УОК: Хөл хориог сулруулж, ААН-үүдийг шат дараатай нээнэ

Улс орон даяар иргэдийг вакцинжуулах ажил эрчимтэй явж байгаа энэ үед иргэд бүрэн дархлаатай болох хугацааг тооцож, хязгаарлалтуудыг үе шаттай бууруулна гэдгийг Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ. УОК-ын Шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, энэ сарын 8-ны өдрөөс хөл хориог сулруулж, ААН-үүдийг халдвар хамгааллын дагуу үйл ажиллагааг нь шат дараатай нээх журмыг хэлэлцэж байна. Хатуу хөл хорио энэ сарын 8-ны 06:00 цагаар дуусгавар болох бөгөөд үргэлжлүүлэн хөл хорио сунгахгүй саналтай байгаагаа УОК-оос илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар манай улсын нэг сая дахь хүн шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины эхний тунд хамрагдаад байгаа бөгөөд зорилтот бүлгийн 50 хувь нь эхний тунд хамрагдаад байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудит хийж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-т заасны дагууТөрийн аудитын дээд байгууллага Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт батлагдсан төлөвлөгөөний дагуу аудит хийж эхэллээ.Тус сонгуулийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг уг хуульд заасан хугацаанд багтааж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-т Нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын дээд байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна хэмээн заасан байдаг.

С.ГАНБААТАР, Н.АЛТАНХУЯГ НАР “ЖЕНКО”-ИЙН ДААЛГАВРААР “ХӨДӨЛНӨ”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг хуулийн хугацаандаа маргааш /2021.05.02/ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор бүртгэх учиртай. МАН-ын хувьд Үндсэн хуульд заасан шаардлагын дагуу ёс зүйтэй үнэнч шударга, улс орныхоо төлөө зорилго тавин ажиллаж чадах хүнээ дэвшүүлнэ гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Харин АН-ын тухайд тун хэцүүхэн сонгууль болох нь. Улсын Дээд шүүхийн бүртгэлээр АН-ын дарга нь С.Эрдэнэ хэвээр байгаа. Гэтэл анхнаасаа Ерөнхийлөгч Х.Баттулгын дэглэлтээр АН-ын албан бус дарга О.Цогтгэрэлийн намаас С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар дэвшихээр бүртгүүлээд байгаа. Мэдээж СЕХ С.Эрдэнийн намын нэр дэвшигчийг бүртгэж таарна. Тэгвэл С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар үүнийг мэдэж байгаа атлаа ямар зорилгоор нэр дэвшсэн болж таарах вэ. Дэвших боломжгүйг нь мэдэж байж тэднийг хатгаж нэр дэвшүүлсэн хүн бол Х.Баттулга. Ер нь АН-ыг хоёр хувааж, сонгуульд оролцуулахгүй байх нөхцөлийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар гэдгийг АН-ынхан төдийгүй ард түмэн харж байгаа. Ц.Элбэгдорж ойрын өдрүүдэд хөл нь хөнгөн байгааг, юу ярьж байгаагаас нь үүнийг тольдож болно. Зорилго нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг унагаж, шалд нь буулгаад өөрөө Ерөнхийлөгчөөс буугаад намын дарга болж өөрийн хаанчлалаа тогтоох санаархал юм. Харин Ерөнхийлөгчид нэр дэвшиж чадахгүйд хүрсэн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар бол Женко-н даалгавраар олон нийтийн дунд үймээн шуугиан тарих зорилготой этгээдүүд гэлцэж байгаа юм. Даалгавар гүйцэтгэгчид ард түмэн, байгалийн баялаг, шударга бусын хонгилоо яриад гарч ирнэ. Гэвч тэднийг увайгүй урвагч, дүр эсгэгч гэдгийг ойрын хэдэн өдөр төдийгүй улс төрийн сүүлийн хэдэн жилийн замнал нь илхэн харуулж байна. Б.Саруул

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын М.Оюунчимэг танилцуулсан. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрсөн эсэх маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хянан шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. гэж, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно. гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино. гэж заасныг тус тус зөрчсөн байна хэмээн үзэж, 02 дугаар дүгнэлт гарган Улсын Их Хуралд ирүүлсэн. Улсын Их Хурлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийн тухай 38 дугаар тогтоолоороо хүлээн зөвшөөрсөн юм. Иймд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигч гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг ойлгохоор; мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй, Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй байх зохицуулалтыг тусгажээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний хуралдаанаараа хийхээ, төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын Д.Тогтохсүрэн, төслийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Анхны хэлэлцүүлгийн үеэр төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Д.Тогтохсүрэн гишүүн гаргасан болохыг санал, дүгнэлтэд дурджээ. Түүний эл горимын саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжих томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон 69 гишүүний 53.6 хувь нь горимын саналыг дэмжсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулсан. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно, 44.3-т Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно гэж заасан байдгийг танилцууллаа. Ингээд энэ хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 67 гишүүний 48 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ. Иймд Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаар тус хуралдаан өндөрлөв. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Монгол Улс “Бизнес ба Хүний эрх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Азийн долоон улсад багтжээ

2011 онд НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газраас хариуцлагатай бизнесийн зарчмуудыг дэмжих зорилгоор хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, бизнесийн байгууллагын хүний эрхийг хүндэтгэх хариуцлага, зөрчигдсөн эрхийг сэргээх механизм гэсэн гурван тулгуур бүхий НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд-ыг гаргасан. 2020 оноос эхлэн Ковид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улс болон дэлхийн олон улс оронд төр, нийгэм, бизнесийн хүрээнд хүний эрх зөрчигдөх явдал ихэсч байгаад цаг алдалгүй анхаарч шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Тэгвэл өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Гадаад харилцааны яам, Бангкок дахь НҮБХХ-ийн Бүсийн төвтэй хамтран хэрэгжүүлж буй Бизнес ба Хүний эрх: Хамгаалах, хүндлэх, сэргээх механизмаар дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих нь хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Ирэх гурван жилд хэрэгжих энэхүү хөтөлбөр нь Бизнес ба Хүний эрхийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх замаар НҮБын Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмыг Монгол Улсад нэвтрүүлэх үйл явцыг дэмжих зорилготой. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд төр, төрийн бус байгууллага, хүний эрхийг хамгаалагчид, иргэний нийгэм, бизнесийн холбоод, худалдаа аж үйлдвэрийн танхимууд зэрэг оролцогч талын мэдлэг, мэдээлэл, чадавх, оролцоог дээшлүүлэхэд чиглэж ажиллана. Нээлтийн үеэр НҮБХХ-өөс Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний гарын авлага, Хүний эрхийн магадлан шинжилгээ:Ковид-19 цар тахлын үед бизнесийн байгууллага өөрийгөө үнэлэх түргэвчилсэн сорил зэрэг бизнесийн байгууллагад зориулсан хүний эрхийн гарын авлагыг танилцууллаа. Мөн хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих зорилготой жижиг төслийн тэтгэлэгт уралдаан 2021 оны 5 дугаар сарын 7 хүртэл зарлагдаад байна. Хүний эрхийг хүндлэн дээдэлснээр бизнес эрхлэгчид олон улсын хүний эрхийн гэрээ конвенцийн хэрэгжилтийг үндсэн болзол, шаардлагаа болгодог Европын Холбооны GSP+ зэрэг тогтвортой хөгжил, сайн засаглалыг хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын эдийн засгийн хөшүүрэг хөтөлбөрт хамрагдан, эдийн засгийн ач тус хүртэх, улмаар урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж нэмэгдэх ач холбогдолтой. НҮБХХ-ийн Орлогч Суурин төлөөлөгч Нашида Саттархөтөлбөрийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ хүний эрхийн эдгээр зарчмыг хэрэгжүүлэх, түүний дотор бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн зөрчигдсөн хүний эрхийг сэргээх шүүхийн болон шүүхийн бус механизмыг бүрдүүлэхэд талуудын хамтын ажиллагаа, оролцоо шаардлагатай байгааг онцлон дурьдав. Хүний эрхийн эдгээр зарчмын хэрэгжилтийг олон улсад сайжруулах замаар Европын Холбоо бизнесийн байгууллагууддаа таатай орчин бий болгох, мөн хүний эрхийн зөрчлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг шийдвэрлэх механизмыг сайжруулахын төлөө ажиллах болно хэмээнЕвропын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Дэд Тэргүүн Марко Феррихэллээ. Мөн тэрбээр Монгол Улс эдгээр зарчмыг хэрэгжүүлэх Үндэсний төлөвлөгөөгөө батлах дараагийн улс болно гэдэгт итгэж байгаа гэдгээ илэрхийлээд ЕвропынХолбоо энэ үйл явцад дэмжлэг үзүүлж, мэдлэг туршлагаа хуваалцахад бэлэн байна гэсэн юм. Эх сурвалж: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.