бус байгууллага, иргэд цахим бүртгэл учир дутагдалтай, шударга явагдсан эсэхэд эргэлзсэн, бөглөж байгаа асуумж нь тухайн иргэнийг бүрэн илэрхийлэх боломжгүй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квот хангалтгүй, шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн эрэмбэлсэн нь тодорхойгүй байсан талаар асуулт асууж, өөрсдийн байр суурийг илэрхийлж байсан юм. Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн дэд захирал С.Дорждэрэм хариулахдаа, Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн анх удаа явуулсан. Ялангуяа цахим бүртгэлийн асуумж дээр голлон дүгнэлт хийж байна. Цаашид илүү сайжруулна. Харьцангуй хүндрэл, чирэгдэл багатай болсон гэж үзэж байгаа. Засаж, сайжруулах ялангуяа зорилтот бүлгийн ангилал дээр анхаарах зүйлс бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ жил 5 хувийн квот байгаа. Дараа дараагийн орон сууцанд нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана гэлээ. Харин цахим бүртгэлийн явцад хууль зөрчсөн үйлдэл гарсан эсэх талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн хариулт өгсөн юм. Тэрбээр, Өнгөрсөн наймдугаар сард Нийслэлийн Засаг даргад манай байгууллагаас зөвлөмж хүргүүлсэн. Энэ дагуу тодорхой ажлууд эхэлсэн. Ялангуяа түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ өгсөн иргэдийг цахимаар бүртгэх, эрэмбэлэх ажил хийгдсэн. Одоогийн байдлаар Авлигатай тэмцэх газар дээр шалгагдаж байгаа хэрэг байхгүй. Өмнө нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу холбогдох шалгалтуудыг хийж, албан тушаалтантай холбоотой асуудал тогтоогдоогүй учраас харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Эдгээр нь иргэд албан тушаалтны нэрийг барьж, залилсан үйлдлүүд байсан. Цаашид ийм асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх бодитой ажлууд хийх шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Мөн ил тод, нээлттэй байдлыг хангаж, аль болох хүний оролцоог багасгах тал дээр анхаарах хэрэгтэй. Зохих түвшинд программ хангамжийг сайжруулах, асуумж дээр байгаа бусад гэдэг хувилбарыг хасаж, илүү нарийвчилсан асуултуудыг оруулахыг зөвлөж байгаа гэв. Мөн хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн нэг асуудал нь өмнөх Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдсан иргэд орон сууцаа өмчлөх эрхтэй болох боломжийн талаар болон түрээсийн орон сууцны чанар стандартыг асуудал байлаа. Улсын комисс барилгыг хүлээж авахдаа хариуцлагатай хандаж, стандартын шаардлагыг нарийн шалгах хэрэгтэйг албаны хүмүүс хэлсэн. Харин түрээсийн орон сууцаа худалдаж авах гэрээг нэг ч иргэн хийгээгүй байна. Түрээсийн гэрээнээс дамжуулаад худалдаж авах гэрээнд шилжсэн өдрөөс эхлэн 5 жилийн хугацаанд төлбөрөө хэрхэн төлөх асуудал яригдаж эхэлнэ гэдгийг Төрийн орон сууцны корпорац ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй хэллээ. Иргэдийн зүгээс цаашид орон сууцжуулах асуудлыг зөвхөн төсвийн эх үүсвэрийг хүлээгээд суух биш нийгмийн даатгалын шимтгэлийн орон сууцны урьдчилгаа төлбөрт ашигладаг Сингапурын туршлагыг нэвтрүүлж, хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх саналыг гаргаж байсан юм. Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд улсын хэмжээнд 3054 орон сууц байна. Ирэх хоёр жилийн хугацаанд Яармаг (Солонго 1, 2 хороолол), Найрамдлын зам (Баянголын ам төсөл), Ногоон нуур гэсэн гурван газарт 8000 айлын орон сууцыг барих асуудал шийдэгджээ. Орон сууц барих асуудалд хамгийн их хүндрэл үүсгэдэг нь газар. Тухайлбал, Ногоон нуурт түрээсийн орон сууц барих 5 га газрыг чөлөөлсөн ч газраа чөлөөлөхгүй, дуртай үнэ хэлээд суудаг гурван айлаас болж барилгын ажил саатах эрсдэлтэй байгаа. Төрөөс асар их мөнгө зарцуулж барилга барьдаг. Дийлэнх зардал нь газар чөлөөлөхөд зарцуулагдаж байгааг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар хэлсэн. Цаашид ипотекийн зээл, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг бодлогын түвшинд зохицуулж, Орон сууцны тухай хуулийг шинэчлэх, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах шаардлагатайг ч албаны хүмүүс хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулсан байдал, цаашид авах арга хэмжээ-ний талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэсэн зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлнэ. УИХ-аас түрээсийн орон сууцтай холбоотой асуудлыг дахин хэлэлцэнэ гэдгээ УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулснаар хэлэлцүүлэг өндөрлөлөө. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

"Sunshine village" хотхоны гүний худаг болоод усан бассейнаас гэдэсний бүлгийн савханцар илэрсэн

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Саншайнь Виллаж комплекс ХХК-иас ирүүлсэн Саншайнь виллаж хотхоны спорт цогцолборын усан бассейны усыг шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийн дагуу 2019.09.16-ны өдөр эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр лабораторийн шинжилгээтэй хяналт хийлээ. Шалгалтын үеэр усан бассейн болон гүний худгийн уснаас2 дээж авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжилгээнд хамруулсан. Лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн сорилтын дүнгээр тухайн өдрийн шинжлэгдсэн үзүүлэлтээр гүний худгийн ус нь нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1 мл-т 54-өөр их, усан бассейны усанд /100мл-т/ халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 14, гэдэсний бүлгийн савханцар 6 илэрсэн. Иймд 10 дугаар сарын 10-ны өдөр тус хотхоны 4 цэгээс дахин давтан шинжилгээ авч, НМХГ-ын Төв лабораторид шинжилгээнд хамруулахад гүний худгийн ус нь нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1 мл-т 110-175-аар их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар E.coli 100мл-т 25-45 илэрсэн. Мөн Спорт цогцолборын усан бассейны усанд хийсэн нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр /100мл-т/ халуунд тэсвэртэй гэдэсний савханцар E.coli 2 илэрсэн нь зохих стандартыг хангахгүй байна. Иймд лабораторийн сорилтын дүнг үндэслэн улсын ахлах байцаагчийн 2 дүгнэлт үйлдэн Саншайнь виллаж комплекс ХХК болон Голд компас Орон сууц ашиглалтын албанд тус тус хүргүүллээ. Голд компас Орон сууц ашиглалтын албанаас гүний худгийн ус нөөцлөх 2 савыг мэргэжлийн байгууллагаар горимын дагуу угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийлгэж, халдваргүйжүүлэлтийн үр дүнг хянах зорилгоор лабораторийн шинжилгээтэй хяналтыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хийж, 20 арчдас авч, шинжилгээнд хамруулсан. Лабораторийн шинжилгээний дүн гараагүй байна. Улсын ахлах байцаагчийн дүгнэлтүүдийг үндэслэн Саншайнь виллаж комплекс ХХК, Голд компас Орон сууц ашиглалтын алба, Ус Сувгийн удирдах газар хамтран ажилласнаар тус хотхоны ундны усны шугамыг төвлөрсөн ус хангамжийн нэгдсэн системд холбуулан хэвийн үйл ажиллагааг хангууллаа.

Сайжруулсан түлш, зуух нэвтрүүлэх нь богино хугацааны шийдэл мөн гэж НҮБХХ үзжээ

Сайжруулсан түлш, зуухыг нэвтрүүлэхийн зэрэгцээ орон байр дулаалах, орон сууцжуулах шийдлийг хамт хэрэгжүүлэх нь богино болон дунд хугацааны бодлогын чухал хэсэг. Урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах туршилтын төсөл, хувилбаруудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр үзсэн байна. Дэлхийн банк болон Жайка байгууллагын хийсэн судалгаанд сайжруулсан зуух нь эрчим хүчний урт хугацааны өөр оновчтой шийдэл олтол агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж байгааг онцолжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд НҮБ-ын ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд оролцох үеэрээ НҮБХХ-ийн захирагч А.Штайнертай уулзсан. Энэ үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж, бодлогын зөвлөмж, туслалцаа үзүүлнэ гэдгээ А.Штайнер илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Гадаад харилцааны яам агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2017 оноос хойш НҮБ, НҮБХХ, Хүүхдийн сан зэрэг байгууллагатай нягт хамтран ажиллаж байна. Тухайлбал сайд Д.Цогтбаатар 2017 оны 11 дүгээр сард НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Б.Транкманыг хүлээн авч уулзахдаа харилцаа, хамтын ажиллагаагаа агаарын бохирдлыг бууруулахад чиглүүлэх хүсэлт тавьж байжээ. Мөн өнгөрсөн онд НҮБХХ-ийн захирагчтай уулзан энэ талаар хөндөж, дэмжлэг авах боломжийг эрэлхийлж байв. Түүнчлэн өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзахдаа дэмжлэг үзүүлэхийг хүсч байжээ. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.