Уго Чавес Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа

Венесуэльд өчигдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Уго Чавес ялалт байгуулжээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр бол У.Чавес сонгогчдын 54 хувийн дэмжлэг хүлээсэн мэдээ байна. 19 сая сонгогчтой Венесуэлийн ард иргэд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд тун идэвхтэй оролцож, ирц нь 80 хувь давжээ. Сонгуулийн хорооны дарга Тибисэй Луценагийн мэдэгдсэнээр Уго Чавес 54,42 хувийн санал авсан бол түүний хүчтэй өрсөлдөгч Энрике Кэприлес 44.97 хувийн саналаар удаалсан байна. Уго Чавес дахин сонгогдсон мэдээг түүний дэмжигчид баяр хөөртэйгээр угтан авч, нийслэл Каракаст ялалтын баяр тэмдэглэж эхэлжээ. Үүгээр У.Чавес дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байна. Б.Сэвжидмаа

Халз мэтгэлцээн хойшилжээ

2012-10-08 10:38:37 Нийтлэгдсэн: Улс төр
Халз мэтгэлцээн хойшилжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дэд дарга С.Баярцогт нар өнөөдөр Төрийн ордны Г танхимд Оюутолгойн асуудлаар мэтгэлцэх байсан ч хойшилсон байна. Энэ талаар С.Ганбаатар гишүүн 11.00 цагт Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийх юм байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг анх хийлцсэн гол хүний нэг нь УИХ-ын гишүүн С.Баярцогт. Тиймээс энэ гэрээг хийхээр судалгаа хийж эхэлсэн тэр үеэс эхлэн бүх бичиг баримтыг олон нийтийн өмнө дэлгэж, ярилцъя гэсэн юм хэмээн мэтгэлцээн хийх болсноо тайлбарлаж байв.

Засгийн газар ганхаж байна

2012-10-08 09:25:27 Нийтлэгдсэн: Улс төр
 Засгийн газар ганхаж байна

Саяхан л Шударга ёс гэдэг сүржин нэртэй эвсэл байгуулж, нэгэн малгай дор нэгдсэн МҮАН, МАХН-ынхны тангараг тасрахад хүрээд байна. МҮАН-ын дарга М.Энхсайхан намын гишүүдээ өөр рүүгээ татаж, АН-ынхантай тохироо хийх гэж яаравчилж эхэллээ. Одоо түүнд ял сонссон Н.Энхбаярыг хаацайлах гэж, хамгаалах гэж сандраад байх шаардлага ч алга болов. Тэгээд ч МАХН-ын удирдлагыг гартаа барьж байгаа Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар хэтэрхий их албан тушаалд шунаж байгаа нь тэдний дургүйг хөдөлгөж эхэлжээ. Тиймээс М.Энхсайхан хөшигний ард АН-ынхантай тохироо хийхээр бэлтгэж байна. Парламентад 31 суудалтай АН, таван суудал бүхий МҮАН, хоёр суудалтай ИЗН, дээр нь шийдэгдээгүй ганц нэг тойрог, мөн бие даагчдаас зарим нэгнийг татчихвал эрх барих хүчин тооны хувьд хангалттай бүрдэж чадна. Өнгөрч байгаа долоо хоногт МҮАН-ын дарга М.Энхсайхан МАХН-ынханд сэтгэл дундуур байгаагаа ил тод зарлаж эхэллээ. М.Энхсайханы хэлснээр эвсэл задарвал МАХН засгаас хөөгдөж, харин МҮАН үлдэх магадлал өндөр юм байна. Даргагүй, тушаалгүй МАХН-ынхан ч сандарч эхэллээ. Тэд МАН-тай нэгдэн нийлэх тухай ярьж эхэлсэн гэдэг мэдээлэл ч цацагдаж байна. Ямартай ч Шинэчлэлийн гэгдэх гоё нэртэй Хамтарсан Засгийн газрын байр суурь ганхаж эхэллээ. Харин энэ удаа МАХН, МАН нэгдэж нийлж засаг барих уу? МҮАН, АН, ИЗНН хамтарч засаг барих уу гэсэн асуулт олон хүний тархийг гашилгаж байгаа юм. АН-ынхан уг нь хаяагаа манаж, Их хуралд битгий хэл энэ улс төрд ямар ч үүрэг рольгүй байгаа ИЗНН-д сайдын суудал өгч, С.Оюунд албан тушаалын амт амсуулаад байгаа. Хэрвээ Шинэчлэлийн Засгийн газар унах дээрээ тулбал угтаад авах хоёр ч гэсэн гишүүнтэй байхыг тэд урьдчилан тооцоолсон. Харин энэ мэдээлэл АН-ын дотор том хэрүүлийн алим болон өнхөрч байна. Хэн дараагийн Ерөнхий сайд болох вэ гэдэг асуулт тэдний хорхойг хүргэж байгаа бололтой. МАН-тай нь хамт МАХН-ыг тойргийн гадаа үлдээчихнэ. Шинээр Засгийн газраа байгуулна гэж тэд битүүхэн хөөрцөглөж байна. Шинэ Ерөнхий сайдаар С.Баярцогт, Р.Амаржаргал, Н.Батбаяр тэргүүтэй цөөнгүй хүний нэр бичигдэж байна. М.Энхсайхан дарга энэ тоглоомонд нилээд гүн гүнзгий гараа дүрж, тэргүүн шадар сайдын суудал хүртэл амлаж авчихаад байгаа сурагтай.

СЕХ-ны даргаар Ц.Содномцэрэнг томилогдох гэнэ

Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн СЕХ-ны дарга Н.Лувсанжавын оронд тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Содномцэрэнг томилохоор болсон тухай албаны эх сурвалж мэдээллээ. Эл асуудлыг өнөөдрийн УИХ-ын чуулганаар 12 цагт хэлэлцэж, албан ёсоор баталгаажуулах юм байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаа ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Одоогоор түүний оронд хэнийг томилох нь тодорхойгүй байгаа аж. Мөн Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох нь байна .

Австралийн Гадаад хэргийн сайд айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид манай оронд айлчилж буй Австралийн Гадаад хэргийн сайд Боб Карр бараалхлаа. Ерөнхийлөгч хоёр оны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй энэ үед Гадаад хэргийн сайд айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, Австралийн найрсаг харилцаа олон улсын харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан улс төр, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Үүний зэрэгцээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбарын үр өгөөжийг хангах асуудал чухал байгааг дурдлаа. Австралийн Гадаад хэргийн сайд Боб Карр хэлэхдээ Манай хоёр орны харилцаанд уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэж байна. Одоо Австралийн 54 компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний зэрэгцээ австралийн тэтгэлгээр монголын оюутнуудыг сургах, цаашид тоог нь нэмэгдүүлэх бодлого барьж байна. Одоо 350 монгол оюутан австралид сурч байгаа хэмээгээд олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан бие биеэ дэмжиж ажиллах талаар саналаа илэрхийллээ. Үүний дараа Австралийн гадаад хэргийн сайд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзав. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд сайдын айлчлал болж байгаад хоёр тал талархаж байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Энэ хугацаанд Австрали Улсын Засгийн газраас манай улсын хүний нөөц, байгаль орчин, эрүүл мэндийн салбарт үзүүлж ирсэн хөгжлийн албан ёсны тусламжийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийлээд цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа хэллээ. Мөн уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн орлогыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглүүлдэг Австралийн туршлагаас судлах зүйл их байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмдэглэлээ. Хоёр орны үр ашигтай хамтран ажиллах боломжтой салбаруудын нэг нь хөдөө аж ахуй гэдгийг тэрбээр дурдаад энэ салбарт Монгол Австралийн хөдөө аж ахуйн яам хоорондын шууд хамтын ажиллагааг эхлүүлэх саналтай байгаагаа энэ үеэр илэрхийлжээ. Австрали улс манай улсад үзүүлж буй хөгжлийн албан ёсны тусламжийнхаа хэмжээг өнгөрсөн онд 3 сая австрали доллараар нэмэгдүүлсэн, энэ жилээс монгол оюутны тоог 10-аар нэмэгдүүлж 38 болгохоор шийдвэрлэсэн. 1994 оноос хойш 244 оюутан тус улсад суралцаж төгссөн бөгөөд монгол оюутнуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөх манай талын хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж байгааг ноён Боб Карр хэлсэн байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.