"Шахмал түлшийг үйлдвэрт 7 хоног хадгалсны дараа борлуулах шинэ технологийг туршиж байна"
2022-01-20 08:52:31 Нийтлэгдсэн: Улс төр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар Таван толгой түлш ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний чанар, технологийн талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, Таван толгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатараас тодруулга авч үйлдвэрлэлийн процесстой танилцав. Мөн Зүүн бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологи, түлш үйлдвэрлэх явцад хяналт тавьж, сайжруулсан түлшний дамжлагын чийглэгийг хэмжив. Шахмал түлшний MNS5679 стандарт 2019 онд батлагдсан. Уг стандартаар түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой. Зүүн бүсийн үйлдвэрээс гарч буй түлшний чийглэг 6-7 хувьтай байна. Энэ нь стандартын шаардлага хангасан гэж үзэж болох ч стандартыг шинэчлэх, технологи, үйлдвэрлэлийн процессыг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг хэлэлцлээ. Зүүн бүсийн үйлдвэрийн найман шугамын зургаа нь өнөөдрийн байдлаар хэвийн үйл ажиллаж байна. Тогтвортой ажиллагааны горимд өөрчлөлт оруулж үйлдвэрлэлээс гарч байгаа бүтээгдэхүүнийг 24-48 цаг хадгалаад борлуулалтын цэгүүдэд хүргүүлдэг байсан бол уг горимд өөрчлөлт оруулан 7 хоног хадгалсны эцэст түгээлтэд гаргахаар шинэ технологийн картыг баримтлан ажиллаж байна. Ингэснээр түлшний асалтад өөрчлөлт гарах эсэхийг тогтоох юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ баруун бүсийн үйлдвэрт ажиллаж дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд: Шинээр барих үйлдвэртэй зэрэгцүүлэн асалтыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, галлагааны үед үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх, Баруун бүсийн үйлдвэрлэлийн ойр орчмын орчны бохирдлыг багасгах, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, оршин суугчдын гомдол саналыг сонсож, тусгах, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийг ирэх хоёрдугаар сарын 15-наас эхлэн байгуулах, ажлын хэсгийг Дэд сайд Г.Түвдэндорж ахлан, ирэх оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, Баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэх, шинэчлэн барих ажлыг 5-6 сарын хугацаатай шуурхай зохион байгуулах, 631 мянган автомашин хөдөлгөөн оролцож байгаа. Үүнтэй холбоотой мэдээлэл судалгааг бэлтгэн, танилцуулах, Нам даралтын зуухны яндангуудад тавьсан шүүлтүүрийн ажиллагаа стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх болон бусад асуудлаар холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө. Мөн шийдвэрлэх ёстой асуудлыг хариуцлагаас айлгүй тухай бүрд нь шийдвэрлэж, аюулгүй ажиллагааг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг онцгойлон анхаарууллаа. БОАЖ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг баасан гаригт Баруун бүсийн үйлдвэрт ажиллана. Эх сурвалж: БОАЖЯ
2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
2022-01-20 08:26:19 Нийтлэгдсэн: Улс төр Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19,5 хувьд нь тендер зарлажээ. Тендерийн үнэлгээ хийж байгаа, шалгаруулалтын үр дүн гарсан 8 төсөл, арга хэмжээ байна. Тендер зарлаж хүлээж авах хугацаа дуусаагүй 134 төсөл, арга хэмжээ байна. Төсөл, арга хэмжээний тендерийн явц хангалтгүй байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд энэ оны гуравдугаар сарын 1 гэхэд төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зарласан байх ёстойг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар шийдвэрлэлээ. Товч мэдээ Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан төмөр замын төслийг концессоор хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан, хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгав. Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусгагдсан Алтанбулаг-Улаанбаатар-Замын-үүд чиглэлийн хурдны зам автозамын төслийн барих-ашиглах-шилжүүлэх нөхцөл бүхий концесс олгох төсөл сонгон шалгаруулах шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгав. 2022 оны хоёрдугаар сард багтаан олон улсад нээлттэй тендер зарлахыг үүрэг болголоо. Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах дэвшилтэд технологийн судалгаа, туршилт хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг холбогдох хүмүүст даалгав. Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцийн 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТАЙ ХОЛБООТОЙ ХОЁР АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2022-01-20 08:20:37 Нийтлэгдсэн: Улс төр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийн талаар танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар зам, тээврийн салбартай холбоотой хоёр гол асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, 2013 онд Монгол Улсын Засгийн газраас гаргасан 28 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр боллоо. Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалт, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан 1-2 дугаар үе шатны үйл явцыг гүйцэтгэх ажлыг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон тогтоол юм. Өнөөдрийн хурлаар тус тогтоолын биелэлтийг ярилцаад 2020-2024 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр Монголын төмөр зам ТӨХК-д үргэлжлүүлэн олгохоор болж байна. Баруун, босоо чиглэлийн төмөр зам нь Арцсууриас Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн 1255 км орчим төмөр зам, зүүн босоо чиглэлийн Чойбалсангаас Хөөт, Хөөтөөс-Бичигт чиглэлийн 420 км орчим зам баригдахаар төлөвлөсөн. Тиймээс Монголын төмөр зам ТӨХК Монголын болон гаднын хөрөнгө оруулагч, баруун зүүн чиглэлд байгаа уул уурхайн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүний үр дүнд Монгол Улсад нийт 4700 км орчим урт төмөр замын сүлжээ бий болно. Үүнд шинээр нэмэгдэх нь 2725 км юм. Эдгээрээс гадна 2022 оны эхний хагаст багтаж Тавантолгой Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, тээвэрлэлт хийнэ. Хоёрдугаарт, Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад орсон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөлд олон улсын тендер зарлахаар боллоо. Өмнөх гүйцэтгэл хангалтгүй байсны улмаас цуцалсан туршлага бий. Тиймээс 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хурдны авто замын бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй гэж үзсэн. Төрийн худалдан авах ажиллагааны газар тендерийн бичиг баримтыг боловсруулж, ойрын хугацаанд зарлана. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын, Зүүнбаян өртөөнөөс 129 дүгээр километр хүртэлх хиймэл байгууламж болон дээд, доод бүтцийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд урьдчилсан дүгнэлт гаргасан. Төмөр замын барилгын ажил нь холбогдох хууль, тогтоомж болон дүрэм журамд нийцсэн Зүүнбаян төмөр зам ХХК-ийг Засгийн газрын тогтоолоор байгуулж, Эрдэнэс Тавантолгой ХК 66 хувийг, Монголын төмөр зам ТӨХК 34 хувийг эзэмшдэг. Иймд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц эзэмших эрхийг цаашид тус компанид үе шаттайгаар шилжүүлнэ хэмээн хэллээ. Засгийн газрын хуралдаанаас Төмөр замын төслийг концессоор хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан, хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгав.
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг ЗТХЯ-нд ажиллалаа
2022-01-20 08:17:50 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн оны аравдугаар сард Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан тус ажлын хэсэг өнөөдөр (2022.01.19) Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудтай уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг таван багц хэсэгт хуваан ажлыг эхлүүлсэн. Төслийн хүрээнд 2021 онд нийт таван багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 60 хувь, ажлын тоо хэмжээгээр 70.5 хувьд хүрсэн байна.ХаринЕвропын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төсөл-ийн зам барилгын ажил өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлсэн. Төслийн зам барилгын ажлыг мөн таван багц хэсгээр хэрэгжилтийг зохион байгуулж буй аж. Нийт таван багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 26.5 хувь, хийсэн ажлын тоо хэмжээгээр 45.33 хувийн хэрэгжилттэй байгаа аж. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчлэх үндсэн ажлууд болохгүүр, хоолой хиймэл байгууламж,далан, суурь, хучилтын ажлыг 2022 оны аравдугаар сарын 30-нд дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа гэж. Мөн ирэх оны аравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцуулгынхаа үеэр ярилаа. Ажлын хэсгийнхэн Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудад Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажилд тавьж буй хяналт шалгалтын тайлан гаргах, цаашид хэрхэн ажиллах ажлын төлөвлөгөөгөө нарийн гаргаж танилцуулах, барилгын ажлын явцыг 14 хоногоор багцалж, явцын мэдээллийг байнга өгч байх, цар тахлын үеийг бодолцож бараа, материалынхаа нөөц бүрдүүлэлтэд анхаарах, туслах замын асуудлыг нарийн тооцоолж шийдэх зэрэг үүрэг, чиглэл өглөөгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Гаалийн тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
2022-01-20 08:11:10 Нийтлэгдсэн: Улс төр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ц.Сэргэлэн, Г.Тэмүүлэн, Б.Энх-Амгалан нар өнөөдөр (2022.01.19)Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Гаалийн тухай хууль нь 2008 онд батлагдсан бөгөөд уг хуулиар Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх журам, гаалийн бүрдүүлэлтийн горим, нөхцөл, шаардлагыг тогтоох, гаалийн байгууллагын тогтолцоо, гаалийн байгууллага, албан тушаалтны эрх, үүргийг тодорхойлох, тэдгээрийн шийдвэрт иргэнээс гомдол гаргах, түүнийг гаалийн байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Агаарын цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд гадаад улс орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж буй зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслийг хүлээн авч байна. Буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн батлан хамгаалах зориулалтын бараа, материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхтэй холбоотой зөвшөөрлийг авах ажилд олон хоног зарцуулж байгаагаас буцалтгүй тусламжийн бараа, материал (зэвсэг техник, сум, галт хэрэглэл бусад төрлийн ар тал хангалтын материал)-ыг тээвэрлэн ирсэн техник (вагон, онгоц, автомашин) гаалийн хяналтын бүсэд удаан хугацаагаар хүлээлгэнд зогсох, үүнээс шалтгаалж олон тал оролцсон, төлөвлөсөн ажлууд хойшлох, саатах, төлөвлөгдөөгүй зардал гарах, бараа, материалын хадгалалтын горим алдагдах, цаашилбал өөр хоорондоо уялдаа холбоо бүхий төсөл, арга хэмжээний төлөвлөлт цуцлагдах зэрэг хүндрэл үүсдэг. Үүнээс шалтгаалан Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын болон дотоодын сургалт, бэлтгэлийг зохион байгуулахад шаардлагатай зэвсэг, техник, сум, галт хэрэглэл, ар талын материал хэрэгслийн хангалт, зохион байгуулалтын ажил тасалдах, буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн Төрийн болон албаны нууцад хамаарах бараа, материалыг хүлээн авч, гаалийн бүрдүүлэлт хийхэд нууцын хадгалалт хамгаалалтын эрх зүйн эохицуулалтгүйгээс хилээр орж ирсэн бараа, материалын мэдээлэл гаалийн мэдээллийн системд илтээр хадгалагдаж үлдэх зэргээр хууль тогтоомж зөрчигдөх асуудал гарч байна. Иймд Гаалийн тухай хуулийн зохицуулалтад батлан хамгаалах чиглэлээр буцалтгүй тусламж болон худалдааны гэрээгээр нийлүүлэгдсэн барааг түргэвчилсэн бүрдүүлэлтээр гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг тусгах хэрэгцээ, шаардлага байна гэжУлсын Их Хурлын гишүүн Н.Энхболдтанилцуулав. Мөн Монгол Улсын Засгийн газраас гарсан тогтоол шийдвэрийн хүрээнд манай улсад олон улсын чанартай цэргийн хээрийн сургууль, дадлагыг сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тогтмол амжилттай явуулж байна. Энэхүү оролцож байгаа гадаад улс орны цэргийн багийн бүрэлдэхүүний зэвсэглэл, цэргийн техник, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулах бараанд гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, төрийн сангийн тусгай дансанд байршуулна гэсэн эрх зүйн зохицуулалтын хүрээнд тодорхой мөнгөн дүнг байршуулах асуудал нь хүндрэл үүсгэдэг. Хүндрэл үүсэж байгаа гол асуудал нь төрийн сангийн тусгай дансанд түр байршуулах мөнгөн хөрөнгө юм. Дээрх хууль, эрх зүйн болон практик хэрэгцээ, шаардлагын үүднээс Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой ба улсын төсвөөс ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй, хэмнэлт үүсэх юм гэж хууль санаачлагч танилцууллаа. Тэрбээр үргэлжлүүлэнГаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагыг танилцуулав. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль нь мөн 2008 онд батлагдаж гаалийн тариф, барааны үнэ, ангилал, гарал үүслийг тодорхойлох, гаалийн болон бусад татвар ногдуулах, хураах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд цаг үеийн шаардлагаар 8 удаа холбогдох өөрчлөлтийг оруулсан. Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Батлан хамгаалах үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ, Зэвсэгт хүчний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Зэвсэгт хүчнийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж тус тус заасан хэдий ч улс орны төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан цэргийн зэвсэглэл, техник, сум, галт хэрэглэл сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрэн бүрдүүлж, шинэчлэх боломж дутмаг байсаар ирсэн бөгөөд гагцхүү салбарын гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар дээрх асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж ирсэн болно. Тодруулбал, 2016-2020 онд гадаад улс орнуудаас 200 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмж, хүн тээврийн автобус, мөн Ковид-19 цар тахлын халдварт өвчинтэй тэмцэхэд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авсан. Цаашид онцгой албан татварыг төлөх санхүүгийн эх үүсвэр байхгүй бөгөөд ойролцоогоор 5,1 тэрбум төгрөгийн гаалийн болон бусад татвар төлөх хүндрэлтэй нөхцөл байдал бий болоод байгаа юм. Иймд Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник, бусад хэрэгслийг үе шаттай шинэчлэх, нөөц бүрдүүлэх уян хатан тогтолцоог бий болгох, худалдан авахад зориулсан төсвийн хөрөнгийг үр дүнтэй захиран зарцуулах арга хэмжээний хүрээнд импортоор оруулж байгаа цэргийн зэвсэглэл, техник, сум, галт хэрэглэл, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, бусад материал хэрэгслийг гаалийн тариф, гаалийн татвар болон холбогдох бусад татвараас чөлөөлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг хуулиар бий болгох хэрэгцээ, шаардлага үүссэн болно хэмээн хууль санаачлагч танилцууллаагэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй