Нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, З.Баянсэлэнгэ, Р.Бурмаа нар өнөөдөр /2015.08.11/ хэвлэлийн хурал хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг хэвлэлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 3 жил хэлэлцэгдэж байж энэ оны 07 дугаар сард УИХ-аар батлагдсан. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд энэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх бэлтгэл ажилд хяналт тавин ажиллаж байна. Тухайлбал, хууль хэрэгжихэд хамгийн чухал шийдвэрлэх асуудал бол улсаас олгох дэмжлэгийн мөнгийг төсөвт суулгах бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны багцад хүүхэд харах үйлчилгээнд зориулан 50 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд ажиллаж байна гэв. Мөн түүнчлэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжихтэй холбогдуулан энэ сарын сүүлээр хэлэлцүүлэг зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр олон зүйл илүү тодорхой болно гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл мэдээлэл хийх үеэр, орон нутагт Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаар мэдээлэл дутмаг байна. Энэ хуульд, Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан гэрчилгээ авсан байх ба 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна. Нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй. 3 иргэн хамтраад нэг дор 15 хүүхэд харж болно. Хүүхэд харах үйлчилгээний байранд өөр үйлчилгээ явуулахыг хориглох бөгөөд байрны стандартыг Засгийн газраас батална гэдэг заалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Мөн энэ хуулиар эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан ба нэг хүүхдэд ногдох тогтмол зардлыг улсын цэцэрлэгтэй адил байхаар тогтоосон болохыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа онцолж байсан бол Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ хэлэхдээ, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж дараа одоо байгаа цэцэрлэгийн гаднах талбайн хэмжээг зөв зохистой ашиглах горим уруу шилжих хэрэгтэй гэв.

Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж баталлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн /2015.08.11/ хуралдаанаараа Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцсэн юм. Харин Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш хуралдаж, Засгийн газраас энэ оны 7 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцэж баталлаа. Хууль зүйн байнгын хороо маргааш өглөө /2015.08.12/ хуралдаж Комисс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 Өршөөлийн хууль хэнд үйлчлэх бол...

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх томоохон хуулиудын нэг нь Өршөөлийн хууль. Энэ хуулийг хэлэлцэн баталснаар өдгөө ял эдэлж торны цаана хоригдож, шалгагдаж байгаа 3000 гаруй хүнийг өршөөх юм. Гэхдээ энэ нь дан ганц ялтан, хоригдол, шалгагдаж буй хүмүүст зориулсан гэхээсээ илүүтэй улстөрийн агуулгатай байх магадал өндөр гэдгийг улстөрийн хүрээнийхэн ярилцаж байна. Өнөөдрийн байдлаар улстөрийн гол хоёр хүчнээс ард түмэн залхаж, гуравдагчийг сонгох магадлал өдөр ирэх тусам өсөж байгаа. Ирэх сонгуульд тэд дангаараа ялалт байгуулах ямар ч боломжгүй гэдгийг мэдэрсэн жижиг намууд ч хүн хүчээ нэмж, олны анхаарлыг татахыг оролдох болсон нь нууц биш. Тэгвэл одоохондоо гуравдагч хүчин болоод буй МАХН-ыг өөртөө татах нь АН, МАН-ын хувьд маш чухал. Тэр дундаа бүх шатны сонгуульд ялалт байгуулсан ч өөрсдийн байгуулсан Засгийн газраар удаа дараа оролдсон АН-ынхан эрх барьж байгаагийн хувьд энэ удаа Н.Энхбаярыг ялгүй болгож, эвсэх замаар ирэх сонгуулийнхаа бэлтгэлийг хийж байгаа гэсэн хардлага төрж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Н.Энхбаяр сүүлийн үед Германд очиж, ирэх сонгуулийнхаа санхүүжилтийг босгож яваа тухай яригдах болсон. Түүний хувьд уучлал үзүүлсэн ч ял нь хэвээр байгаа. Энэ удаа Өршөөлийн хууль батлагдвал тэрбээр шууд л ялгүй болох бүрэн боломжтой юм. Тэгэхээр ирэх сонгуульд Н.Энхбаяр өрсөлдөх нь тодорхой болж байх шиг. Саяханы нэгэн тв-д УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ярилцлага өгөхдөө Төр энэрэнгүй байх ёстой. Өршөөлийн хууль бол өршөөлийн хууль байх ёстой. Заримд нь үйлчлээд заримд нь үйлчилдэггүй байж болохгүй хэмээн Өршөөлийн хуулийн төслийн талаар ярьж байсан. МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялгүй болгох нь АН-ын хувьд энэ удаад ашигтай. Тэгэхээр энэ удаагийн Өршөөлийн хууль нь санамсаргүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст гэсэн нэрийн дор улстөрийн зорилгоор гарах бололтой. Бие даагч С.Ганбаатар зэрэг гишүүд Төсвийн хөрөнгө завшсан нөхдүүдийг өршөөлд хамруулж болохгүй гэж байгаа ч хаалттай хэлэлцэж буй хуулийн төслийг улстөрчид улстөрийн ашиг сонирхлын үүднээс гаргах нь тодорхой юм. Дашрамд дуулгахад, Өршөөлийн хуулийг манай улс 1990 оноос хойш 5 удаа гаргасан байдаг. Хамгийн сүүлд 3271 хүн суллагдаж байснаас 2, 9 хувь нь насанд хүрээгүй, 4.8 хувь нь эмэгтэйчүүд гэсэн тоо байдаг байна. Мөн 2000-2010 онд суллагдсан 40 мянган гаруй хүнээс 19 мянга гаруй нь дахин гэмт хэрэг үйлдсэн байдаг ажээ.

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. Энэ бол хүүхэд хүмүүжүүлэх, хүнийг хүн болгох монгол ухаан. Өөрийн хийсэн үйлдэлдээ хариуцлагаа үүрч чаддаг болгох ийм нэгэн чамбай үг бий. Цагийг нь олоод, голыг нь хатгаад хэлэхэд МАН-д одоо л энэ үгийг хэлчихмээр санагдаад байх юм. Дээгүүрээ тэврэлдэж буй дүртэй доогуураа хөх няц болтол нь хамтарч байгаа намаа өшиглөж байсан тухай өчигдрийн чуулганы хуралдаан дээр АН-ын зарим гишүүд бодит баримттай нь ярьж байсан. Энэ бол монгол жудаг биш. Ийм дүр үзүүлсэн хоёр үзүүртэй зүү шиг зан гаргахад ямар ч монгол хүнд эрс шийдэмгий дургүйлхэх сэтгэл төрөх нь зүйн хэрэг. Найман сарын өмнөх найзын итгэл өвөрлөсөн хамтрах зөвшилцлийнхөө дагуу итгэл даагаад, энэ цаг үеийн сайн мууг хамтдаа үүрэлцээд, асуудлыг шийдэхийн төлөө МАН АН-тай гар нийлэн ажиллаж байсан бол өчигдрийн үйл явдал болох нь битгий хэл бодогдох ч үгүй байсан биз ээ. Тэгтэл хамтарч байгаа нэртэй ар хударгаар нь улстөрийн хутга-ыг жинхэнэ хийж явлаа. Наад захын жишээ л гэхэд 2015 оны хаврын чуулганы хугацаанд нийт 33 хууль хэлэлцэгдсэнээс 22 хууль дээр нь МАН-ын бүлгийн гишүүдийн 50-иас илүү хувь нь эсрэг кноп даран, асуудал унагаах талд ажиллажээ. Бүр цаашилбал, хамтарсан Засгийн газрын гишүүн сайд нараа дагуулан Бид хамтдаа гэсэн панаал нэртэй сүржин аянаа өрнүүлж явахдаа Ардчилсан намыг жинхэнэ муулж, улстөржиж явсан тухай мэдээлэл бий. Энэ цагийн залуусын хэлдгээр энэ чинь тэгээд ариун явдал уу? ч гэж асуумаар хэвлэлийн хурал, сонины ярилцлагууд олноороо гарч байсан. Энэ мэтчилэн найман сарын хугацаанд найзын дүртэй хорлогчин явсан фактуудыг нь тоочвоос үй олноороо цуврах нь тодорхой. Илтэд хуншгүй зан гаргасаар байгаад л МАН Засгийн газраас өөрөө ойчлоо. Нэгэнт өөрөө л ойчсон учраас араас нь уйлагнаж, элдэв гомдол тунирхал хэвлэл мэдээллээр АН-д, бас ард түмэн рүү шидлээд байх нь илүүц л харагдаад байгаа юм. АН хар машиндаа найдаж байгаа бол МАН ард түмэндээ итгэж байна гэж ирээд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үг хэлж байх юм. Уучлаарай, өнөөдөр бол 21 дүгээр зууны 2015 он, минут секундээр техник хөгжлийн хурд хэмжигдэж байгаа эрин үе. Бид тоо бодохдоо тооны машин найдваргүй, цаасан дээр өөрөө гараараа бодъё гэж байгаатай дээрх хэлсэн үг нь утга нэг биш гэж үү. Ард түмнийг аль эрт цагийн сэтгэлгээ, арга барилтай нь байлгах санаархал улс орноо хөгжүүлэх, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүний амнаас лав ийм үгээр илрэхгүй нь бүр хамгийн ойлгомжтой асуудал юм. Нэмээд нэг хачир оруулахад өчигдрийн үйл явдалтай зэрэгцээд МАН-ын шинэчлэлийн хороо гэгчээс нь өчигдөр мэдэгдэл гаргажээ. Удирдлагуудаа муулж, ажил унаж, асуудал өрнөж байхад та нар юу ч хийсэнгүй гэж дотроо хагаралгүй, фракцгүй гэж ам бардам, гуя шалдан хэлдэг намынхны доторх шүүмжлэл нь хэвлэл, сощиалаар нэг тархав. Мэдэгдэлдээ ойрын зайн гүйгчид гэдгээ ч хэнд ч тодорхой өгүүлсэн нь бидний гол зорилго бол сонгуульд ялах, том ялалт авах хэмээн бичсэнээс нь харагдана. Өөрөө унасан хүүхэд уйлахгүй нь зөв. Гоншигнохын оронд хүмүүжвэл хэтэд нь хэрэгтэй биз ээ.

Зургаан сайдыг  УИХ-ын гишүүдээс бүрдүүлэхийг үүрэгджээ

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганы нээлтийн ёслолын дараа намын бүлгүүд хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал болон Засгийн газрын зургаан гишүүний талаар байр сууриа нэгтгэсэн юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд өнөөдрийн хуралдаанаараа дараах гурван шийдвэрийг албан ёсоор гаргажээ. Нэгдүгээрт, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд болон Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэдэгт санал нэгдэв. Хоёрдугаарт, нөхөн томилох 6 сайдыг УИХ-ын гишүүдээс бүрдүүлэн УИХ-д санал оруулж ирэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт үүрэг болгов. Гуравдугаарт, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудыг бүлэг нэг байр суурьтайгаар дэмжинэ гэдгээ тохиролцсон байна. Мөн Бүлгийн шийдвэрийг эсэргүүцсэн болон эс оролцсон тохиолдол гарвал тухайн гишүүнд намын дүрмийн дагуу хариуцлага тооцохоор болсон байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.