МАН-ын бүлэг комисст оролцохгүйгээ мэдэгдэв

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатад Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт МАН-ын бүлэг оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн мэдэгдэл хүргүүллээ. Уг мэдэгдэлд Засгийн газраас санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл өмнө нь батлагдаж байсан жишгийн дагуу хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настай хоригдлын ял шийтгэлийг өршөөн хэлтрүүлэх, болгоомжгүй болон хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдийг ялаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай байсан. Энэ утгаар нь Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хуулийн төслийг анх дэмжиж, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхэд оролцож, санал бодлоо илэрхийлж байлаа. Гэтэл хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад АН-ын бүлэг, Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөлд хамруулж, өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй өргөн хүрээнд өршөөл үзүүлэхийг олонхиороо хүч түрэн батлах болсон. Тиймээс манай намын бүлэг уг хуулийн төслийг дэмжих боломжгүй болж, эцсийн хэлэлцүүлэгт оролцоогүй билээ. Хууль бусаар хөрөнгөжсөн, ард түмний хөрөнгийг шамшигдуулсан, авлигач албан тушаалтнуудыг өөгшүүлсэн, эрүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлсэн, ял шийтгэлийн төрийн бодлогыг алдагдуулсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах байгууллагын үйл ажиллагааг үгүйсгэсэн, гэмт хэргийн хохирогч болон тэдний ар гэрийн эгдүүцэл эсэргүүцлийг төрүүлсэн, нийгэм, олон нийтийн бухимдлыг бий болгосон, шударга ёс, тэгш боломжийг алдагдуулсан, цаашид гарах өршөөлийн хуулиудад буруу жишиг тогтоосон хууль боллоо гэж МАН-ын бүлэг үзэж байна. Иймд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг хууль, шударга ёс, олон түмнийхээ эрх ашгийг эрхэмлэн уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисст оролцох боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Засгийн газарт тусалъя л гэж бодож ирсэн

МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сарын 12-ны 23.30 минутад буюу өчигдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, эх орондоо ирлээ. Тэрбээр Өршөөлийн тухай хуульд хамрагдсан тул УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөж, албан тушаал хаших эрх нь нээгдэж, улс төрд эргэн ирэх боломж бүрдээд байгаа аж. Түүнийг эх орондоо ирэх үеэр сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авсан юм. -Сайн явж ирэв үү. Таны бие сайн уу, эмчилгээгээ хийлгэж байгаа юу? -Сайн явж ирлээ. Бие сайн, гайгүйдээ. -Эх орондоо хэд хоногоор ирсэн бэ? -Одоогоор тэд хоногоор ирлээ гэж хэлж чадахааргүй байна. Та бүхэн өөрсдөө сайн мэдэж байгаа байх. Төр засгийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр өөрчлөлт орж байна. Ардын нам, Ардчилсан нам хамтарч ажиллаж байгаад Ардын нам энэ Засгийн газраас гарсан байгаа. Тэгэхээр МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл Ардчилсан намтай хамтраад Засгийн газрын суларсан орон тоон дээр нь боловсон хүчний бодлогоо хэрэгжүүлэх шаардлага гарч ирж байна. Энэ ажилд бид аль болохоор тус дэмжлэг үзүүлэх юмсан гэж бодож байна. Ер нь Шударга ёс эвсэл 2012 оноос хойш л төр засгийг тогтвортой байлгах, үүнд нь ямар нэг байдлаар гацаа гарвал түүнийг нь арилгах үүргийг гүйцэтгэж ирсэн. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн учир эвслийн тэргүүний хувьд энэ асуудлыг ярилцаж, хэлэлцэхэд ирэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, намайг ирээч ээ гэсэн. Миний хувьд энэ асуудлыг ерөнхийд нь мэдэж байгаа. Улс оронд өнөөдөр амаргүй нөхцөл байдал, мөчлөг бий болсон байна. Үүнд миний тус хэрэг байдаг юм бол тусалъя. Төр засгийг ч тогтвортой, ирээдүйгээ харсан болгох гэж л ирж байна даа. Ард түмнийхээ дуу хоолойг сонсоё, монголоор ярья, Монголынхоо агаарыг амьсгалж, усаа уух гэж ирлээ. -Таныг эх орондоо ирэхээс өмнө УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг баталсан. Уг хуулийн дагуу та өршөөлд хамрагдахаар байгаа шүү дээ? -Их хурлаар хаалттай хэлэлцсэн асуудал гэж би ойлгож байгаа. Тийм учраас дотор нь нарийн ширийн юу болсон, юу яригдсан гэдгийг мэдэхгүй шүү дээ. Энэ талаар та нар сайн мэдэхгүй байхад, хол Солонгост эмчлүүлж байгаа би амархан мэдчихэж чадахгүй. Гэхдээ ямар ч байсан Өршөөлийн тухай хуулийг хаалттай хэлэлцэж, баталсан гэж ойлгосон. Хамгийн гол нь төр өөрөө өршөөх, суллах эрхийг эдэлдэг. Энэ анх удаа хийж байгаа ч ажил биш. Намайг Ерөнхийлөгчөөр, УИХ-ын дарга, Засгийн газарт ажиллаж байхад ийм хуулиудыг нэг бус удаа өргөн барьж байсан. Төр хийх ёстой ажлаа хийж байгаа болов уу гэж бодож байна. -Засгийн газрын шинэ сайд нарын асуудлыг ярьж байгаатай зэрэгцэн таныг Шадар сайд болох нь гэсэн мэдээлэл байна? -Надад ямар нэгэн албан тушаал огт сонин биш. Би албан тушаал хөөцөлдөж байсан бол тэр чиглэлээр санаа бодлоо илэрхийлчих байсан. Тиймээс надад албан тушаал хэрэггүй. Харин хүнд хэцүү нөхцөлд орчихсон байгаа жирийн иргэн ч бай, Засгийн газар ч бай түүнд тусалъя л гэж бодож ирсэн. Туршлагаасаа хуваалцая, дэмжиж тусалъя л гэж бодсон. Миний санал үнэтэй цэнтэй байх юм бол авч хэрэгжүүлэх байх аа л гэж бодож байна. -Шинэ сайд нарын асуудлыг нам дотроо ярилцаж тохиролцсон уу? -Сайд нарын асуудал тодорхой болоогүй байна. Энэ асуудлаар сайн ярилцаж чадаагүй учир манай нөхөд та ирээч гэсэн. Хэлснийх нь дагуу би энэ ажилд нь туслахаар ирсэн. Засгийн газрын шинэ томилгооны асуудал шахуу хугацаанд яригдаж байгаа учир ямар туслалцаа шаардлага байна тэр талаар л ажиллана гэж бодож байна. -Таныг өмнө нь эх орондоо ирээд явсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар унасан. Үүнийг тантай холбон тайлбарлах нь бий. Дараа нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж, Ардын намтай хамтарч Засгийн газар байгуулсан ч, үр дүнгээ өгсөнгүй. Улс төрийн энэ байдлыг та юу гэж дүгнэж байна вэ? -Би вэб сайтаар орж, зарим хүнтэй утсаар ярьж мэдээлэл авсан. Тэгэхдээ хэн нэгэн хүнийг муулаад, тэрнээс болоод гэх зэргээр ярих хүсэлгүй байна. Н.Энхбаяраас болоод Засгийн газар унадаг гэж ярих нь өрөөсгөл байх. Ардын нам Засгийн газарт ороод ирчихэж гэж бодоогүй, гараад явсныг нь ч гараад явчихлаа гэж бодоогүй. Тийм учраас надаас шалтгаалж хэн нэгэн Засгийн газарт орж, гарч байгаа асуудал байхгүй. Манай эвсэл 2012 онд л орсон. Тэр үерхэлдээ л үнэнч хэвээрээ байгаа. Мэдээж гол ачааг Ардчилсан нам үүрч байгаа. Гэсэн хэдий ч өнцөг булангаас нь барьж яваа бид барьсан шиг барихгүй бол ачаа үүрч яваа хүнд хэцүү л дээ. Тиймээс Засгийн газар тэрнээс болж уначихлаа гэж ярихын оронд Монгол Улсаа яаж Солонгос, Хятад, Оросоос дутуугүй хөгжүүлэх вэ гэдгийг бодож байна. -Өршөөлийн тухай хуульд та хамрагдаж, өршөөгдвөл эх орондоо амьдрах уу? -Эмчилгээнээс шалтгаалж байгаа. Мэдээж хэрэг эмнэлгийн хяналтад байгаа учир очиж үзүүлэх цаг хугацааны график гарчихсан байгаа. Эмч нартайгаа холбогдоод л эмчилгээгээ үргэлжлүүлнэ. Ус, агаар, дуу хуур, Монгол хүний нүүр царай миний хувьд их тус болно гэж бодож байна. -Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, манай улс руу гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх боломж хомс байгаа. Ийм учраас төсвөө танах бодлогыг Засгийн газрын зүгээс явуулж байна. Эдийн засаг хүндрэлтэй байдлаас гарах гарцыг та хэрхэн харж байна вэ? -Гарц мэдээж бий. Хамт сууж байгаад эрж хайвал гарц гарна. Үүнд миний санаа бодол хэрэг болбол би баярлана. Түүнээс биш саад болох юм бол би түүнийгээ зүтгүүлээд хүмүүсийн ажил төрөлд саад болох хүсэлгүй. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд өөрийн эрхгүй зовдог юм билээ. Их юм бодогддог юм билээ. Хэлэх юм их байна. Гэхдээ хийх хүмүүс нь үүнийг хүлээж аваад миний санаа бодол зөв гэж үзэх юм бол ард түмнийг амар амгалан сайхан амьдруулах бололцоо төр засагт байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа. -Олон нийтийн сонирхдог нэг асуултыг асуух гэсэн юм. МАХН, МАН-тай хамтрах уу. Хэрэв ийм асуудал яригдвал та хэрхэн хүлээж авах вэ? -Тэр талаар ярилцсан. Гэхдээ тэр ажиллаж чадаагүй, энэ хийж чадаагүй гэхчлэн бусдыг хэлмээргүй байна. Бас намайг ирээд явахаар уначихдаг Засгийн газар гэж хаа байсан юм бэ. Ардын нам Засгийн газарт орохыг ч би мэдээгүй. Тийм учраас надаас шалтгаалж хэн нэгэн унадаг, огцордог гэвэл худал. Манай Шударга ёс эвсэл 2012 онд засагт хамтарсан, өнөөдөр ч тэр үерхэлдээ үнэнч хэвээр байгаа. Цаашид ажиллана. Мэдээж хамтарсны хувьд бас нэг гол ачааг үүрч байгаа. Гэхдээ жолоогоо дутуу бариад байвал үүрсэн ачаагаа даахад амаргүй. Бид тэрнээс болж Засгийн газар уначихлаа, үүнээс болж ингэчихлээ гэж ярихаас илүү ард түмнээ яаж сайхан амьдруулах вэ, улс орноо яаж хөгжүүлэх вэ гэж бодох ёстой, тэрийгээ хамтраад ярьдаг байх ёстой, нэгдээд зүтгэдэг байх хэрэгтэй. Хятад, Орос болон бусад улс орнууд ард түмнээ яаж сайхан амьдруулж, улс орноо хэрхэн хөгжүүлж байна гэдгийг харах хэрэгтэй. Казахстан улсын жишээ гэхэд л сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж нэг хүнд ногдох ДНБ нь 24 000 ам.доллар болж, дэлхийн шилдэг 45 орны жагсаалтад орж өндөр хөгжилтэй баян чинээлэг улсын нэг боллоо. Монголд ч гэсэн өөрийн зам байгаа байх. Улс орноо, хүн ардаа хөгжүүлэхийн төлөө би сүүлийн жилүүдэд гурван 15-ын бодлого гэж ярьж байсныг та бүхэн санаж байгаа байх. Жил бүр эдийн засгаа 15 хувь өсгөөд байвал бид 15 жилийн дараа нэг хүнд 15 мянган ам.доллар ногддог улс орон болох нь ээ гэж би тухайн үед хэлж байсан. Бодоод байхад би тэр үед хэтэрхий даруу, хэтэрхий болгоомжтой хэлж байж. Түүнээс биш хурдан хөгжих бололцоо байгаа. Үүнийг би тийм ажил авчихсан гэдэг утгаар хэлж байгаа юм биш. Тийм бололцоо бий шүү, нөхдүүд ээ. Бүгдээрээ хамтаръя, зөвлөлдөе. Энэ зөвлөгөөнөөс гарсан үр дүнг та нар маань авч хэрэгжүүлээд яваач ээ. Улс орноо хүнд нөхцөл байдлаас гаргаж ажилла гэж хэлж байгаа юм. Миний зөвлөгөөг сонсох аваас би татгалзахгүй, зөвлөөд зогсохгүй хамтарч ажиллана. АН-ынхан маань манай Шударга ёс эвсэлтэй хамтарч ажиллаж байгаа учраас тэр нөхдүүдэд бас бодож, сэдэж байгаа зүйлүүд байж таарна. -Нууц биш бол маргааш /өнөөдөр/ та ямар ажлууд төлөвлөв? -Намынхантайгаа уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцоно. -Одоо асуултаа өөрчилж, таны сэтгэгдлийг сонсъё. Онгоцноос буугаад бороон дундуур алхахад, эх орондоо хөл тавихад танд ямар санагдаж байх юм? -Сайхан байлгүй яахав. Маш сайхан байна. Бороо орж, чийг үнэртээд. Нүүр тулаад уулзаж байгаа энэ монгол царайнууд, монголоороо ярьж байгаа маань гээд бүгд сайхан. Ер нь бол монгол хүний нүүр царай дандаа баяр баясгалантай, монгол хүн монгол хүнээ хүндэлсэн, бие биедээ талархсан, хэн хэнээ тэвэрч аваад сайн сайхныг хүсч баяр талархал, хүндлэлийг дэвшүүлсэн байгаасай гэж боддог. Энэ мөчид Монгол Улс Олимпийн аваргатай болчихоод бүгд хөгжилдөн хөөрч байсан, таних танихгүй хамаагүй бие биеэ тэвэрч аваад баяр хүргэж, хөөрч баясч байсан мөч яагаад ч юм бэ санаанд орж байна. Миний бие монголчуудыгаа дандаа тийм байгаасай гэж хүсдэг.

Авлига авсанаа хүлээн зөвшөөрвөл өршөөнө

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр УИХ-аас батлан гаргасан Эдийн засгийн ил тод байдлын болон Өршөөлийн хуулийн талаар сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ. Монгол Улс ардчилсан парламентын түүхэнд 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд Өршөөлийн хуулиудыг батлан гаргасан байгаа. Өршөөлийн хуулиуд гарснаар нийт долоон мянга гаруй хүн хорих ангиудаас суллагдсан. Хэрэг мөрдөн байцаах, хэрэг бүртгэлийн шатанд хэрэгсэхгүй болсон практик бас бий. Нийт өршөөгдсөн хүний 400 буюу 3-4 хувь нь давтан гэмт хэрэг үйлдэж, хэрэгт холбогдсон байдаг. Ер нь Монгол Улсын эрүүгийн түүхийг харахад 5-6 жилд нэг удаа томоохон ой, тэмдэглэлт баярыг тохиолдуулан гаргасан байдаг. Энэ удаа парламентат засаглалтай болсны, мөн ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан гаргалаа. Өршөөлд хамрагдсан гол зүйл анги нь хөнгөн болон хүндэвтэр хэрэг, мөн хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ялаар шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийн эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас хэлтрүүлэхээр тусгасан байгаа. Мөн хөнгөн, хүндэвтэр, зарим гэмт хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгохоор бас өршөөлийн хуульд оруулсан байгаа. Иргэний нийгмийн төлөөлөл болсон гишүүд бид Ц.Мөнхбаярын хэргийг өршөөлийн хуульд хамруулахад анхаарч нэлээд ажилласан. Ц.Мөнхбаярын үйлдсэн хэрэг бол терроризм биш, төрийн эсрэг гэмт хэрэг ч биш, байгаль орчныхоо төлөө тэмцлийн улмаас үйлдэгдсэн хэрэг. Гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж байдаг. Субъектив, объектив гэсэн хоёр талтай. Субъектив талаас нь харвал гэмт хэрэг биш гэж бид үзэж байгаа. Тиймээс Ц.Мөнхбаярыг Өршөөлийн хуульд хамруулах асуудлыг хөндөж тавьсан. Өөрөөр хэлбэл, хоёр зүйл ангийнх нь нэг буюу 177.1 нь өршөөлийн хуульд хамрагдана. Харин галт зэвсэг авч явсан гэдэг зүйл анги нь өршөөлд хамрагдахгүй. Эрүүгийн хуульд хөнгөн ял нь хүнд ялдаа багтаж явдаг. 177.1 гэсэн зүйл анги бол Ц.Мөнхбаярт оноосон хамгийн хүнд ял. Ц.Мөнхбаяр хэрэгт холбогдоод хоёр жил гаруй хоригдож байгаа. Энэ хугацааг нөгөө үлдэж буй хөнгөн зүйл ангийн хугацаатай харьцуулан авч үзээд хэзээнээс, хэрхэн өршөөхийг УИХ-аас байгуулагдсан комисс хянан шалгаж, шийдвэрлэнэ. Авлига, албан тушаалтнуудын хэргийн талаар иргэд их асууж байгаа. Авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд дараахь нөхцөлд өршөөлд хамрагдахаар заасан. Нэгдүгээрт, шүүхийн өмнө очоод гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ёстой. Би авлига авсан, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байна, намайг уучилж өгөөч гэж. Хоёрдугаарт, гэмт хэргийн замаар олсон орлого, эд хөрөнгөө улсын төсөв тушаах ёстой. Тушаана гэдгээ бичгээр, албан ёсоор шүүх, прокурорын өмнө илэрхийлэх ёстой. Ингэсэн тохиолдолд хөнгөн, хүндэвтэр шинжтэй авлига, албан тушаалын гэмт хэргээс хэлтрүүлэх бололцоо боломж бий. Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бол, мөн гэмт хэргийн улмаас олсон орлогоо улсад тушаагаагүй тохиолдолд шүүхээр ороод ялаа эдлээд явна

Нийт хоригдлын гуравны нэг орчим нь өршөөгдөнө

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Өршөөлийн хуулийн талаар өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж шийдвэрлэсэн. Нийт хоригдлын 80 гаруй хувь нь суллагдана гэсэн яриа байна. Хэдэн хоригдол Өршөөлийн хуульд хамрагдах вэ? -Хууль зүйн байнгын хорооны дэргэд хэдэн хоригдол суллагдах вэ гэдгийг тогтоох комисс байгуулагдаж байгаа. Энэ комисс нь хэд хэдэн дэд комисстой ажиллана. Хэрэгтэн нэг бүрийн хэргийн материалтай танилцаж, эцсийн тоог гаргана. Хууль зүйн яамнаас урьдчилсан судалгаа гаргасан. УИХ-ын ажлын хэсгийн судалгаа бас гарсан. Энэ хоёр судалгаа ойролцоо тоотой гарсан байгаа. Хурал дээр танилцуулснаар өлөвтэй байгаа. -Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын мөнгө шамшигдуулсан нь шүүхээр тогтоогдсон хүмүүс өршөөгдөх нь гэдэг асуудал яригдаж байгаа. Хууль зүйн яамнаас энэ талаар гаргасан судалгаа байсан уу? -Хуулийн хэлэлцүүлэг хаалттай явагдсан учраас бүх тоо баримтыг дэлгэх боломжгүй байна. Гэхдээ арав хүрэхгүй тооны хэргийн талаар танилцуулсан. Хуулийг хэрэгжүүлэх комисс нэг бүрчлэн аваад үзэхээр ямар зүйл ангитай, хэдэн хүн гарсан бэ гэдэг нь тодорхой болно. -Шалгагдаж буй хэргийн дундаас Л.Гансүх, Г.Дэнзэн нар суллагдана гэсэн яриа иргэдийн дунд байна. Мөнхбаярын хэрэг зандалчлах гэдгээр өршөөлд хамрагдахгүй юу? -Урд нь Өршөөлийн хуулийг гаргахдаа хүнд, онц хүнд хэргүүдийг хамруулахгүй гээд бөөнд нь хаачихдаг байсан. Энэ удаад тэгж хаалгүй, зүйлчлэлээр нь, зүйлчлэл дотор нь хүндрүүлсэн зүйл ангиар нь хаасан байгаа. Тодруулбал, зандалчлах гэдэг зүйлчлэл нь хаагдсан. Гэхдээ анх удаа үйлдсэн гэдэг ч юм уу, хөнгөрүүлэх бололцоотой зүйл анги нь өршөөлд хамрагдаж байгаа. Энэ утгаараа Мөнхбаяр өршөөлд хамрагдаж байгаа. -Эмэгтэйчүүдийн хорих ангид судалгаа хийгдсэн байсан. Залилангийн хэрэгтэй гэх мэт зүйлчлэлтэй хоригдлууд хамрагдах уу? -Өмнө нь хамрагдаж байгаагүй зүйл, ангиуд энэ удаагийн өршөөлд хамрагдаж байгаа. Тэр утгаараа эмэгтэйчүүдийн хорихоос олон хүн өршөөлд хамрагдана. Нэг харамсалтай зүйл нь, олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад байсны улмаас хүн амины хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд хамрагдахгүй. Энэ асуудлыг ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаан дээр нэлээд ярилцсан ч хууль зүйн гаргалгаа утгаараа болон одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиараа боломжгүй гэдэг хариултыг мэргэжлийн хүмүүс өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэл нь өш хонзонгийн сэдэл гэдэг утгаараа урд нь ял нь хүндэрч ногддог байсан. Энэ нь Өршөөлийн гэхээсээ илүү Эрүүгийн хуулийн гажиг. Эмэгтэй гишүүд цаашид Эрүүгийн шинэ хуулийг хэлэлцэхдээ гэр бүлийн хүчирхийллийг онцгойлон нарийвчилж оруулна, ял эдэлж буй эмэгтэйчүүдийн байдал дээрдэнэ гэдэг хүлээлтийн үүднээс энэ хуулийг дэмжсэн. -Шалгагдаж байгаа хэргүүд өршөөлд хамрагдах уу, өмнөх хуулиудад ийм жишиг байсан юм уу? -Өмнө нь гарсан бүх өршөөлийн хуульд шалгагдаж буй хэргүүдийг өршөөсөн байдаг. Зүйл ангиараа нийцэж байвал шалгагдаж байгаа болон шүүхийн шатанд байгаа, шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран хэрэгждэг уламжлалаа үргэлжүүлж хуульчилсан. -Шалгагдаж буй хичнээн хэргээс хэд нь өршөөгдөх вэ? -Шалгагдаж буй хэргийн статистик бидэнд байхгүй. Ямар байгууллага дээр ямар хэрэг шалгагдаж байна гэж авч үзээгүй. Ерөнхийд нь хэргийн зүйл заалтаар авч үзсэн байгаа. Тэгэхээр авлига, албан тушаалын зүйл заалт нь өршөөлд хамрагдаж байгаа учраас өршөөлд хамрагдана гэж үзэж байгаа. -УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн тохиролцоогоор Өршөөлийн хуулийг баталлаа гэх хардлага байна. Та үүнтэй санал нийлж байна уу? -Энэ удаагийн Өршөөлийн хууль байнгын ажиллагаатай парламенттай болсны 25 жилийн ойн дээр батлагдаж байгаа. Энэ 25 жилийн хугацаанд парламентаар баталсан хуулиуд дотроос хамгийн гол хууль нь Үндсэн хууль. Үндсэн хуульд цоо шинээр орсон хуулийн гол зарчим нь хүний эрхийг хамгаалах зарчим байдаг. Хүний эрхийг хамгаалах үүднээс хүний эрхийн зөрчил хамгийн их гарч байгаа зүйл заалтууд дээр онцгой анхаарсан зүйлүүд бий. Гаднаас нь харахад албан тушаалтнууд бие биеэ өршөөж байгаа мэт харагдаж байгаа боловч Хүний эрхийн үндэсний комиссын тайлангуудыг аваад үзвэл яг энэ чиглэлээр хүний эрх хамгийн ихээр зөрчигдсөн байдаг. Хоригдож, шалгагдаж буй хүмүүс нь онож цохсон улс төрийн зорилготой баривчилгаан дээр гомдлууд гаргадаг. Жишээлбэл, сүүлийн үед өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ татгалзах явдал гарч байна. Ийм зүйл аль ч ардчилсан оронд байх ёсгүй. Хэрэв өмгөөлөгч мөрдөн байцаах байгууллагын дарамтад ороод үйлчлүүлэгчээсээ татгалзаж байгаа бол тэр мөрдөн байцаалт хуудуутай явагдаж байгаагийн тод жишээ. Мөрдөн байцаах үйл ажиллагааны явцад гарч буй хүний эрхийн зөрчлийг багасгах үүдээс зөвшилцөлд хүрсэн.

Ерөнхийлөгч Өршөөлийн хуулинд хориг тавих уу

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг хаалттай горимоор хэлэлцэж баталсан. Энэхүү хууль хүчин төгөлдөр болсноор хорих ангид хоригдож байгаа хүмүүсийн 3000 орчимд нь үйлчилж, ял шийтгэл нь өршөөгдөж, 2000 орчим нь суллагдах юм. Энэ хуультай холбоотойгоор авилга, албан тушаалын хэрэгтэй нөхдүүд өршөөгдөх нь. Улс орны эдийн засагт хохирол учруулсан тэднийг өршөөлд хамруулж болохгүй гэж үзэх хэсэг нь бий. Тэгвэл энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр өөрийн фейсбүүк хуудсандаа УИХ-ын хаалттай хуралдаанаар Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Авлига авсан, албан тушаалаа урвуулсан хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн мөнгө хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, иргэдийг залилсан этгээдүүдийг өршөөх нь буруу. Мөн ийм гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэлээр шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг өршөөлд хамааруулж болохгүй. Өршөөлийн хуульд төрийн бодлого, зарчим тусах ёстой. Өмнөх алдаанаасаа авсан сургамжаа ч тусгах учиртай. Түүнээс бус хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд багтсан явцуу бүлэглэл, хууль завшихыг санаархагч, гэмт үйдлээ халхлахыг хичээгчид, тэдний гар хөл бологчид, хамсаатнуудын ил далд хуйвалдаан, хүсэл сонирхлын жагсаалт байж болохгүй. Ийм байдлыг улс орны бодлого тодорхойлогчид - УИХ-ын гишүүд өөгшүүлж урамшуулж болохгүй. Дээрхи үйлдлийг хүн бүр жигшиж, газар авахуулахгүй хориглож байх нь зөв. Монголын төр авлигачдын бус ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх хуультай. Түмэн олон ч сонор соргог, сэрэмжтэй байж хууль шударга ёсны талд хатуу зогсох нь Монголын хөгжил дэвшил, сайн сайханд хэрэгтэй гэжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.