УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ анхны томилолтоо Японд хийж байгаа. Тэрээр Японд олон улсын арга хэмжээнд оролцож байгаа юм. Тэрээр энэ үеэрээ Индонезийн улстөрчийн амийг аварчээ. Эх сурвалжийн мэдээгээр З.Баянсэлэнгэ гишүүнтэй хамт арга хэмжээнд оролцож байсан олон орны парламентчдын нэг болох Индонезийн улстөрчийн бие гэнэт муудаж, ухаан алдаж унасан байна. Энэ үеэр эмч мэргэжилтэй З.Баянсэлэнгэ гишүүн Шинэ Зеландын парламентчийн хамт түргэн тусламж ирэхээс өмнө ухаан алдсан эрхэмд хиймэл амьсгал хийж, эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ. ASSA.MN
Жилд хоёрхон өдөр монголчууд С.Зориг агсныг дурсдаг болсоор 14 оныг үдлээ. Бараан дурсамж, айдас төрүүлдэг аравдугаар сарын эл өдөр тэрээр бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн хар өдөр. Монголд Ардчилсан хувьсгалыг тайван замаар эхлүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн С.Зоригийг монголчууд мартах учиргүй. Гэвч эгэл даруу түүний энгийн нэгэн хөшөө тоотойхон удаа цэцгэнд дарагдаж өнждөг. Журмын нөхдийнх нь санасан сэтгэлийн халуун дулаан үг дутагдаад байх шиг. Өдгөө тэрээр амьд сэрүүн байсан бол 50 настай байх байлаа. Би монгол хүний саруул ухаанд итгэдэг гэсэн түүний алдарт үг монголчууд бидний дунд брэнд болон үлджээ. Монголд өөрчлөлт шинэчлэлтийг авчирч Ардчилсан хувьсгалын салхийг сэвэлзүүлсэн хорь гаруйхан настай залуусын магнайд тэр л явсан. Москвагийн Их сургуулийг философич мэргэжлээр дүүргэж, Монгол Улсын Их сургуулийн магистрант байхдаа энэ их үйл хэрэгт оролцож явсан нь 1989 он. Монгол Ардын Хувьсгалт намын Төв хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахад түүний хүчин зүтгэл их байсныг журмын нөхөд нь дурсан ярих дуртай. Энэ их ажлыг эхлүүлж явахдаа тэр 27-хон настай байлаа. Тайван замаар Ардчилсан хувьсгал өрнөж, Монгол Улсад анхны чөлөөт сонгууль явагдаж Улсын Бага хурал байгуулахад анхны гишүүдийн нэгээр С.Зориг сонгогдон ажилласан юм. Үүнээс хойш 1992, 1996 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болж сонгогдсон. Бүрэн эрхийнх нь хугацаа дөнгөж талдаа орж байхад 1998 оны аравдугаар сарын 2 хэмээх тэр л хар өдрийг хүртэл олон түмнийхээ төлөө төр түшилцэж явлаа. Тэр л үед түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байсан гэдэг. Ээдрээт олон баримт түүний хэргийг илрүүлэхэд өдий болтол тус нэмрээ өгөөгүй. Олон улсын парламентын холбоо түүний амийг хороосон хэргийг яаралтай шийдэхийг Монгол Улсын эрх баригчдад удаа дараа сануулсаар байсан. Гэвч жил ирэх тусам хэрэг замхарсаар. Түүний амиа алдсан хэргийг илрүүлнэ гэсэн амлалт өгч УИХ-ын сонгуульд ялалт байгуулан дөрвийн дөрвөн жил парламентад суусан гишүүн ч бий. Даанч хэрэг илрэх биш улам улам бүдгэрч байна. Монголын түүхэнд үеийн үед хэзээ ч балрашгүй гавьяа байгуулсан С.Зориг агсан цэл залуухан 36-хан настай тэр л төрхөөрөө монгол түмнийхээ зүрх сэтгэлд мөнхөрсөн хэвээрээ. Уг нь түүх холдох тусам тодорч, ойртох тусмаа бүдгэрдэг л юм даа.
Сүр дуулиантайхан бүрэлдсэн Засгийн газар ганцхан сарын түүхэндээ төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагчид ажиллаж байх учиртай чухал ажлын байруудад халаа сэлгээ гээчийг ёстой нэг баруун солгойгүй, утга учиргүй наймаалалцаж, өгөлцөж авалцаж байна. Засгийн газрын хуралдааныг хагас сайнд хийж их ажил амжуулна гээд байсан нь ердөө л албан тушаалын наймааг ард олноосоо нууцлан хийх аятайхан арга мэх нь байж. Төрийн жинхэнэ албан хаагчдыг хяналт шалгалтгүй халж сольж, наймаалалцаж байгаагийн зах зухаас нь танилцуулъя. Хууль зүйн дээд сургуулийн дэд захирал байхдаа согтуугаар машин жолоодож яваад хүний амь хөнөөсөн Н.Лүндэндорж гэгчийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар тавьчихлаа. Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн оронд Н.Золжаргал, ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очирын оронд боевик Б.Билэгт, УБЕГ-ын дарга Л.Амарсанаагийн оронд Ховдын АН-ын дарга байсан Ц.Пүрэвдоржийг чирч ирээд суулгачихав. ГИХАЭГ-ын даргын албанаас гавьяат хуульч Д.Мөрөнг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр анхан шатны мэдлэггүй нэгнийг томилсон дуулдав. Засгийн газрын тэргүүн маань СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийг онхолдуулчихаад оронд нь шадар анд Г.Энхтайваныг хэнэг ч үгүй авч ирээд залчихсан. Түүнээс өмнө хийгдсэн хачирхалтай нэгэн томилгоо бол ОССК-ийн захирал Ж.Алдаржавхлангийн оронд тохоон томилогдсон АН-ын тогооны хүн П.Гантулгын аз, од нь гийсэн тушаал дэвшилт байв. Энэ томилгоонд гайхаж, цочирдсон хүмүүсийн уулга алдалт одоо ч намжаагүй. Саяхан даа, ШӨХТГ-ын Б.Лхагваг мөргөж унагаад даргын суудалд нь тэмцэгч О.Магнай заларсан. Харин шинэхэн даргын хамгийн эхний даацтай ажил хэмээгдээд байгаа шатахуун импортлогч компаниудын төлөх ёстой 17 тэрбумын хэрэг хэрхэн нааштай шийдэгдэхийг хүлээх л үлдээд байгаа. Шинэхэн засаг төрийн задарсан томилгоонуудын заримаас тоочвол нэг иймэрхүү. Эдгээр томилгооны ард намын явцуу эрх ашиг, дарга нарын цус ойртолт, төрийн албаны доройтол явж байгаа нь эмгэнэлтэй.
Шинэчлэлийн Засгийн газрын багана ганхаж эхэллээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь намынхныг нь онц байдал зарлаж, түргэн авахад хүргэсэн юм. Гурван өдөр үргэлжилсэн анхан шатны шүүхийн шийдвэрээр дөрвөн жилийн ял онооход улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн тодотгож, зарим нэг нь АН-тай байгуулсан гэрээгээ цуцлах нь зүйтэй гэж үзэж байсан билээ. Гэвч дараа, дараагийн шатны шүүх хуралд найдвар тавьж, албан тушаалаа хуваасан. Гагцхүү тэр үед Засгаас гарах сонирхолгүй байгаагаа шууд утгаар нь илэрхийлсэн мэдэгдэл гаргаснаараа М.Энхсайхан хоосон хоцорсон юм. Харин өдгөө нөхцөл байдал өөрчлөгдөж, АН эвслийнхнийг туслахаа мэдээн бодох болсон хэмээн зарим гишүүд нь тодотгож буй. Үзэл бодлоо тулгаж, өөрсдийнхөөрөө авирлах болсон нь таалагдахаа больсон талаар нэгээр тогтохгүй гишүүн байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй зэрэгцэн давж заалдах шатны шүүх хурлаас дөрвөн жилийн ялыг нь хэвээр үлдээсэн нь намынхныг нь албан тушаалын амтатнаас салгаж, сэхээрэхэд хүргэсэн бололтой. Өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяр дэлхийд байхгүй өвчнөөр өвдөж, зовж байхад намын нөхөд нь ам нээхгүй, албан тушаал хөөцөлдөх болсонд зарим хүн ундуйцлаа илэрхийлж байсан. Харин өнгөрөгч баасан гаригт МАХН мэдэгдэл гаргаж, намын даргынхаа асуудлаар байр сууриа илэрхийлнэ гэж байсан ч тодорхойгүй шалтгаанаар цуцлагдсан юм. Тэрхүү мэдэгдэл нь Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлснийг тодотгож, АН-тай байгуулсан хамтарсан Засгийн газрын гэрээгээ эргэн харж, цуцалж ч мэдэх талаар мэдэгдэл гаргахаар зэхэж байсан хэмээн эх сурвалж мэдээлэв. Гэвч мэдэгдлээ нийтэд зарлахаа цуцалсан нь шалтгаан нь АН-ынхан асуудлын талаар тус намынхантай уулзсантай холбоотой хэмээн шивэр, авир хийх болов. Тэр ч бүү хэл, хамтарсан Засгийн газар байгуулах гэрээгээ цуцлахгүй байхыг хүссэн гэх мэдээлэл ч бий. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхийн шийдвэрийг харзнах хүсэлт гаргасан талаар явган яриа улс төрийн хүрээнийхний дунд аялж байна. Ямартай ч МАХН-ынхан намын дарга Н.Энхбаярын асуудал дээр байр сууриа ямар нэгэн байдлаар энэ долоо хоногт илэрхийлэх болов уу. тэр үед бүх зүйлийн учиг тайлагдана. Л.НИНЖ
Урьд шөнө их сайхан зүүд зүүдэлж хонолоо. Янз нь Сангийн яам л бололтой. Нэг их мөнгөөр туйлж найзан дундаа ажлаа явуулчихдаг, байнга л хүлээн авалт, идээ будаа болсон яаманд хурган дарга болчихсон, малилзтал инээгээд явж байх юм. Нар тээр дээр байхад өдрийн ажлаа тэгсхийж дуусгачихаад ярвайсхийн гарч ирэхэд цоо шинэ хар Ланд-ны цонхоор жолоочийн маань толгой цухасхийж, За дарга аа, өнөөдөр хаачих вэ. Эрт байна. Тэрэлж рүү шурхийх үү. Уржигдар хамт явсан хоёр шувуухайг дуудчихсан гэж ч байх шиг. Гэтэл их л албархуу царайлж багахан ярвайсан би Үгүй, өнөөдөр тэгж маазарч байдаг зав алга. Намын байр явна. Шинэхэн томилогдсон дэд сайд нартай уулзаж, ойрын үед хийх ажлынх нь зааварчилгааг өгч, тактик боловсруулна. Дээр нь манай намд дагаар орсон 300 гаруй шинэхэн гишүүдээ ажилтай, орлоготой болгох гээд толгойтой үснээс их ажил байна гэх юм. Загнуулсан жолооч За мэдлээ дарга аа гэчихээд өршөөл эрсэн нүдээр хулгасхийн харснаа машинаа түргэхэн асааж байна. Намын байран дээр яваад хүрвэл би гэдэг чинь бас л хөөрхөн дарга бололтой юм аа. Үүдэн дээр тааралдсан хүмүүс бушуухан гар сунган мэндчилж, Та сайн байна уу. Ажил төрөл тань сайн л биз дээ гэцгээн толгой дохиод сүйд болцгоож байна. Дээшээ гарч очоод өрөө онгойлгож байна. Намынхаа байранд тусгай өрөөнд залардаг гэж бодохоор тийм ч жижиг гар биш болж таараад байгаа юм. Дараа нь зүүдлээгүй үедээ зурагтын дэлгэцээр л харж суудаг том том дарга нартай шинэхэн засаг, төртэй хэрхэн харилцах, Оюу толгой, Таван толгойгоос орж ирэх толгой эргэмээр их мөнгөний хуваарилалт, ашиг орлогоос нь хүртэх хувь хэмжээний талаар ч яриад байх шиг. Намынхаа нөлөө бүхий даргатай ухаан санаанд багтамгүй их мөнгө, ашиг орлогын талаар дорвитойхон ярилцаж байгаагаас үзвэл би гэдэг хүн чинь энэ намдаа их л том хүн бололтой юм. Харин их удалгүй зүүдний минь цаг хугацааны логик алдагдаж, нэг мэдсэн чинь би оргилуун дарс шимсэн шигээ тансаг идээ будааны дунд сууж байх юм. Янз нь шинэ жилийн баяр болж байгаа бололтой. Энд, тэнд дарсны бөглөө пид пад хийн бүлт бүлт үсрээд л. Би ч харин нэг шагналд даруулж өгч байна аа. Оны шилдэг залуу улстөрч, Оны шилдэг эдийн засагч гээд л. Тэр наадмын хамгийн гол хүндтэй хүн нь болчихсон, хүн бүр л ирж гар бариад, үнсэж үнгээд сүйд болж байна. Нүд гялбам ганган тансаг хувцасласан ноёд, хатагтай нарын дундаас нэгэн хижээл насны барзгардуу эр Ийм тансаг, чамин ёолк насандаа ч үзсэнгүй гээд шогшроод байх юм. Тэгсэн чинь живэр сахалтай дунд эргэм насны намхавтар эр оргилуун дарстай хундага барьсаар ширээ сүлжин явж ирээд Танд баяр хүргэе. Би танд ахын хувиар нэг зүйл аминчлан хэлэх гэсэн юм.Өнөөдөр инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш шүү. Хүчтэй нь биш, өстэй нь илүү аюултай гэдгийг санаж яваарай гэж хэлээд мушиймар болж байна. Энэ үдэш хүн бүр надад хошуу дэвсээд, болж л өгвөл үнсэж үнгэчих гээд байгаа болохоор хашир хүний хувьд зөвлөгөө өгч яваа нь тэр байх л даа. Тэгж байтал алдарт П.И.Чайковскийн хөгжим эгшиглэж, танхим тэр аяараа найган эргэлдэх мэт вальс бүжгэнд умбаж гарлаа. Цасан цагаан цээжээ ил гаргасан үлгэрийн юм шиг үзэсгэлэнт хүүхнүүд надтай вальс бүжиглэхээр уралдан урьцгааж байна. Нэгэн сайхан бүсгүйтэй үүлэн дээр хөвж яваа юм шиг л эргэлдэн бүжиж явтал хажуунаас нэг юм нудраад авах шиг боллоо. Хөл зөрөөд хамтран бүжиглэгч маань санаандгүй ёворчихов уу даа хэмээн бодтол эхнэр минь сэрээсэн байж л дээ. Сэрмээргүй сайхан зүүдэндээ харамсаад Яагаад сэрээчихэв ээ, сайхан зүүд зүүдэлж байхад гэвэл Амандаа бувтнаж юм үглээд унтуулахгүй юм гэх нь тэр. Ингээд л үүр цүүрээр сэрчихээд, гайхмаар сонин зүүдээ манаж, өглөө болтол хэвтсэн юм. Зүүд зөнтэй л байдаг даа гэсэн шүү бодсоор ажилдаа ирэв. Намын залуу боловсон хүчнүүд ээ гэж Зүүд зөнтэй байдаг гэж үнэн юм аа. Миний зүүдэлсэн гайхмаар адал явдалтай зүүд сүүлийн хэд хоногт амьдрал дээр биеллээ олж байгаа гэдэг нь жигтэй. МАХН ганцхан өдрийн дотор 300-гаад шинэ залуу боловсон хүчнээр эгнээгээ тэллээ. Шинэхэн дэд сайд нар хүслийг нь хангагч чандмань эрдэнэ болсон алба ажлаа хүлээж авлаа гээд л. МАХН-д гишүүнчлэлээ сэргээсэн зарим нэг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргаас эхлээд энд тэндхийн хурган даргын суудал нэхэж, дарга нараа шахаанд оруулж эхэлсэн сурагтай. Ер нь тэгээд хэн хаашаа нүүдэллэж, ямар тооцоогоор нам сэлгэн харайлгах нь хувь хүний асуудал хэдий ч зөөлөн суудалд санаархаж, зүс бууруулсан тэдэнд Хэрээ хэрээнийхээ л зүг ниснэ гэсэн үг л хамгийн сайн тохирох биз. Хөрөнгө, санхүүгээ сайжруулж, аж амьдралын элдэв асуудлаа зохицуулахаар МАХН-ыг бараадсан тэд Энэ цаг үед үүнээс илүү мэргэн сонголт үгүй хэмээн ханцуй дотроо залбирцгааж байгаа. Ер нь энэ намыг бараадсан шинэ цэргүүд өнөөдөртөө бол Бэрс гарах том төлөвлөгөөтэй дайчин хүүхдүүд л байгаа. Бэрс гарах уу хүү байсаар идүүлэх үү гэдгийг нь амьдрал аяндаа тэдэнд харуулаад өгнө. Ямартай ч МАХН-ыг бараадсан албан тушаалын сонирхолтой шинэ гишүүд аль нэгэн томилгооны сураг ажиг сонссон ч байж магадгүй. Лавшруулаад, дөмөгхөн атгаад авахыгаа тэд сайн мэдэж байх учиртай. Ашиг сонирхлоороо нэгдсэн нөхөд зуу зуугаараа сэм нийлж, нам хуйвалдсаар МАХН-ыг бараадлаа. Тэдний хувьд ажил нь ч ер нь жигдэрчих шиг л боллоо. Сэрүүн хэрнээ зүүдлээд ч байх шиг хаашаа янзын өдөр вэ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй