Өнөөгийн УИХ, Засгийн газар иргэдийн эзэмших “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг, сонгуулийн амлалтайгаа хольж хутгаад яг л бантан болгож орхилоо шүү.
2008 оны сонгуулиар ард түмнийг төлөөлж УИХ-ын гишүүн болсон нөхдийн бүрэн эрхийн хугацаа дуусахад ерөнхийдөө 30 хоног үлдээд байна. Тэд зургаадугаар сарын нэгнээс эхлээд айл бүрт аягатай чихэр, аар саархан зүйлээ тарааж, бүтдэггүй сайхан “үлгэр”-ээ яриад явах нь тодорхой. Монголын ард түмний хамгийн их хүсэн хүлээсэн Эрдэнийн хувь, “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа учир нь олдохгүй зүйл болж, дараагийн УИХ-тай золгох нь. Нэг болон 1.5 сая төгрөг бэлнээр өгнө хэмээн их мөнгөний тоо сонсож үзээгүй ард иргэдийнхээ чихийг дэлдийлгэж орхичихоод, нүдийг нь бүлтэлзүүлэн байж цөөхөн хэдэн төгрөг /500.0/-ийг чимх чимхээр тараасан. Сонгуулиар амласан нэг сая төгрөгөө өгөхийн даваан дээр “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаатай хольж, ойлгомжгүй зүйл олныг үлдээж байгааг иргэд анзаарч суугаа. Таван толгой нь стратегийн том орд учир тус ордыг ашиглах УИХ-ын тогтоолыг 2010 онд баталсан. Аж ахуйн нэгжид өгнө гэж өмнө нь шийдээд байсан “Эрдэнэс Таван толгой” компанийн 10 хувийн хувьцааг иргэддээ нэмж өгье. Иргэдээсээ Засгийн газар худалдаж аваад, аж ахуйн нэгжид худалдахаар шийдэх бололтой. Өөрөөр хэлбэл нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдан авч, нэрлэсэн үнээр нь аж ахуйн нэгжүүдэд худалдаалах зүйл тогтоолын төсөлд байгаа. Өнгөрөгч оны төсвийг баталсантай холбогдуулж нэг сая төгрөгтэй дүйцэхээр нэрлэсэн үнийг тогтоохоор оруулж байсан. Энэ нь зарчмын хувьд буруу гэдгийг зарим хүмүүс хэлээд байгаа. Шууд нэг сая төгрөгтэй дүйцүүлээд эхэлбэл зах зээлийн нийгэм, хөрөнгийн биржийн зарчимд нийцэхгүй. Олон улсын хөрөнгийн зах зээлд гаргана. Тэгэхээр эдгээр асуудлаа цэгцэлж байж IPO хийх шаардлагатай болох юм. Хонконгийн хөрөнгийн бирж гэхэд хувьцаагаа арилжаалж эхлэхээс зургаан сарын өмнө юм уу, хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалахаар өргөдлөө өгөхөөс дөрвөн долоо хоногийн өмнө компанийн хувьцааг ямар нэгэн хэлбэрээр хөдөлгөхийг хориглодог. Гэтэл хувьцааныхаа 10 хувийг иргэддээ өгч, Засгийн газар худалдан авч, аж ахуйн нэгжүүдэд буцааж худалдах энэ процес цаг хугацааны хувьд хүндрэлтэй. Нэрлэсэн үнийг ямар ч компани тун багаар тогтоодог. Улмаар тухайн компанийн ирээдүйгээс хамаарч нэрлэсэн үнэ нь хэдэн зуу дахин өсөж болдог зах зээлийн хуультай. Гэтэл улстөрийн амлалттай холбоотойгоор нэрлэсэн үнийг сая төгрөгтэй дүйцүүлэх нь буруу гэдэг нь үнэн болж таарлаа. Өөр нэг асуудал нь Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлэх, 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс энэхүү тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх, энэ тогтоолд заасан тодорхой заалтын хүрээнд иргэдэд эзэмшүүлэх хувьцаанаас Хүний хөгжил сангаас УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолын дагуу нэг сая хүртэлх төгрөг бэлэн мөнгөөр хүртэх хүсэлтээ гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцохоор болсон. Ингэхдээ 2010-2011 онд Хүний хөгжил сангаас нэг сая төгрөгнийн 500 мянган төгрөгийг сургалтын төлбөр хэлбэрээр өгч төгссөн, эдгээр иргэнд үлдэж буй 500 мянган төгрөгийг нь хувьцаа болгох, эсвэл бэлнээр өгөх нь тодорхой биш байна. Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэдэд хэчнээн хүн ямар хэлбэрээр хамрагдсан талаар тодорхой мэдээлэлгүй байна. Таван толгойн ордыг Засгийн газар эдийн засгийн эргэлтэд оруулахаар зүтгэж байсан ч хараахан амжилгүйгээр сонгуультай золгох нь. Тиймээс хоёр жилийн турш шийдэж чадаагүй байсан хар алтны их үүцийн асуудлыг сонгуулиас өмнө шийднэ гэдэг худлаа. Ядаж байхад Таван толгойн нүүрсийг олборлох компани, тээвэрлэх, төмөр зам, Баруун, Зүүн цанхид ажиллах компани, стратегийн хөрөнгө оруулагч гээд бүх зүйл тодорхойгүй байсаар дараагийн Засгийн газрын нүүрийг үзэх нь. Сонгуулийн ажил албан ёсоор эхэлчихвэл Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах ажил “баяртай” болж таарна. Хамгийн гол нь энэ бүхэн зөвхөн Таван толгой, эсвэл монголчуудын хувийн асуудал биш. Монголчууд хоёр дахь томоохон ордоо хэрхэн оновчтойгоор эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгийг дэлхий дахин нүд цавчилгүй харж байгаа. Харин монголчууд гурван жилийн турш энэ ажлыг хийж чадалгүй байсаар сонгуультайгаа золголоо. Сонгуулийн дараа Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл хийх, Баруун, Зүүн цанхи олон улсын сонирхлыг тэнцвэржүүлэх гээд бүх ажлыг дахин шинээр эхлүүлэхээр болж магадгүй нь.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.