Сонгуульд горьлогчдын жагсаалтад орсон авилга албан тушаалын “хэрэгтнүүд”
2020-04-16 17:09:56 Нийтлэгдсэн: Улс төрАН-аас УИХ-д нэр дэвшихийг горьлогсод 100 сая төгрөгөө тушааж дууссан бололтой. Эдийн засагч Х.Ганхуягийн мэдээлснээр одоогоор 180 хүн 10 сая төгрөгөө тушаасан бөгөөд тэднээс 76 нь нэр дэвших эрхээ авах юм байна. Нэр дэвшихээр горьлогчдыг судалбал энэ удаад АН-ын дарга С.Эрдэнэ зөвхөн 100 сая төгрөгөө тушаасан байх шаардлага тавьсан бололтой ажиглагдаж байна. Учир нь тэдний дунд өмнөх УИХ, Засгийн газрын үед төрийн өндөр албан тушаал хашиж байх үедээ албан тушаал, авилгын хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүсийн нэр байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй. Тухайлбал: Хятадын талаас дансны хуулгаа ирүүлээгүйгээс сая долларын хэргээ хаалгасан нэр дэвшигч Төв аймагт горьлогч Д.Доржпүрэв. Энэ хүн 2012-2016 оны Засгийн газарт Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байхдаа хэрэгжүүлсэн 35 сая ам.долларын санхүүжилттэй ДЦС-3 ТӨХК-ийг өргөтгөх Чингис бондын мөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдон ЭЦГ-т шалгагдаж байжээ: Тухайн үед ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс түүнд ЭХ-ийн 148.4 болон 166.1.2-т заасан бүлэглэн онц их хэмжээний эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан хэрэгт шалгаж байжээ. Хэргийг сөхвөл: Д.Доржпүрэв ЭХ-ний дэд сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн БНХАУ-ын Hunan industrial equipment installation гэх компанид дээрх төслийн хоёр дахь шатны санхүүжилт болох долоон сая ам.долларыг шилжүүлээд, өөрийнхөө байгуулсан Фин сервис банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсан гэх үйлдэлд түүнийг буруутгасан байдаг. Шалгалтын явцад манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Хэй лун жан хуа нян минерал ХХК-ийн үүсгэн байгуулагч Ван Либао, түүнтэй хамтран бизнес эрхэлдэг Шижиа инвестмент компанийн захирал Жин Шиху нарын дансаар дамжуулан дээрх банк бус санхүүгийн байгууллагынхаа Голомт банк дахь дансаар нийт нэг сая ам.доллар авсан нь тогтоогдсон юм билээ. Уг мөнгө нь 2013 оны найм болон арваннэгдүгээр сард ББСБ-ын дансанд орсон нь, уг мөнгөө Сүхбаатар дүүргийн XIX дүгээр хороонд тансаг зэрэглэлийн хаус хотхон барихад зарцуулсан нь ч батлагдсан гэдэг. Гэвч БНХАУ-ын Hunan industrial equipment installation ХХК-ийн дансны хуулгыг Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу өмнөд хөршөөс авахаар хүсэлт тавьсан ч ирүүлээгүй тул АТГ-аас хэргийг хаах хүсэлт энэ оны эхээр тавьж Прокурор хүлээн авчээ. Гэхдээ дээд шатны прокурорууд энэхүү үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин сэргээн шалгах боломжтойг эх сурвалж үгүйсгэсэнгүй. Эрдэнэтийн 49 хэрэгт яллагдагчаар татагдсан нэр дэвшигч Архангай аймагт горилогч Б.Болор. Түүнийг Сангийн сайд байхдаа Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьчилж авсан Монголын зэс корпорац компанийн захирал Ц.Пүрэвтүвшин нарт холбогдох хэрэгт өнгөрсөн оны 04 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар татсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл Б.Болорт холбогдох үйлдэл нь хэрхсэн нь тодорхойгүй. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр-ийн төмрийн хүдрийн үүц болох Хуст уул, Төмөр толгой, Төмөртэйн орд чиглэлд буюу төмөр замын Хандгайт өртөөнөөс Төмөртэйн орд газар хүртэл тавьсан 33.4 км төмөр зам барих ажлын санхүүжилттэй холбоотойгоор шалгагдаж байгаа. Кью Эс Си ХХК нь өөрийн хамаарал бүхий Монголиан рейлвэй корпорэйшн компаниар бариулахаар гэрээ баталж, 106.8 сая гаруй ам.долларын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.доллар авч барьсан. Улмаар дээрх чиглэлийн замыг Монголын төмөрзам төрийн өмчит компанид шилжүүлэхээр болж тухайн үеийн Сангийн сайд Б.Болороор 2016 оны хоёрдугаар сарын 26-нд төлбөр гүйцэтгэх актыг баталгаажуулсан байдаг. Төмөр замын концессын энэ хэргийг хууль хяналтынхан шалгаж байгаа гэж мэдээлж байсан ч хэрхсэн нь тодорхойгүй намдсан. Ривер гардены 1,1 тэрбум төгрөгийн үнэтэй байр нь авилга байсан эсэх нь тодорхойгүй нэр дэвшигч Дундуговь, Говьсүмбэрт горилогч Р.Эрдэнэбүрэн. Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Ривер гарден хотхонд өөрийн хамаарал бүхий хүний нэр дээр 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 м2 орон сууц авсан эх сурвалжаа тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр 2015 онд АТГ-т шалгагдан яллагдагчаар татагдаж байсан. Гэвч Дээд шүүхээс өнгөрсөн оны 03.13-ны өдөр хэрэгсэхгүй болсон. Прокурор хэд хэдэн удаа эсэргүүцэл бичсэн ч үл тоосон, маргаантай байгаа. Хэрэг хуучирдаггүй тул эцсийн шийдийг цаг хугацаа харуулна. Учир нь Р.Эрдэнэбүрэн Ерөнхийлөгч Баттулгатай тун ойрын холбоотой бөгөөд анх УИХ-д Эрэл намаас хамтдаа УИХ-д сонгогдсоноос хойш хуурай ах дүүгийн дотно харьцаатай хэмээн улс төрийн хүрээнийхэн нь ярьж байна. Үргэлжлэл бий.
С.Эрдэнэд хариуцлага тооцохгүй бол АН сонгуульд оролцох ямар ч боломжгүй гэв
2020-04-16 15:14:12 Нийтлэгдсэн: Улс төрАН-ын дарга С.Эрдэнэ эрх мэдлээ урвуулан ашиглаж УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс 100 сая төгрөг шаардаж, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж буйг тус намын гишүүн, Шинэчлэлийн хадөлгөөний тэргүүн П.Галиндэв мэдэгдэж, Үндсэн хуулийн Цэцэд хандаж буйгаа хэллээ. Тодруулбал, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдах, Улс төрийн намын тухай хуульд заасан аливаа нам намынхаа гишүүдийг сонгуульд нэр дэвшихэд нь боловсрол, хөрөнгө мөнгөөр нь ялгаварлаж, хязгаарлаж болохгүй зэрэг холбогдох хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн тул тус намын гишүүд ийн намынхаа даргыг Цэцэд өгч, албан тушаалаас нь огцруулахыг шаардаж эхэллээ. АН-ын даргын албан тушаалд С.Эрдэнэ суусан тэр өдрөөс хойш тус нам бохир мөнгөнд живсэн гэдгийг П.Галиндэв тодотгож, хоёр жилийн хугацаанд намынхаа бүх албан тушаалыг үнэлж зарсан тухай ярилаа. Түүнчлэн С.Эрдэнэ АН-ын даргын албан тушаалд очихоосоо өмнө буюу Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үедээ Улаанбаатар хотын бүх газрыг зарсан болохыг мэдэгдлээ. Тэрбээр Одоо УИХ-ын суудпыг 100 саяас эхлүүлэн хэдэн зуун саяар үнэлж, гишүүддээ зарж эхэллээ. Энэ хүн ингэж бохир мөнгө босгож, АН-ын гишүүдийг хууль бус үйлдэл рүү татан оруулж байна. Сонгогчид Та 100 сая төгрөг төлж, нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсны дараа түүнийгээ хэдэн сая, тэрбум болгож улсын төсвөөс, татвар төлөгч бидний халааснаас гаргаж авах вэ гэж асуухад манай намын нэр дэвшигчид юу гэж хариулах вэ. Намын дарга нь өөрөө нэр дэвшигчдээ татан унагах шийдвэр гаргалаа. Манай нам 180 орчим гишүүнтэй. С.Эрдэнэ даргын хэргээс болж намын нэр хүнд уналаа. Түүнд хариуцлага тооцохгүй бол АН сонгуульд оролцох ямар ч боломжгүй болж байна. Хэрэв УИХ-д сонгогдож чадахгүй бол улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн. Сонгуулийн дараа 100 сая төгрөг тушаасан хүн ямар нэгэн албан тушаалд томилогдсон ч түүнийг АТГ-аас дуудах нь ойлгомжтой нөхцөл байдал үүсгээд байна хэмээв. АН-ын толгойд С.Эрдэнэ шиг Монголын улс төрийг бохирдуулж, албан тушаалыг худалдаж, хууль бус үйл ажиллгааа явуулдаг бүлэглэл олон байгаагийн нэгээр Ц.Элбэгдоржийг нэрлэж, холбогдох хуулийн байгууллагуудыг үүнд анхаарал хандуулахыг хүслээ. Тэрбээр их хэмжээний ашиг хонжооны төлөө эрх мэдлээ ашиглаж эх орныхоо газар нутаг, үнэт баялаг, төрийн өндөр албан тушаалыг худалддаг хүмүүсээс салах цаг болсон, үүний төлөө намын гишүүд нь өөрсдөө дуугарах хэрэгтэйг тодотгов. Түүнчлэн үүсээд буй нөхцөл байдлын улмаас нийгэм, эдийн засаг хүндэрч, улсын төсөвт ачаалал нэмэгдэж буй энэ үед УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлт гаргаж, АН-ын дарга С.Эрдэнэд 100 сая төгрөг тушаасан хүмүүсийг тухайн мөнгөө эргүүлэн авч, онцгой нөхцөл байдалд, галын шугам дээр ажиллаж буй ажилчдад болон УОК-т хадивлах зэргээр сайн үйлст зарцуулахыг уриаллаа. АН-ын дарга С.Эрдэнэ өөрийнх нь эсрэг шударга дуугарч, хууль бус үйлдлийг сануулсан гишүүдийг намаасаа хөөх, сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах зэрэг арга хэмжээ авдаг байна. Мөн намынхаа гишүүдийн төлсөн татварын мөнгөөр өөрсдийг нь харлуулах ажиллагаа явуулдаг аж. Үндсэн хуулийн Цэц иргэний гаргасан хүсэлтийн дагуу 14 хоногийн дотор хэрэг үүсгэж, шалган дүгнэлтээ УИХ-д хүргүүлэх ёстой. Үндсэн хуулийн Цэцээс дүгнэлт ирүүлэхэд УИХ-ын гишүүдийг зоригтой дуугарч, зөв шийдвэр гаргаж, энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоохыг хүслээ.
П.Галиндэв: Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдаж байгаа С.Эрдэнийг ҮХЦ-д өгнө
2020-04-16 14:06:56 Нийтлэгдсэн: Улс төрАН-ын гишүүн, Шинэчлэл хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв намын дарга С.Эрдэнэ нь 100 саяын дэнчин авч Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр Цэцэд өгч буй талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр С.Эрдэнэ ҮХ-ийн 3.2-т заасан Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг хориглоно гэх заалт, 4.2-т заасан хүнийг үндэс угсаа, арьсны өнгө, боловсрол, хөрөнгө чинээгээр ялгаварлаж үл болно гэх заалтыг тус тус зөрчсөн шийдвэр гаргаж, үүнийгээ АН-ын ҮБХ-оор тулган батлуулсан. Мөн Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн учраас Цэцэд хандаж байна. Цэц энэ асуудлыг үнэн зөвөөр тогтоож УИХ-д хүргүүлнэ хэмээн итгэж байна. Удаа дараа хууль зөрчиж, Монголын улс төрийг бохирдуулж, сонгуулийг будлиантуулж байгаа С.Эрдэнэ мэтийн хүмүүсийг дахиж УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх ёстой. Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг зүйлийн ард нуугдаж, бүх хууль бус үйлдлүүдийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд хийж ирсэн улс төрчдийн бүрэн эрхийг С.Эрдэнээр төлөөлүүлж түдгэлзүүлэх ёстой гэв. Түүнчлэн МАН-д хэрэгжих гэж байсан 60 тэрбумын схем С.Эрдэнэ гэх хүнийг намын дарга болсноос хойш АН-д хэрэгжиж, манай нам бохир мөнгөнд живсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд С.Эрдэнэ нам доторх бүх албан тушаалаа үнэлж зараад дууссан. Үүнээс өмнө Баянгол дүүргийн Засаг дарга байхдаа Улаанбаатарын газруудыг зарсан. Одоо сонгууль дөхөөд ирэхээр УИХ-ын суудлыг 100 саяас 400 сая хүртэл үнэлээд зарчхаж байгаа юм. АН-ын нэрийг барьж хууль бус үйлдэл хийхийн дээр үүндээ намын гишүүдийн татан оролцуулж байна. Сонгуульд нэр дэвших 180 хүний дотор Ц.Элбэгдорж, С.Эрдэнийн тойрон хүрээлэгчид, банк бустай хүмүүс ихэнх нь бий. Шударга үг хэлсэн гишүүдээ намаасаа хөөчихдөг. Дэнчин гэх 100 сая төгрөгийг С.Эрдэнэ өөрийг нь эсэргүүцсэн намын гишүүдийг хэвлэлээр харлуулах ажилд зарцуулж байгаа. Тиймээс энэ бохир мөнгөний ажлаа зогсоо. Монголын төрийн албыг зардаг, эрх мэдэл балбан тушаалаа урвуулан ашигладаг хүмүүсээс Монголын төр салах болжээ. С.Эрдэнэ, 100 саяын дэнчинг АТГ, ТЕГ ч бас шалгах ёстой. Ардчилал нэрийн дор Монголын ардчилал, АН-ыг худалдаад идчихсэн бүлэглэл бий. Тэдний хамгийн шийдчихсэн, увайгүй нь С.Эрдэнэ хэмээсэн юм. АН-ын гишүүд, Шинэчлэл хөдөлгөөний зүгээс намын дарга С.Эрдэнэд 100 саяын дэнчин гэх бохир мөнгөний систем болон Үндсэн хууль зөрчсөн асуудлаа хүчингүй болго гэх хүсэлтийг удаа дараа өгсөөр иржээ. Гэвч энэ асуудал өнөөдрийг хүртэл явсаар АН сонгуульд орох эсэх нь эргэлзээтэй, нэр дэвшихээр 100 саяа төгрөгөө өгсөн хүмүүс хуулийн хариуцлага хүлээх хэмжээнд хүрсэн. Иймээс 100 саяын дэнчинг хүчингүй болгох, үүнийг санаачилж, Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн асуудлаар С.Эрдэнийг ҮХЦ-д өгч, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх, мөн намын даргаас нь огцруулах хүсэлтээ илэрхийлжээ. Үндсэн хуулийн цэц 30 хоногийн дотор дүгнэлт гаргаж УИХ-д хүргүүлэх ёстой аж.
Монгол Улс болон АНУ-ын олон талт хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцлоо
2020-04-14 08:53:44 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр дэлхий нийтийг хамарсан COVID-19-ийн тархалтын эсрэг тус тусын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, энэ хүнд цаг үед АНУ-аас Монгол Улсад тусламж дэмжлэг үзүүлсэнд сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлэв. Элчин сайд Майкл Клечески COVID-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх, тогтоон барих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас шуурхай, тууштай арга хэмжээ авч байгааг сайшаан тэмдэглэж, Монгол Улсад ажиллаж, амьдарч буй АНУ-ын иргэдийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Сайд Д.Цогтбаатар, элчин сайд Майкл Клечески нар Монгол Улс, АНУ-ын хоёр тал болон олон талт хамтын ажиллагааны зарим асуудлаар мөн санал солилцов. Эх сурвалж:Гадаад Харилцааны Яам
Х.Ганхуяг: Угсаа залгамжлагчдаа боломж олгож, бусдад нь 400 саяын дэнчингээр босго тавьж, сонгогдох, дэвших эрхийг нь хязгаарлаж байна
2020-04-13 13:53:24 Нийтлэгдсэн: Улс төрАрдчилсан намынхан 60 тэрбумаас илүүсхемийг ил цагаанаар хэрэгжүүлж байна Ардчилсан намын дарга С.Эрдэнийн УИХ-д нэр дэвшсэн тойрогт дэвшиж, өрсөлдөхөө аль 2017 онд зарласан, Хера холдинг группийн ерөнхийлөгч Х.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр АН-ын хэсэг залуус өөрт нь С.Эрдэнэ, З.Энхболд тэргүүтэй удирдлагуудынхаа төрийн албыг наймаалцахыг санаархаж байгаа хууль бус үйлдлийг илчилсэн захидал, намуудын сонгуульд зориулсан хандив авах хуулийн хугацаа болоогүй байхад АН-ын 181 горилогч 100 сая төгрөг тушаагаад байгаа зэрэг асуудлыг олон нийтэд дэлгээд байгаа билээ. -Та өнгөрсөн долоо хоногт АН-ынхан хууль зөрчиж, дэнчингийн мөнгө цуглуулж байж болзошгүй талаар захидал бүхий баримт дэлгэсэн. Гэхдээ тэр захидлыг танд хэн нэгэн өгөөгүй, Жагсаалтыг өөрөө биччихсэн юм биш үү гэх хардлага зарим хүнд байх шиг байна. Тэр жагсаалтыг танд хэн нэгэн өгсөн гэдгийг юугаар батлах вэ? -Надад өөртөө захидал бичээд, тийм жагсаалт гаргаад сууж байх зав, шаардлага байхгүй. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт манай ажлын газарт надад хаягласан ийм дугтуйтай захидал (Бор цаасан дугтуй харуулав) авчраад үүдний жижүүрт өгснийг надад авчирч өгсөн. Чамтай уулзахдаа яг ингэж асуух байх гэж бодоод аваад ирсэн юм. Энэ дотор 100 сая төгрөгийн дэнчингээ өгсөн гэх 181 хүний нэрсийн жагсаалт, надад хандаж, намынхаа шударга бус зүйлсийг тоочсон захидал байсан. Гайхсан л даа, хэн юу өгчихөв, бодитой мэдээлэл юм уу, худал жагсаалт юм уу гэж. Захидал ирснээс хойш дөрөв хоног бодсон. Тэр хугацаанд өөрийнхөө хэмжээнд багахан судалгаа хийж үзсэн. Гэхдээ 100 сая төгрөгийн дэнчингийн асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Миний хувьд С.Эрдэнэ даргаас сошиалаар УИХ-д АН-аас нэр дэвшихээр горилогчид үнэхээр 100 сая төгрөг тушаах юм уу, үгүй юм уу гэх мэтээр цөөнгүй удаа асуусан ч хариу өгч байгаагүй. Гэхдээ хэвлэлээр зарим нэг нь Би 100 сая төгрөгөө өгсөн гэсэн байхад АН-ын зарим дарга Авч байгаа нь үнэн гээд яриад байсан л даа. Энэ мэтээс Үнэн юм байна даа гэж бодож байтал энэ захидал ирж, Ардчилсан намын удирдлагууд дэнчингийн мөнгө цуглуулж байгааг батлаад өгсөн. Харин энэ талаар хэвлэлийн хурал хийж, жагсаалтыг ил болгоход хамгийн их түлхэц болсон зүйл бол Д.Мөнх-Эрдэнийн Би 100 сая төгрөгөө намдаа төлсөн. Ахиад 300 сая төгрөг нэхэж байгаа нь үнэн. Дэнчингээ өгсөн хүмүүс дунд нэг ч удаа бизнес хийж байгаагүй, насаараа төрийн албаар явчихсан хүмүүс ч байна. Мөн тэдний ах дүү, хамаатан садан байна. Энэ нь шударга өрсөлдөөнийг үгүй хийж байна гэх яриа байсан. -Жагсаалтад байсан хүмүүс бүгд 100 сая төгрөг тушаасныг хэн батлах вэ. Хэрвээ өгөөгүй байвал та бусдын нэр төрд халдсан болж, буруудах юм биш үү? -Хэвлэлийн хурал хийх үеэрээ ч Ардчилсан намаас албан ёсоор эдгээр нэрийг зарлаагүй. Ардчилсан намын залуус гэх хүмүүсийн өгсөн баримт шүү. Тиймээс энэ нь таамаг байхыг үгүйсгэх аргагүй гэж хэлсэн. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан энэ асуудлыг нягталж, шалгаж, үнэн мөнийг нь тогтоох ёстой. Тийм учраас АТГ, ЦЕГ, ТЕГ гэсэн гурван газарт би жагсаалтад нэр дурдагдсан хүмүүс АН-д дэнчингийн мөнгө гэж 100 сая төгрөг өгсөн үү, өгсөн бол санхүүжилтийн эх үүсвэр нь хаанаас, хэрхэн бүрдсэн бэ гэдгийг тогтоож, шалгахыг хүссэн хүсэлтээ өгсөн. Би олон нийтэд жагсаалтыг ил болгосон. Одоо хууль, хяналтынхан ажлаа хийж, АН сонгуулийн хандив авах хугацаа болоогүй байхад дэнчин цуглуулж эхэлсэн үү, үгүй юү гэдгийг тогтоох байх. Хугацаа байна, харж л байя. -Та С.Эрдэнэ даргад дэнчин өгсөн хүмүүсийн нэрсийг зарлах 24 цагийн хугацаа өгье гэж байсан. Танд хариу өгсөн үү? -Өчигдөр би 17:30 цаг хүртэл хүлээлээ, албан ёсоор ирсэн юм алга. Гэхдээ сошиалаар над руу, хувь хүн рүү маань дайрсан дайралт их ирж байна. Сонирхолтой нь, дэнчингээ өгсөн гээд байгаа хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаа хүмүүс олон нийтийн сүлжээнд намайг элдэвлэж байна. Жишээ нь, Чамд ямар хамаатай юм, Манай намын дотоод асуудал гэх мэтээр. Уг нь би хэн нэг хүний тухай биш, зарчмын асуудал л ярьж байгаа. Тодорхой хэлбэл, хэрвээ Ардчилсан намын удирдлагууд гишүүдээсээ 100 сая төгрөг авсан бол энэ нь хэд хэдэн хууль зөрчиж байгаа. Ардчилсан нам УИХ-ын сонгуульд оролцох бол бүх зүйлийг хуульд нийцүүлж, хуулийн дагуу мөнгөө авах ёстой. Ингэхийн тулд одоо авсан мөнгөө буцааж өгөх хэрэгтэй. Өгсөн хүмүүс нь ч тэр мөнгийг хууль ёсны орлого мөн гэдгээ нотлох ёстой. -Ардчилсан намын удирдлагууд 100 сая төгрөгийн дэнчинг Манай намын дотоод асуудал гэсэн утгатай юм ярьсан байна лээ. Үүнийг та юу гэж бодож байна вэ? -Дарга нар нь 100 сая төгрөгөө дэнчин, хандив, намын татвараа урьдчилж авч байна гэх мэт янз янзаар яриад байгаа. Зарим нэгний хувьд энэ асуудал өөрт нь хамаагүй юм шиг санагдаж магад. Гэвч энэ бол бүх хүнд хамаатай. Сонгуулийн дараа МАН, АН хоёрын оролцоотой л Засгийн газар Монголыг удирдах учраас энэ бол монголчуудын асуудал. Нэгдүгээрт, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийн асуудал хөндөгдөж байна. Хоёрдугаарт, тэр жагсаалтын нэлээд нь хуучин хүмүүс буюу УИХ-д удаа дараа сонгогдсон гишүүд байна. Цөөнгүй шинэ залуус байгаа ч гарвалыг нь судлахаар дандаа л одоогийн том дарга нарын ах, дүү, үр хүүхэд, хамсаатан, холбоо сүлбээтэй хүн байгаад байна. Хардаж бодвол тэд өөрсдөө биш юмаа гэхэд улс төрийн гар хөл, угсаа залгамжлагчдаа боломж олгож, бусдад нь дэнчингээр босго тавьж, сонгогдох, дэвших эрхийг нь хязгаарлаж байна шүү дээ. -Ардчилсан намын удирдлагууд залуусынхаа, чадвар, мэдлэгтэй гишүүдийнхээ нэр дэвших боломжид босго тавьж, хязгаарлаж, мөнгөтэй нь сонгуульд оролц гэж байна гэж үү? -Намын гишүүн л бол сонгуульд нэр дэвших, сонгогдох эрхтэй. Ардчилсан намынхан өөрсдийгөө бодлогын нам л гээд байсан. Үнэндээ мөнгөний нам л болчихсон байгаа байхгүй юу. Улс төрийн намын тухай хуулиар нэр дэвших эрх нь нээлттэй байдаг. Үүнийг хөрөнгө чинээгээр хязгаарлаж болохгүй гээд заагаад өгчихсөн байгаа. Эрүүгийн хууль гээд олон хуулиар авч үзвэл энэ 100 сая төгрөгийн асуудал ерөөсөө байж болохгүй зүйл. Дээрээс нь сонгууль өгөхөөс 45 хоногийн өмнө нэр дэвшигч тодроод, хандивын дансаа нээгээд хандив цуглуулах ёстой. Ингэхдээ бүр хувь хүн тав, аж ахуйн нэгж 20 сая хүртэлх төгрөг хандивлах эрхтэй. Гэтэл Ардчилсан намын хувьд энэ хуулийн хугацаа болоогүй байхад бүр 100 сая, 300 сая төгрөг цуглуулж байгаа нь хууль бус. Ардчилсан намынхан хүмүүсээ өрсөлдүүлэхгүйгээр мөнгө өгснөөр нь дэвших эрх өгч байгаа гэсэн үг. Өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа юм. 180 мянган гишүүний 181 нь 100 сая төгрөгөө тушаасан гэж бодохоор энэ хүмүүст л боломж олгоно, үлдсэн нь өрсөлдөөний талбараас хасагдаж байгаа дүр зураг харагдаж байгаа юм. Энэ 181 хүний хэд нь 300 сая төгрөгөө тушааж чадах вэ, чадсан ч хэд нь дэвших боломжоо авахыг бас л таах боломжгүй. Гэхдээ мөнгө тушаасан нь хоосон хоцрохгүй гэсэн баталгаатайгаа үлдэж байгаа байх. Жишээ нь, надад ирсэн жагсаалтаас харахад Архангай аймагт долоон хүн өрсөлдөхөөр дэнчингээ өгчээ. Өөрөөр хэлбэл, нам нь 700 сая төгрөг авчихсан гэсэн үг. Гэтэл Архангай аймаг гурван мандаттай, энэ долоогийн гурав нь л нэр дэвших эрхтэй болно. Дэнчингээ өгсөн ч дэвших эрхээ авч чадахгүй үлдсэн хүмүүс нь яах вэ. Тус намын удирдлагуудын нэг нь Дэнчингээ өгсөн ч дэвшээгүй хүмүүст улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэж хэвлэлд ярьсан байсан. Улс төрийн дэмжлэг гэдэг чинь албан тушаал л шүү дээ. Өөрөөр хэлбэл, та нарын албан тушаалд очих эрхийн бичиг чинь 100 сая төгрөгөө тушааснаар баталгаажлаа гэж байгаа юм уу. Улс төрийн болон бүх албан тушаалыг наймаалцах сууриа тавьж байна гэсэн үг. -Та С.Эрдэнийн тойрогт нэр дэвшихээ илэрхийлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тийм учраас энэ асуудалд ингэж хандаж байна уу. Эсвэл хууль бус дэнчингийн асуудлыг ил болгох нь чухал гэж бодсон уу. Одоо таныг юу ч хэлсэн улстөржүүлж харах, ойлгох учраас ингэж асууж байна л даа? -Энэ ерөөсөө зарчмын асуудал шүү дээ. Ядаж үүнийг битгий улстөржүүлээч. Хамгийн наад зах нь тавдугаар сарын 11-12-ны үеэр нэр дэвшигчдийг тодруулна. Нэр дэвшигчид тодорчихоод, дараа нь хуулийн дагуу хандив цуглуулж эхэлсэн бол би ийм юм ярихгүй байсан. Зөвхөн өнөөдөр ийм асуудал яригдаад байгаа юм биш. Өмнөх 30 жилд хандив, татварын асуудал яригдсаар, олны дунд хардлага төрсөөр ирсэн. Гэтэл үүнийг нь 60 тэрбумын гэх хэрэг баталгаажуулж өгсөн. Үүнийхээ төлөө тодорхой хүмүүс хариуцлага хүлээсэн. Тодруулбал, Засгийн газар огцорсон, УИХ-ын дарга албан тушаалаасаа буусан, хэд хэдэн хүн шоронгийн хаалга татаж байна. Гэтэл Ардчилсан намынхан одоо 60 тэрбумаас илүү схемийг ил цагаанаар хэрэгжүүлж байна. Зөвхөн бидэнд мэдэгдэж байгаагаар нь тооцоолоод үзэхэд 60 тэрбум дөхчихсөн байгаа юм. Өдөр ирэх тусам дэнчин, хандив нь нэмэгдэнэ. Хамгийн бодит, хүмүүст зарласан дүн л гэхэд одоо ахиж 300 сая төгрөгийг горилогчид нэмж тушаах ёстой гэж байгаа. Тэгэхээр энэ тоо бүр явж өгнө. Дээр нь сонгуулийн өдөр, ялсны дараа, Засгийн газар бүрэлдэхэд яах юм бэ. Сайдын суудал төдөн төгрөгийн дэнчинтэй, тэрийгээ намдаа өгч байгаад өрсөлд гэх юм уу. 180 мянган гишүүнтэй намаас УИХ-д нэр дэвшүүлчих боловсролтой, чадалтай 76 хүн олдохгүй байна гэж байхгүй. Энэ захиа яагаад заавал надад ирсэн бэ гэж бодохоор би С.Эрдэнийн тойрогт нэр дэвших сонирхолтой байгаагаа аль эрт илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор надад баримт өгсөн байх. Үүнээс гадна намын гишүүд нь намын даргадаа энэ асуудлаар яривал намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авах байх. Тиймээс л надад хандсан болов уу. Бас олон нийтэд хүргээсэй гэж хүссэн байх. -Жагсаалт дотроос мөнгөө баттай төлсөн хүн таныхаар хэн хэн байсан бэ? -Баттай биш ч нэлээд хүн байх шиг байна. Жишээ нь, Фортуна Батбаяр мөнгөө төлсөн гэж байгаа ч түүний охин нэр дэвшихээр бэлтгэж байгаа яриа бий. Ц.Элбэгдорж өгсөн гэхэд өөрөө биш, хүү нь нэр дэшинэ гэх мэтээр өөр хүний нэрээр тушаагаад орныхоо хүнийг дэвшүүлэх хувилбарууд энэ дунд бас харагдаж байна. Ийм учраас мөнгөний эх үүсвэрийг нь шалгах ёстой гээд байгаа юм. Мөн 181 хүн дээр өшөө хэчнээн хүн 100 сая төгрөгөө тушаачихаад байгааг тодорхой болгох хэрэгтэй. -С.Эрдэнэ өөрийгөө 60 тэрбумтай адил хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөлөө ийм ил цагаанаар бүрдүүлэх тийм тэнэг хүн үү. Эсвэл бүр ингэтлээ улайраад байх шалтгаан байна уу? -Ардчилсан намын дарга нь ингээд эхэлж байгааг миний хувьд хардахдаа бүх хүч, хамгаалалт манай талд байгаа юм чинь гээд хууль зөрчиж болно гэж бодоод байгаа юм уу. Яг яагаад ийм зүйл хийгээд байгааг нь би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан тэд айдасгүй байна. Ямар ч хариуцлага хүлээхгүй гэж бодож, ийм зүйл хийгээд байдаг юм болов уу. -З.Энхболд, С.Эрдэнэ нартай та хэр ойр дотно байсан бэ. Хувийн ямар нэг асуудал байдаг болоод тэдний нэр дэвшсэн тойрогт өрсөлдөөд байдаг юм уу, эсвэл өөр шалтгаан бий юү? -Миний хувьд С.Эрдэнэ гэдэг хүнтэй нэг удаа сагсан бөмбөгийн тэмцээн дээр таарч байсан. Түүнээс хувь хүнийх нь хувьд ямар ч ойлголт байхгүй, танихгүй. Тэр хоёртой ямар ч хувийн асуудал байхгүй. 2016 онд би иргэдийн төлөөлөл байх гэж, МАНАН бүлгэмийн эсрэг тэмцэхээ илэрхийлж, бие дааж нэр дэвшсэн. Өмнөх сонгуулиар би З.Энхболдтой нэг тойрогт өрсөлдөж байсан. Бизнес эрхэлдэг хүмүүс эрсдлээ бодоод улс төр рүү ороод, ялангуяа бие дааж нэр дэвшээд байдаггүй. Миний хувьд тухайн үед яах аргагүй бухимдсан, улс төрийн хонжоо харсан бол өрсөлдөхгүй, тохиролцохоо бодох байсан байх. Гэвч миний үнэт зүйл, үзэл санаа, зарчим тэдэнтэй ерөөсөө нийцдэггүй. Цаашдаа ч нийцэхгүй. З.Энхболд явахдаа намаа өөрийнхөө залгамжлагч гэж болох С.Эрдэнэд өгсөн. Ардчилсан намыг С.Эрдэнийн нэрээр З.Энхболд л удирдаж байна шүү дээ. Өмнөх сонгуулиар бие даагчдаас би улсын хэмжээнд хоёрт орсон. Энэ нь надад маш их урам өгсөн. Одоо ч гэсэн манай тойргийн иргэд Таныг УИХ-д нэр дэвшвэл бид дэмжинэ шүү. Таны зарчим, дэвшүүлж байсан бодлогууд их зөв байсан. Шударга ёсны төлөө яваарай гэдэг. Ийм учраас хүмүүсийн хүлээлтэд хүрч, өөрийнхөө чадах зүйлийг хийж өгөх юмсан гэх бодол дотор минь байнга асаж байна. Мэдээж намын гишүүд минь итгэл хүлээлгэвэл шүү дээ. Одоо боломж гарвал С.Эрдэнийн дэвшиж байгаа тойрогт яагаад нэр дэвшиж, түүнтэй өрсөлдөх гээд байгаа вэ гэхээр С.Эрдэнэ МАНАН бүлгэмийн сүүлийн тулах цэг, үлдэгдэл нь. Тийм учраас өмнө нь иргэдэд амлаж байснаараа МАНАН-г бүр мөсөн үгүй хийхийн төлөө боломж олдвол С.Эрдэнэтэй өрсөлдөнө. Зарчмын хувьд би сонгогчдоосоо хандив цуглуулж өрсөлдөнө гэж бодож байгаа. Үүнээс гадна МАНАН-г задлаад МАН шинэчлэгдчихлээ шүү дээ. Залуучуудаа дэмждэг, боломж олгодог болж байна. У.Хүрэлсүх дарга дэнчин, хандив авахгүйгээр, ард иргэдээс хамгийн их дэмжлэг, санал авсан хүнийг нэр дэвшүүлнэ гээд зарлачихсан. Ийм болохоор л би зоригтой яриад байгаа юм. -Сонгогчид танд хандив өгөх болов уу? -1000 төгрөг ч байсан хамаагүй. Би сонгогчдын төлөөний хүн баймаар байна. Хэдэн компани, санхүүжүүлэгчдээсээ мөнгө авчихаад албан тушаалд очсоныхоо дараа тэднийхээ төлөө үйлчилдэг, тэдний эрх ашгийг хамгаалдаг хүн баймааргүй байгаа юм. Тийм учраас л сонгогчдоосоо хандив цуглуулж, нэр дэвшинэ гээд байгаа юм. -Та өөрийн гэсэн бизнестэй, бизнес тань амжилттай гялалзаж байгаа. Заавал улстөрч болох, УИХ-д суух шаардлага байгаа юм уу. Тэнд очихгүйгээр сайн сайхан зүйл бүтээж болдгийг харуулах боломж байгаа ч юм билүү? -2012-2016 онд би Эдийн засгийн форум зохион байгуулдаг байлаа л даа. 2012 оноос хойш Монголын эдийн засгийн орчин нүдэн дээр уруудсан. Форум болгоноороо ямар нэгэн мессэжийг төр, засгийн удирдлагуудад өгөхийг хичээж байсан. Энэ үед Монгол Улсын Засгийн газар маш их мөнгөтэй байсан. Янз янзын бонд гаргасан. Дэлхий дахинд эдийн засгийн хямрал гэж сүйдтэй юм болоогүй байтал явж байсан бүх ажлыг зогсоосон. Эдийн засгийн бүх хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг З.Энхболд болон түүний бүлэглэлийнхэн зогсоосон гэсэн үг. Мэдээж тэдэнд ашигтай байсан. Ингэхдээ өөрсдийнхөө гэсэн компаниудад илтэд үйлчлээд явчихсан. Шударгаар, зарчмаараа, хөдөлмөрөөрөө ахиж дэвших гэж яваа бизнесмэнүүдэд, олон арван аж ахуйн нэгжид энэ нь маш шударга бус байсан. Тэгээд үр дүнд нь 2015 оноос жилийн 13 хувийн хүүтэй ам.долларын зээлийг гаднын орнуудаас авдаг болчихсон, манай Засгийн газар. Хөрөнгийн зах зээлээс 16-17 хувийн хүүтэйгээр дотоодын арилжааны банкуудаас мөнгө зээлдэг болсон. Зээлэхдээ жишээ нь, Хөгжлийн банк арилжааны банканд 5-6 хувийн хүүтэй мөнгө байршуулаад, Засгийн газар бонд гаргалаа гэнгүүтээ нөгөө байршуулсан мөнгөө 16 хувийн хүүтэйгээр зээлж байсан. Тэгээд бид чинь ер нь дампуурчихсан байсан шүү дээ. Энэ мэт шударга бусыг болиулах гэж, Эдийн засгийн форумаар дамжуулан дуу хоолойгоо хүргэх гэж оролдсон. Өнөөдөр ч яах вэ, би бизнесээ хийгээд амиа аваад явчихаж болно. Гэтэл миний үр хүүхэд яах юм, тэд ямар нийгэмд амьдрах юм. Нэг юм хийх гэтэл бүх боломжийг нь тэд ингээд л булаагаад байх нь байна шүү дээ. Ийм учраас л би чадах чинээгээрээ өөрийн дуу хоолойг хүргэхийг хичээж байна шүү дээ. -МАН-ын удирдлагууд УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдоосоо маш нууцаар дэнчин авч байгаа юм биш биз дээ? -Тийм зүйл огт байхгүй. -Танд С.Эрдэнийн тойрогт нэр дэвших боломжийг МАН-аас өгөх болов уу? -Хэлж мэдэхгүй байна. Итгэвэл өгөх л байх. -Одоо танд дахиад задлах баримт, дуулиан байна уу? -Одоогоор алга. Гарч ирвэл, бас шаардлагатай бол дэлгэнэ. -УИХ-ын сонгуулийг бие даагчдын сонгууль болох нь гэсэн яриа их гарч байна. Мөн таныхаар дараагийн парламент ямар хүмүүсээс бүрдэхээр байна вэ? -УИХ-ын гишүүн том тойргоор явна. Сонгогчдод сонголт олон байна. Гэхдээ сонгогчид энэ удаад намыг харахаас гадна хүнийг нь харах боловуу гэж бодож байна. Ирэх парламент эв эеийг бодсон, стандарт бус шийдлийг л олохгүй бол маш их попролт өрнөж мэднэ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй