Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхийТүр хорооны өнөөдөр /2021.04.28/-ийн хуралдаан 14 цаг 47 минутад 75 хувийн ирцтэй эхлэв. Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хуралдаанаар Оюу Толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцууллаа.Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асуулаа. Гишүүд Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Түр хорооноос Засгийн газарт хэд хэдэн чиглэл өгсөн талаар дурьдаад, тэр дундаа Оюу Толгой ХХКийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан Лондонгийн Олон улсын арбитрын шүүх дээрх маргаандсөрөг нэхэмжлэл яаралтай гаргах чиглэлийн дагуу Засгийн газар сөрөг нэхэмжлэлийг гаргасан уу гэдгийг тодруулав. Дээрх асуултад Түр хорооны дарга Ц.Даваасүрэн сөрөг нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэсэн, дараагийн процессийн талаар эргэж мэдэгдэнэ гэж Засгийн газраас мэдээлэл ирүүлсэн хэмээн хариуллаа. Ингээд хэлэлцэх асуудалдаа орж, Оюу Толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, С.Ганбаатар говийн бүсийн усны нөөцийн судалгааны талаар тодруулж, хариулт авсан бол Х.Болорчулуун Ажлын хэсэг байгуулахтай холбогдуулж санал хэллээ. Үргэлжлүүлэн Ажлын хэсгийн ахлагч, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшааг томилох санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Гишүүдэд П.Анужин, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, С.Бямбацогт, С.Ганбаатар, Ч.Ундрам, Ж.Бат-Эрдэнэ нарыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад мөн гишүүдийн олонх дэмжлээ. Үргэлжлүүлэн Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгийг байгуулж буй төслийг танилцууллаа. Ингээд Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг бүхэлд нь дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоол батлагдлаа гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Эзэн Чингисийн хөшөөний өмнө гав ганцаараа гарч ирээд, ямар ч үзэгчгүй Төв талбай руу харан зогсоод өөртөө нэн итгэлтэй мэдэгдэл хийсэн Ерөнхийлөгчөө иргэд шоглон үнэхээр Энтертаймент хүн юм хэмээн тодорхойлж байна. Ерөнхийлөгч сүүлийн хагас жил ууртай яваа. Уурлаж байгаа шалтгаан нь жил илүү хугацааны өмнө Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт. Энэ өөрчлөлтийг өөрийн гараар ёслон баталгаажуулсан хэрнээ одоо яагаад Үндсэн хуулиа үгүйсгэн уурсаж байгаа вэ гэдгээ харин Ерөнхийлөгч ард түмэндээ үнэнээр нь хэлж чадахгүй өөрийгөө зовоож байгаа юм. Үнэн хэрэгтээ бол 2025 оны тавдугаар сарын 25-нд шинээр мөрдөгдсөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвшихгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгохоор болсон. Энэхүү заалтын дагуу Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болсон нь Ерөнхийлөгчийн тав тухыг алдагдуулж, хаврын улс төрийг улайсгаж байгаа юм. Үндсэн хуульд орсон энэ өөрчлөлтийг Ерөнхийлөгч мэдэхийн дээдээр мэдэж байсан ч юу ч хийгээгүй. Хуулийн хугацаанд багтан өөрийн нэр дэвших боломжоо баталгаажуулж авах боломжтой байсан ч тэр энэ асуудалд анхаарал тавиагүй. Ерөнхийлөгчийн энэ мэдрэмжгүй алхамыг хуульчид болон улс төрчид Х.Баттулгад зөвлөөд өгөх сайн хуульч байгаагүй, өөрөөс нь болсон хэмээн тайлбарлаж байгаа бол боломжоо алдсан, нүүгээгүй хоцорсон нүүдлийнхээ талаар хэргийн эзэн огт ам нээхгүй байгаа юм. Сайн хуульчгүй, сайн зөвлөхгүй Ерөнхийлөгчийн уур дээд цэгтээ хүрч Үндсэн хууль болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн Үндсэн хуулийн цэц дээр хоёр ч удаа өөрийн биеэр давхиад очсон. Гэхдээ энэ бол Цэцэд нөлөөлөх оролдлого хийж байна гэж хатуухан шүүмжүүлсэн Х.Баттулгын албан тушаалдаа үлдэх сонирхлын дөнгөж эхлэл нь байжээ. Цэцийн шийдвэр хуулийн талд гармагц өрсөлдөгч намаа тараах зарлиг гаргаж, ард түмнээ жагсаал цуглаанд турхирч, Зэвсэгт хүчний жанжин штаб руу гүйж сүрийг үзүүлэх гэх мэт олон арга хэмжээ түүний араас жагсаж байжээ. Энэ бүх үйлдлүүд тус тусдаа дэмжлэг авах төлөвлөгөөтэй. Сошиал орчинд гэхэд дэмжигчид нь Ерөнхийлөгчөө төрийн эргэлт хий, цэргээ хөдөлгө хэмээн хөөрцөглөх нь аймаар. Ерөнхийлөгч Х.Баттулгын эсэргүүцэл У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулсан жагсаалаар эхэлж, Г.Баасан, МоАХ-аас өрнүүлсэн их, бага хэмжээний жагсаалууд, Цэцийн гадаа цугларсан МоАХ-ын гишүүдийн үймээн, хамгийн сүүл нам бус залуучуудыг хөдөлгөсөн тролл хаягуудын эсэргүүцлээр үргэлжилж байгаа. Энэ бүгд ямар нэгэн байдлаар Х.Баттулгатай холбогдож ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалж, амгалан тайван байлгах үүрэгтэй Ерөнхийлөгч ард түмнийхээ эв нэгдлийг задлан бутаргаж байгаа нь ил болж эхэлж байна. Ерөнхийлөгчийн сонгууль руу чиглэсэн энтертаймент энэ хүрээд дууссангүй. Улсын дээд шүүхийг шүргэж, бүр хилийн дээс давсан байгаа. Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам тархи угаалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын пиар компанитай олон мянган долларын гэрээ байгуулсан мэдээ цацагдсан. Гэрээнд нэр нь бичигдсэн УИХ-ын гишүүн Ц.Туваан, гарын үсэг зурсан О.Цогтгэрэл нар энийг би хийгээгүй гэж гүрийсэн. Гэвч энэ гэрээг тэд биш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хийж, Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын нөлөөллийн компанийг татаж оролцуулахаар оролдсон баримт АНУ-ын хэвлэлүүдээр дэлгэгдэж байна. Гэрээ хийсэн АНУ-ын DCI компани гэрээний Монгол дахь хамтрагчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хэмээн нэрлэж, ЕТГ-аас бэлтгэсэн мэдээг ямар ч засваргүйгээр, төлбөртэй мэдээлж байгаагаа зарлалаа. Ерөнхийлөгчийн Төв талбайд хийсэн мэдэгдэл монголчуудад зориулсан биш АНУ-ын пиар компанийн ашиглах материал, Чингисийн хөшөөг төв талбайдаа залсан Монголд ийм юм болоод байгааг харуулах гэсэн энтертаймент байжээ. Гайхалтай нь ард түмнийхээ аюулгүй байдлыг алдагдуулахгүй байх үүрэгтэй Ерөнхийлөгч Х.Баттулга энэ талаараа ганц ч үг дуугарсангүй. Баримт өөрөө баримт байдаг учраас тэр одоохондоо хэлэх үгээ бэлдэж амжаагүй байж ч болох юм. Иргэд харин сүүлийн үед Ерөнхийлөгчдөө сэтгэл дундуур хандах болжээ. Х.Баттулга цар тахал дэгдэж, олон хүн нас барж байхад эмгэнэл илэрхийлээгүй хэрнээ айдас төрүүлэм мэдэгдэл хийж, ард иргэдээ түгшээж болохгүй хэмээн шүүмжилж байна. Ийм хүнд хэцүү үед Төрийн ордон, төв талбайгүй мэдэгдэл хийж ард иргэдээ хэрүүл тэмцэлд уриалах нь гутамшигтай. Өвчин тахал ихтэй үед хүүхэд залуучуудыг минь тайван байлга, таны биш ардын хүүхэд хохироод үлдэнэ. Бид элэг бүтэн амьдармаар байна гэж иргэд хувийн цахим хуудастаа бичих боллоо. Ерөнхийлөгчийн тэмцлийн санаа сэдлийг Мьянмарын цэргийн эргэлтийг иш татан буруутгаж байгаа хүмүүс ч байна. БНХАУ-тай хил залгаа Мьянмарт хэдхэн сарын өмнө цэргийн эргэлт гарч, улс төр, эрх мэдлийн сэдлээс үүссэн хямралын золиосонд олон арван энгийн номхон иргэд өдөр бүр амь насаа алдаж байгаа. Хөрш хөршдөө дургүй гэсэн үг Мьянмарт ч үйлчилдэг. Ард иргэд нь хятадуудад нь таатай ханддаггүй. Хятадын үйлдвэрүүд, Хятад руу дамжсан хийн хоолой Мьянмараар дамждаг учраас гарч болзошгүй эрсдлээс хамгаална гэсэн бодлогоор Хятад улс цэргийн эргэлт гарсан Мьянмарын хил дээр цэрэг армиа байрлуулжээ. Ямар ч улс орны дотоодод гарсан үймээн самуун зөвхөн тэр улс орондоо өрнөөд зогсчихгүй. Хил залгаа улс орнуудыг хамарч, цаашаа дэлхийн улс орнуудад нөлөө үзүүлж байгааг интернэтэд ойр, төрөл бүрийн сувгаар мэдээ авдаг хүн бүхэн ойлгох болсон. Ийм цаг үед эх орондоо үймээн дэгдээж, үндэсний эв нэгдлээ хагалан бутаргахаар иргэдээ турхирах нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүнээс гарах араншин мөн үү. Манай Ерөнхийлөгчийн энтертаймент арай хэтэрч байна аа! Б.ИРЭЭДҮЙ
Ерөнхийлөгч хүүхдийн 100 мянган төгрөгийг хугацаа заахгүй олгох зарлигийн төсөл хүргүүллээ
2021-04-29 09:40:14 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төсөл боловсруулж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ. Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл: Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Нэг.Төрийн аливаа бодлого улс төрийн сонгуульд чиглэсэн явцуу зорилгын хүрээнд бус улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн ахуй амьдрал, хэрэгцээнд үндэслэсэн байвал зохих тул коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулах, гамшгийн үеийн болон хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааны /цар тахлын тархалтыг дарж зогсоосны дараах/ үеийн хүндрэл, эдийн засгийн хямрал, бэрхшээлийг шийдвэрлэх шаардлагын үүднээс хүүхдийн мөнгөний бодлого /хүүхэд бүрд олгож буй мөнгөн тэтгэмж/-ыг хугацаагүй хэрэгжүүлж, дараах арга хэмжээг авахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгосугай: 1/ Арван найм хүртэлх насны хүүхэд бүрд 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг олгох тухай Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдэд өөрчлөлт оруулж, хүүхэд бүрд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох; 2/ Хүүхдийн мөнгө-ний бодлого нь хүүхэд бүрийг эрх тэгш нөхцөлөөр хангах, боловсрох, хүмүүжих, хөгжих нөхцөл боломжийг бий болгох агуулгатай, хүүхэд бүрд чиглэсэн, халамжийн гэхээс илүүтэй Монгол төрийн хүн амын бодлого гэдгийг анхаарч, хүүхэд бүрд олгож буй мөнгөн тэтгэмжийг 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөс бууруулахгүйгээр тогтмол олгох, цаашид энэхүү мөнгөн тэтгэмжийг хүүхдэд өөрт нь зарцуулдаг болгоход чиглэсэн оновчтой бодлого, хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх. Хоёр.Зарлигийн биелэлтийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд мэдээлж, цаашид энэ журмын дагуу улирал тутам танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т үүрэг болгосугай. Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
Хөл хорио тогтоосон хугацаанд нийслэлд 1.1 сая иргэнийг КОВИД-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулна
2021-04-28 12:30:45 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 28-ны хуралдаанаар Коронавируст цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулав. 2021 оны 4 дүгээр сарын 27-ны 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 744,564 хүн (зорилтот бүлгийн 36 хувь) вакцины нэгдүгээр, 262,466 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. Нийслэлд 592,362 хүн нэгдүгээр тунд, 253,321 хүн хоёрдугаар тунд хамрагджээ. Засгийн газраас нийслэлийн насанд хүрсэн иргэд буюу зорилтот бүлгийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулж дуусгах үүргийг Улсын болон Нийслэлийн онцгой комисст өгөв. Өөрөөр хэлбэл 2021 оны 4 дүгээр сарын 28-наас 2021 оны 5 дугаар сарын 8-ныг дуустал нийслэлийн 18 ба түүнээс дээш насныхан буюу зорилтот бүлгийн 1.1 сая иргэнийг КОВИД-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулах юм. Дархлаажуулалтыг ачаалал, хүндрэл үүсгэхгүй зохион байгуулахыг Улсын болон Нийслэлийн онцгой комисст даалгалаа. Мөн иргэдийг дархлаажуулах үед халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байхыг анхааруулав. Нэгдүгээр тунгаас гадна хоёрдугаар тундаа хамрагдах иргэдийг мөн хуваарийн дагуу давхар дархлаажуулна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэгт тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцлээ
2021-04-28 12:22:50 Нийтлэгдсэн: Улс төр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үндсэн хуулийн цэц өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх асуудлыг хэлэлцэээд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэжээ. Тодруулбал, тус хуулиар өөрийн төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд, хүүхэд асарсны тэтгэмж олгохоор заасан. Энэ нь ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцгийн дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээр шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүд үзжээ. УИХ дахь хоёр байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан билээ. Цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан хуулийн төслийг боловсруулжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй