Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар болон холбогдох төрийн байгууллагуудын удирдлагуудад Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын нөхцөл байдалтай танилцлаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Баруун туруун, Өлзийт товчоо, 22-ын товчоодын бэлэн байдал, зорчих хөдөлгөөн, алба хаагчдын ажиллах нөхцөл, аюулгүй байдалтай танилцаж, тэдний саналыг сонслоо. Хот хооронд зорчих иргэдийн хөдөлгөөн хэвийн байгаа бөгөөд иргэд хязгаарлалтын дэглэмийг мөрдөж байгааг албан хаагчид онцолсон юм. Шадар сайд шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа Цагдаа, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, мал эмнэлгийн алба хаагчдын ажиллах нөхцөл байдалтай мөн танилцаж, холбогдох удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Улаанбаатар хотоос орон нутаг руу хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийн жолооч, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд л PCR шинжилгээ өгч явна. Халдвартай аймаг, сумаас Улаанбаатар хотод ирэх бол PCR, байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө. Халдваргүй аймаг, сумаас ирэх иргэд асуумж бөглөн нэвтэрч байна гэжМонгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
“Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа
2020-12-24 10:35:04 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Эрдэнийн судар-ыг дээдлэн залах тухай 149 дугаар зарлигийг 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр гаргалаа. Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг судлан тодорхойлж, Эрдэнийн судар-т тэмдэглэн үлдээсэн Соёл урлагийн их сургууль, Монголын Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас гаргаж буй санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж, монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс суртахуун, өв соёл, нүүдэлчин ухааныг монгол түмний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс мөн хэмээн үзэж, дээрх зарлигийг гаргажээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ДАГУУ: Эрдэнийн судар-т тэмдэглэн үлдээсэн монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс суртахуун, өв соёл, нүүдэлчин ухаан-ыг хүүхдэд бага балчраас нь ойлгуулж, улмаар бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган сурагч, оюутан залуучуудад танхимын болон танхимын бус сургалтаар бататган хөгжүүлэхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийт багш, сурган хүмүүжүүлэгч нарт даалгав. Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг улс орны түүхэн цаг үеийн онцлог, үйл явдалтай уялдуулан төрөл зүйлээр нь бүртгэн товчоолох, хувьсал өөрчлөлтийн зүй тогтлыг нь судалж тодорхойлох ажлыг Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачдад хариуцууллаа. Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг сурталчлан таниулах, хүртээн дэлгэрүүлэх, хүн бүрийн үндэсний ухамсарт суулгаж, сэтгэлийн чинадад хүргэн дархлаажуулахад бодитой хувь нэмэр оруулж, олон талт ажлыг зохион байгуулж байгаа иргэд, байгууллага, багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн судлаачдын үүсгэл санаачилгыг хөхиүлэн дэмжиж ажиллахыг бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн болон чөлөөт радио, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалав.
Ц.Туваан: Иргэдийн хувийн мэдээллийг нууцлах, эх орондоо буцаж ирэх эрхийг баталгаажуулна
2020-12-24 10:17:47 Нийтлэгдсэн: Улс төр УИХ-ын гишүүн Ц.Туваан, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барилаа. УИХ-аас2020 оны дөрөвдүгээр сард баталсан дээрх хуулийн үйлчлэлийг сунгаж, зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, нарийвчлах, нэмж тусгах хэрэгцээ шаардлага байна гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд: 1. Эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг тухайн улс дахь өвчлөлийн тархалт, эрсдэл, шууд нислэгийн боломж зэрэг бусад нөхцөл байдлыг үл харгалзан татан авах ажлыг шуурхай зохион байгуулах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний эх орондоо буцаж ирэх, улсын хилээр нэвтрэх (орох) үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх; 2. Цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй хүний хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, тухайн хүний хувийн болон гэр бүлийн нууц задрах, нийгмийн зүгээс ялгаварлан гадуурхалтад өртөх, гутаан доромжлуулах, цаашлаад тухайн хүний халдашгүй байдалд аюул учрах эрсдэл үүсгэхгүй байх зарчмыг баримталж ажиллах үүргийг хуульчлах; 3. Монгол Улсын Засгийн газраас цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр гаргасан, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, энэ хуульд нийцээгүй шийдвэр, арга хэмжээг УИХ-аас нэн даруй хүчингүй болгох, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, арга хэмжээ нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй буюу хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр бус шийдвэр, арга хэмжээг нийтээр дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг тухайн шийдвэр, арга хэмжээг гаргасан байгууллага, албан тушаалтан хариуцан арилгах; 4. Сонгуулийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах үеийн олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээ нь Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх; 5. Бүх шатны сургалтын байгууллагын оюутан, сурагчдын дотуур байрны төлбөрийг сургалтын төлбөрийн нэгэн адил өмчийн хэлбэр үл харгалзан хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх; 6. Цар тахлын үед хязгаарлагдаж болзошгүй иргэдийн өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг хөндөхгүй байх, уул эрхийг баталгаатай эдлүүлэх үүднээс цар тахлын үед өмгөөлөгчийн ажиллах журмыг батлах, иргэний эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг цахимаар хүргэх; 7. Иргэд цар тахлын үед шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй авах; 8. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Монголбанк, Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх; 9. Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох, эх үүсвэрийг Засгийн газрын тусгай санд байршуулах, сангийн хөрөнгийг хуульд зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглох; 10. Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үндэсний цахим мэдээллийн сан ажиллуулах, уг цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журмыг Засгийн газар батлах зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна. Төсөл батлагдснаар, цар тахлын үед иргэдийг ялгаварлан гадуурхаж, гутаан доромжлуулахаас хамгаалах боломж бүрдэнэ. Мөн оюутан сурагчдын дотуур байрны төлбөрийн асуудлыг шийдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, шаардлагатай эмнэлэгийн тусламж үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдах эрхийг баталгаажуулна. Үүнээс гадна зээлийн эргэн төлөлттэй холбоотой санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэхэд бодлогоор дэмжих, цар тахалтай тэмцэх санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох ач холбогдолтой гэж УИХ-ын гишүүн Ц.Туваан хэллээ.
Улаанбуудай нийлүүлэх боломжийн талаар Оросын талтай уулзалт хийв
2020-12-23 11:31:39 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваа Оросын үр тарианы холбоо (Российский зерновой союз)-ны Хөгжил, эрх ашиг хамгаалах газрын захирал М.С.Головин, Техникийн зохицуулалтын хэлтсийн дарга Р.Х. Хайретдинов нартай Элчин сайдын яамны төв байранд ажил хэргийн уулзалт хийв. Уулзалтаар ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлээ хамгаалах зорилгоор үр тарианы экспортод 2021 оны 2 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл экспортын квот (17,5 сая тонн) тогтоож, квотоос хэтэрсэн тохиолдолд гаалийн үнийн 50 хувьтай тэнцэх татвар ногдуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан ирэх онд улаанбуудайн экспортын төлөв байдал, олдоц, үнэ тариф ямар байх талаар тодруулан ярилцаж, Монгол Улсад ОХУ-ын тодорхой бүс нутгуудаас хүнсний улаанбуудай нийлүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Оросын үр тарианы холбоо 1994 онд байгуулагдсан бөгөөд нийт гишүүдийнх нь 50-иас дээш хувийг үр тариа үйлдвэрлэгчид, үр тариа хадгалах, боловсруулах үйлдвэрүүд эзэлдэг. Тус холбооны гишүүн компаниуд Оросын үр тарианы үйлдвэрлэлийн 20 орчим хувь, гурил, малын тэжээлийн 50-аас дээш хувь, үр тарианы зах зээлийн эргэлтийн 3/2, үр тарианы экспортын 90-ээс дээш хувийг хянадаг байна. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгахыг дэмжив
2020-12-23 11:08:06 Нийтлэгдсэн: Улс төр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаарКоронавируст халдвар /КОВИД-9/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хийсэн юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 218 улсад коронавирусын халдварт цар тахал тархаж, 77.4 сая хүн өвчилж, 1.7 сая хүн амь насаа алдаад байна. Цар тахлын тархалттай холбогдуулан ихэнх улс орнууд дотооддоо хязгаарлалт тогтоож, 126 улс сургууль, цэцэрлэгүүдээ, 108 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаагаад байгааг Шадар сайд танилцуулгынхаа эхэнд дурдав. Манай улсын тухайд 2020.12.22-ныбайдлаар коронавирусын халдварт цар тахлын 1006 тохиолдол батлагдсанаас дотоодын халдвар 544 болсон. Эдгээрээс нийслэл Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 219, Сэлэнгэ аймагт 216, Дархан-Уул аймагт 45, Орхон аймагт 25, Архангай аймагт гурав, Говьсүмбэр аймагт дөрөв, Дорноговь аймагт 32 бүртгэгдээд байна. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомтоос үүдэлтэй коронавируст халдварын тоо нэмэгдэж, батлагдсан тохиолдол 75 болоод байгааг Шадар сайд танилцуулгадаа дурдаад одоогоор улсын хэмжээнд хоёр газарт бүх нийтийн хэсэгчилсэн бэлэн байдлын зэрэг үйлчилж байна. Үүссэн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийсний үндсэн дээр Засгийн газар, Улсын онцгой комисс 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 06-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоохоор шийдвэрлэснийг онцлов. Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /КОВИД-9/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Уг хуулийн хүрээнд Засгийн газрын 29, Улсын онцгой комиссын 12 тогтоол, 32 хурлын тэмдэглэлээр яамд, төрийн захиргааны байгууллага, засаг захиргааны нэгж, хуулийн этгээдэд давхардсан тоогоор Засгийн газрын тогтоолоор 174, Улсын онцгой комиссын тогтоолоор 52, хурлын тэмдэглэлээр 293 үүрэг, чиглэл өгсний дагуу холбогдох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Хуулийн хэрэгжилт 92 хувьтай байна гэж үзэж байгааг Шадар сайд танилцуулгадаа дурдав. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, үйлчлэх хугацааг 10 удаа, 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үйлчлэх хугацааг дөрвөнудаа сунгаад байгаа юм. Гэлээ ч улс орны нийгэм, эдийн засгийн чадавх, төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалан зарим шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна. Цаашид коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал энэ байдлаар удаан үргэлжилбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна гэж Засгийн газар үзэж байгаа аж. Иймээс цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, холбогдох бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний санал, дүгнэлт, Засгийн газрын гишүүд, агентлагын дарга, Засаг дарга нарын ирүүлсэн саналыг үндэслэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийг боловсруулжээ. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр хуулийн үйлчлэх хугацааг сунгахын зэрэгцээ коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмж оруулах; цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаатай холбогдох Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын Онцгой комиссын үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох; төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, салбар хоорондын харилцан ажиллагааны уялдаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмэгдүүлэх; зарим нэн шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох татвар, торгуулиас чөлөөлөх асуудлыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулахаар зохицуулсан байна. Мөн цар тахлын үед гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа, улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн хугацаа хэтэрсэн тохиолдол, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаатай холбоотой зохицуулалтыг нэмэхээр тусгажээ. Түүнчлэн цар тахлын үед байгууллага, хуулийн этгээд, иргэний зарим үүрэг, хориглох үйл ажиллагааг нэмж тусгах; бусад хууль тогтоомжоор зохицуулж байгаа зарим давхардсан хэсэг, заалтыг хүчингүй болгож, зарим хэсэг, заалтыг хууль тогтоомжтой нийцүүлэн өөрчлөн найруулахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болно гэж Засгийн газар үзэж байгаа аж. Хуулийн санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Н.Наранбаатар, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Ц.Сэргэлэн нарын асуултад Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хариулт, тайлбар мэдээлэл өгөв. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэргэлэн нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй