Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЯПОН УЛСЫН ЭРХ БАРИГЧ ЛИБЕРАЛ АРДЧИЛСАН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НИКАЙ, ЯПОНЫ ПАРЛАМЕНТ ДАХЬ ЯПОН, МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН БҮЛГИЙН ДАРГА М.ХАЯШИ БОЛОН ПАРЛАМЕНТЫН ЗАЛУУ ГИШҮҮДТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы нөлөө бүхий улс төрч, эрх баригч Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, тус бүлгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Такэбэ, гишүүн Т.Кобаяши нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал солилцов. Т.Никай, М.Хаяши тэргүүтэй Японы парламент дахь найрамдлын бүлгийн гишүүд Монгол, Японы харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлээд ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр орны хамтын ажиллагааг нэн ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, олон нийт, соёл, аялал жуулчлалын салбарт улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн ойн хүрээнд хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгийн гишүүдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар ярилцав. Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг түшиглэн дагуул хот, эдийн засаг, мэдээллийн технологи, аялал жуулчлалын бүс байгуулах, хүрэн нүүрснээс ус төрөгч гаргах технологийг нэвтрүүлэх чиглэлд Монгол, Японы хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Японы хөрөнгө оруулалт, технологи, ноу-хау-г нэвтрүүлэх боломж харагдаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж, мал аж ахуйг түшиглэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн нийслэл хотыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын төсөлд Японы хувийн хэвшлийг оролцоосой хэмээн хүсч байгаагаа илэрхийлэв. Боловсролын салбар, нэн ялангуяа мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагаа, боловсон хүчин бэлтгэх асуудлыг чухалчилж байгааг мөн онцлов. ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай Монгол, Японы харилцааны бат бэх үндэс сууринд тулгуурлан хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Ирэх онд тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг хамтран тэмдэглэх манай талын саналыг японы тал талархан хүлээн авав. Л.Оюун-Эрдэнэ ирэх онд болох дипломат харилцааны 50 жилийн ойгоор хоёр талаас улс төр, бизнес, төрийн алба, соёл урлагийн төлөөлөл болсон 50 шилдэг залуусыг харилцан илгээж, солилцооны арга хэмжээ зохион байгуулах санал гаргаж дэмжигдэв.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЯПОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЭН БОСГОЛТ “КОВИД-19” ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙД Я.НИШИМУРА БОЛОН ЯПОНЫ ХӨСҮТ-ИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт КОВИД-19 цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Японы ХӨСҮТ-ийн захирал Т.Вакида нарыг хүлээн авч уулзан, КОВИД-19-ийн нөхцөл байдал, төр засаг, эрүүл мэндийн байгууллагаас авч буй арга хэмжээ, цар тахалтай тэмцэх чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд дэлгэрэнгүй санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар КОВИД-19 цар тахлын үед манай улсад дэмжлэг туслалцаа үзүүлж, нэн ялангуяа манай өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулж байгаад талархал илэрхийлэв. Тэрээр хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулж, эмчилгээнд ямар эм хэрэглэж, эдийн засгийн цаашдын төлөв байдлыг хэрхэн харж, КОВИД-19 цар тахлын дараа ард иргэдийг аль болох түргэн энгийн амьдралд эргэн оруулах ямар стратеги төлөвлөгөөтэй байгаа талаарх Япон Улсын туршлага, үйл ажиллагааг сонирхов. Япон дахь дельта вирусын тархалт, вакцины дархлаажуулалтын үр нөлөө, эмийн хэрэглээ, нэн ялангуяа хүндээр өвдсөн өвчнүүдэд чиглэсэн эмчилгээний талаар тодруулж, мэдээлэл авав. Японы Халдварт өвчин судлалын үндэсний төв манай эмч, ажилтнуудыг сургалтад хамруулж, дадлагажуулах зэргээр дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд манай ХӨСҮТ-өөс тус төвд илгээгээд буй SARS-CoV-2 вирусын генийн өөрчлөлтийг шинжлүүлэх ажлыг түргэтгэж өгөхийг хүсэв. Японы тал тус улсад хэрэглэгдэж байгаа гол эмнүүд хөнгөн шинж тэмдэгтэй өвчнүүдэд илүү үр нөлөөтэй байгаа, мөн цар тахлын эсрэг эм шинээр бүтээж байгаа талаараа танилцуулж, дельта вирусын тархалт нийт тохиолдлын 30-40 хувьтай тэнцэж байгаа, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахихын сацуу хавьталд орсон иргэдийн бүртгэл мэдээллийг нарийвчлан гаргаж байгааг танилцуулав. Япон Улс эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудаа вакцинд хамруулж дууссан, халдвар албан байгууллага, ажлын байранд их гарч байгаа, түүнчлэн айл өрхийн нэг гишүүн өвдөхөд бусад нь дагаад халдвар авч байгаа нь урьд нь түгээмэл байгаагүй тул хэрхэн урьдчилан сэргийлэх дээр анхаарч байгаа талаар ярив. Сайд Я.Нишимура цаашдын төлөв амаргүй харагдаж байна гээд Монгол Улс цаг алдалгүй вакцинжуулалтын асуудлыг шийдвэрлэснийг дурдаад Японд энэ оны 10-11 дүгээр сард багтааж хүн амынхаа 60 орчим хувийг вакцинжуулалтад хамруулахыг зорьж байгаа, үүний дараа эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж нэмэгдэнэ гэж харж байгаа гэв. Халдвар хамгааллын дэглэмийн тухайд, Токиод оройны 20 цагаас хойш зоогийн газруудыг ажиллуулахгүй байгаа. PCR шинжилгээнд өдөрт 100 мянган иргэн хамрагдаж байна, түргэвчилсэн оношлуурын хувьд хариу нь 15 минутад гардаг шуурхай багцыг өргөнөөр ашиглаж байгааг танилцуулав. Талууд мэдээллээ цаашид тогтмол солилцож, хамтарсан судалгаа хийх зэргээр улам нягт хамтран ажиллахаар ярилцав. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны долдугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийнэ. ТэрбээрБүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар айлчлах юм гэж ГХЯ-наас мэдээллээ. Засгийн газрын тэргүүн Япон улсад айлчилжбуй бол цар тахлын үеийн дараагийнайлчлал БНХАУ-д хийгдэх нь.

Вакцины III тунгийн талаарх судалгааг ирэх сард УОК-т танилцуулах үүрэг өглөө

Улсын онцгой комиссын XXIV хуралдаан өчигдөр цахимаар болж коронавируст халдварын эсрэг вакцины гуравдугаар тунг хийх эсэх, ковидын эмчилгээнд ашиглаж буй эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангалт, нийлүүлэлт болон эмнэлгийн тусламжийн багийн үйл ажиллагааны төлөвлөгөө, авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүд дэх хяналт зэрэг асуудлыг хэлэлцлээ. Вакцины гуравдахь тунтай холбоотой шинжлэх ухааны судалгааны үр дүн аргачлалыг хийж, ирэх сарын 20-ны дотор Улсын онцгой комисст танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Эрүүл мэндийн яам болон холбогдох албан тушаалтнуудад дархлаажуулалтыг эрчимжүүлэх, эм тариа эмнэлгийн хэрэгслийн 30 хоногийн нөөц бүрдүүлэхийг даалгаад иргэд, өвчтөнүүд гаднаас, гэрээсээ эм тариа авчирдаг байдлыг ирэх сарын 1-нээс таслан зогсоох ёстой гэдгийг анхааруулав. Мөн коронавирусын халдвар авч, өвдөөд эдгэсэн хүмүүст зөвлөмж үйлчилгээ хангалтгүй байна. Иймд нөхөн сэргээх эмчилгээний зөвлөгөө өгөх ажлыг нийслэл, орон нутаг, сум, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн зохион байгуулахыг үүрэг болголоо. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч буй зорчигч болон ачаа тээврийг ариутгах, халдваргүйжүүлэх орчныг бүрдүүлэн ажиллахыг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болголоо.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ё.СҮГАТАЙ АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд энэ сарын 22-ны өдөр Ерөнхий сайд Ё.Сүгатай Төрийн хүндэтгэлийн ордонд албан ёсны уулзалт хийв. Энэ нь хоёр улсын Ерөнхий сайд нарын түвшинд сүүлийн 2 жилд хийж буй анхны уулзалт юм. Уулзалт найрсаг дотно, уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай гуравдагч хөрш Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Даян дэлхийн улс орнууд нэг гэр бүл болохыг харуулж байдаг Олимпын наадмыг цар тахлын хүнд нөхцөл байдалд Япон Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, энэ удаагийн Олимпын наадам хүн төрөлхтөн цар тахлыг амжилттай даван туулсны бэлгэ тэмдэг болон түүхэнд үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Ё.Сүга Олимпын наадмыг зохион байгуулах түүхэн сорилттой үед Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэнд, мөн гадаад улс оронд хийж буй анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд, мөн энэхүү дэмжлэг туслалцаа КОВИД-19 цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үед ч үргэлжилж байгаад гүн талархал илэрхийлэв. Нэн ялангуяа, Монголын ирээдүй болсон хүүхэд залуусыг вакцинжуулахад Япон Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж байгааг онцлов. Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаад талууд санал нэгдэв. Хамтын ажиллагааны чиглэлд Хөшигийн хөндийд баригдсан Чингис хаан олон улсын нисэх буудлыг цогцоор өргөтгөж, эдийн засаг, мэдээлэл технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын асуудал, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон тус салбарын инженерүүдийг бэлтгэх, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц баригдах техник эдийн засгийн үндэслэлд хамтран ажиллах зэрэг эдийн засгийн томоохон хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохионо. Энэхүү түүхэн ойг хоёр улс ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тохиролцлоо. Ойн хүрээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхитог Монгол Улсад айлчлахыг урив. Мөн Ерөнхий сайд Ё.Сүга 2022 оныг Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил болгон зарлахыг санал болгосныг Монголын тал талархан хүлээж авав. Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж дуусгавар болж байгааг талууд сайшааж 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн Дунд хугацааны хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор ярилцав. Талууд олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид ч уялдаа холбоотой ажиллахаар болов. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ё.Сүга сүмогийн шинэ аваргатай болсонд баяр хүргэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна.Тэрээр маргааш хүндэт зочдын хамт Цог жавхлант Эзэн хаанд бараалхаж, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Япон, Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, гишүүдтэй уулзана. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.