Европын Холбооны албан ёсны сэтгүүлд Монгол Улсыг Европын Холбооны хар жагсаалт гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас хассан тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийтэллээ. Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Монгол Улсыг 2019 оны 10 дугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулаад байсан юм. Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах хүрээнд төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод болон хувийн хэвшлийнхэн эрчимтэй хамтран ажиллаж, ФАТФ-аас өгөгдсөн үүрэг даалгавруудыг амжилттай биелүүлсэн. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийг ФАТФ-аас өндрөөр үнэлж, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргахаар шийдвэрлэсэн. Улмаар Монгол Улс бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн богино хугацаанд буюу 1 жилийн дотор саарал жагсаалтаас гарч чадсан улс болсон. Иймд Европын Комиссоос Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай байдлыг Европын Холбооны 2015/849 дугаартай тогтоолын шаардлагуудын дагуу үнэлж, дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд: Европын Комиссоос холбогдох мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийж, Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоон дахь стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэв. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооныхоо үр дүнтэй байдлыг бэхжүүлж, ФАТФ-ын илрүүлсэн стратегийн дутагдлыг арилгах чиглэлээр ажлын төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг даалгавруудыг бүрэн биелүүлж ажилласан. Эдгээр арга хэмжээ нь хангалттай өргөн цар хүрээтэй ажил болсон бөгөөд Европын Холбооны 2015/849 дугаар тогтоолын 9 дүгээр зүйлд заасан стратегийн дутагдлыг бүрэн арилгах шаардлагыг хангасан байна.гэжээ. Монгол Улсыг Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас гаргаснаар Европын Холбооны гишүүн орны банк, санхүүгийн байгууллагуудтай бизнесийн харилцаа тогтоох, гүйлгээг богино хугацаанд хийж гүйцэтгэх, Европын Холбооны санхүүжилтээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм. Европын Холбооны албан ёсны сэтгүүлд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийтэлсэн 2021/37 дугаартай тогтоолтой дараах холбоосоор орж танилцана уу. Official Journal of the European Union-Commission Delegated Regulation (EU) 2021/37
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа Ковид-19 цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна. БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад бараалхаж Ерөнхий сайд Нарендра Модигийн хариу захидлыг танилцууллаа. Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхээр шийдвэрлэснээ захидалдаа тэмдэглэсэн байна. Талууд вакцин нийлүүлэх хүрээнд өнөөдрөөс буюу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 150 монгол эмчийг цахим сургалтад хамруулж эхэллээ. Тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулах ажил бэлэн болсон бөгөөд вакцины тоо хэмжээ, нийлүүлэх хуваарийг дипломат шугамаар тохиролцох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн стратегийн түнш, гуравдагч хөрш БНЭУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэвгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Д.Эрдэнэбатыг 27 сая, Б.Болорыг 13 сая төгрөгөөр торгож, хорих ялыг өөрчилжээ
2021-01-20 10:41:57 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат,Сангийн сайд асан Б.Болор нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, шүүгдэгч нарын ялыг өөрчилж торгохоор болжээ. Харин бусад шүүгдэгчдийн хэргийг прокурорт буцаасан байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 96 дугаар магадлалаар: Шүүгдэгч Д. Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Болорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. ... гэж өөрчилж, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарт тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай. гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
АХБ-наас 158 сая ам.долларын зээл, буцалтгүй тусламжийн 6 төслийг Монголд хэрэгжүүлж байна
2021-01-20 10:26:54 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Азийн Хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандрантай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар 2021-2024 онуудад Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид багтсан буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 3.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байна. Тухайлбал боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг олон салбарт бодит үр дүн үзүүлж ирсэн. Цар тахал гарсантай холбогдуулан цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 158.8 сая ам.долларын зээл болон буцалтгүй тусламжийн 6 төсөл, хөтөлбөрийг цаг алдалгүй, түргэн хугацаанд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэлсэнд Шадар сайд талархал илэрхийллээ. Цаашид нийгэм, эдийн засгийн байдал болон коронавирусийн үед авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, эдийн засгийг сэргээх, Монгол Улсын Шадар сайдын харьяа агентлагуудад хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл хөтөлбөрүүдэд саналаа хүргүүлж, харилцан ашигтай түншлэлийг өргөжүүлэн ажиллах чиглэлд хамтран ажиллахаар боллоо гэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 6-р сарын 9-нөөр тогтохыг дэмжлээ
2021-01-19 12:29:40 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр товлох саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ.СЕХ-ноос боловсруулсан тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлүүлж, санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-ний Лхагва гарагт товлох санал тусгасан байсныг ийн байнгын хороогоор дэмжсэн байна. Мөн өдөр УИХ-ын сонгуулийн 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль болохоор тогтсон. УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргаар ажиллах болсонтой холбоотойгоор гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул нөхөн сонгуулийг явуулахаар болоод байгаа юм.Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн сонгуулийн техник хэрэгсэлдNew Image Cast санал тоолох төхөөрөмжийг ашиглахыг гишүүд дэмжсэн байна. Байнгын хорооны санал дүгнэлтээр УИХ-ын нэгдсэн чуулганд санал хураалт явуулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг эцэслэх юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй