УЛСЫН АРСЛАН П.БҮРЭНТӨГС ЦОЛНЫ НАЙР

Үнэлэх
(2 үнэлгээ)

Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадамд ес даван түрүүлж аймгийн арслангаас улсын арслан хэмээх нэр хүндтэй цолонд хүрсэн Увс аймгийн Давст сумын харъяат Пүрэвийн Бүрэнтөгсийн цолны найр нижгэр боллоо. Тус найранд дархан аварга Х.Баянмөнх, даян аварга А.Сүхбат, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага А.Бямбажав, Ө.Бат-Орших, Э.Батбаатар, улсын начин Д.Насандэлгэр тэргүүтнүүд хүрэлцэн ирсэн байв. Харин улс төрчдөөс УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Лу.Гантөмөр, Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр, тус аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нар уригдан иржээ. Арслан цолныхоо найрыг  “Чингисийн өргөө” цогцолборт хийсэн юм. Зочдын хамгийн түрүүнд найрын эзэн, цэнхэр өнгийн дээлээр гоёсоор аав Ц.Пүрэв, ээж Д.Мөрөн, эхнэр хүүхдийн хамт ирсэн бол дараахан нь Х.Баянмөнх аварга “Увс нуур” дэвжээнийхээ бөхчүүдтэй  ирсэн юм.  Баянаа аваргыг арав гаруй хар  жип хөлөглөсөн бөхчүүд дагаж иржээ.

 

ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦЫН ХАМТ ОЛОН ШИНЭ АРСЛАНД 2 ӨРӨӨ БАЙР, ГАН ТУЛГА БЭЛЭГЛЭЛЭЭ

П.Бүрэнтөгс хамгийн ойр дотны хүмүүсээ цуглуулаад 610 хүргэжээ. Гэвч олон хүн байнга хүлээж авдаг тус рестораны хамт олон юмыг яаж мэдэх вэ гээд 50 хүний ширээ нэмж зассан аж. Гэтэл өнөөх нэмэгдэл ширээ нь ч зочдоор дүүрч дахин 40 хүний ширээ захиалсан. Тэглээ ч төрийн наадамд түрүүлсэн бөхийн хишгийг хүртэх гэсэн зочид цуварсаар суух газар хаана ч олдсонгүй. Шинэ арслан П.Бүрэнтөгс “ДЦС-4” ТӨХК-ийн нэр дээр барилддаг. Тиймээс ДЦС-4” ТӨХК-ынхан Арсланд бэлэг гардуулах зочдын салхийг хагаллаа.  Тэд ганболд төмрийг хайлуулж хийсэн тулга бэлэглэж, хоёр өрөө байрны эрх гардуулж өгсөн юм. Х.Баянмөнх, А.Сүхбат, О.Балжинням аваргууд уг тулганд  анхны галыг нь бадраалаа. Энэ гантулгыг хийсэн ган хоолой тийм ч амар хайлдаггүй, 3000 гаруй хэмд хайлдаг учраас тусгай захиалгаар хийлгэжээ.

 

ЕВРОПЫН ОРНООР 14 ХОНОГ АЯЛАХ ЭРХЭЭР ШАГНАВ

Увс аймгийнхан шинэхэн арслангаа мялаахын тулд чамлалтгүй хөрөнгө мөнгө, сэтгэл гаргасан гэдэг нь илт. П.Бүрэнтөгсөд Европын орнуудаар 14 хоног гэр бүлийн хамт аялах эрхийн бичгээрээ хүртэл мялааж байсан юм.

 

ХОЁР ӨРӨӨ БАЙР, ИЖ БҮРЭН ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ

“Хархираа” архиар олны танил болсон Увс хүнс компанийнхан ч бас шинэ арсланд өгөх бэлгэндээ гар татсангүй.  Увс нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд тун идэвхитэй оролцдог энэ компанийнхан шинэ арсланд хоёр өрөө байр бэлэглэв. Зайсанд байрлах энэ хоёр өрөө байрны тавилга, цахилгаан хэрэгслийг ДЦС-4” ТӨХК-ны ажилчид бэлэглэсэн юм. Үйлдвэрээс мөнгө гаргаж байр бэлэглэж байгаа учраас тус станцийн хамт олон мөнгөө нийлүүлж, хоёр өрөө байрны тавилга бэлэглэсэн аж.

 

УЛС ТӨРЧДИЙН ДАЛЛАГАТАЙ АРСЛАНГИЙН НАЙР

П.Бүрэнтөгс арслангийн нйаранд Увс нутгаас гаралтай улс төрчид бараг бүгдээрээ цугласан байлаа. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хамгийн хүндтэй суудалд суусан байлаа. УИХ-ын дарга байхдаа П.Бүрэнтөгсийг Увсаас дагуулж ирж байсан учраас олон хүн түүнд талархаж байгаагаа нуухгүй байсан юм. Тэрбээр “Би УИХ-ын дарга байхдаа 2007 оны өвөл нутагтаа очсон юм. Тэр үед аймгаасаа ганц сайхан бөх төрүүлчих юмсан гэж битүүхэн хорхойсч явсан үе. “Бөх болчихоор ганц сайн хүү аваад ир” гэж аймгийн удирдлагуудад хэлтэл энэ П.Бүрэнтөгсийг дагуулж ирж байлаа. Бүрэнтөгсийг анх хот руу дагуулж ирсэн хүн нь би юм шүү.   Тэгээд тэр намар нь хот оруулж ирж зургаан сар болгосон. Сүүлд нь сумогийн Батбаяр зодог тайлаад монголд ирж байсан ш дээ. Тэр үед арга хэмжээ зохион байгуулахад нь Япон руу явуулчих санаатай Батбаяр, түүний багш нартай танилцуулж байсан. Тэр үед Бүрэнтөгс, Цэвэгням хоёрыг зэрэгцүүлээд зогсооход Бүрэнтөгс хоёр хуруу хиртэй өндөр байсан. Тухайн үед дөнгөж 10-р ангийн хүүхэд байсан юм.  Тэгээд тэр жил 10 төгсөөд орж ирэхэд нь А.Сүхбат аваргад  өгч дөрвөн жил сургасан. Дараа нь Балжаа аварга дээр ирээд энэ жилийн баяр наадамд түрүүллээ. Тэгээд манай Увсаас гаралтай наадмын түрүү бөхчүүд чинь Хан-Хөхий уулсаа дагасан бөхчүүд л дээ. Баянаа аварга, Балжаа аварга, Мөөеө аварга, Ганбат арслангууд чинь Бал даргын нутгийн хүүхдүүд юм шүү дээ” хэмээн ярьж байсан юм. Энэ найранд Ерөнхий сайд Н.Алтанхуягаас бусад бүхий л улс төрчид саатжээ.

 

БҮТЭН ГУРВАН ЦАГ ЗОГСОЖ БЭЛЭГ АВЛАА

Улсын арслан П.Бүрэнтөгсийн найранд 600 гаруй хүн ирсэн. Гэвч найрын эзэн маань бүтэн гурван цаг гаруй тайзан дээр зогсож, ерөөл, магтаалын үг сонсож, бэлэг авлаа. Бэлгэнд ирсэн мөнгөн аяганы тоо тоогоо алдаж, хоёр цаасан хайрцаг дүүрэв. Бүтэн оройжин тайзан дээр зогсож бэлэг гардсан Улсын арслан маань зочидтойгоо ч олигтой хууч хөөрч амжсангүй, бэлэг сэлтний хөлд дарагдаж багагүй чилээрэхсэн нь илт байсан юм. Найрын эзнээс гадна ая дуугаа өргөх учиртай дуучид маань ч багагүй чилээрхэж байлаа. Бэлгээ гардуулах гэж яарсан зочид дуучидыг зарлах боломж олгосонгүй. Аргаа барсан дуучид сиймхий гарвал өөрсдөө тайзан дээр гарч, өөрөө өөрийгөө зарлан ая дууны мэндчилгээ дэвшүүлж байлаа.

Нийтэлсэн: 2012-10-19 10:33:25

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.