ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ИРЭХ САРЫН 19-22-НД ЗОХИОН БАЙГУУЛНА

Засгийн газрын ээлжит хурал 2021 оны долдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийт хүн амын 64.8 хувь вакцины нэгдүгээр тунд, 56.6 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байна Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. УОК худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд зохицуулалт хийх хүрээнд зочид буудал, амралт, жуулчны газар, зарим төрлийн баар, ресторан, алжаал тайлах төв, саун, фитнесс зэрэг худалдаа үйлчилгээ эрхэлдэг 2,510 иргэн, хуулийн этгээдтэй хариуцлагын гэрээ байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрөөд байна. 2021 оны долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 64.8 хувь нь нэгдүгээр тунд, 56.6 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байгаа юм. Коронавируст халдварын олон хувилбарын тархалтын талаар тасралтгүй судалгаа хийж байна. Өнгөрөгч тавдугаар сарын эхээр дельта вирусийн зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч, тусгаарлан эмчилсэн. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Оном сангийн хамтарсан судалгааны хүрээнд Колумбын их сургуульд илгээсэн шинжилгээнээс 13 хүний сорьцоос дельта вирусийн хоёр тохиолдол, Интермэд эмнэлэгт долдугаар сарын эхээр хийсэн шинжилгээнүүдээс дельта вирусийн нэг тохиолдол илэрсэн байна. Сорьцууд баталгаажиж бүрэн дуусаагүй байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлээд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөлөө. Элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх сарын 19-22-нд зохион байгуулна Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021 оны наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. 40,420 хүүхэд шалгалт өгөх бөгөөд зохион байгуулалтад 9,000 орчим багш, ажилтнууд оролцоно. 7,600 хүүхэд сумаас аймгийн төвд очиж шалгалт өгөх ажээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ Эрчим хүчний салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 10-ны байдлаар 45.9 хувь, үүнээс үйлдвэр компаниуд 47.6, нүүрсний уурхайнууд 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөц энэ сарын 10-ны байдлаар дундын агуулахад 93 мянган тонн, баруун болон зүүн бүсийн үйлдвэрийн хашаанд 70 мянган тонн байна. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт байрлах 55 агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 5.9 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, явц болон тулгамдсан асуудлыг тухай бүр нь Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгалаа. Гурван их наяд төгрөгийн зээл олгоод байна Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Өнгөрөгч гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөрийн хүрээнд долдугаар сарын 19-ний байдлаар гурван их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Одоогийн байдлаар 204,209 ажлын байрыг хамгаалж чадаж байна гэж Сангийн сайд хэллээ. Нийт экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар, 2020 оны мөн үетэй харьцуулахад 45.1 хувиар тус тус өссөн байна. Нийт импорт 2019 оны мөн үеэс 8.5 хувиар, 2020 оны мөн үеэс 29.6 хувиар тус тус өссөн байна. Засгийн газрын хуралдааны үеэр цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих ажлын хэсэг байгуулах, Экспорт болон Үндэсний орон сууцжуулалтыг дэмжих хууль боловсруулахыг Ерөнхий сайд танхимын гишүүддээ үүрэг болголоо. Мөн намрын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв. Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ ЯПОН УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 7 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн зуны XXXII Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцоно. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад улс оронд хийж буй анхны айлчлал бөгөөд манай улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотолж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно.Талууд ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны талаар ярилцана. Түүнчлэн Монгол, Японы хамтын ажиллагааны дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах ажлын бэлтгэлийг хангах талаар тохирно. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Японы эрх баригч Либерал ардчилсан намын удирдлага, Япон Улсын парламент дахь найрамдлын бүлгийн удирдлагатай мөн уулзаж, санал солилцоно. Ерөнхий сайдын айлчлал Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр болж байгаагаараа онцлог юмгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад оноосон 2 жил 6 сарын хорих ялыг хэвээр үлдээлээ

Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг шүүх хуралдаан өнөөдөр болж, түүнд оноосон 2 жил 6 сарын хорих ялыг хэвээр үлдээлээ. 2020 оны наймдугаар сарын 11-ний өдөр Б.Ундармаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил 6 сар хорих ял оноон, нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хассан. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий Доктор мэйж компанидаа 700 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргасан. Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм. Гэвч тэрээр дараагийн шатны шүүхэд давж заалдсан юм. 2020 оны 10 дугаар сарын 22 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээдБ.Ундармаад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилжшийдвэрлэсэн юм. Ингэхдээ гэмт хэргээ хүлээсэн, эрүүл мэндийн байдал нь муудсан, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзжээ. 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаарБ.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцсэн.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээрдавж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн юм.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ “ТРАНСПЭРЭНСИ ИНТЕРНЭШНЛ МОНГОЛ” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Транспэрэнси интернэшнл Монгол байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцлоо. Засгийн газар өнгөрөгч баасан гаригт болсон ээлжит бус хуралдаанаар Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж байгааг Ерөнхий сайд хэллээ. Aвлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлнэ гэв. Мөн авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээлэл, олон нийтийн дэмжлэг хэрэгтэйг тэмдэглэлээ. Эрүүгийн болон уул уурхай, улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах, шүгэл үлээгчд-ийн тухай хууль боловсруулах зэрэг эрх зүйн орчныг сайжруулах, иргэдийн авлигын эсрэг боловсролд анхаарах зэрэг асуудлаар санал солилцлоо. Транспэрэнси Интернэшнл байгууллагынхан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт саналаа өгч ажиллаж байгаагаа илэрхийлээд хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулна гэдэг амаргүй, хүнд зорилт гэдгийг тэмдэглэв. Авлигын хэрэгт мэргэшсэн шүүгч, прокурор, өмгөөлөгч дутмагаас авлигын эсрэг тэмцэл үр дүн багатай байгааг дурдаад мэргэшүүлэх хөтөлбөр, сургалт зохион байгуулах боломжтой гэв. Авлигын индексийг бууруулах ажлын хэсэгт олон улсын туршлага, зөвлөмж өгч, зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтарч ажиллахыг тус байгууллагынхнаас Ерөнхий сайд хүслээ. ХБНГУ-ын Берлин хотод төвтэй Транспаренси Интернэшнл олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг бөгөөд 2020 оны дүнг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарласан юм. Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна гэжЗасгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД АВЛИГЫГ ЖИГШИХ НИЙГМИЙН ШИНЭ СОЁЛЫГ БИЙ БОЛГОНО

Авилгын индексийг бууруулах ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өнгөрсөн 30 жилд олон сайн зүйл бий болсон ч сул талууд ч гарлаа. Түүний нэг нь төрийн байгууллагын хүнд суртал. Авлига хээл хахууль нэмэгдэж, нийгэмд баян хоосны ялгаа асар их болсон. Эдгээр нь иргэдийн амьдралын чанарт нөлөөлж, дундаж давхаргыг бүрдүүлэхэд саад болж байна. Өнгөрсөн 30 жилд авлигатай тэмцэх олон ажил хийсэн ч илүү сайжруулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг илүү өргөн хүрээтэй явуулах авлигын хөрс сууринаас нь таслан зогсоох зорилгоор Авлигын индексийг буруулах ажлын хэсэг байгуулж байна гэлээ. Мөн Аль ч улс оронд гүйцэтгэх засаглал нь авлигатай тэмцдэг. Тиймээс Засгийн газар өөрийнхөө зүгээс юу хийж чадах зүйлээ хийнэ. Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно гэж мэдэгдлээ. Ажлын хэсэг авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд гол анхаарлаа хандуулах юм. Мөн ХБНГУ-ын Берлин хотод төвтэй Транспаренси Интернэшнл олон улсын төрийн бус байгууллагатай мөн хамтарч ажиллана. Тус байгууллага жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг бөгөөд 2020 оны дүнг 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарлажээ. Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхтой онооны хувьд ижил боловч таван байраар ухарсан үзүүлэлт болж байна. Монгол Улс өмнөх оныхоос оноо буурсан үндсэн шалтгаан нь төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулаaн ашигладаг байдал нэмэгдсэнээс хамаарсан байж болох судалгааны дүн гарсан. Түүнчлэн бизнес эрхлэгчид үйл ажиллагаа эрхлэх болон гэрээ, хэлцэл байгуулахад авлигатай нүүр тулах эрсдэл нэмэгдсэн гэх шалтгаанаар манай улсын үнэлгээ буурсан байна. Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхдээ хүнд суртал, авлига дагуулж буйг таслан зогсоохоо Ерөнхий сайд мэдэгдлээ. Энэ хүрээнд олон нийтийн дунд тандалт судалгааг долоо хоног бүр явуулж, хамтарсан төсөөллийн судалгаагаар хамгийн их хүнд суртал үүсгэж байгаа газрыг тогтоож, дээрх Ажлын хэсэг асуудлыг шийдээд явна. Товчхондоо, авлигын эсрэг тэмцэл зөвхөн УИХ, хуулийн байгууллагынхны биш иргэн бүрийн оролцох асуудал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хэллээ. Мөн Шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлын тухай хуультай болох шаардлагатай байгааг онцолсон юм. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуультай болох ёстойг ч Ерөнхий сайд яриандаа дурдсан. Манай улсад авлигын хэргийг шийддэг дагнасан шүүх тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгаа гэж үзжээ. Ийм чиглэлийн хэргийг дагнаж шийдэж байгаагүй шүүгч, өмгөөлөгч, прокурор, хуулийн байгууллагын ажилтнууд ажиллахаар хэрэг замхрах урьдач нөхцөл болж байна гэж албаныхан үзэж байна. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин дутмаг байгааг Ерөнхий сайд онцолж, УИХ-ын Ёс зүйн хороотой хамтарч ажиллаж, ах, дүү, хамаатан, садны томилгоотой тэмцэхээ мэдэгдсэн юм. Төр тунгалаг байж чадвал хувийн хэвшлийнхэнтэй холбоотой авлигын асуудал үүсэхгүй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Шинэ 30 жилд Монгол Улс авлигагүй болохын тулд хоёр жилийн хугацаанд нарийвчилсан ажлын төлөвлөгөө гаргах ажиллахаар боллоо.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.