2004 оны Афины Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг урьж, ярилцлаа.
Тэрбээр “Олимпийн гайхалтай дэвжээнд нэг нь ялагдаж, медалиас мултарч байхад нөгөө нь ялж, медаль авч байдаг. Ялж, ялагдана гэдэг тамирчин бүрийн туулах, давах ёстой зүйл” гэсээр яриагаа эхэлсэн юм.
-Лондоны Олимпод Монголын тамирчид үнэхээр сайхан барилдаануудыг үзүүллээ. Жүдочид маань Олимпийн мөнгө, хүрэл медалийг ихэрлүүлж, эх орондоо ганзага дүүрэн ирж байгааг харахад үнэхээр сэтгэл бахадмаар байна шүү?
-Лондоны Олимпийн торгон дэвжээнээс манайхан жүдо, чөлөөт бөх, боксын төрлөөр таван медаль хүртэж чамлахааргүй амжилт үзүүллээ. Монголчууд дэлхийд хэр хүчтэйгээ дахин баталсан гэж бодож байна. Сэтгэл маш их өндөр байна.
Олимпийн гайхалтай дэвжээнд нэг нь ялагдаж, медалиас мултарч байхад нөгөө нь ялж, медаль авч байдаг. Ялж, ялагдана гэдэг тамирчин бүрийн туулах, давах ёстой зүйл шүү дээ.
-Лондоны Олимпоос жүдо бөхийн ОУХМ С.Ням-Очир анхны медалийг хүртэж, монгол түмнээ баярлууллаа?
-С.Ням-Очир маань хүрэл медаль хүртсэнд үнэхээр их баярласан. Сайхан ч барилдаж, медалийн салхийг хагалсан. Цаашид олон сайхан барилдааныг үзүүлж, медалийнхаа өнгийг хувиргана гэдэгт нь итгэлтэй байна.
-Харин Олимпийн аварга Н.Түвшинбаярыг мөнгөн медалийн болзол хангаж, алтын төлөө барилдаад ялагдахад нь жаахан харамсаж л байлаа. Та үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр маань үнэхээр сайхан барилдааныг үзүүлсэн. Агуу тамирчин гэдгээ ч баталж чадлаа. Харин алтан медалийн төлөөх барилдаанд бэртлийн улмаас ялагдахад нь үнэхээр харамсалтай, хэцүү санагдсан.
-Адилхан тамирчны хувьд Н.Түвшинбаярын бэртэл нь сэдрээгүй байсан бол алтан медаль авах боломж байсан эсэхийг харж шинжиж л суусан биз дээ?
-Түвшээ маань яалт ч үгүй Олимпийн алтан медалийг хүртэх байсан юм. Хамгийн сүүлд Оросын тамирчинтай алтан медалийн төлөө барилдсан. Урьд нь манай хүн Оросын тамирчныг дэлхийн аваргын тэмцээнд ялж байсан шүү дээ.
Бүр хоёр минутад цэвэр дарж байсан удаатай. Тиймээс Франц, Солонгосын тамирчинтай барилдахаас илүү Оросын тамирчинтай барилдах нь Н.Түвшинбаярт илүү амар байх байсан. Бэртэл гэдэг зүйл хэлж ирдэггүй. Хөлөө бэртээхэд нь маш их харамссан.
-Тийм ээ, үнэхээр харамсалтай байсан. Харин таны барилдаан нүд ирмэхийн зуурт болж өнгөрсөн шүү дээ?
-Яг тийм, ийм гэсэн шалтаг, шалтгаан хэлмээргүй байна. Цаг хугацааг буцааж болдогсон бол буцаахсан. Гэхдээ одоо олон зүйл ярих нь утгагүй. Ямар ч гэсэн бэлтгэл, сургуулилтаа сайн хийж, дараагийн тэмцээнүүддээ амжилттай оролцох талаар бодож сууна.
-Таны барилдаан, Олимпод үзүүлсэн амжилтын талаар хүмүүс янз бүрээр л ярьж байна. Тухайлбал, “Таны оронд ОУХМ С.Мяарагчааг явуулах байсан” гэлцэх юм?
-Яах вэ, хүмүүс янз бүрээр ярьж болно. Би “Цаг хугацааг буцааж болдогсон бол” гэж дээр хэлсэн шүү дээ. Их харамсалтай байна.
Түүнээс биш Олимпод энийг явуулсан бол ингэнэ, тэрийг явуулсан бол тэгнэ гэж ярих нь утгагүй. Бүгд л улсынхаа нэрийг гаргах гэж барилддаг. Ямар ч тамирчин тэмцээнд ялагдах гэж ордоггүй. Ялахын төлөө л барилддаг. Миний хувьд Олимпийн аварга болох цаг нь хараахан болоогүй байж болно шүү дээ.
-Өөрийгөө яг юун дээр алдсан гэж бодож байна вэ?
-Өрсөлдөгчөө бардсан тал бий. Цаг дуусах мөчид яарч мэх хийснээс болж ялагдсан.
-Дэвжээн дээр гарч ирэх мөчид та сэтгэл нь ханачихсан, тайвширчихсан мэт харагдаж байсан?
-Сэтгэл ханах биш л дээ. Хэрэв би ялсан бол алтан медаль хүртсэн Гүржийн бөхтэй барилдах байлаа. Өмнө нь хэд хэдэн удаа барилдаж, ялж байсан.
Харин Унгарын бөхтэй зургаан удаа барилдаж, бүгдэд нь давж байсан. Тиймээс ялна гэдэгтээ итгэлтэй байсан юм.
-Гэтэл ялагдчихсан?
-Тийм ээ.
-Та ялагдсаныхаа дараа дэвжээнээс буулгүй их удсан байх аа?
-Тэгсэн.
-Шоконд орчихсон уу?
-Шоконд орох нь ч хаашаа юм. Санаж бодоогүй юм болчихсон болохоор жаахан хэцүү байсан. Хамгийн гол нь жижигхэн алдаа гаргаснаас болж ялагдсан. Тиймээс энэ алдаагаа давтахгүйн төлөө цаашид бэлтгэлээ сайн хийнэ.
Хэдийгээр харамсалтай санагдаж байгаа ч бэлтгэлээ улам сайн хийж, ялагдсан тамирчиндаа дахин өвдөг шороодохгүйн төлөө хичээх болно. Дараагийн удаа ялах итгэл эрмэлзлээр дүүрэн байна.
-Цагийн зөрүү ч бас нөлөөлсөн болов уу?
-Бид Лондонд долоодугаар сарын 23-нд очоод, 29-нд барилдсан. Долоон цагийн зөрүүтэй байсан. Нэг хоногт нэг цагийн зөрүү гардаг гэж ярьдаг. Тиймээс цагийн зөрүү гараагүй байж болох юм. Хамгийн гол нь боломж байсан. Даанч боломжоо ашиглаж чадсангүй.
-Барилдааны үеэр багш тань юу гэж зөвлөсөн бэ?
-“Хамгийн гол нь өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй. Ухаан гаргаж, сайн барилдаарай” гэж хэлсэн. Барилдаад бууж ирсний дараа “Чи хэт хянамгай барилдаж байгаад, цаг дуусах мөчид алдаа гаргачихлаа” гэсэн.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг дэвжээнээс бууж ирэхэд сэтгэл санаагаар дэмжиж, урмын үг хэлсэн гэж сонссон?
-Намайг ялагдчихаад дэвжээнээс бууж ирэхэд Ерөнхийлөгч, хамба лам хоёр маань их сэтгэлийн дэм өгсөн. Тэр хэцүү мөчид “Чи Монгол Улсын төлөө олон гавьяа байгуулсан. Олон ялалт, амжилтыг бидэнд авч ирсэн. Чи залуу хүн. Цаашид олон тэмцээнд оролцоно” гэж хэлсэн.
Маш олон хүн энэ мэтээр сэтгэлийн дэм өгсөн л дөө. Хэдийгээр олон тэмцээнд түрүүлсэн ч хамгийн чухал, том тэмцээнд алдаа гаргачихлаа гэж бодохоор л хэцүү санагдаад байсан. Нөгөө талаар ялагдал маань дараа дараагийн тэмцээний медалийн замыг зассан байх.
-2016 оны Олимпийн эрх олгох хамгийн эхний тэмцээн манай улсад болно. Та хэдэн килограммын жинд барилдах вэ?
-Дараагийн Олимпийн эрх авах онооны тэмцээн Монголоос эхэлнэ. Яг одоогоор барилдах эсэх нь шийдэгдээгүй байна. Яагаад гэвэл, Монголын жүдо бөхийн холбооноос тамирчдын нэрсийг гаргадаг. Нэрс гаргасны дараа л орох эсэх нь шийдэгдэнэ.
-Ярилцсанд баярлалаа.
Нийт сэтгэгдэл: 3
-
ylagdsan bohod sh***tgan mondohkue gj
erika 2012-08-21 18:35:48 202.72.247.244 (0) (0) -
tsagaanaa bol yag ynendee huguu tamirchna hyaschihsan l daa.gehdee chi delhiin abargiin temtseeneesl ahiad 2 ***t abchih tegbel yanarch asyyd***gyi shyydee .chi chadaj l taaraa.barildaan yylni saihan bn ldaa
nar 2012-10-01 18:19:13 106.189.9.111 (0) (0) -
биеэ тоохоо боль
зочин 2012-10-02 10:46:27 202.179.19.190 (1) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.