Ерөнхий сайд намын даргадаа шаардлага хүргүүллээ

Засгийн газрын зургаан сайдыг огцруулах асуудал яригдаад буй. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдод ирэх сард эхлэх ээлжит бус чуулганы өмнө ҮЗХ-г хуралдуулах шаардлага хүргүүллээ. Уг шаардлагын дагуу ирэх даваа гарагт хуралдах ээлжит бус чуулганы өмнө Ардчилсан нам ҮЗХ-ныхоо ээлжит бус хурлыг хийж Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлцэнэ гэсэн үг юм. Ингээд Ерөнхий сайдын шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛД ТАНАА Шаардлага хүргүүлэх тухай Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос Улсын Их Хуралд суудалтай бусад намуудтай зөвшилцөн хамтарсан Засгийн газар байгуулан ажиллахыг даалгасны дагуу Ардчилсан намын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг миний бие Улсын Их Хуралд суудалтай АН, МАН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, ИЗНН-ын хамтарсан Засгийн газрын байгуулан улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө ажиллаж ирлээ. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл болон Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Ардчилсан нам, Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэн. Улс орны хөгжлийн энэ эгзэгтэй үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа миний бие Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, Ардчилсан намын бүх шатны удирдах байгууллагуудын шийдвэрийг хүндэтгэн ажиллаж ирсэн болно. Хамтарсан Засгийн газраас улс төрийн бусад намтай үргэлжлүүлэн хамтран ажиллахын тулд парламентын бүгд найрамдах улсын сонгодог жишиг болсон Гүйцэтгэх засгийн тэргүүн нь олонхийн буюу эрх баригч намын лидер, тэргүүн байх үндсэн зарчим хангагдах ёстой. Эдийн засаг, улс төрийн энэ торгон агшинд Улсын Их Хуралд хамгийн олон суудалтай Ардчилсан намын хувьд Гүйцэтгэх засгийн тэргүүн нь Ардчилсан намын даргын албыг хамт хашин улс орны өмнө тулгамдсан зорилтуудыг хэрэгжүүлж, улс төрийн бодлого, манлайллыг хослуулан гүйцэтгэх нь зүйтэй бөгөөд үүнийг зөвхөн төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Ерөнхий сайд, Улсын Их Хуралд суудалтай Ардчилсан намын төдийгүй Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, хөгжлийн язгуур үндэс шаардаж байна. Иймд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдааныг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы буюу 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн өмнө хуралдуулж өгөхийг Танаас шаардаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Ч.САЙХАНБИЛЭГ

 Татан буугдсан ЭЗХЯ-наас “PC” болж хувирсан “Бенц” гарч иржээ

Бөө бас согтуу сайд асан Н.Батбаярын ид шид татан буугдсан яамны ажилтнуудад нь халджээ. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг аргагүй үнэн бололтой. 2012 онд ЭЗХЯ шинээр байгуулагдсан даруйдаа 145 сая төгрөгөөр Мерседэс Бенц S 350 загварын тансаг ангилалын чамин унаа худалдан авчээ. Гэхдээ дарга нар нь ард түмний хөрөнгийг арвилан хэмнэнэ хэмээн ам тангаргаа өгч байж 2012 оны сонгуульд ялалт байгуулан гарч ирсэн тул төсвийн хөрөнгөөр тансагласандаа ихэд ичиж зовон нуухаар шийдэж. Нуух нуухдаа маш сайн нууж чадсан гэнэ. Гаалийн мэдүүлгээр ЭЗХЯ-ны нэр дээр 145 сая төгрөгийн үнэтэй тансаг ангилалын машин орж ирсэн нь батлагддаг ч яамны эд хөрөнгөний бүртгэлд нь байдаггүй гэнэ. Энэ нь ТӨХ-ны гайхшрал сэжгийг төрүүлж санхүүгийн шалгалт ороход нь зориуд захин олж өгөхийг гуйжээ. Хэдийгээр яамны граажид зөвхөн удирдлагад нь үйлчлэх хатуу хувиарьтай бенц зогсож байдаг ч эд хөрөнгөний бүртгэлийн машин, тээврийн хэрэгсэл гэсэн бүлгээс нь хайгаад олдодгүй байж. Гэсэн ч шалгагчид удтал хайсны эцэст яамны нягтлан бодох бүртгэлийн компьютер техник хэрэгсэл гэсэн хэсэгт 140 сая төгрөгний үнэтэй нэгэн пентиум -4 байгааг олж тогтоожээ. Эхлээд 140 сая төгрөгний үнэтэй компьютер бас байдгаа хэмээн гайхан ухаж төнхөж үзэхэд нөгөөх нь PC бус харин бенз байж таарсан гэнэ. Яамны дарга нар төсвийн мөнгөөр хэт их үнэтэй ганган машин авсанаа нарийн сайн нуухыг санхүүдээ үүрэгдсэн байж. Санхүүгийнхэн ч үүргийг сайн биелүүлж бөө сайдынхаа ид шидийн аргыг хэрэглэн бенз-ыг рс болгон хувиргаад эд хөрөнгөний бүртгэлдээ бүртгэжээ. Санаанд оромгүй газар тас нуусан тул тус яамны санхүүд хийсэн 2012-2013 оны бүх шалгалтаар илрээгүй байж байгаад саяхан л баригдсан гэнэ. WORD.MN

 НПГ-ын хэрэгсэхгүй болгосон С.Дэмбэрэлийн хэрэг гэдэг чинь энэ дээ…

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн өөрийн твиттер хуудаснаа дэлгэсэн 4 сая долларын шуугиан олон өнцгөөс тайлбарлагдаж байна. Түүний нэг нь АТГ-ын эрүүгийн хэрэг үүсгэсэн тодорхой хэргүүд УЕП-д очоод хэрэгсэхгүй болсон явдал юм. Ноднин хавар АТГ тэдгээр хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг олон нийтэд зарлахын өмнө прокурорын зүгээс гэх таамагтай шуурхай засвар орж зарим нэг нь хасагдсан гэдэг. Тэдгээр хэргүүдийн тоонд Алтан дорнод Монгол-ын захирал Т.Ганболдын нэр холбогдсон хэрэг байсан тухай яриа дэгдэж байсан. Харин ах нь болох УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч асан С.Дэмбэрэлийн хэрэг жагсаалтад орсон. Тэр нь эрхэм гишүүн албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон МҮХАҮТ-ийн нэр дээр олгогдсон газраас 5000м2 талбайг Дэлхийн худалдааны төв гэдэг ТББ-д олгосон хэрэг байсан. Тэрхүү ТББ нь авсан газраа зочид буудал бариад эхэлсэн агаад нууц ноёнтон нь Т.Ганболдыг гэх таамаг улстөрийхний дунд тархаж байсан. С.Дэмбэрэл гишүүний хэргийг АТГ мөрдөөд шилжүүлсэн боловч НПГ хэрэгсэхгүй болгожээ. Ер нь хэрэгсэхгүй болгосон хэргийн жагсаалт гаргах гэснээс болж АТГ, прокурор хоёр ширүүн маргалдаж байсан гэдэг. WORD.MN

 Д.Дондог буюу МАН-ынхан хэрхэн санал худалдаж авдаг вэ ?

УИХ-ын гишүүн асан Д.Дондог намдаа нэг суудал авчирч өгсөнийхөө төлөө арван жил хоригдох ял шийтгүүлсэн. Тэрээр 2008 онд тухайн үеийн МАХН-ын баян хүчирхэг фракцынхантай хамт Төв аймагт нэр дэвшсэн. Тэр үед намын бодлогоор нэр дэвшигчид нэг баг болон нэгдэж сонгуулийн сурталчилгаагаа хийсэн. Нэг баг тул мөнгөө хүртэл ижилхэн гаргасан. Гэсэн ч газрын наймаагаар хөлжсөн бусдынхаа дэргэд багш мэргэжилтэй Д.Дондогд бэлэн гаргачих хөрөнгө мөнгө байсангүй. Сонгуулийн сурталчилгааны зардал түүний шүдний өвчин нь байжээ. Бүр нэр дэвших эрх авахын тулд намдаа төлөх хорин сая төгрөгийг арай гэж төлсөн түүнд сонгуулийн бүрэн зардлыг гаргах нь бараг боломжгүй шахам байж. Харин туслах Д.Сайнбаяр нь мөнгө олж ирсэнийг 2008 оны сонгуульд хэрхэн зарцуулсныг сонсгоё. Мөрдөн байцаалтаар туслах нь 243 мянган доллар, Д.Дондог гишүүн гар дээрээ 150 сая төгрөг авсан нь тогтоогдож. Гишүүн асан 150 сая төгрөгөө дараахь байдлаар сонгуульдаа зарцуулжээ. Эхлээд нэр дэвших эрхийн хорин сая төгрөгөө намдаа тушаан Төв аймагт өрсөлдөхөөр болсон. 32 саяар нэрийн хуудас, зурагт хуудас, сонгуулийн сурталчилгааны материал зэргээ хэвлүүлжээ. Олон үйлдэлтэй Xerox маркийн принтерийг 36 ширхэгийг 9,2 саяар худалдан авч сум болгонд тарааж. Бүх сумын МАН-ын хороонд иж бүрэн компьютерийг нэг цагаан хооолойн хамт бэлэглээд намын үүр бүрд унааны мөнгө хэмээн 200 мянгыг өгчээ. Эрдэнэсант сумын ЗДТГ-д канон, принтер, зурагт, цахилгаан үүсгүүрийг 300 мянган төгрөгтэй хамт хандивлаж. Хэд хэдэн хүнд иж бүрэн гэр өгч. Ухуулагч нараа 200-450 мянгаар цалинжуулан ажиллуулжээ. Сонгуулийн штабын тайлангаар Д.Дондог сурталчилгаандаа 50 сая төгрөг зарцуулсан гэж гарсан ч ерөнхий менежер нь данснаас гадуур бараг 100 сая төгрөг зарцуулагдсан хэмээн мөрдөн байцаалтанд мэдүүлжээ. Тэр бүх мөнгийг Д.Сайнбаяр гаргаж байж. Сонгуулийн өмнөхөн тэрээр хоёр жийп машин хөлөглөн Төв аймгийн бүх сумыг тойрч Дондог гишүүнээ дэмжээрэй хэмээн мөнгө тараажээ. Айл бүрд өрхийн гишүүний тоогоор 10 мянгыг өгсөн бол АН-ын дэмжигч нарт бүр 20 мянгыг өгч байсан гэнэ. Жаргалант сумын бүх өрхөд мөнгө тараасан нь батлагдаж. Лүн суманд өндөрлөг зохион иргэдийг нь хооллож ундлахад таван сая төгрөг болж. Аймгийн төвийн нэг дэлгүүрээс л гэхэд сонгууль дуустал нийтдээ таван сая төгрөгийн архи, пиво худалдан авсан гэсэн тооцоо гарчээ. Бензин шатахууны мөнгө ч бүр талийж өгчээ. Тэр бүхнийг Д.Сайнбаяр бэлнээр өгдөг байсан агаад сонгуулийн штабын тайланд мэдээж орсонгүй. Ерөнхийдөө сонгогчдыг мөнгөөр татах, идэж уулгах, сөрөг мэдээлэл тараах зэрэг бохир ажлыг нь хийн маш их мөнгө зарцуулсан гэнэ. Хэдийгээр Д.Дондог сонгуульд ялсан ч газраа бүтээж чадахгүй байсаар туслах нь баривчлагдаж. Нөхрөө баригдангуут уурлаж бухимдсан эхнэр нь гишүүнтэй гал дөлтэй уулзахад Д.Дондог би Сайнбаяраас ердөө 55 сая төгрөг л авсан, харин нөхөр чинь дур мэдэн их мөнгө зарцуулсан хэмээн бухаж тэр хоёр хэрэлджээ. Д.Сайнбаяр баригдахаасаа өмнө сонгуульд нь 500 сая төгрөг өгсөн гэж эхнэрдээ ярьж байжээ. Эхлээд нэр дэвших эрхийн 20 саяыг нь олж өгч, дараа нь 90, 15 сая гэх мэтээр олон удаа мөнгө өгсөнийг гишүүн нэлээд эсэргүүцэж үгүйсгэний эцэст арга буюу хүлээн зөвшөөрсөн хэмээн эхнэр нь шүүх хуралд мэдүүлсэн гэнэ. Мөн Д.Дондог гишүүн нөхөр лүү маань өдөр шөнөгүй утасдаж мөнгө олоод ир, болохоо байлаа хэмээн шахаж шаарддаг байсан гэж гомдоллосон аж. Д.Сайнбаяр арга ядахдаа найз нараасаа хүртэл мөнгө зээлж, заримдаа өөрөөсөө мөнгө гарган даргадаа аваачиж өгдөг байжээ. Д.Дондог хэрэг мандангуут бүх хөрөнгөө шавхан байж 150 саяын өрөө даржээ. Сүүлдээ дүүгийнхээ машиныг хүртэл булаах шахан авч өрөндөө өгсөн гэнэ. WORD.MN

 УИХ-ын гишүүн С.Баярцогт Швейцарийн банкинд нэг сая ам.долларын хадгаламжтайг дэлхийн хэвлэл зарлалаа

Дэлхийн эдийн засаг хямарч, банк санхүүгийн байгууллага дампуурч байгаа өнөө үед хилийн чанадад мөнгөө нуудаг эрхмүүдийг илчлэхээр болжээ. Мэйжор Бритиш файнэншиал индастри болон Олон улсын эрэн сурвалжлах холбоо хамтран гадаадад мөнгө, компаниа байршуулсан эрх мэдэлтнүүдийн санхүүгийн мэдээллийг ирэх долоо хоногт дэлгэх гэж байна. Хоёр сая гаруй шуудан, бусад баримтуудад үндэслэсэн энэхүү шуугиант мэдээлэлд гадаадын ерөнхийлөгчид төдийгүй Монголын улс төрчийн нууц мөнгөний тухай мэдээлэл цацагдах болсон нь анхаарал татлаа. Санхүүгийн мэдээллээ нуусан олигархиуд Их Британийн Бритиш Виржин Айланд-ын банкуудад данс эзэмшиж, тус газарт компаниудаа байгуулжээ. Тус аралд эрдэнэсээ нуусан баячууд АНУ, Энэтхэг, Пакистан, Индонез, Иран, Хятад, Тайланд болон өмнө нь коммунист дэглэмтэй байсан орнуудын эрх мэдэлтнүүд аж. Энэхүү мэдээлэл нь дэлхийн олон баячуудын итгэл найдварыг устгаж мэдэх юм хэмээн зохион байгуулагчид хэлж байна. Гадаадын томчуудтай хамт санхүүгийн нууц мэдээлэл нь илчлэгдэх Монголын эрхэм бол УИХ-ын гишүүн С.Баярцогт. Монголын томоохон улс төрчдийн нэг С.Баярцогт Швейцарийн банк дахь нууц данс болон хилийн чанад дахь компанийнх нь тухай нотолгоо ил гарвал албан тушаалаа өгөх эсэхээ бодож үзнэ гэж хэллээ хэмээн Guardian бичжээ. Тэрбээр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн холбооныхонд хилийн чанад дахь өмчийнх нь мэдээллийг илчлэхээ хэлэхэд нь Би нууц данс нээлгэх хэрэггүй байж. Найзууд минь санал болгосон юм. Би бүх эзэмшдэг компаниа мэдүүлсэн байх ёстой. Би нэр хүнддээ санаа зовохгүй байна. Харин гэр бүлдээ санаа зовж байна. Магадгүй албан тушаалаа өгөх талаар бодох байх гэжээ. Харин Business insider Монголын УИХ-ын гишүүн С.Баярцогт Би хөрөнгийнхөө талаар мэдүүлээгүй нь алдаа боллоо хэмээн хэлсэн гэв. С.Баярцогт Сангийн сайд байх үедээ буюу 2008-2012 оны хооронд Швейцарийн банкинд данс нээлгэжээ. Түүний дансанд нэг сая ам.доллар хадгалагдаж байна. Мөн 2008 оны тавдугаар сард Британид Legend Plus Capital Ltd компани эзэмших болжээ. Тэрбээр дансанд дахь мөнгө нь бүгд түүнийх биш бөгөөд 200 мянга нь гэр бүлийнх, 800 мянга нь гурван найзынх нь /нэрийг нь нууцалсан/ гэжээ. С.Баярцогтоос гадна дараах баячуудын мэдээлэл ирэх долоо хоногт цацагдана. Үүнд: Жейн Жакуйс Аугер- Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын 2012 оны сонгуулийн кампанит ажилд санхүүгийн хувьд хамтран ажилласан эрхэм. Азербайжаны Ерөнхийлөгч. Хоёр охиныхоо нэр дээр барилгын томоохон компанийг зэмшиж байна. ОХУ-ын дэд ерөнхий сайд Игорь Шувалов эхнэр Олга Шуваловынхаа нэр дээр их хэмжээний мөнгөтэй. Канадын сенатчийн нөхөр 800 мянга гаруй ам.долларын данстай. Филиппиний мужийн даргын нуусан хөрөнгө. Испанийн уран зураг цуглуулалгч Барон авхай Кармен Тайссен Борнемисза Газрын тосны зартай худалдаачин Марк Ричийн эхнэр асан Денисе Рич нарын мэдээлэл цацагдах аж. Энэхүү мэдээллийг Монголын биш гадаадын хэвлэлүүд бичиж байна. С.Баярцогтын асуудал цаашаа Оюутолгой болон АН-ын Засгийн газрын дүр зурагт нэлээд нөлөөлнө. АН авлигын эсрэг хэр явах нь вэ гэдэг бодит сорилт энэ байх биз ээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.