Хулгайлалцаж идье, Ху намд элсье хө

Үнэлэх
(0 үнэлгээ)

Урьд шөнө их сайхан зүүд зүүдэлж хонолоо. Янз нь Сангийн яам л бололтой. Нэг их мөнгөөр туйлж  найзан дундаа ажлаа явуулчихдаг,  байнга л хүлээн авалт, идээ будаа болсон яаманд хурган дарга болчихсон, малилзтал инээгээд явж байх юм. Нар тээр дээр байхад өдрийн ажлаа тэгсхийж  дуусгачихаад ярвайсхийн  гарч ирэхэд цоо шинэ  хар “Ланд”-ны цонхоор жолоочийн  маань толгой цухасхийж, “За дарга аа, өнөөдөр хаачих вэ. Эрт байна. Тэрэлж рүү шурхийх үү. Уржигдар  хамт явсан  хоёр шувуухайг  дуудчихсан” гэж ч байх шиг.
Гэтэл их л албархуу царайлж багахан ярвайсан би “Үгүй, өнөөдөр тэгж маазарч байдаг зав алга. Намын байр явна.  Шинэхэн томилогдсон дэд сайд  нартай  уулзаж, ойрын үед хийх ажлынх нь  зааварчилгааг  өгч, тактик  боловсруулна. Дээр нь манай  намд дагаар  орсон  300 гаруй  шинэхэн  гишүүдээ ажилтай, орлоготой  болгох гээд толгойтой үснээс их ажил байна” гэх юм.
Загнуулсан жолооч “За мэдлээ дарга аа” гэчихээд  өршөөл эрсэн нүдээр хулгасхийн харснаа машинаа түргэхэн асааж байна. Намын байран дээр яваад хүрвэл би гэдэг чинь бас л хөөрхөн  дарга бололтой юм аа. Үүдэн дээр тааралдсан хүмүүс бушуухан гар сунган мэндчилж, “Та сайн байна уу. Ажил төрөл тань сайн л биз дээ” гэцгээн  толгой дохиод сүйд болцгоож байна.
 Дээшээ гарч очоод өрөө онгойлгож байна. Намынхаа байранд тусгай өрөөнд залардаг гэж бодохоор тийм ч жижиг гар биш болж таараад байгаа юм. Дараа нь зүүдлээгүй үедээ зурагтын дэлгэцээр л харж суудаг  том  том дарга нартай  шинэхэн засаг, төртэй  хэрхэн харилцах,  Оюу толгой, Таван толгойгоос орж ирэх толгой эргэмээр их мөнгөний хуваарилалт, ашиг орлогоос нь  хүртэх хувь хэмжээний  талаар  ч яриад байх шиг.
 Намынхаа нөлөө бүхий даргатай ухаан санаанд багтамгүй их мөнгө, ашиг орлогын талаар дорвитойхон  ярилцаж байгаагаас үзвэл би гэдэг  хүн чинь энэ намдаа их л том хүн бололтой юм.
Харин их удалгүй зүүдний минь цаг хугацааны логик алдагдаж, нэг мэдсэн чинь би оргилуун дарс шимсэн шигээ  тансаг  идээ будааны дунд сууж байх юм. Янз нь шинэ жилийн баяр болж байгаа  бололтой.  Энд, тэнд дарсны бөглөө пид пад хийн  бүлт бүлт үсрээд л. Би  ч харин нэг шагналд даруулж  өгч байна аа. “Оны шилдэг залуу улстөрч”, “Оны шилдэг эдийн засагч” гээд л. Тэр наадмын хамгийн гол хүндтэй хүн нь болчихсон, хүн бүр л ирж гар бариад, үнсэж  үнгээд сүйд болж байна.
 Нүд гялбам ганган тансаг хувцасласан ноёд, хатагтай нарын дундаас нэгэн хижээл насны барзгардуу эр “Ийм тансаг, чамин ёолк насандаа ч үзсэнгүй” гээд шогшроод байх юм. Тэгсэн чинь живэр сахалтай дунд эргэм насны намхавтар эр оргилуун дарстай хундага барьсаар ширээ сүлжин явж ирээд “Танд баяр хүргэе. Би танд ахын хувиар нэг зүйл аминчлан хэлэх гэсэн юм.Өнөөдөр инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш шүү. Хүчтэй нь биш, өстэй нь илүү аюултай гэдгийг санаж яваарай” гэж хэлээд мушиймар болж байна. Энэ үдэш хүн бүр надад хошуу дэвсээд,  болж л өгвөл үнсэж үнгэчих гээд  байгаа болохоор  хашир хүний хувьд зөвлөгөө  өгч яваа нь тэр байх л даа.
Тэгж байтал алдарт П.И.Чайковскийн  хөгжим эгшиглэж, танхим тэр аяараа найган эргэлдэх мэт вальс бүжгэнд умбаж гарлаа. Цасан цагаан цээжээ  ил гаргасан  үлгэрийн юм шиг  үзэсгэлэнт хүүхнүүд  надтай вальс бүжиглэхээр уралдан  урьцгааж байна. Нэгэн сайхан бүсгүйтэй үүлэн дээр хөвж яваа юм шиг л эргэлдэн бүжиж явтал хажуунаас нэг юм нудраад авах шиг боллоо. Хөл зөрөөд хамтран бүжиглэгч маань санаандгүй ёворчихов уу даа хэмээн бодтол эхнэр минь сэрээсэн байж л дээ.
 Сэрмээргүй сайхан зүүдэндээ харамсаад “Яагаад сэрээчихэв ээ, сайхан зүүд зүүдэлж байхад” гэвэл “Амандаа бувтнаж  юм үглээд унтуулахгүй юм” гэх нь тэр. Ингээд л үүр цүүрээр сэрчихээд, гайхмаар  сонин зүүдээ манаж, өглөө болтол хэвтсэн юм.
“Зүүд зөнтэй л байдаг даа” гэсэн шүү бодсоор ажилдаа ирэв.

Намын залуу боловсон хүчнүүд ээ гэж

Зүүд зөнтэй байдаг гэж үнэн юм аа. Миний зүүдэлсэн гайхмаар адал явдалтай зүүд сүүлийн хэд хоногт  амьдрал дээр биеллээ  олж байгаа гэдэг нь жигтэй. МАХН ганцхан  өдрийн  дотор 300-гаад шинэ залуу боловсон хүчнээр эгнээгээ  тэллээ. Шинэхэн дэд сайд нар хүслийг нь хангагч чандмань эрдэнэ болсон алба ажлаа хүлээж авлаа гээд л.
МАХН-д гишүүнчлэлээ  сэргээсэн  зарим нэг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч  агентлагийн даргаас эхлээд энд тэндхийн хурган даргын суудал нэхэж,  дарга нараа шахаанд оруулж эхэлсэн сурагтай.  Ер нь тэгээд  хэн хаашаа нүүдэллэж,  ямар тооцоогоор  нам сэлгэн  харайлгах нь хувь хүний  асуудал хэдий ч  зөөлөн суудалд санаархаж, зүс бууруулсан тэдэнд  “Хэрээ   хэрээнийхээ л зүг ниснэ”  гэсэн  үг л  хамгийн сайн тохирох   биз.
 Хөрөнгө,  санхүүгээ сайжруулж, аж амьдралын элдэв  асуудлаа зохицуулахаар  МАХН-ыг бараадсан  тэд  “Энэ цаг үед үүнээс илүү мэргэн сонголт  үгүй”  хэмээн ханцуй дотроо залбирцгааж байгаа. Ер нь  энэ намыг  бараадсан  шинэ цэргүүд  өнөөдөртөө  бол  “Бэрс гарах” том төлөвлөгөөтэй   дайчин  хүүхдүүд  л байгаа. Бэрс гарах уу хүү байсаар идүүлэх үү гэдгийг нь  амьдрал  аяндаа  тэдэнд  харуулаад өгнө.
Ямартай ч МАХН-ыг  бараадсан албан тушаалын  сонирхолтой  шинэ гишүүд  аль нэгэн томилгооны сураг ажиг сонссон  ч байж магадгүй.  Лавшруулаад,  дөмөгхөн атгаад авахыгаа тэд сайн мэдэж байх учиртай. Ашиг сонирхлоороо нэгдсэн нөхөд зуу зуугаараа  сэм нийлж, нам хуйвалдсаар МАХН-ыг бараадлаа. Тэдний хувьд  ажил  нь ч ер нь жигдэрчих шиг л боллоо.
 Сэрүүн хэрнээ зүүдлээд ч байх шиг  хаашаа янзын өдөр вэ.

Нийтэлсэн: 2012-09-27 15:05:59

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.