“Ажнай” Д.Бат-Эрдэнийн компани толгой цохив

Орон нутгийн өмчит хувьцаат компаниудын ашгийг тогтоожээ. Мэдээж энэ жагсаалтыг Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит гэгдэх Тавантолгой ХК 9 тэрбумын ашиг олж тэргүүлжээ. Араас нь Хамаг Монгол намын дарга, экс гишүүн Ц.Шинэбаярын дийлэнх хувийг нь эзэмшдэг Адуунчулуун 4 тэрбумаар удаалж. Ийнхүү гишүүн сайд гээд ноёдын компани ашгийн ихэнхийг хамсан аж. УИХ-ын гишүүн, БХ-ын сайд Д.Бат-Эрдэнэ өнгөрсөн сонгуулиас өмнө Тавантолгой компаний хвьцааны 49 гаруй хувийг эзэмшдэг байсан мөртлөө ТУЗ-ийн даргаар нь ажилласан. Учир нь аймгийн Засаг дарга Б.Бадраа Ажнай-г тухайн үед нэг ч аймгийн удирдлагын бүтцэнд байгаагүй засаг даргын зөвлөх хэмээх албан тушаалд томилсон агаад орон нутгийн төлөөлөл хэмээн ТУЗ-ийн даргын сэнтийд заларч байжээ. NUUTS.MN

ZTE корпорацийн төлөөлөгчид үнэнийг “ярьж” эхэлмэгц “дээлээ нөмрөх” эрхмүүд

БНХАУ-д бүртгэлтэй ZTE корпорацийн монгол дахь удирдлагууд авлига өгсөн хэргээр баричлагдсан дуулиан үргэлжилж байна. Хэрвээ авилга өгсөн нь нотлогдвол авсан эздийг нь баривчилж таарна. ZTE корпорациас авилга авсан эрхмүүдийн жагсаалтын нэгдүгээрт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр бичигдэнэ. Учир нь тэрбээр БСШУ-ны сайд байхдаа багш нарыг зөөврийн компьютерээр хангах 40 сая долларын төслийг ZTE-д өгөхийг үхэн хатан дэмжсэн гэдэг нь тендерийн маргааны үеээр улам ч батлагдсан. Найер компанийг өргөдлөө татаач хэмээн удаа дараа гуйж гувшиж байсныг тус компани нотолж таарна. Хоёрдугаарт ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг орно. МШХХГ-ын дарга байхдаа ZTE-тэй учирсан. Том тендерийг авахад дэмжлэг үзүүлсэн байж магадгүй нь энэ компанийг ил цагаан хамгаалж байсантай нь холбоотой байх гэсэн хардлага төрүүлдэг. Гуравдугаарт МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат. МШХХГ-ын дарга болонгуутаа ZTE-г дэмжих өмнөх удирдлагынхаа бодлогыг өвлөн авч үргэжлүүлсэн. Мэдээж энэ булхайг нь илчлэхгүй байх найдвартай хүний тоонд зүй ёсоор орж байсан учраас энэхүү албан тушаалд очсон. Дөрөвдүгээрт БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Далайжаргал. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гарын хүн тэрбээр 40 сая долларын тендер явуулах Үнэлгээний хороог гардан байгуулсан. ZTE корпорацийг тендерт ялуулах бүх аргыг сүвэгчилж МХХГ-ын дарга Д.Бат-Эрдэнийг үнэлгээний хороонд нэмж оруулан улмаар техник, технологийн давуу талтай хэмээх дүгнэлт гаргуулсан. Тендерийн маргаан дэгдмэгц 2012 оны 4-р сарын 11-ны өдөр Найер-ын байранд ZTE-гийн төлөөлөгч Нарантунгалаг, 15 цагт бас нэг төлөөлөгч Оюунхайг дагуулан ирж өргөдлөө тат хэмээн шахалт үзүүлсэн. Тухайн үед Найер-ынхан ТНБД-ыг төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй авир гаргасан хэмээн АТГ-д гомдол гаргаж байжээ. Мөн ZTE корпораци нь АНУ-ын эсрэг тагнуул хийж байсан гэдэг хардлага батлагдвал G Mobile корпорацийг үүсгэн байгуулагч Улсын заан Цэрэнпунцаг, Магнай трейд-ийн Ганзориг нар дээлээ нөмрөх магадлал өндөр. Учир нь ZTE корпораци нь монголчуудын дийлэнхи нь ашигладаг үүрэн холбооны G-mobile-ийн тоног төхөөрөмж болон гар утсыг нийлүүлдэгээс гадна Монгол Улсын өнцөг булан бүрт өөрийн шилэн кабелийн сүлжээг бий болгож амжсан. Энэ ч утгаараа Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх маш том хүчин зүйл болох бөгөөд G-mobile-ийн сүлжээгээр дамжуулж, Хятадын тагнуулын байгууллага манай улсын бүхий л дотоод асуудлыг тагнаж, чагнадаг байхыг үгүйсгэх аргагүй юм. Ялангуяа G Mobile корпораци цагдаа хvчний байгууллагын ажилчдыг гар утасаар хангаж, төрийн албан хаагчдад хязгааргүй ярих эрхтэй үнэгүй дугаар тарааж байсан баримттай үед. Бас нэг дурдахгүй өнгөрч болохгүй хүчин зүйл нь АНУ-д тагнуул хийсэн мэдэгдлээс улбаалж, Энэтхэгийн Засгийн газар 3,8 тэрбум долларын өртөгтэй үндэсний шилэн кабелийн сүлжээ байгуулах төсөлд БНХАУ-ын ZTE компанийг оролцохыг хориглосоор байтал тухайн үеийн Засгийн газар мэдээгүй мэт царайлсныхаа хариуцлагыг хүлээх учиртай болж таарна. WORD.MN Г.Инжир

“Монголиан Эйрлайнес” ШӨХТ газрын шийдвэрийг үл тоомсорлов

Хуулийг хэн зөрчдөг вэ... Монголд бол улс төрчид, бизнесийн бүлэглэлүүд л зөрчдөг. Энгийн иргэд хэрэг хийвэл шоронд орно. Харин улс төрчид, хөрөнгө чинээтэй нэг нь хэл ам болсхийгээд эсвэл сануулга авсхийгээд намжих нь уламжлал болов. Үүний нэг тод жишээ нь ардаа хэд хэдэн том эзэнтэй гэгддэг Монголиан Эйрлайнесгрупп. Байгуулагдсан цагаас нь эхлээд хэл ам таталсан, хэрүүлийн алим нь мэдээж МИАТ хувьцаат компанийн нэрний англи хувилбарыг ашигласан явдал байв. Энэхүү шидэт нэрний ачаар Монголиан Эйрлайнес компани байгуулагдаад дөнгөж хоёрхон сарын дараа олон улсын нислэгийн эрх авч байлаа. Энэ эрхийг авахад компанийн хүчин чадал, туршлага гээд маш олон өндөр шалгуур давах шаардлага гардаг гэнэ. Гэтэл хоёрхон сар болж байгаа компани яаж энэхүү шалгуурт тэнцэж чадав гэдэг нь үнэхээр сонирхолтой байв. Гэтэл мань МИАТ компанийхаа нэр, тэр ч бүү хэл түүхийг нь хүртэл ашиглачихсан байдаг. Энэ тал дээр ямар ч арга хэмжээ авагдсангүй. Гэтэл Mongolian airlines группээс өмнө байгуулагдсан нислэгийн компаниуд олон улсын нислэгийн эрх авч чадаагүй байсаар байгааг мөн хоёрхон сарын өмнө байгуулагдсан компани авсан нь нэрийн андууралтай холбоотой гэдгийг энэ салбарт олон жил ажилласан хүмүүс хэлж байсан. Олон улсын байгууллагууд англи хэл дээр танилцуулга, бүртгэлээ явуулдаг. Харин МИАТ буюу Монголын иргэний агаарын тээврийн компанийг англи хэлнээ хөрвүүлэхэд Mongolian airlines хэмээн орчуулагдана. Монголиан Эйрлайнес группийн 100 хувийн хувьцааг Л.Болдын Бодь интернэйшнл ХХК шилжүүлж авсан гэдэг. Гэвч энэ компани ардаа хэд хэдэн томоохон хувь эзэмшигчтэй. Тухайлбал Монголиан Эйрлайнес группийн хувь эзэмшигчээр ЗТБХБ-ын сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, МАК компанийн захирал Б.Нямтайшир зэрэг хөрөнгөтнүүдийн нэр дуулддаг. Оюуны өмчийн газраар хэрэг зарга шийдэгдсэнгүй. Энэ нэрийг хэн ч ашиглах боломжтой гэнэ. Гэтэл миний санаж буйгаар нэлээл хэдэн жилийн өмнө Монгол гэдэг үг орсон сэтгүүлийн нэр авах гэтэл болохгүй, тэр ч бүү хэл ТББ=н нэр ч авч болохгүй л гээд байсан юм даа. Бас агентлаг гэдэг үг орсон компанийн нэр авах гэтэл компанийн нэрэнд үйл ажиллагааны чиглэл орсон байна гээд буцаагдаж байсан. Гэтэл хоёрхон жилийн өмнө байгуулагдсан Монголиан Эйрлайнес группд энэ хоёр болохгүй үйлчлээгүй байх юм. Харахад жижигхэн маргаан мөртлөө цаанаа маш их мөнгө, аюул дагуулж буйг анзаарахгүй байж болохгүй. Хэдхэн хоногийн өмнө ШӨХТ газраас Монголиан Эйрлайнес компанийг МИАТ компанийн нэрийг ашигласаны төлөө бус түүхийг нь ашиглаж шударга биш өрсөлдсөн хэмээн мэдэгдэл өгсөн. Харин энэ нэрийг хууль бус гэдэг тухайд арга хэмжээ авсангүй. ШӨХТ газраас өгсөн мэдэгдлийг өнөөдрийн байдлаар Монголиан Эйрлайнес тоосонгүй. Учир нь тус групп сайтынхаа Бидний түүх хэсэгт 1956 оноос компани нь байгуулагдсан мэтээр бичсэн хэвээр л байна. Монголчууд үүнд хууртайхгүй л дээ. Гэтэл олон улсын байгууллагууд хууртаад олигархууд маш их мөнгө завшсаар байна. WORD.MN Г.Инжир

Н.Алтанхуяг хоёрдахиа бүтэлгүйтэв

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ТЕГ-ын дэд даргаар Д.Ариунсанг томилсон шийдвэрээ огцрох асуудал нь яригдахаас нэг хоногийн өмнө цуцалжээ. Энэ нь хоёрдахь удаагаа болж байгаа гэнэ. Өмнө нь үүрэг гүйцэтгэгч нарыг томилсон нь хууль бус болсон тухай яригдахад бас л шийдвэрээ цуцалсан. Энэ бүхнээс үзэхэд Ерөнхий сайдын томилгоо ерөөсөө хуулийн хүрээнд явагдадгүй бололтой. Ямар нэгэн даргыг томилохдоо хууль журмыг нь дагахаасаа илүү зөрчдөг болж. Хуулиа мэдэхгүйдээ биш харин мэдэхийн дээдээр мэдэж байгаадаа ингэж аашилдаг гэнэ. ТЕГ-ын дэд даргаар гүйцэтгэх ажлын мэргэжилтэй дадлага туршлагатай хүнийг томилохын оронд намынхаа яруу найрагчыг зүтгүүлээд өөрөө огцрох тухай яриа дэгдэнгүүт л захирамжаа цуцалсан. Энэ янзаараа дөрвөн жилийг өнгөрөөх юм бол цуцалсан захирамж хүчинтэйгээсээ хамаагүй олныг үйлдвэрлэх бололтой.

НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 10.00 цагт нийслэлийн Засаг даргын тамгын газрын А танхимд болно. Хуралдаанаар нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашин цагийн хязгаарлалттайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журам батлах тухай, НИТХ-ын ээлжит хуралдааныг товлон зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Нийслэлийн толгойны өвчин болсон замын түгжрэлийг өнгөрсөн оноос эхлэн автомашины дугаарын хязгаарлалт, амралтын өдөр тэгш, сондгой тоогоор төгссөн автомашиныг хязгаарласнаар замын хөдөлгөөний түгжрэл саарч байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тиймээс замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттай явуулах нь замын түгжрэл, даацад нөлөөлнө гэж албаныхан үзэж байгаа юм байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.