ЦАХИМ, ИЛ ТОД, ҮР АШИГТАЙ БАЙХ ЗАРЧМЫГ САНГИЙН ЯАМ НЭВТРҮҮЛЖЭЭ

Эртэч Монгол санаачилгын хүрээнд төрийн албаны шинэтгэлийг салбар бүрт жигд хэрэгжүүлэх, яам, агентлагийн үйл ажиллагааны чиглэлээр шинэтгэлийн түншлэл, ойлголцол, төлөвлөлтийг оновчтой тодорхойлж, шинэтгэлийн хамрах хүрээнд сул орон зай үүсгэхгүй байх зорилго бүхий өглөөний цуврал уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн албаны зөвлөлөөс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яаманд тус тус хийгээд байна. Сангийн яамнаас төрийн албаны шинэтгэлийн хүрээнд хийж буй ажлаа танилцуулсан өнөөдрийн уулзалтад тус яамны албан хаагчид болон Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын удирдлага, ажилтан 160 гаруй хүн оролцлоо. Төрийн албаны хууль тогтоомжийг мөрдлөг болгон Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цахим, ил тод, үр ашигтай байх зарчмуудыг баримтлан ажиллаж буйгаа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт онцолсон байна. Яамны ажлын ачаалал сүүлийн жилүүдэд 10 дахин нэмэгдсэн ч орон тоо нэмэлгүйгээр, ажилтнуудаа чадваржуулж, ажлын байрны орчноо сайжруулан цахим ажлын горимд шилжсэнээр яам, салбарын бодлого, үйл ажиллагаа үр дүнд хүрч байгаа талаар мөн тэмдэглэв . Шинэтгэл эдийн засгийн агуулгаар баяжиж байна. Төрийн албан хаагчийн цалин хөлсний системийг хүний нөөцийн удирдлага, мэдээллийн сантай холбож чадсан нь томилгоо болон цалин хөлсийг уялдуулах, боловсронгуй болгох томоохон ажил боллоо. Их өгөгдөл дээр амжилттай ажиллах, өгөгдөл мэдээллээ шинэчлэн боловсронгуй болгох, шуурхай солилцох, өгөгдлийн санг эргэлтэд оруулах, технологийн дэвшлийг ашиглах, мерит зарчим, шатлан дэвших тогтолцоог хөгжүүлэх, чадвартай мэргэжилтнийг тогтвортой ажиллуулах чиглэлээр цаашид хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцоллоо.

“МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ ТОГТОЛЦООНЫ ТОГТВОРТОЙ БАЙДАЛ” СЭДВЭЭР ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Монгол Улсын Хүнсний Тогтолцооны Тогтвортой байдал сэдвээр Төрийн ордонд хэлэлцүүлэг өрнүүллээ. Үндсэн хоёр чиглэлээр хэлэлцүүлэг боллоо. Тухайлбал: Нэмүү өртгийн сүлжээ ба зах зээл, Зах зээлийг тэлэх, шинэ зах зээлийг бий болгох боломж, бололцоо гэсэн агуулгаар талууд асуудлуудыг хөндөн ярилцлаа. Одоогийн нөхцөлд хүлээгдэж буй гол үр дүн нь Хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийг дэмжихэд шаардлагатай богино, дунд, урт хугацааны бодлогын зөвлөмжүүдийг гаргах нь чухал байгааг оролцогчид хэлж байлаа. Хүнсний тогтолцоо тогтвортой байх нь бүх нийтийг аюулгүй, шим тэжээлтэй, хүнсний бүтээгдэхүүнээр хүртээмжтэй хангахад чухал ач холбогдолтой билээ. Хүнсний тогтолцоо-ны тухай ойлголтод хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дахин боловсруулалт, тээвэрлэлт болон хэрэглээний түвшний бүх төрлийн үйл ажиллагаа хамаарна. Хүнсний тогтолцоо эрүүл, аюулгүй байх нь хүн ба хүрээлэн буй орчны эрүүл мэнд, эрүүл аж төрөх соёл болоод эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлдөг. Энэ асуудлын хүрээнд 6 дугаар сарын 22, 24-ны өдрүүдэд Үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулна. Гол зорилго нь 2030 онд манай улсад хүнсний ямар тогтолцоо шаардлагатай болохыг тодорхойлж, Монгол Улсын хүнсний тогтолцоог тогтвортой байдалд хүргэх арга замыг бий болгоно гэж үзэж байгаа юм байна. Дэлхийн хүнсний тогтолцоог сэргээн сайжруулах асуудал нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилж буй COVID-19-ийн хямралыг даван туулах Илүү сайныг бүтээцгээе уриалгад хариулах боломжийг бидэнд олгоно. Монгол Улсын хувьд энэхүү Арван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, хүнсний тогтолцоог өөрчлөх хүрээнд олон талын оролцогчдыг нэгтгэх бүсийн болон үндэсний түвшний хэлэлцүүлэг зохион байгуулах асуудлыг Монгол улсын Ерөнхий сайд дэмжиж байгаа юм. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх, Монгол Улсын хүнсний тогтолцооны яриа хэлэлцээг удирдан зохион байгуулагч Э.Болормаа, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч, Монгол Улсын хүнсний тогтолцооны яриа хэлэлцээг чиглүүлэгч Винод Ахужа, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Булганчимэг, Б.Дөлгөөн нар болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Тогтмол нислэг үйлдэх, иргэдийн солилцоог дэмжих хүсэлтээ БНСУ-ын Элчин сайдад илэрхийлжээ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өчигдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзав. Талууд хоёр улсын Иж бүрэн түншлэл-ийн харилцааг Стратегийн түншлэл-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, цар тахлын нөхцөл байдал намжмагц дээд, өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, КОВИД-19-ийн дараах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов. Монгол Улс хилээ шат дараатай нээж буйтай холбогдуулан тогтмол нислэг үйлдэх, иргэдийн солилцоог дэмжих чиглэлд БНСУ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахын төлөө байгааг монголын тал нотлов.

С.АМАРСАЙХАН: НААДМЫГ ХОЙШЛУУЛАХ, ХАЛДВАР БУУРАХГҮЙ БОЛ ЦУЦАЛСАН Ч БОЛНО

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар вакцинжуулалтын явц, дархлаажуулалтын дараах өвчлөлийн эмнэлзүйн байдал, вакцины үр нөлөө, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1 дүгээр тунд хамрагдалт 91 хувь, 2 дугаар тунд хамрагдалт 77,2 хувьтай байна. ХӨСҮТ-өөс вакцины дараах эсрэг биеийн тогтоцын талаар болон вакцины үр нөлөөг судалжээ. Уг судалгаагаар вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 88 хувийг нас баралтаас, 75.4 хувийг халдвар авсан иргэдийн хүндрэлээс сэргийлж байгааг тогтоожээ. Нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хэллээ. Тэрээр Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй гэв. Вакциныг үгүйсгэх зориудын гэмээр хандлага сүүлийн үед нэлээд ажиглагдах боллоо. Вакцины сайн, муугаас болоод өвчлөл нэмэгдээд байгаа зүйл огт байхгүй. Вакцин хийлгэснээр Та халдвар авах эрсдэл мэдээж эрс буурна. Вакцин хийлгэснээр халдвар авлаа гэхэд Таны өвчин амархан хүндрэхгүй байх, Таны амь нас эрсдэхгүй байх боломжтой хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Улбар шар түвшинд халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байгаа зарим аж ахуйн нэгжүүдэд хатуу хяналт тавьж ажиллахыг Шадар сайд хяналтын байгууллагуудад даалгалаа. Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан элсэлтийн ерөнхий шалгалтыг эрсдэлгүй зохион байгуулахыг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо. Шадар сайд С.Амарсайхан Засгийн газар аль болох хатуу хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталж буй. Нөхцөл байдал амаргүй байгааг төрийн байгууллага, ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань ойлгож, дор бүртээ хариуцлагатай байх нь чухал. Ялангуяа нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулмааргүй байна. Халдварын тархац нэмэгдэж, эрүүл мэндийн салбар ачаалал ихсэж байгаа учраас хүн хүчийг нэмэгдүүлэх үүднээс сургууль цэцэрлэгийн эмч нарыг нэмж ажилуулах, Анагаахын их сургуулийн төгсөх курсын оюутнуудыг хүртэл дайчлахаар зохион байгуулалтыг хийж байна. Ард иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ гэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.