Монгол Улсын Ерөнхийлөгч Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы үеэр зарим улсын төр засгийн тэргүүн нартай хоёр талын уулзалтууд хийж буй билээ. Өнөөдөр (9 дүгээр сарын 26) Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч, хатагтай Эвелин Видмер-Шлумпфтай уулзав. Уулзалтын эхэнд Швейцарын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Тантай уулзах завшаан тохиосонд баяртай байна гээд Монгол Улс дахь хүний эрх, ардчиллын талаар танилцуулахыг хүслээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ Энэ жил Монгол Улсад парламентын сонгууль болсон. Манай парламент өмнөх сонгуулиар 3 эмэгтэй гишүүнтэй байсан бол энэ удаа 9 болж нэмэгдсэнд эмэгтэй улстөрчдийг дэмжигчийн хувьд баяртай байгаа. Сонгуулийн үр дүнд олон намаас бүрдсэн эвслийн Засгийн газар байгуулагдан УИХ-аар мөрийн хөтөлбөрөө батлуулаад ажиллаж байна. Тун удахгүй арваннэгдүгээр сард орон нутгийн сонгууль болно. Ардчилсан хувьсгал өрнөсөн тэртээх жилүүдээс хойш багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд бид ардчиллыг улам бэхжүүлэхийн төлөө олон сорилт бэрхшээлийг туулан урагшилж байна. Монгол Улс 23 жилийн өмнө ардчилсан хувьсгалыг эхлүүлж тодорхой амжилтад хүргэсэн бол өдгөө төлөөллийн ардчиллаас шууд ардчилалд шилжиж иргэдээ улам эрх мэдэлтэй болгох, орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэхийг зорьж тодорхой алхмуудыг шат дараатай хэрэгжүүлж байна. Швейцарь Улс бол шууд ардчиллыг хэрэгжүүлсэн маш сайн туршлагатай улс. Танай улсаас энэ чиглэлийн тэргүүлэх эрдэмтэн судлаачид монголд зочилж иргэдтэй маань уулзаж, ардчиллын үнэ цэнэ, үнэт зүйлийг улам бүр дэлгэрүүлэхийн төлөө хамтран ажиллаж буйд баяртай байна. Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн захирал М.Дахинден өнгөрсөн зун манай улсад айлчилж, байгууллагынхаа шугамаар хэрэгжиж байгаа зарим төслийн явцтай танилцсан нь чухал ач холбогдолтой болсон. Цаашид Монгол Улс, Швейцарь Улсын хамт шууд ардчиллыг дэлхий нийтэд сурталчлан олон улсын түвшинд манлайлан оролцож илүү үр дүнд хүргэх болно гэдэгт итгэлтэй байна гэв. Мөн Монгол Улсын эдийн засагт уул уурхайн эзлэх байр суурь үлэмж өсч байгаа энэ жилүүдэд бид иргэдээ улам бүр боловсролтой болгох, мэргэшүүлэх тал дээр ихээхэн анхаарч байгаа. Танай улстай бид боловсролын салбар дахь харилцаагаа илүү өндөр түвшинд хүргэх зорилттой байгаа. Бид Монгол Улсын иргэн дэлхийн шилдэг 30 сургуулийн нэгэнд элсэж чадвал сургалтын зардлыг нь Засгийн газраас даах зэргээр чанартай, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд ихээхэн анхаарч байгаа. Уул уурхайн олборлолт, тус салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын сэдвийн цаана байгаль орчны асуудал, иргэдийн маань эрх ашиг хамгийн түрүүнд байдаг учраас бид дээрх асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй болдог хэмээн Ерөнхийлөгч онцлон дурдлаа. Дараа нь хоёр улсын Ерөнхийлөгчид бүс нутаг, олон улсын хэмжээнд хамтран ажиллах асуудлуудын талаар ярилцав. Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч уулзалтын төгсгөлд Монгол Улс дахь хүний эрх, ардчиллын салбарт олж буй ололт амжилтад баяртай байна гээд төлөөллийн ардчиллаас шууд ардчиллын хэлбэр лүү шилжиж буй монголын чармайлтыг улам бүр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

 Хайран мөнгө, таван цэцэрлэг барих мөнгөөр ганц стадион барих гэж...

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Увс аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдлагуудаас хүүхдийн цэцэрлэг, стадион хоёрын аль нь чухал вэ гэсэн асуултыг хэд хэдэн удаа асуулаа. Учир нь тус аймагт жилд нэг удаа, өөрөөр хэлбэл, Үндэсний их баяр наадмаар ганц удаа хэрэглэх задгай цэнгэлдэх хүрээлэн бариад хэдийнэ эхэлжээ. Аймгийн төвд 800 хүний суудалтай стадион байсаар байхад бусдыг даган дуурайж 3000 хүний суудалтай стадион барина гэдэг нэн тэргүүний асуудал биш. Нөгөөтэйгүүр энэ нь зураг төсөл, төсөв нь огт хийгдээгүй хэрнээ улсын төсвөөс эхний санхжүүжилт болох 1,3 сая төгрөг авч сууриа цутгажээ. Үүний дээр гүйцэтгэгч компани Арвижих Увс-ынхан энэ өдөр стадионыг бүрэн дуусгахад дахин гурван тэрбум төгрөг шаардлагатай байгаа талаар Засгийн газрын тэргүүнд ярилаа. Хууль зөрчин хийгдсэн энэ төслийн талаар сонссон Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хайран мөнгө. Ийм мөнгөөр хүүхдийн таван цэцэрлэг барина. Танай аймагт цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай байна уу гэж аймгийн Засаг дарга Э.Цасчихэрээс асууж байлаа. Улаангом хот найман цэцэрлэгтэй. Эдгээрт 2000 гаруй хүүхэд хүмүүждэг. Ер нь бол цэцэрлэгийн насны 3000 хүүхэдтэй, цэцэрлэгийн барилга хүрэлцээгүйгээс 1000 гаруй хүүхэд үеийнхэнтэйгээ хамт байж чадахгүй байгаа. Тус хотод эхний ээлжинд таван цэцэрлэг шаардлагатай байгаа. Үүний дээр тус хотын захиргаа хувийн цэцэрлэг түрээсэлдэг бөгөөд энэ зардалд одоо 27 сая төгрөг яаралтай хэрэгтэй байгаа талаар Улаангом хотын захирагч Ерөнхий сайдын орон нутгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр мэдээлэл өгөөд энэ хөрөнгийг яаралтай шийдэж өгөхийг хүссэн нь дээрх асуултыг дахин тавихад хүргэсэн юм. Иргэдийнхээ өмнө тулгарсан асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэдэг, хүн рүү чиглэсэн бодлого барьж ажиллана. Бодлогын өөрчлөлт хийнэ, Шуурхай, шударга ажиллана. Ингэхдээ иргэд, олон түмнээсээ санал авч ажиллаж эхэлсэн гэдгээ Засгийн газрын тэргүүн хэлээд Увс аймгийн Засаг даргыг цэцэрлэг хэрэгтэй юү, стадион хэрэгтэй юү гэдэг санал асуулгыг иргэдийнхээ дунд явуулахыг үүрэг болголоо. Мөн Хархираа амралтын газар руу зам тавих хүсэлтийг орон нутгийн удирдлагууд гаргасан бөгөөд тэдэнд хандаж Засгийн газрын тэргүүн 25 тэрбум төгрөгөөр эхний ээлжинд нуурын хөвөө рүү очих зам тавих уу, дулаан тохилог, эрүүл ахуйн шаардлага хангасан битүү зах буюу худалдааны төв барих уу гэдэгт зөв харилт олох ёстой гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд ажил хий гэхээр өөрсдийнхөө хүслийн жагсаалтыг биш иргэдийн амьдралд шаардлагатай байгаа ажлуудын жагсаалтыг гаргаад тулгамдсан асуудлаас нь эхэлж хийх учиртай гэж орон нутгийн удирдлагуудад анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Ерөнхийлөгч “TIME”, “Wall Street Journal”-д зочлов

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн67 дугаар Чуулгандоролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-даа төдийгүй дэлхийд алдартай хэвлэл мэдээллийн байгууллага болох Тайм сэтгүүлийн газар зочлов. 1923 онд байгуулагдсан, одоо долоо хоног тутам тогтмол 25 сая хувь хэвлэгддэг Тайм сэтгүүл нь дэлхийн есөн бүсийн уншигчдын хүртээл болсон хамгийн нөлөө бүхий хэвлэл юм. Тайм сэтгүүл Монгол Улсын Ерөнхийлөгчийг 2012 оны онцлох гурван хүний нэгээр нэрлээд байгаа бөгөөд өнөөдөр тус сэтгүүлийн гол хүмүүс болох ахлах редактор Жёоти Тоттман, мэдээллийн албаны дарга Ховард Чуа Йөэн, Олон улсын фото редактор Патрик Витте, редактор Бобби Гош, сэтгүүлч Ишаен Тароор, гүйцэтгэх редактор Радика Жонес, Sport illustrated-ийн редактор Терри, МакДоналд, эрхлэгч Марта Нельсон, Олон улсын редактор Жим Фредрик, редактор Рик Стенгел нар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзан чөлөөт ярилцлага зохион байгууллаа. Тэд Монгол орны өнөөгийн улс төр, эдийн засаг, ялангуяа уул уурхай, түүх, соёлын талаар асууж дэлгэрэнгүй хариулт авав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын чуулганд хэлсэн үг, ялангуяа авлигын асуудлаар баримталж буй бодлогын тухайд нухацтай ярилцаж санал солилцов. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Уолл Стрийт Жоурнал (Wall Street Journal)-ын редакцийн урилгыг хүлээн авч тус сэтгүүлд зочлон ярилцлага өглөө.

 АН-д “Экс”-ийг суллах эсвэл огцрох гэсэн хоёр сонголт л бий

Өнөөдрийн улстөрд Н.Энхбаяр шиг үнэтэй хүн алга. Хэдхэн сарын өмнө нүдэнд орсон өргөс шиг хүн бүрт ад үзэгдэж, чичлүүлж явсан тэрбээр өнөөдөр Засгийн газрыг унагах хүчтэй болжээ. Улстөрийн хүчин байгуулсныхаа төлөө буланд шахуулж, гэрээсээ чирэгдэн байж шоронд хоригдсон түүнийг ингэж сэхнэ гэж хэн санах вэ. Үнэндээ Н.Энхбаяр улстөрөөр яаж тоглох ёстой, яавал амжилтад хүрч болдгийг яс махандаа шингэтэл мэдэрчихсэн хүн учраас дөрөвхөн сарын дотор өөрийгөө ийм өндөр үнэ-д хүргэж чадав. Өчигдөр Н.Энхбаярыг шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхэлсэн. Энэ шүүх хурлын шийдвэрээс их зүйл шалгаалах янзтай. Ерөөсөө Н.Энхбаяр АН-ынханд Намайг сулла, эсвэл Засгийн газраас огцор гэсэн хоёрхон сонголт үлдээгээд байна. Иймээс АН-ын Засгийн газар нэг биетэй, хоёр толгойтой могой шиг болчихсон аж. Энэ хачин могойны их биеийг АН, Шударга ёс эвслийн хамтарсан Засгийн газраар төсөөлбөл нэг толгой нь Ерөнхийлөгч, нөгөө толгой МАХН-ын дарга, ялтан Н.Энхбаяр байж таарах нь. Гэтэл хоёр толгой нь хоёр тийшээ зүтгээд байхаар их бие нь алийгаа дагахаа мэддэггүй. Засгийн газар ирээдүйгээ бодохоор Н.Энхбаярт эрх чөлөө бэлэглэчихмээр байдаг. Гэвч толгойдоо захирагдаад Н.Энхбаярыг суллачихаж чаддаггүй. Ийм л нөхцөл байдал үүсчихээд байна. Уг нь МАХН, МАН-тай нэгдвэл хэнд ч дийлдэхгүй маш том улстөрийн хүчин болно. Нэгддэггүй юм аа гэхэд эвсэх биз. Хэрэв Н.Энхбаяр хуучин намынхаа нөхдийн хүсэлтийг хүлээж авбал АН амьд цогцос болно. Хэдий өндөрт гарна тэр чинээгээрөө чанга унана гэдэг дээ. Харин МАН-ынхан УИХ-д бүлэг ч байгуулахыг нь зөвшөөрөөгүй АН-аас хариугаа хатуухан авах биз. Чухам үүнээс л эмээсэн АН хоёр сар Засгийн газраа төвхнүүлэх гэж чичирлээ. Эвслийнхэнд аль болох элэгсэг хандаж, хүссэнээр нь найр тавьж, 30 хувийн эрх мэдэл өгсөн. ҮХАА-н сайд Х.Баттулга сонгуулийн дараа АН сонгуульд ялаагүй. Харин авах ёстой суудлаа л авсан хэмээж байсан. Нээрээ ч АН УИХ-д МАН-аас онцгойроод байх их суудал авч чадаагүй. Иймээс АН-д сонгуулийн дараах хоёр сар айдсын гэмээр өдрүүд байв. Өнөөдөр МАН-ын хувьд Н.Энхбаярыг өөрийнхөө талд эргүүлэхээс чухал зүйл алга. Тэдэнд хэрэггүй гээд хаячихсан шүлс, цэр, бөөлжсийг доолно уу, иднэ үү хамаа алга. УИХ-ын танхимд хэнд ч хэрэггүй суудал бөглөж суугаа МАН-ынханд алдсан эрх мэдлээ сэргээхийн тулд Н.Энхбаярын араас үхэл, хатал болж гүйж яваа. Харин МАН Н.Энхбаярын өмнө хийсэн гэмээ яаж цайруулах нь ихээхэн сонирхол татаж байна. Үнэндээ МАН Н.Энхбаярт маш хатуу хандсан. Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлж, санаатайгаар унагасан гэдэг юм билээ. Ерөөсөө хуучин МАХН-ынхан хөнжилдөө багтахаа байж хага тийрсэн. Гэвч сонгуулийн дараах МАН-ын уналт хоёр намыг нэгтгэхэд нэлээд дөхөм болжээ. МАН-ын жирийн гишүүд нь уван цуван МАХН-д урвасаар байна. Ингэж явсаар энэ хоёр нам нэгдэх ч юм уу, эвсэх ч юм уу ямар нэгэн байдлаар хамтрах бололтой. Гэхдээ зөвхөн эрх мэдлийн төлөө. Үүний дараа МАН, МАХН-д уусах уу, МАХН, МАН-д уусах уу гэдэг нь бас л сонин. Эх сурвалж:Өглөөний Сонин

Эрхэм гишүүдийн гэнэтийн олз

Хүн бүр хуулиа дагаж мөрдөх учиртай. Энэ үг хууль батлаж байсан, одоо хууль батлагчдад зөвлөж суугаа эрхэмд бүүр ч хамаатай. УИХ-ын чуулганаар архи, тамхины онцгой албан татварыг нэмэх тухай асуудал хэлэлцэж, энэ хууль батлагдаагүй байхад УИХ-ын даргын зөвлөх Г.Батхүүгийн Апу архины үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэв. Тамхины үнэ ч ялгаагүй 500-800 төгрөгөөр шууд лө өсчихлөө. Эрхэм гишүүдийн хувийн үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн учраас Долоон буудлын автобусны буудал дээр тамхи ширхэглэдэг Дулмаа эмээ ч бас үнээ өсгөхөөс өөр арга байсангүй. Уг нь архи тамхины онцгой албан татвар нэмэх тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжих учиртай. Харин архи тамхи үйлдвэрлэгчид бараг сарын өмнө үнээ нэмэв. Хууль батлагдах сургаар нэмсэн энэ үнэ хууль хэрэгжиж эхлэнгүүт дахин нэмэгдэх нь тодорхой. Хуулийн цоорхойгоор олсон нэмэлт ашгаа Г.Батхүү сайд, Ц.Дашдорж гишүүн олз л гэж бодож байгаа байлгүй дээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.