Унгар улсын Элчин сайдын яамнаас мэдээлж байна

Унгарын Засгийн газар 1481/2021 тоот (VII. 16.) Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай тогтоолыг долдугаар сарын 16-нд нийтлэв. Үүний хүрээндУнгар улс МонголУлсад 4.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 33 ширхэг амьсгалын аппаратыг хандивлана. Унгар улсаас Улаанбаатарт суугаа Элчин сайдын яам, амьсгалын аппаратын хүргэлтийн явцын талаар Монголын эрх бүхий байгууллагуудтай зөвлөлдөх болно. Хоёр улс өнгөрсөн онд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд Улаанбаатар дахь Унгарын Элчин сайдын яам Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байна. 2015 оноос эхлэн Унгарын Засгийн газар жилд 100, 2016 оноос хойш жилд 200 иргэнийг хэдэн сая еврод дүйцэх тэтгэлгээр суралцуулж байна. 60 жилийн дараа буюу 2021 оны зургаадугаарсард хоёр улсын хоорондох археологийн хамтын ажиллагааг сэргээв. Одоо Улаанбаатарын харьяалалтайБэлхийн аманд Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа, малтлага хийгдэж байнагэжМонгол Улсад суугаа Унгарын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ДЕЛЬТА ВИРУС ТАРХАЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД ГАДААДЫН НИСЛЭГТ ОНЦГОЙ АНХААРАХ ЁСТОЙ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 12 -нд Улсын Онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Цар тахлын нөхцөл байдлыг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Тэрбээр, -Сүүлийн 24 цагт /2021.07.12/ 1496 халдвар бүртгэгдэж, халдварын байдал сүүлийн гурав хоногт харьцангуй тогтворжиж байна. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 50, энгийн 1200 ор сул буюу нийт орны 18,1 хувь нь сул байна. Дүүргийн эмнэлгүүдийг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрээр хангах ажил эрчимтэй хийгдэж байна. Тухайлбал, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэг, Хотын захиргааны шинэ байранд дэлгэсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг нийлүүлж байна. Мөн хүчилтөрөгчийн 2000 баллон, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч 1000 ширхэг, амьсгалын аппарат 50 ширхгийг эмнэлгүүдэд нийлүүлэх ажил хийгдэж байна гэлээ. Мөн наадмын амралтын өдрүүдээр орон нутгийг зорих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж, сүүлийн гурван өдөрт л гэхэд 30 мянга гаруй иргэд хотоос орж гарсан гэж Шадар сайд хэллээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутаг дахь нөхцөл байдалд онцгой анхаарахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо. Түүнчлэн олон улсад дельта вирусын тархалт нэмэгдэж буй учир гадаад улсаас иргэдээ татан авч байгаа асуудалд онцгой анхаарах ёстой гээд энэ асуудлаар энэ баасан гарагт болох Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болгов. Цар тахлын эмчилгээнд анхаарах, вакцинд хамруулах ажил, татан авалтыг үргэлжүүлэх, шаардлагатай эм тариаг нөөцлөх үүргийг Эрүүл мэндийн сайд болоод холбогдох албан тушаалтнуудад өглөө. Дэлхий дахинд цар тахлын эсрэг вакцинд нийт хүн амынхаа 60-аас дээш хувийг хамруулсан таван улс байгаагийн нэг нь Монгол Улс болжээ. Тиймээс иргэдийг халдварын дэглэм сахиулахад онцгой анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Орон нутагт вакцины үйлчлэл нийслэлээс 14-21 хоногийн хоцрогдолтой явж байгаа учраас орон нутаг руу зорчиж байгаа нийслэлийн иргэн бүр хариуцлагатай байхыг тэрбээр уриаллаа. Засгийн газар Авлигын эсрэг комисс байгуулна Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг хэллээ. Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдах юм. Хуралдаанаар тус комиссыг байгуулахаар болжээ. Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм. Замын-Үүдэд Засгийн газар бүрэн эрхэт төлөөлөгчөө томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байна. Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудал байна. Засгийн газар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

АВЛИГЫН ИНДЕКСИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны долдугаар сарын 16-нд боллоо. Хуралдаанаас авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулав. Эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулан хэрэгжүүлж ажиллахыг тус Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа. ХБНГУ-ын Берлин хотод төвтэй Транспаренси Интернэшнл олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг бөгөөд 2020 оны дүнг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарласан. Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхтой ижил оноотой боловч 5 байраар ухарсан үзүүлэлт болж байна. Монгол Улс өмнөх оныхоос оноо буурсан үндсэн шалтгаан нь төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг байдал нэмэгдсэнээс хамаарсан байж болох судалгааны дүн гарсан. Түүнчлэн бизнес эрхлэгчид үйл ажиллагаа эрхлэх болон гэрээ, хэлцэл байгуулахад авлигатай нүүр тулах эрсдэл нэмэгдсэн гэх шалтгаанаар манай улсын үнэлгээ буурсан байна. Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж, энэ нь хилийн Замын-Үүд боомтод үүссэн асуудлаас тодорхой харагдаж байна. Иймд олон улсын байгууллагын судалгаа, дүгнэлт болон Монгол Улсад тулгараад буй нөхцөл байдлыг харгалзан төрийн албан хаагчдын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж буй байдлыг таслан зогсоох, бизнес эрхлэгчдэд учирч буй дарамт, хүнд суртал, авлигыг бууруулах төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангах зорилгоор Авлигын индексийг бууруулах үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийг байгуулан, төлөвлөгөө боловсруулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна. Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж байна. Шинээр байгуулсан ажлын хэсэг авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлнэ. Товч мэдээ: Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Сүүлийн өдрүүдэд Монгол Улс дахь коронавирусийн халдварын тохиолдлын тоо буурч байгаа ч иргэдийн хөл хөдөлгөөн, коронавирусийн олон хувилбарт тархалт улс орнуудад эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримтлах зөвлөмжийг Улсын Онцгой комисс өгч байна. Ашигт малтмал, газрын тосны экспорт, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил дамнасан тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, аюулгүйн байдлын чиглэлээр хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхэт захиргаа улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгууллаа гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХҮНСНИЙ ТОГТВОРТОЙ ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЖ, ХҮНС ЭКСПОРТЛОГЧ ОРОН БОЛОХ ЁСТОЙ

Л.Оюун-Эрдэнэ: Хүнсний тогтвортой тогтолцоо бүрдүүлж, хүнс экспортлогч орон болох ёстой Монгол Улсын хүнсний тогтвортой тогтолцоо сэдэвт үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хүнсний салбарын голлох оролцогчид хүнсний тогтолцоог хэрхэн хөгжүүлэх арга зам, гарц, шийдлээ ярилцаж, гаргасан шийдвэр, үр дүнг энэ оны есдүгээр сард болох НҮБ-ын Хүнсний тогтолцооны Дээд хэмжээний уулзалтад танилцуулах юм. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэрээр хүнс, эрүүл мэндийн тогтолцоотой холбоотой асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай гэж үздэгээ илэрхийлэв. Уул уурхайгаас гадна хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, тээвэр, логистикийн салбарыг тэргүүлэх салбар гэж үзнэ. Импортоос 90 хувь хамааралтай байдлаа халж, хэрэгцээгээ дотоодоос бүрэн ханган, хүнс экспортлогч орон болох зорилтоо биелүүлнэ. Хүнсний тогтвортой тогтолцоо бүрдүүлэх нь хүний хөгжил, амьдралын чанарыг сайжруулаад зогсохгүй, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил бий болгоход ихээхэн хувь нэмэртэй. Үүнд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага гээд олон талын оролцоо чухал. Засгийн газар бүх талаар дэмжинэ гэлээ. Мөн нэг хүнд ногдох малын тоо зэргээр дэлхийд дээгүүрт ордог ч малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний экспорт хангалтгүй байгаа нь цогцоор нь шийдээгүйтэй холбоотойг хүлээн зөвшөөрөв. Төр, засаг бодлогын зохицуулалт хийх ёстой. Бүгдийг иргэд, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын урдуур орж хийх боломжгүй. Чадахгүй зүйлийг нь шийдвэрлэхэд оролцоно. Бизнес эрхлэхэд нь макро болон эдийн засгийн, бусад нөлөөллөөс харьцангуй бага байлгах нь л төрийн гол зорилго. Бодлогоор дэмжих, хамтран ажиллах, хувийн хэвшилтэйгээ түншлэх байр суурьтай байна гэв. Хүнсний тусгаар тогтнолоо хангаж, жингийн илүүдэлгүй, элдэв хорт хавдарт өвчингүй, эрүүл, идэвхтэй иргэдтэй Монгол байхын төлөө хүнснийхээ асуудлыг хамтдаа өөрчилж, шинэ түвшинд гаргахыг уриалав. Монгол Улсад тогтвортой хүнсний тогтолцоонд шилжих асар их боломж нөөц байна. Тэр үйл явц хэдийнэ эхэлсэн. Энэ салбарын шинэчлэлийн үр дүнд хүн амыг шим тэжээлтэй, эрүүл хүнсээр хангаж, иргэдийн амьжиргаа, амьдралын чанар сайжирна гэж НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэллээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа цар тахлын үеийн хямралыг хүнсний тогтолцоогоо илүү хүртээмжтэй, тогтвортой, тэсвэртэй болгож тэнцвэржүүлэх, өөрчлөн сайжруулах боломж болгох хэрэгтэй гэж үздэгээ хэлэв. Үндэсний хэлэлцүүлэг угтан бүсүүдийн хэмжээнд болон хувийн хэвшил, залуучууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан Аюулгүй, тэжээллэг хүнсээр хүртээмжтэй хангах, тогтвортой хэрэглээг дэмжих, Амьжиргааны тэгш байдлыг ахиулах ба зах зээл, Байгальд ээлтэй үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эмзэг байдал, цочрол, дарамтад тэсвэртэй байдлыг бий болгох сэдвээр цуврал хэлэлцүүлэг хийсэн байна. Үндэсний хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ хамтран зохион байгуулав гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

АЙМГУУД ХӨЛ ХОРИО ТОГТООХДОО УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТОЙ ЗӨВШИЛЦӨНӨ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Аймгууд хөл хорио тогтоохдоо Улсын онцгой комисстой зөвшилцөнө Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаархи мэдээллийг сонсов. Өнөөдрийн байдлаар 20 аймагт халдварын 30,299 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эмнэлэг болон тусгаарлан эмчлэх байранд 7,476 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь хөнгөн 6,402, хүндэвтэр 869, хүнд 170, нэн хүнд 35 иргэн байна. Орон нутагт халдварын тархалт, эмнэлгийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд хязгаарлалтын дэглэм тогтоосон. Эдгээрээс 13 аймгийн 101 сумын хөл хорио наадмаас өмнө цуцлагдах юм. Засгийн газрын шийдвэрээр 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэл ес хоног амарна. Түүнчлэн зуны улиралтай холбогдуулан иргэдийн хөдөө, орон нутаг руу чиглэх хөдөлгөөн эрс нэмэгдэх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан: - Импорт, экспортын гол боомтуудтай аймаг, орон нутагт хатуу хөл хорио хэвээр үргэлжилнэ. Боомтууд хэвийн үйл ажиллагаанд шилжих хүртэл хөдөлгөөнийг хязгаарлах; - Аймгууд бие даан хязгаарлалт тогтоохгүй. Зөвхөн Улсын онцгой комисстой зөвшилцөж хязгаарлалт, хөл хорио тогтоох; - Иргэд орон нутагт зорчихдоо айлаар орохгүй, суурин газрын хөдөлгөөнд оролцохгүй, зөвхөн жуулчны бааз, амралтын газраар үйлчлүүлэх; - Бүрэн вакцинд хамрагдсан эсвэл өвчлөөд эдгэрсэн хүмүүс орон нутаг руу зорчих боломжтой, гэр бүлээрээ явж байгаа бол таваас дээш насны нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авах; - Үйлчилгээний байгууллагуудыг ээлж дараатай нээх эсэхийг Нийслэлийн онцгой комисс урьдын адил хариуцах, ингэхдээ 22.00 цагаас хойш ажиллуулахгүй байх зэрэгт анхаарч, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Ерөнхий сайд чиглэл болгов. Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлнэ Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл-ийн хүрээнд барьсан Дулааны станц, Ус хангамж, ариутгах татуургын туршилт, тохируулга хийхэд шаардлагатай нэг тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт 2026 онд дуусч ашиглалтад орох хэдий ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөөт бүсийг энэ зун нээж байнгын ажиллагаанд оруулах үүрэг өгөв. Эрхзүй, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлснээр: - Экспорт, импорт нэмэгдэнэ; - Үйлдвэрүүд хөгжинө; - Худалдаа, үйлчилгээний шинэ салбарууд бий болно; - Шууд ажлын байр бий болно; - Бүтээн байгуулалт нэмэгдэнэ; - Аялал жуулчлал хөгжинө; - Тэргүүний техник, технологи нутагшина; - Транзит тээвэр, логистик нэмэгдэнэ; - Худалдааг хөнгөвчилнө; - Бүс нутгийн хөгжил эрчимжинэ гэж үзэж байна. Тухайлбал 2026 он гэхэд хөрөнгө оруулагчийн тоо 70-д хүрч 9,400 ажлын байр бий болох юм. 2034 он гэхэд экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэх бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт 2,9 тэрбум ам.долларт хүрч 18 мянган ажлын байр бий болох тооцоо гарчээ. Цахим визийн систем нэвтрүүллээ Монгол Улсын виз олгох журам-ын шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. Ингэснээр Монгол Улсад ирэх гадаадын 31 улсын иргэд, тухайлбал эхний ээлжинд жуулчин, соёл, урлаг, спортын тэмцээн, уралдаанд оролцох, кино, контент бүтээх болон дамжин өнгөрөх визийг цахимаар авах боломжтой. Визийн 11 ангиллыг цаг үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн орших суух зөвшөөрлийг 29 хэлбэрт нийцүүлэн дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх гэх мэтээр 64 болгон төрөлжүүлжээ. Тухайлбал К4 визийг соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээн, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх иргэдэд олгох юм. Визний ангиллыг тодорхой болгосноор виз хүсэгч гадаадын иргэнд зорчих зорилгод нь тохирсон виз олгох, визийн талаархи статистикийн тоон мэдээллийг дэлгэрэнгүй гаргах, визийг шуурхай олгох болон визийн нэгдсэн сантай болох давуу талтай. Энгийн зэргийн буюу B /бизнес/ ангиллын 30 хүртэлх хоногийн визийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, J /жуулчин/ ангиллын 30 хүртэлх хоногийнх бол хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар олгох юм. Одоогоор дэлхийн 80 орчим улс цахим визийн систем нэвтрүүлээд байна. Медаль хүртсэн тамирчдад урамшуулал олгоно Тамирчин, дасгалжуулагчдад 2021 онд олгох мөнгөн урамшуулал, шагналын тухай тогтоолын төслийг баталлаа. Энэ дагуу Олимп, паралимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс спортын есөн төрлөөр медаль хүртсэн нэр бүхий 58 тамирчинд сар бүр нийт 132 сая төгрөг, Боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн болон Шатрын их мастерын болзол хангасан тамирчид, дасгалжуулагч нарт нэг удаа нийт 104 сая төгрөг олгоно. 2013-2020 онд Олимп, паралимпын наадмаас гурван алт, долоон мөнгө, 13 хүрэл медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 15 алт, 22 мөнгө, 42 хүрэл медаль хүртсэн 58 тамирчинд 11 тэрбум гаруй төгрөгийн мөнгөн урамшуулал, 2015-2020 онд 4,411 тамирчин, дасгалжуулагчид долоон тэрбум гаруй төгрөгийн нэг удаагийн мөнгөн шагнал олгожээ. Мөн Олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн хөгжлийн бэрхшээлтэй 43 тамирчинд урамшуулал олгоход шаардагдах 230 орчим сая төгрөгийг төсвийн багцаасаа гаргахыг сайд А.Ариунзаяад зөвшөөрөв. Мөнгөн шагнал, урамшуулал нь тамирчид, дасгалжуулагчдын нийгмийн баталгааг хангах, спортоор хичээллэх, амжилт гаргахад нь эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм. Товч мэдээ - Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. - Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам, Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам-ыг шинэчлэн батлав. - Цар тахлын үед хөл хорионы шатлал харгалзалгүй ургац хураалтын бэлтгэлийг эртнээс сайтар хангахыг сайд З.Мэндсайханд даалгав. Одоогоор 414 мянган га-д үр тариа, үүнээс 384 мянган га-д улаанбуудай, 16 орчим мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 68 мянган га-д тосны ургамал, 42 орчим мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалаад байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.