Израйл улс Газрын дундад тэнгисийн зүүн урд эрэгт орших 20 гаруй мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 7,9 сая хүн амтай, 1948 онд тусгаар тогтносон жижиг улс. Харин энэ жижиг улс эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд эхний 20 орон дотор ордог том улс. Одоо Израйл улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 240 орчим тэрбум америк доллар болж байгаа бөгөөд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 32 орчим мянган америк доллар болоод байна. Байгалийн баялаг багатай, жижигхэн, үржил шим багатай газар нутагтай Израйл улс шинжлэх ухаанаа хөгжүүлж улс орноо ийм үсрэнгүй хөгжилд хүргэсэн байна.
Энэ өгүүллийг Израйл улсын Шинжлэх ухаан, технологийн яамны сайд, профессор Даниел Хершковищийн (Daniel Hershkowitz) Research Media Ltd-д 2011 оны 8-р сард өгсөн ярилцлагыг голлон ашиглаж Израйл улсын Шинжлэх ухааны талаар гарсан бусад тоо баримт нэмж оруулан бичив.
Израйл улс шинжлэх ухаанаа хөгжүүлэхэд онцгой анхаардаг.
Израйл улс эх орондоо шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үүрэгтэй Шинжлэх ухаан, технологийн яамтай. Энэ яам нь улс орныхоо шинжлэх ухаан, технологийн бодлого, урт хугацааны төлөвлөлт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, онолын болон хэрэглээний судалгааг дэмжих зэрэг асуудлуудыг хариуцдаг юм байна. Бас Шинжлэх ухаан, технологийн яам нь Израйл улсын хамгийн үнэт баялаг болох хүндээ болон барилга байгууламж, багаж, тоног төхөөрөмж авах ажилд ч хөрөнгө оруулалт хийдэг ажлыг эрхэлдэг байна. Мөн түүнчлэн шинжлэх ухааны гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хариуцан ажилладаг. Түүнээс гадна улс орон дотроо иргэний зориулалттай сансарын технологи хөгжүүлэх үүрэгтэй Израйлын сансарын агентлаг, засгийн газарт шинжлэх ухаан, технологийн бодлого болон төсвийн талаар зөвлөдөг Шинжлэх ухаан, хөгжлийн үндэсний зөвлөл, мөн Ерөнхий эрдэмтэдийн чуулганыг мөн энэ яам хариуцдаг юм байна. Шинжлэх ухааны асуудал ингэж биеэ даасан яаманд төвлөрч зангидагддаг юм байна.
Израйл улс шинжлэх ухаанаа хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө зарцуулдаг.
Израйл улс эх орондоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийг авчрах, тэдгээрийг баталгаажуулах ганц найдвартай арга хэрэгсэл бол шинжлэх ухааныг хөгжүүлэх явдал юм гэж үздэг бөгөөд түүнийгээ ч бодит амьдрал дээр хэрэгжүүлэн хөгжүүлж, үр шимийг нь хүртэж байна. Өнөөдөр дэлхий дээр шинжлэх ухаандаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4,6 хувийг (11 тэрбум америк доллар) зарцуулж байгаа цорын ганц орон бол Израйл улс болно. Мөн Израйл улсын нийт хүн амын 0,5 хувь нь буюу 39500 эрдэмтэн судлаачид энэ улсад ажиллаж байна. Ингэж шинжлэх ухаандаа хөрөнгө мөнгө хаяж. олон эрдэмтэн судлаач ажиллуулсаны үр дүнд Израйл улс олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлэгдсэн нэг хүнд оногдох эрдэм шинжилгээний өгүүлэгийн тоо, тэдгээрийг ишлэсэн байдлаараа дэлхийд 3-р байранд орж байгаа бөгөөд судалгааны 20 голлох салбарын 6 салбарт нь тэргүүлж байна. Дэлхийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний бүтээл туурвилын 1 хувийг, математикийн шинжлэх ухааны бүтээлийн 2 хувийг израйлын эрдэмтэн судлаачид хэвлэж нийтлүүлсэн байна. Энэ шинэ зуун гарсанаас хойш Израйл улсаас 2004 оноос эхлэн химийн болон эдийн засгийн шинжлэх ухааны салбарт Нобелийн шагналыг хэд хэдэн эрдэмтэн хүртсэн байна.
Израйл улс шинжлэх ухааны гадаад хамтын ажиллагаанд онцгой анхаардаг.
Шинжлэх ухаан, технологийн салбарт Израйл улс шинжлэх ухаан өндөр хөгжсөн АНУ, Герман, Франц, Япон, Хятад, Итали, Өмнөд Солонгос, Энэтхэг, Орос улсуудтай хоёр талын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байна. Мөн түүнчлэн Европын холбооны эрдэм шинжилгээний ажлын ерөнхий хөтөлбөр (European Union Framework Programme for R&D), Европын молекуль биологийн лаборатори (EMBL), Европын молекуль биологийн бага хурал (EMBC), Иорданд байгуулж байгаа, ойрхи дорнодын олон орон оролцож байгаа Ойрхи дорнод дахь туршилтын шинжлэх ухааны хэрэглээнд зориулсан синхротоны гэрэл (SESAME) зэрэг олон улсын томоохон шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ер нь энэ глобалчиглагдаж байгаа ертөнцөд улс орон дангаараа тэр тусмаа жижиг орон гадаад хамтын ажиллагаагүйгээр шинжлэх ухааныг амжилттай хөгжүүлэх боломж бараг байхгүй. Тийм ч учраас Израйл улс хоёр талын болон олон талын хамтын ажиллагааны хүрээнд эрдэмтэн хоорондын болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг ихээхэн хэмжээгээр дэмжин ажилладаг.
Израйл улс шинжлэх ухаанаа хөгжүүлэх бодлогоо тууштай баримталдаг.
Израйл улсын Шинжлэх ухаан, технологийн яам нилээд хэдэн жилийн өмнө электро-оптикийн салбарыг хөгжүүлэх зорилт тавиад 40 гаруй стратегийн томоохон төсөл хэрэгжүүлсэн байна. Энэ ажлын үр дүнд өнөөдөр электро-оптикийн энэ салбарт Израйл улс том концернээс авахуулаад гарааны жижиг компани хүртэл 150 үйлдвэр компани олон мянган хүн ажиллуулж 5 тэрбум америк долларын ашиг олж байна. Саяхан болж өнгөрсөн дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал Израйл улсыг тойрч гараагүй дайрч өнгөрөхдөө олон арван хүнд асуудлууд бий болгосон ч Израйл улс шинжлэх ухаан л энэ асуудлуудыг гэтлэн давахад туслана гэж үзээд шинжлэх ухааны хөрөнгө оруулалтаа 50 хувиар нэмсэн болно. Ирээдүйд өөрийн оронд нь болон дэлхийд чухал салбар болон хөгжих иргэний сансар судлалын технологийн судалгааны ажлаараа Израйл улс дэлхийн эхний 10 орны тоонд ордог болсон бөгөөд энэ ололт амжилтаа улам бататгаж цаашид хөгжүүлэхийн тулд дэлхийн энэ салбарын өндөр хөгжилтэй орнуудтай улам бүр нягт ажиллахаар төлөвлөж байна.
Монгол улс болон Израйл улс шинжлэх ухааны одоогийн байдлын харьцуулалт.
Монгол улс, Израйл улс хоёрын шинжлэх ухааны өнөөгийн байдлыг цөөн хэдэн голлох тоо баримтаар харьцуулан доорхи хүснэгтэнд үзүүлэв. Израйл улс хоёр хүн амынхаа тоогоороо Монгол улсаас 3 хүрэхгүй дахин их мөртлөө шинжлэх ухаандаа зарцуулж байгаа зардлаараа 579 дахин их байх юм. Энэ нь Израйл улсаас дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн тоо, ишлэгдсэн байдлаараа манай судлаачдын туурвин бүтээсэн эрдэм шинжилгээний өгүүллийн тоо, ишлэгдсэн тооноос мөн л 455 болон 596 дахин их байна. Энэ тоо баримтууд, үр дүн нь ч энэ хоёр улсын шинжлэх ухаандаа зарцуулж байгаа зардалтайгаа дүйж байгааг гэрчилж байна
№ |
Улс |
Шинжлэх ухааны зардал |
Хүн амын тоо |
Эрдэм шинжилгээний өгүүлэл |
Ишлэгдсэн байдал |
|
Сая ам. доллар |
ДНБ-д эзлэх хувь |
|||||
1 |
Монгол улс |
19 |
0,3 |
2 868 490 |
243 |
2 394 |
2 |
Израйл улс |
11 000 |
4,6 |
7 933 200 |
110 558 |
1 426 421 |
Израйл : Монгол |
579 |
15 |
2.77 |
455 |
596 |
Харин нэг эрдэм шинжилгээний өгүүллийн ишлэгдсэн дундаж тоо Израйл улсынх 12,9 байхад манай улсынх 9,9 байгаа нь манай орны шинжлэх ухааны хувьд тун гайгүй сайн үзүүлэлт бөгөөд үүнээс дүгнэлт хийж үзэхэд манай улсын эрдэм шинжилгээний ажлын чанар чансаа нь зарцуулж байгаа зардалтай хөрөнгө мөнгөтөйгөө харьцуулахад гайгүй сайн байна гэж хэлж болохоор байна.
Бид шинжлэх ухааныхаа одоогийн гайгүй сайн байгаа энэ байдал, бааз сууриа улам бататган сайжруулж, салбарын талаар боловсруулсан бодлого, гаргасан хууль, дүрэм, журам, тогтоол, шийдвэр, баримт бичгүүдээ тууштай мөрдөж, санхүүжилт, эрдэм шинжилгээний ажилтаны тоо, хэмжээгээ ихээхэн нэмэгдүүлж ажиллах нь юу юунаас ч чухал байна. Мөн түүнчлэн шинжлэх ухааны салбарын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид мөн эрдэмтэн судлаачид шинжлэх ухаанаа цэцэглүүлэн хөгжүүлж үр шимийг нь хүртэж байгаа Израйл мэтийн улсуудын туршлагаас суралцах нь зүйтэй юм гэж санагдана.
Äîêòîð Т. Ган-Эрдэнэ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.