УИХ-ын 2022 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тогтоолыг батлав

​ УИХ-ын чуулганы 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо болон хууль санаачлагчийн саналыг үндэслэж, хуулийн зохицуулалтын хүрээнд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 24, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 18, Байнгын хороодоос 19, Улсын Их Хурлын гишүүдээс 2, Монгол Улсын Засгийн газраас 26 буюу нийт 89 хууль, тогтоолын төслийн санал ирүүлсэн байна. Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа: 1.Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан нэн яаралтай хэлэлцэх болон өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг тухай бүр хэлэлцэхээр; 2.ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэхээр; 3.хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлах эрх бүхий субьектүүдээс өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга шийдвэрлэхээр тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулгадаа онцлоод Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг дурдав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь дэмжлээ. Уг тогтоолд Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тусгасан байлаа. 1/ Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 2/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон зарим татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл; 3/ Газрын багц хуулийн төсөл; 4/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 5/ Дампуурлын тухай хуулийн төсөл буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 6/ Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 7/ Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 8/ Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай анхдагч хуулийн төсөл; 9/ Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 10/ Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 11/ Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 12/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 13/ Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай анхдагч хуулийн төсөл; 14/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 15/ Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл; 16/ Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 17/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл; 18/ Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 19/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл; 20/ Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 21/ Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 22/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 23/ Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 24/ Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл; 25/ Төрийн өмчийн тухай хуулийн төсөл; 26/ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл; 27/ Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл; 28/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл; 29/ Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл; 30/ Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 31/ Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 32/ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл; 33/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 34/ Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл; 35/ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 36/ Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төсөл; 37/ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл; 38/ Тээврийн нэгдсэн хуулийн анхдагч хуулийн төсөл; 39/ Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 40/ Улс төрийн намын тухай хуулийн төсөл 41/ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл; 42/ Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл; 43/ Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл; 44/ Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 45/ Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл; 46/ Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 47/ Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл; 48/ Хөгжлийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл; 49/ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 50/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 51/ Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 52/ Шүүх байгуулах тухай хуулийн төсөл; 53/ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; 54/ Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай анхдагч хуулийн төсөл; 55/ Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл.

УИХ: Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг дэмжив

​ УИХ-ын чуулганы 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. Саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Дипломат албаны тухай хуульд заасныг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилох, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилох, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг томилохоор танилцуулж байна гэлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Н.Наранбаатараймаг, сумуудыгБүгд Найрамдах Солонгос Улсынижил төстэй муж, хоттой холбох, хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжих, цөлжилт, хүлэмжийн хийг бууруулахад хамтарч ажиллах, боловсролын болон эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа тогтооход дэмжлэг, туслалцаа үзүүлэх,УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ковидын дараах эдийн засгийг сэргээхэд анхаарч ажиллах, УИХ-ын гишүүн Д.Ганбат хил, гааль хаалттай, юмны үнэ өссөн энэ үед гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт татах тал дээр анхаарч ажиллах, гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ аль болох ойр, холбоотой байхад анхаарч ажиллахыг сануулаад, нэр дэвшигчдэд ямар шалгуур тавьсан талаар Гадаад харилцааны сайдаас асуулт асууж хариулт авчээ. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ эдийн засагт өгөөжтэй үйл ажиллагаа явуулахад бодит үр дүн чухал учир энэ асуудалд анхаарах, булангийн орнуудтай хамтарч ажиллан хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдтэйгээ нягт холбоотой байж эрх ашгийг нь хамгаалах, дэмжих, зах зээлээ тэлэх, эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх, ижил тэнцүү, эрх тэгш, харилцан уялдаатай хамтарч ажиллах, бүс нутгийн аюулгүй байдалд анхаарч ажиллах, УИХ-ын гишүүн С.Батболд гадаад харилцааны салбар мерит зарчмаа барьж цаг тухайд нь асуудлаа хэлэлцүүлж байгааг дэмжиж байна гээд Ковидын дараах улс орнуудын харилцааг хүрсэн түвшинд байлгахын зэрэгцээ илүү сайн зүйлүүдийг санаачилж, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг дэмжих тал дээр анхаарч ажиллах, УИХ-ын гишүүн Н.Энхболд гадаад харилцааны салбар нь улс төрждөггүй, төрийн бодлого, чиг үүргийг хэрэгжүүлдэг учраас засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай зөрсөн, аливаа асуудал гаргасан элчин сайдуудыг буцаан татах, энэ асуудлыг жижиг гэж орхилгүй анхаарч ажиллах шаардлагатайгэсэн саналуудыг тус тус гарган, зарим нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилох, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилох, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг томилохыг дэмжлээ.

Г.Занданшатар: Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийн ажиллаж байна

​ Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган (2022.01.18) өндөрлөв. Ээлжит чуулган өндөрлөж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын үг хэлэв. Тэрбээр Намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомж, бодлого шийдвэрээс дараах 5 багц асуудлыг онцолж байна. Нэгдүгээрт,Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг баталж, парламентын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүллээ. Хоёрдугаарт,Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдэх эрх, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах үндсэн эрхийг баталгаажуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа. Гуравдугаарт,Цахим гарын үсгийн тухай хуулийг 10 жилийн дараа шинэчилж, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийг баталлаа. Дөрөвдүгээрт, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиудыг энэ чуулганаар хэлэлцэн баталлаа. Тавдугаарт,2022 он бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтуудаа хэрэгжүүлэх хамгийн чухал цаг хугацаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд хийх эрх зүйн шинэтгэлд ч шинэ он чухал байр суурь эзэлнэ. Иймд эдийн засаг, нийгэм, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар онцгой анхаарч, нэг зүгт, нэг байр сууринаас, идэвх санаачилгатай хандах зүй ёсны шаардлага тулгарч байна. Гадаад, дотоодын төдийгүй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үнийн өсөлт суурь шинжтэй болсноор дэлхийн олон оронд хямралын байдал үүсгэж байна. Ийм хүнд цаг үед Улсын Их Хурал, Засгийн газар нягт хамтран ажиллаж, хүндрэлийг даван туулахын төлөө, иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах, тэтгэвэр тэтгэмжийг боломжит түвшинд нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийж ажиллаж байна. Эхний ээлжид Ирээдүйн өв сангийн хуулиа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааны дагуу Баялгийн сангийн тухай болон Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслүүдийн хамт яаралтай өргөн мэдүүлж хэлэлцүүлэх шаардлагатай байна. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн орд газруудын 10 хувийг ард иргэддээ эзэмшүүлэх хуулийн заалтыг хэрэгжүүлэхээс эхлээд байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд хүртээмжтэй болгоход чиглэсэн бодлого арга хэмжээг боловсруулж ажиллах шаардлагатай байна. Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудыг шинэчлэх ажлууд хүлээгдэж байна. Эдгээр хуулийг хаврын ээлжит чуулган эхлэхээс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зайлшгүй шаардлагатай. Манай улсын эдийн засгийн өсөлт хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 3.6 хувьтай гарах төлөвтэй байна. Хил, гааль тээвэр ложистикийн асуудлыг шуурхай, зөв зохицуулах нь улс орны эдийн засаг, нийгмийн болон мөнгө санхүүгийн бүхий л хүрээний асуудлыг шийдвэрлэх гол зангилаа болж байна. Мөн банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлж, инфляцыг эхний ээлжид тогтворжуулах, цаашдаа бууруулах, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулах, үнийн хөөрөгдлийг онцгой анхаарах шаардлага зүй ёсоор гарч байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Та бүхэндээ болон Монголынхоо нийт ард түмэнд сайн сайхныг ерөөж, удахгүй тохиох үндэсний уламжлалт баяр Цагаан сараа КОВИД-ийн тархалтаас сайтар сэргийлсэн орчинд, гэр бүлийнхээ хүрээнд угтан тэмдэглэхийг хүсье. Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган завсарласныг мэдэгдье гэлээ. Эх сурвалж: Parliament.mn

 УОК: Халдвар хоёр дахин ихэсвэл хөдөлгөөнийг 70 хувь хязгаарлана

​ ​ Монгол Улсын хүн амын дунд коронавируст халдвар (Ковид-19)-ын Омикрон хувилбарын тархалт 80 хувьд хүрч, хүндрэл, нас баралт гарах, эрүүл мэндийн байгууллагын орны ачааллын даац хэтрэх, эмч, эмнэлгийн ажилчдын хүний нөөц хүрэлцэхгүй болох зэрэг эрсдэл, хүндрэл үүсэжболзошгүй байна. Засгийн газар, УОК-оос хүн амыг коронавируст халдвар (Ковид-19)-ын Омикрон хувилбараас хамгаалах, урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийгэм, иргэдэд чиглэсэн дараах зөвлөмжийг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгаа, санал дээр үндэслэн гаргалаа. ЗӨВЛӨМЖ 1.Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрийг бүх шатанд хэрэгжүүлэх Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам-ыг бүх шатанд чанд мөрдөж ажиллах. 0-5 насны хүүхэдтэй эх (эцэг)-ийг зайнаас ажиллуулах, ээлжийн хуваарьт оруулах, эрсдэлт бүлгийг халдвараас урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨМЖ 2.Хөдөлгөөний нягтралыг бууруулах арга хэмжээ авах Байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын онцлогоос хамааран ажилчдыг ээлжээр болон цахимаар ажиллуулах, ажлын байранд ирэх, явах цагийн хуваарьт зохицуулалт хийх(ажлын эхлэх цагийг 07:00-10:00, тарах цагийг 16:00-19:00, цайны цаг 11:00-14:00 гэх зэргээр зохицуулах). ЗӨВЛӨМЖ 3.Хязгаарлалтын арга хэмжээ авах, олон нийтэд нээлттэй зарлах Нутаг дэвсгэрийн хэмжээнд долоо хоногийн дундаж үзүүлэлтээрөвчлөл 1 дахин ихэсвэл худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарьт хязгаарлалт тогтоох, 2 дахин ихэсвэл хөдөлгөөнийг70% бууруулж хязгаарлан халдварын тархалтад хяналт тавих. Тухайн шатны онцгой комиссын шийдвэрээр байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, хөл хөдөлгөөнийг богино хугацаагаар хязгаарлах арга хэмжээг нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй нөхцөлд хууль тогтоомжийн хүрээнд авах. Эрүүл мэндийн байгууллагын нөөц, орны бэлэн байдлыг хангах, коронавирусийнтүргэвчилсэн болон PCRшинжилгээ авах болон дархлаажуулалтын цэгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх. ЗӨВЛӨМЖ 4.Дараах тохиолдолд иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх Нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийг хамарсан хязгаарлалтын арга хэмжээ авсан үед коронавирусийнэсрэг вакцины 3, 4 дүгээр тунд хамрагдсан,Омикрон хувилбараар өвдөөд эдгэрсэн (2022 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш батлагдсан) иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх. ЗӨВЛӨМЖ 5.Сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, шинэлэг хэлбэр ашиглах Хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдвараас сэргийлэх сурталчилгааг насны онцлогт тохируулан төрөл бүрийн хэлбэр (ТВ, Facebook, Tik tok, Twitter, Youtube, Instagram,Telegram, Snapchat, Viber, Clube House)-ээр бэлтгэх, түгээх. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, иргэдийг ирж үйлчлүүлэхийг уриалсан зар сурталчилгааг хязгаарлах, хяналт тавих. ЗӨВЛӨМЖ 6.Дотоод орчинд амны хаалт зүүх, агаар сэлгэлтийг тогтмол хийх Омикрон хувилбар нь аэрозоль буюу агаар, жижиг дуслаар халдах тул мэс заслын маск, N95, FFP2 -ийг хэрэглэхийг зөвлөх. Эмнэлгийн зориулалттай амны хаалтыг ашиглах асуудлыг нэгдүгээрт тавих. Дотоод орчинд агаар сэлгэлтийг тогтмол хийж хүн хоорондын зай барих. Амны хаалт, агаар сэлгэлт, агааржуулалтын асуудлыг олон улсад чухалчлан үзэж байгаа тулсар шинийн баяр, нийтийн хамарсан арга хэмжээний үед олон хүн бөөнөөр цугларах асуудлыг аль болох хойшлуулах, хязгаарлах арга хэмжээг бүх шатанд авах. ЗӨВЛӨМЖ 7.Эмнэлгийн тусламж үйлчилгээнд анхаарах Аймаг орон нутаг, алслагдсан сум суурин, баг, айл өрхөд нэн түрүүн хэрэгцээтэй эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, зайнаас үзүүлэх эмнэлэг үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, бэлэн байдлыг хангуулах. Улсын Онцгой Комиссын Нэгдсэн Шуурхай Штаб

Цагаан сарын баярыг зөвхөн гэр гэртээ тэмдэглэх САНАЛ гаргав

​ УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдлаа. Энэ үеэр цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, айл өрхөөр орж халдвар тараахгүй байх тухай уриалга, сэрэмжлүүлгийг олон нийтэд түгээж ажиллахыг Шадар сайд үүрэг болгожээ Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, авах хариу арга хэмжээний тухай хэлэлцэн, санал солилцон, Шадар сайд Ажлын хэсгийн гишүүдэд үүрэг өглөө. Цахим хурлын эхэнд ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан Коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр мэдээлэлдээ ковидын омикрон хувилбарын тархалт нь эрчимтэй байгаатай холбогдуулан хотын 7548 өвчтөн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгчийн 90 гаруй хувь нь уушгины хатгалгаатай хавсарсан байгааг дурдлаа. Мөн Омикрон хувилбарын тухайд Дельта хувилбартай харьцуулахад нэн хүнд өвчтөний эзлэх хувь харьцангуй бага байгаа буюу 0,7 хувийг эзэлж байгаа хэдий ч суурь өвчлөлтэй хүмүүс, ахмад настнууд, хүүхэд багачууд өртвөл өвчлөл нь хүндрэх магадлалтайг онцоллоо. Эрүүл мэндийн салбарын ажил хариуцсан албан тушаалтнууд өөрсдөө өрхийн эмнэлэг, бусад эмнэлгүүдэд очиж газар дээр нь очиж ажилла гэв Ковидын вакцины III тунд зорилтот хүн амын 49.4 хувь буюу 968,478 хүн хамрагдсан бол нэмэлт IV тунд 36400 гаруй хүн тус тус хамрагджээ. ХӨСҮТ-ийн зүгээс омикроны халдварын тархалтыг хумихын тулд ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах, буюу эсхүл цахимаар хичээллүүлэх, Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, цахимаар золгох уриалгыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн бүх сувгаар иргэдэд идэвхтэй түгээх, Ажлын байрны нягтралыг бууруулах, нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах, Үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж ажиллах зэрэг саналыг Ажлын хэсэгт танилцууллаа. Мөн НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа хариу аргаа хэмжээний талаар танилцуулж, омикроноор өвдсөн иргэдэд хүрч ажиллах зорилгоор тандалтын баг, авто машины тоог нэмэгдүүлж байгааг мэдээллээ. Шадар сайд С.Амарсайхан Шуурхай ажлын хэсгийн гишүүдэд хандан, Цар тахлын мутацлагдсан Омикрон хувилбар дотоодод тархсантай холбогдуулан түүнтэй тэмцэх, даван туулах хариу арга хэмжээг шуурхай авахыг сануулан, хэвтэн эмчлүүлэгчдийн ор зохицуулалтыг УОК, Шадар сайд мэдэж зохицуулж байгаа гэдэг ташаа мэдээллийг залруулж, ЭМЯ, НЭМГ, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын удирдлагууд олон нийтэд үнэн зөв бодит мэдээлэл өгөх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 7000 гаруй ор улсын хэмжээнд дэлгэсэн нь Дельта хувилбарын өвчлөлийн үед дэлгэсэн орны статистик тоон үзүүлэлттэй харьцуулахад бага тоо юм. Тиймээс өвчтөнийг хэвтэн эмчлүүлэхдээ иргэдийг чирэгдүүлэлгүй, эрэмбэлэлтийг оновчтой зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах нь зүйтэй. Мөн эрүүл мэндийн салбарын ажил хариуцсан албан тушаалтнууд өөрсдөө өрхийн эмнэлэг, бусад эмнэлгүүдэд очиж газар дээр нь очиж ажилла гэв. Цахим хурлын төгсгөлд Шадар сайд дараах үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг Шуурхайн ажлын хэсгийн гишүүдэд даалгалаа. Ковидын омикрон хувилбараас урьдчилсан сэргийлэх арга зам, халдвар хамгааллын дэглэм, эмчилгээний талаарх мэргэжлийн эмч нарын зөвлөгөө зөвлөмж, иргэдийн асуусан асуултад хариулах тусгай контентыг өдөрт 3-аас доошгүй удаа тогтмол цагт хэвлэл мэдээллийг хэрэгслээр олон нийтэд хандан түгээх Төрийн байгууллагууд 0-5 настай хүүхэдтэй албан хаагч нарыг, мөн бусад албан хаагчдыг цахимаар болон танхимаар ажиллуулах тусгай хуваарийг батлан гаргаж мөрдүүлэх Иргэдээс ирж буй эмийн багцтай холбоотой гомдол саналыг барагдуулах, эмийн багцад олгогдож буй эмийн бүтээгдэхүүнийг стандартад нийцэж буй эсэхэд анхаарал хандуулж ажиллах Амбулаторийн үйлчилгээний цагийг уртасган иргэдэд төвөг чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах Эм тариа, бусад бүтээгдэхүүний нөөцийн судалгааг гаргаж, тасалдуулахгүй байх, татан авах ажлыг Эм, эмийн хэрэгслийг хянан зохицуулах газар хариуцан хэрэгжүүлэх Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, айл өрхөөр орж халдвар тараахгүй байх тухай уриалга, сэрэмжлүүлгийг олон нийтэд түгээж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.