Амьдрал мэдэхгүй гишүүдээс болж төсвийнхөн цалингаа авч чадахгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гацаанд ороод байна. Энэ нь гишүүдийн ирц бүрдэхгүй байгаатай холбоотой юм. Хэсэг нь төр засагтаа гомдоллож, зарим нь гадаадад томилолтоор зугаалж буйгаас болоод гишүүдийн ирц бүрдэхгүй, гишүүдийн ирц бүрдээгүйгээс төсвийн тодотголоо хэлэлцэх боломжгүй, төсвийн тодотголоо хэлэлцэн, батлаагүйгээс болоод төсвийн байгууллагынхан цалингаа авч чадахгүйд хүрээд байгаа юм байх. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой байсан ч ийнхүү гацаанд орлоо. Арга нь барагдсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хуучин төсөв чинь будаа болчихсон шүү дээ. Төсвийнхний цалинг өгмөөр байна, хүүхдийн мөнгө, хөгшдийн тэтгэврээр барьцаалж болохгүй. Нөхцөл байдал хүнд байна, татварын орлого 1.2 тэрбум төгрөгөөр тасарчихсан, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ бид Хүний хөгжлийн сангийн нэг сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг олгох ёстой ч энэ бүхэн болохгүй болчихоод байна. Тиймээс та бүхэн төсвөөр бойкот хийж болохгүй, төсвийн тодотголыг дэмжихгүй байгаа бол дэмжихгүй гэдгээрээ саналаа өг хэмээн бухимдав. Харин УИХ-ын дарга З.Энхболд Өглөө 54 гишүүн ирцэнд орж бүртгүүлсэн. Одоо байхгүй гараад явчихсаныг ажил тасалснаар тооцно. Хурал зохион байгуулагчид гишүүдийн картыг хий, хийхгүй бол ажлаас чинь хална гэж мэдэгдлээ. Ер нь бол Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бухимддаг нь яах аргагүй зөв. Төсвийнхөн, тэтгэврийнхэн гээд л төсвийн тодотголоос шалтгаалж цалин, мөнгөний гацаанд ороод буй иргэд гишүүдийн гоморхол, тунирхал, зугаа цэнгэлээс шалтгаалаад өрнөөс өр, өлөн зэлэн байдалд орж болохгүй шүү дээ. Энэ өдрүүдэд амьдрал буцалдгаараа буцлаад, үр хүүхэд, ар гэрийнхнээс эхлээд мөнгөний асуудал ундарсаар л байна. Амьдрал мэдэхгүй, мөнгөгүйн зовлонг амсаагүй гишүүдээс болж цалин, тэтгэвэр хэзээ буух бол хэмээн өдрийн бодол, шөнийн зүүд болж буй асуудал хэрээс хэтэрлээ, хэцүүдлээ гэж гомдоллох хүмүүс олон байна даа. Гишүүдээ ээ, хэт улстөржиж, намчирхахаасаа өмнө ард түмнийхээ амьдралыг бодолцоод, ажлаа хийж болсонгүй юу. Та бүхнийг гоморхож, зугаалаад явж байх зуур төрийн ажлыг явуулж буй доодсууд чинь өлсөхийн ирмэгт ирээд байна.

Б.Наранхүү гишүүн өрөөндөө вискидээд завгүй сууна

Өчигдөр үдээс хойш буюу энэ сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Наранхүү Төрийн ордон дахь өөрийн өрөөндөө хэсэг УИХ-ын гишүүн, гаднаас зочлон ирсэн найзуудынхаа хамт виски-дээд тун ч завгүй сууж байна лээ. Өрөөгөөр нь дөнгөж шагаймагц л виски хамар сэтлэх шахам үнэртэж, өөрийнх нь том том дуугарах дуу хоолой хонгилоор цуурайтах шахам сонсогдсон юм. Харин хамт вискидэх УИХ-ын нэр бүхий гишүүдийн нүүр улайж, нэлээд халдаг дээрээ тавьсан байна лээ. Уг нь Төрийн ордонд сархад хэрэглэх нь битгий хэл тамхи татахыг ч хориглодог. Гэтэл УИХ-ын шинэхэн гишүүн Б.Наранхүү төрийн ордны журмыг хээвнэг зөрчиж, өрөөндөө архидах болжээ. Монголын хуулийг гуулийн чинээ тоож, хүндэтгэдэггүй УИХ-ын гишүүн Б.Наранхүү энгийн бизнесмен байхдаа ч янз бүрийн хэрэг төвөгт орооцолдсон тухай сонсогддог байлаа. Мөнгөөр зодон байж УИХ-д суучихаад наад зах нь Төрийн ордны журмыг зөрчиж буй тэрбээр хууль тогтоох дээд байгууллагад ирэх дөрвөн жилд хэрхэн суух нь нэн сонин байна. Хууль санаачилж, батлалцдаггүй юмаа гэхэд хуулиа дээдэлж сурах эхний алхам Б.Наранхүү гишүүнд шаардлагатай ажээ. Ер нь УИХ-д хувийн бизнесээ л цэцэглүүлэх зорилготой орж ирдэг УИХ-ын гишүүд их бий. Өмнөх УИХ-д ч байсан, одоо ч Б.Наранхүүгээс авахуулаад цөөнгүй бий бололтой. Ийм хүмүүсээр төрөө мануулсан монголчууд, тэр тусмаа дундговьчууд тун гоомой хүмүүс юм даа.

Ч.Сайханбилэг халаа сэлгээгээ эхэллээ

Шинэчлэлийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг дэд дарга Д.Нямжавыг халж, оронд нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн туслах асан Г.Дэнзэн хэмээх хүнийг томилжээ. Удахгүй Хуулийн хэлтсийн дарга Д.Түвшинтөр халаагаа өгнө. Тэгээд үлдсэн дэд даргаа бас шинэчлэх нь ойлгомжтой.

М.Зоригт гишүүн зам услахыг бас алхахыг уриалж байна

УИХ-ын гишүүн М.Зоригт өглөө бүр алхаж байгаа гэнэ. Замын түгжрэлээс залхах, мөн эрүүл мэндээ бодсон ч алхах нь зөв хэмээн бодсон бололтой. Хэдийгээр эрүүл мэндээ бодоод өглөө бүр цэвэр агаар амьсгалангаа алхая гэж хичээсэн ч замын бужигнасан их тоос шороо түүнийг нэгэн уриалгыг гаргахад хүргээд байна. Тэрбээр facebook, twitter-ийн жиргээчдэд хандаж Buteen baiguulaltuud id yavagdah uchir toos shoroo bailgui yahav, gehdee l tseverlej zamiig usalj baimaar (alhaj bui jirgeech) хэмээн бичжээ. Үнэхээр ч замын түгжрэлийн хажуугаар тоос шороо тамтаггүй байгаа болохоор хот тохижилтынхон замаа услах, цэвэрлэх энэхүү зөвлөмжийг анхааралдаа авах нь зүйтэй шүү.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.