Нийслэлийн татварын газартай танилцлаа

Үнэлэх
(0 үнэлгээ)

Өнөөдөр буюу 2012-01-21-ний өдөр 10 цагаас Нийслэлийн татварын газрын ажил байдалтай нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид танилцлаа. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулгын захирамжаар НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн харьяа агентлагуудтай танилцаж байгаа юм.  

Танилцах уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Ц.Алтанцэцэг, Д.Хүрэлбаатар, Б.Төмөрулуун нар оролцлоо. Нийслэлийн татварын газрын дарга С.Энхбаатар дээрх төлөөлөгчдөд байгууллагынхаа хийж байгаа ажлыг танилцуулав. Нийслэлийн татварын газар нь одоогийн байдлаар 831 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дөрвөн төрлийн албан татварыг аж ахуй нэгжүүдээс татаж төвлөрүүлдэг юм байна. Нийслэлийн татварын газар нь улсын төсвийн 18.5 хувь, нийслэлийн төсвийн 80 хувь, орон нутгийн төсвийн 98 хувийг бүрдүүлдэг аж. Тус газар хураасан нийт татварынхаа 50 орчим хувийг улсын төсөвт, 38 хувийг нийслэлийн төсөвт, 11 хувийг орон нутгийн төсөвт тушаадаг бөгөөд өнгөрсөн онд 684 тэрбум төгрөгийн татварыг хураажээ. Сүүлийн жилүүдэд нийслэлийн татварын орлого эрс нэмэглэж байгаа бөгөөд өнгөрсөн онд л гэхэд тус газар төлөвлөгөөгөө 4 хувиар давуулан биелүүлж, зөвхөн нийслэлд л гэхэд 244.4 тэрбум төгрөгийг тушаасан байна.

Нийслэлийн татварын газар 2011 оноос эхлэн Хувь хүний орлогын албан татварыг иргэдэд буцаан олгох ажлыг хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 16000 гаруй иргэнд 9.9 тэрбум төгрөгийг эргүүлэн олгожээ. Түүнчлэн далд эдийн засагтай тэмцэх зорилгоор ногдуулалтын хяналтын ажлыг хийж эхэлсний дээр татвар төлөгч иргэний бүртгэлийн журмыг хэрэгжүүлснээр шилжилт хөдөлгөөн хийх замаар татвараас зайлсхийдэг явдлыг таслан зогсоосон байна. Нийслэлийн татварын газар 2013 онд 308.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх зорилттойгоор ажиллаж байгаа хэмээн С.Энхбаатар дарга танилцууллаа. Үүний дараа Л.Шагдаррагчаа төлөөлөгч хэдэн зүйлийг тодруулсан юм.

-Л.Шагдаррагчаа: Нийслэлийн засаг даргын 2013 оны мөрийн хөтөлбөр батлагдан гарсан. Энэхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн татварын газар 100 хувь бүрдүүлж чадах уу?

-С.Энхбаатар: Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөбөлрт хэрэгжүүлэх нийт ажлын төсвийн санал бидэнд орж ирсэн. Бид тэрхүү төсвийн мөнгийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Гэхдээ анхаарах зүйлс бас хэд хэд байгаа. Тухайлбал НИТХ төрийн сангаас ирсэн төслийг огт задлахгүйгээр батлаад байгаа. Сүүлийн хэдэн жил ийм байдал байнга давтагдсан. Цаашдаа сайтар задалж хэлэлцэхгүй бол төсвийн орлого бүрдэхгүй дутах хандлага гарч магадгүй байгаа. Яагаад гэхээр усны татварын хуулийн орчныг сайн бүрдүүлээгүйгээс үүдэн 8.2 тэрбум төгрөгийн татвар тасарч магадгүй байгаа. Бид энэхүү хуулийн орчныг нэг мөр болгохоор өнгөрсөн жилээс эхлэн тасралтгүй ажиллаж байгаа. Дээрх нь Оюутолгой компани 6 тэрбумын татвараа өнөөг хүртэл өгөхгүй байгаа. Өнгөрсөн онд засгийн газраас 250 сая долларыг тус газраас зээлсэн. Энэхүү зээлээс тэр мөнгөө суутгаж ав гэж гүрийгээд байгаа учраас нийслэлд хуримтлагдах мөнгө 6 тэрбумаар тасрахаар байгаа.

-Л.Шагдаррагчаа: Орон нутгийн сонгуулиас хойш нийслэлийн харьяа байгууллагуудад халаа сэлгээ их хийгдэж байгаа. Харин танай байгууллагад халаа сэлгээ хэр явагдаж байгаа вэ?

-С.Энхбаатар: Ер нь бол хийгдээгүй. Нэг дүүргийн татварын газрын дарга солигдсон. Мөн ТЕГ-ын дарга, дэд дарга нь л солигдсон өөр өөрчлөлт ороогүй.

-Л.Шагдаррагчаа: Татвар хураалтын ажил урирлын байдлаар шалтгаалан ихсэн буурах зйүл байдаг уу? Энэ талаарх динамик судалгааг гаргасан уу?

-С.Энхбаатар: Бид орлого зарлагын динамик судалгааг өмнө нь хийж байсан. Ер нь улирлын сезоны нөлөөлөл бага байдаг. Яах вэ манайхан юмыг тулгаж хийдэг хойно. Он гарахын өмнө татварын орлого бусад сараа бодвол жаахан их байх нь бий.

-Л.Шагдаррагчаа: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хүсэх хүсэлт юу байна. нийслэлийн татварын газарт тулгамдаад байгаа гол асуудлууд юу байна.

С.Энхбаатар: Саяхан гарсан журмаар Нийслэлийн татварын газар хогны мөнгө хураадаг ажлыг хийхээр болж байгаа юм байна. манай ажилчид маш их ажилтай байдаг атлаа дээр нь тийм ажил хийнэ гэхээр ихээхэн бэрхшээлтэй учирч байгаа юм. Түүнчлэн нийт ажилтан ажиллагсдын маань 80 орчим хувь нь авсан цалингийнхаа 20 гаруй хувийг утасны нэгжинд зарцуулдаг гэсэн судалгаа гарсан. Хувь хүн, албан байгууллагаас татвараа нэхэж залгасаар байгаад тэгж их хохирдог. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэж хүсч байна. мөн манай ажлын байр их засварт оролгүй удсан өнгө үзэмж таарууханы дээр ажиллагсдад өрөө хүрэхгүй байх тохиолдол гарч байгаа. Татварын хуулийг олон нийтэд таниулах ажил ихээхэн дутагдалтай явдаг. Тухайлбал Япон улс хүүхдүүдэд бага ахуйгаас нь эхлэн татвараа төлөхийг зааж, оюун ухаанд нь суулгаж өгдөг юм байна лээ. Манай улс ч гэсэн иймэрхүү болвол зүгээр байгаа гэв.

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид нийслэлийн татварын газрын үйл ажиллагаа хэвийн сайн явуулж байгаад баяр хүргэж цаашдынх нь ажилд амжилт хүслээ. 

 

Нийтэлсэн: 2013-01-21 14:55:15

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.