Тойрогтоо хамгийн их, бага төсөв суулгасан гишүүд

Улсын төсөв гэдэг нь нийгэм, эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл бөгөөд улсын мөнгөн хөрөнгийн төвлөрсөн хуримтлалыг бий болгож хуваарилж буй явдал юм. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталж өгсөн хэмжээнд тааруулан Засгийн газар төсвөө бүрдүүлж, бас зарцуулдаг гэдгийг дунд сургуулийн сурагч ч мэдэх нь дамжиггүй биз. Дэлхий дахинд анхлан Англи улс төсөв зохиож, түүнийгээ хууль тогтоох байгууллагаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй билээ. 1921 оноос өмнө Монгол Улсад төсөв гэж байсангүй. Харин Ардын хувьсгалын дараа Ардын Засгийн газар төсвөө зохиож, улмаар 1925 оноос Ардын Их хурлаар хэлэлцэн батлах болжээ. Манай улсын хувьд 1990 оноос хойш хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-ын гишүүд нь төсвөө хэлэлцэн батлахдаа өөрсдийн сонгогдсон тойрогт ахиу хөрөнгө оруулалт тусгах гэж улайрдаг гэх шүүмжлэл гардаг болсон нь худлаа биш. Угтаа төрийн хууль тогтоох ажлын төлөө бус эсрэгээрээ сонгогдсон тойрогтоо ахиухан мөнгө тавиулахыг хүссэн улстөрчид төсөв батлах хугацаанд л чуулганы хуралдаа тунчиг идэвхтэй сууж, олсон мөнгөө 76 хэсэг хуваагаад тардаг хэмээн шүүмжилдэг байв. Хэдийгээр энэ шүүмжлэл нэг өнцгөөс нь харвал үнэн мэт боловч нөгөө талаасаа тухайн улстөрчийн улс төр болон намдаа эзлэх байр суурь, нөлөө, хуралдааны идэвхийг харуулдаг гэдгийг нуух юун. Товчхондоо, өнөөдрийн улс төрийн өнгийг хэн тодорхойлж байгааг гишүүдийн тойрогтоо тусгасан төсвөөс харах боломж олддог жамтай. 2020 оны улсын төсвийг тодотгох уу, үгүй юу гэдэг маргаан улс төрийн хүрээнд ид өрнөж буй энэ үед ч дээр дурдсан улстөрчдийн нөлөө, идэвх санаачилга аймаг, орон нутаг, дүүрэгт тусгасан хөрөнгө оруулалтаас нь шуудхан харагдаж байх юм. Орон нутгийн хувьд мэдээж Засгийн газрыг тэргүүлж буй Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын тойрог болох Хэнтийн төсөв бусад аймгаасаа хол тасархай тэргүүлж байгаа. Улсын сан хөмрөгийг атгаж буйн хувьд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч нөлөөтэй байж чаджээ. Өөрөөр хэлбэл, улсын төсвийг Увс, Хэнтийд зориулчихлаа гэсэн шүүмжлэл гарсныг ч нуух юун. Харин хуралдаа суудаггүй Б.Наранхүү гишүүний тойрог дүрмийн дагуу сүүл мушгив. Дундговь аймгийн удирдлагууд удаа дараа гишүүндээ гомдлын үг чулуудсан ч хариуцлагагүй, хайхрамжгүй гишүүн нь аймаг орон нутгийнхаа хөгжлөөс хойш чангаачихсан нь харамсалтай. Төрд төлөөлж буйн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын асуудалд хамгийн хариуцлагатай хандаж, тойрогтоо дутагдаж буй бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэгийн асуудлаа шийдэж байгаа улстөрч л нэмэх оноо цуглуулдаг бичигдээгүй хуультай. Гэвч, энэхүү ажлаа хийж чадаагүй хүмүүс Б.Наранхүүгээс эхлээд олон байсныг та бид харлаа. Харин Улаанбаатар хотын хувьд Ерөнхий сайд асан Сү.Батболд, Гадаад харилцааны сайдаар ээлж дарааллан ажиллаж буй Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нарын сонгогдсон Сүхбаатар дүүрэг тэргүүлэв. Тухайлбал, 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 58 цэцэрлэг, 83 сургууль, 47 эмнэлэг ашиглалтад оруулахаас цөөнгүй нь Сүхбаатар дүүрэгт баригдах нь ээ. Дан ганц улсын төсвийн хөрөнгө оруулалт ч гэхгүй олон улсын төсөл хөтөлбөр, санхүүжилтээр босох бүтээн байгуулалтыг ч гар сэтгэл нийлсэн гурван гишүүн тойрогтоо сүндэрлүүлэх нь цаг хугацааны асуудал болов. Нөгөөтээгүүр, Ерөнхий сайд асан Сү.Батболдын улс төр, намдаа эзлэх байр суурь өнөөдөр ч хүчтэй хэвээр байгаатай энэ бүхнийг холбон ойлгож болох нь. Гэхдээ эдгээр гишүүдийн давхар сонгогдсон Багануур дүүрэг харьцангуй бага хөрөнгө оруулалт авсан нь өө хайсан нэгэнд бол шүүмжлэх сэдэв болсныг соошл орчин, сөрөг хүчний улстөржилтөөс харж болно. Гэтэл хүн амын нягтрал, эдийн засгийн байдлаас шалтгаалан алслагдсан дүүргийг төр бодлогоор алагчлан үзсээр байгааг өөрчлөх шаардлага бий болсныг харууллаа. Өөрөөр хэлбэл, Багануур, Налайх зэрэг захын дүүргүүд төрийн бодлогын гадна үлдэж байгаа учраас эдгээр дүүргийг бие даасан тойрог болгох төрийн шийдвэр хамгийн оновчтой шийдэл болов. Харин төвийн дүүргүүдээс АН-ын дарга С.Эрдэнэ, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан нарын сонгогдсон Баянгол дүүрэг хамгийн бага хөрөнгө оруулалт авчээ. Энэ нь Ан-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн идэвх санаачилга бяр дутсан үйлдэл гэхээс илүүтэй бусад гишүүд нь түүнтэй баг болж, хамтран ажиллах чадвар, хүсэл сонирхол дутсантай холбоотой юм. Угтаа, Монгол Улсын хөгжлийн чөдөр тушаа болсоор байгаа улстөржилт, намчирхал энэ бүхэнд буруутай. Хүн бүхэн сонгогдсон тойрогтоо танай, манай нам гэж талцахгүйгээр ажиллаж чадаж гэмээнэ хөгжингүй орнуудын жагсаалтад хөл тавих өдөр ч ойрхон байна даа. Б.ЭНХТӨР

Эвдэн сүйтгэгч "Терминатор" эргэж ирэхийг хүсчээ

Тэрбээр тун ч хар мөртэй нэгэн болохоор сэжиг төрдөг Өнөөгийн цүнх баригчид, хошного долоогчид хэмээх бүхэл бүтэн сүргийг, армийг тэр л бий болгосон шүү дээ. Одоо тэгээд юу өөрчлөгдөж, яг яаж шинэ Намбарын Энхбаяр бий болчихоод улс төрд эргэн ирэх гэж зүтгээд байна вэ? Өнгөрсөн долоо хоногийн эцсээр Н.Энхбаярыг баривчилж хорьсны найман жилийн ой тохиолоо. Түүний оймсыг нь гозолзуулан тэр жил баривчилсны учрыг нэгэнт хүн бүхэн мэдэх хойно элдвийг нуршаад юүхэв. Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн, авлига, хахууль их хэмжээгээр авсан хэрэгт нь ял ногдуулж, жил шахам хориод энэ хүнийг суллаж байлаа. Одоогоос таван жилийн өмнө түүний үйлдсэн хэргийг төрөөс уучилсан боловч мань хүн одоо болтол зөвшөөрдөггүй юм. Яагаад гэвэл өөрийгөө тийм уучлуулах хэмжээнд нүгэл үйлдээгүй гэж гүрийнэ. Учир нь өөрийгөө хэлмэгдсэн учраас уучлалт биш, цагаатгал хэрэгтэй гэж үздэг, шаарддаг хүн. 2012 оны дөрөвдүгээр сарын 14-ний тэр өдрөөс хойш яг найман жилийн дараа Н.Энхбаяр сонгуульд нэр дэвшихээр болж байгаа юм байна. Нэгэн цагт бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж,хэмжээгүй эрхт хаан лугаа Монголыг эзэгнэж байх он жилүүдийнх нь намтрыг сонирхох аваас тэр чигээрээ авлига, албан тушаалын хэргийг нийгэмд үрсэлж, цэцэглүүлэн дэлгэрүүлсэн түүхээр баялаг байдаг.Яг 11 жилийн өмнө энэ эрхмийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшихэд нь би вээр Би ирлээ гэсэн бэсрэг нийтлэл бичээд хаан шиг, заан шиг байсан хүний уур уцаарыг барж байснаа санаж байна. Монголын улс төрд жинхэнэ эвдэн сүйтгэгч терминатор болсон хүн эргэж ирлээ гэсэн санаагаар бичсэн болохоор арга ч үгүй байж. Одоо ч тэр ялгаагүй, түүний талаарх миний үзэл бодол яг хэвээрээ. Огтхон ч өөрчлөгдсөнгүй. Тэр эрхэм ч ялгаагүй мөн ижил, огт өөрчлөгдсөнгүй.Терминатор үхдэггүй, устдаггүй шиг Н.Энхбаяр улс төрөөс хэзээ ч явахгүй хүн аж. Гэхдээ ингэж бичиж буй минь түүнийг үхээсэй гэсэн үг биш юм шүү гэдгээ давын өмнө тодотгосу.Зүгээр л түүнд дургүй олон зуун мянган Монголын нэг. Н.Энхбаяр тэр чигээрээ хав хар төрчихсөн хүн ч бас биш. Сайн тал, сайн чанар олон л байдаг байх. Гэхдээ Монголын нийгмийг авлигажиж, мафижсан бүтэцтэй болгосон гол авторын нэг мөнөөсөө мөн гэдэгт би эргэлздэггүй. Өнөөгийн цүнх баригчид, хошного долоогчид хэмээх бүхэл бүтэн сүргийг, армийг тэр л бий болгосон шүү дээ. Одоо тэгээд юу өөрчлөгдөж, яг яаж шинэ Намбарын Энхбаярбий болчихоод улс төрд эргэн ирэх гэж зүтгээд байна вэ? Бүр нэг хүний гайхаш барагдаж байна шүү дээ. Одоо тэгээд нам гүм сууж, ач, зээ нартаа тэр уран зөгнөлт үлгэрээ уншиж байхын оронд мань мэтэд яриад зүтгээд байх нь ямар тээртэй байдаг гээч. Монголчууд одоо үлгэрт итгэхээсээ өнгөрсөн шүү дээ л гэж бодох юм. Н.Энхбаярыг болон түүний найз нөхдийн МАХН-ыг сонгох аваас хүн бүр үнэгүй байр, орон сууцтай болох юм гэнэ. Монгол хүний цалингийн доод хэмжээг таван сая төгрөг болгох юм байна. Үнэн гоё сонсогдож байгаа биз. За одоо болно оо! Ингэж доромжлуулах гэмийг бид өөрсдөө хийцгээдэг хойно яая гэхэв. Түрүүчээсээ өрөвдөөд эхэлчихсэн ч байх шиг. Тэгээд мань хүн мангасыг сонгох нь л дээ. Түүний хүсэн хүлээж байгаа юм нь зөвхөн энэ шүү дээ.Өөрийгөө их гэнэн байж, одоо бол засарсан, маш хашир суусан гэж ярьж байна. Үнэн. Энэ хүн одоо улам хашир, улам аюултай, улам хорлонтой сүйтгэгч болон эргэн ирж байна.Тэрбээр авлигын загалмайлсан эцэг болж, аалзны торонд-оо нийгмийг орооцолдуулж хэрсэн хүн. Энэ гэмийг нь уучилж болох ч, эргэж улс төрд хэзээ ч үл орж ирэх ёс суртахууны давж үл болох хаалт босгосон гэдгийг тэр өөрөө мэдэж байгаа ч үл тоомсорлож байна. Түүний энэ бүр нэг цайчихсан, ширлэчихсэн мэт үл ичих үйлдэл, хандлага нь миний дургүй, эгдүүгхөдөлгөөд байдаг юм. Бүр нэг монголчуудыг тэгэхээс тэгэх гэж өдөөд байгаа юм шиг санагддаг. Тэрбээр тун ч хар мөртэй нэгэн болохоор сэжиг төрдөг.Түүнийг дагаж, цүнхийг барьж, өөрийнх нь хэлснээр бөгсийг нь долоож явсан залуучуудын ихэнх нь шоронд орсон юмдаг. Өнөөдөр ч зарим нь тэр хэцүү газраас гараагүй байж л байна.Г.Шийлэгдамба (Байгаль орчны сайд асан, П.Цогтбаатар (МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга асан) нар шоронд илгээгдсэн бол Э.Эрдэнэжамъян, З.Баянсэлэнгэ нар түүнтэй холбоотойгоор байцаагдаж байсан. Зарим хүнд одоо ч хэрэг үүсгэгдэн, шалгагдаж, хувь заяа нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж явна. Гэтэл мань терминатор-ыг шүтэн биширч, сохроор дагадаг тэдэн шиг залуусыг сүйтгэгч маань өнөө зорилгодоо ашигласан хэвээр.Өнөөдөр улс орныг нэг гэр бүлийн хоёр эзэгнэн захирдаг асан үе өнгөрсөн шүү дээ. Монгол Улсын эрх мэдлийн бүхий л өндөрлөгт хүрсэн, өдий насны хүнд одоо улс төрд шунан зүтгэх ямар агуу шалтгаан байна вэ? Ядаж л хаширдаггүй юмаа гэхэд уйддаггүй гэж үү!Ингэж үхэн хатан тэмүүлэх нөр шалтгаан байна л даа. Тэр нь дахин Монголыг бузарлаж, түймэрдэх вий дээ. Түүнээс өөр юуг хүлээх юм. Оймсоо гозолзуулсан-ы найман жилийн ойг тань тохиолдуулж, нам гүм намбалаг суугаасай хэмээн хүссэндээ ийн тэрлэлээ. Бүү хилэгнээрэй дээ! Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

У.Хүрэлсүхийн сонгуулийн хөзөр МАН-д айдас хүйдэс дагуулав уу

УИХ-ын сонгуулийн босго хаяанд тулж, зургадугаар сард бүрэлдэх шинэ УИХ-ын бүрэлдэхүүнд багтах чин хүсэлтэй 76 нэр дэвшигч нам намын хаалга тогшиж, намын дарга нарын таалалд нийцэхээр чармайн буй энэ үед УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүний тоо 65-аас 62 болж гурваар уналаа. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял сонсож, өдгөө хоёр жилийн хорих ялаа эдэлж байгаа бол УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр бүрэн эрхээсээ татгалзчихаад автомашин тоноглосон шигээ сошиал ертөнцөд гэгээнтний дүр эсгэх болсоор удав. Цагийн сайханд гэх үү, эрт эдүгээ цагт гэх үү МАН-ын дарга хийгээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хуурай дүүсийн багт гол дүр бүтээж байсан тэдний бүрэн эрхээсээ татгалзсан шалтгаан нэгэнт хууль хяналтын байгууллагын албан хаагчдыг араасаа гүйлгэх маягтай шийдэгдсэн бол өнгөрсөн долоо хоногт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хийгээд УИХ-ын гишүүн асан Д.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, УИХ-ын олонхийн саналаар амаргүй хүнд шийдвэр албажиж, төгсөх нь тэр. Д.Батзориг гишүүний тухайд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албыг хашсан богинохон хугацаандаа Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийг нэр бүхий гишүүдийн эрх ашигт нийцүүлэн олгосон гэдэгт буруутгагдсан бөгөөд өөрөө ч энэхүү ёс зүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээхээ мэдэгдсэн. Жирийн нэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн хүсээд ч олж авч чаддаггүй зээлийг намынхаа гишүүдийн хамаарал бүхий болон хүсэлт гаргасан нэр бүхий компаниудад Үл ойлголцол үүсгэмээргүй байна. Хүсэлт гаргасан зээлийг нь өгчих гэдэг үгийг бамбай болгон доод албан тушаалтнууддаа аман тушаал өгөх замаар хуваарилсан нь яаж ч бодсон өршөөж боломгүй үйлдэл. Гэхдээ цаашид асуудал ийн нэг хүн, нэг сайд УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хасуулсан төдийгөөр хэмжигдэхгүй бөгөөд МАН-ын дарга хийгээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд ЖДҮ-гээс зээл авсан, бусдыг зээл авахад нөлөөлсөн гэдгээрээ УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзахад хүрсэн тодорхой нэр бүхий гишүүдээ дахин УИХ-д нэр дэвшүүлэхгүй хэмээн албан ёсоор болон албан бусаар зарлаад удаж байна. Гайхмаар нь тэдгээр зээлдэгч, зээлд зуучлагч нарын дунд зөвхөн МАН-ын гишүүн гэлтгүй, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ойр дотно харилцаатай ах дүү төдийгүй анд нөхдийн арвин түүхтэй улстөрчид чамгүй олон бий. Ийм үед тэд дахин УИХ-ын гишүүн болохыг хүссэн хүсэл мөрөөдөлд нь бартаа саад учруулсан МАН-ын даргад яавч сайхан сэтгэлийн ерөөл өргөхгүй нь тодорхой. Тэр дундаа, МАН-аас УИХ-д нэр дэвшигч 76 горилогчийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг хөзөр, таамаг У.Хүрэлсүх гэдэг хувь улстөрчийн тархинд хэрхэн зурагдаж буйг тааварлах хар зургийг гаргахад ч бэрхтэй болж хувирсан гэхэд болно. МАН-ыг УИХ-ын дарга асан М.Энхболд тэргүүтэй 60 тэрбумын буюу хотын фракциас чөлөөлөх хатуу ширүүн тэмцэлд ханцуй шамлан орж байна хэмээн зарлаж, тэдний эсрэг хийсэн тэмцлийнхээ үр дүнд дөнгөж МАН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг авахтай нь зэрэгцэн түмний өмнө нүүрийг нь түлсэн ЖДҮ-ийн зээл гэгч мандсан болохоор арга ч үгүй. Товчхондоо тэрбээр, яг одоо цагт өрөөлөөс тусламж гуйхаас илүүтэй өөртөө итгэх цорын ганц хамгаалалтад ач холбогдол өгчихөөд сууж буй нь гарцаагүй. Тиймээс ч УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг явуулсан. Д.Гантулгын тухайд ажил амьдралын гараагаа МАН-аас эхэлсэн төдийгүй өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн шинэчлэлийнх нь ажилд шинэ залуу үеийн төлөөлөл гэдгээрээ яг л нэрийн хуудас шиг хатуу чанад зүтгэж явсан. Гэсэн ч хувь хүнийх нь буруу үйлийг нутаг нугын ах, нэг фракцийнх нь түшиг гэгдэж ирсэн намынх нь дарга У.Хүрэлсүх хаацайлаагүй. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тухайд анх МАН-д элсэж орох үеэсээ эхлэн тухайн үеийн намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхэд хадаг яндар барих нь холгүй хөл алдаж явсан цаг саяхан. Гэсэн ч гүйцэтгэх засаглалын баг бүрэлдэхүүнд багтаж, УИХ-ын гишүүнээр сонгогдохтойгоо зэрэгцэн тэрбээр удирдлагыг гартаа авна гэж тооцоолсон нь дэндүү түргэдсэн алхам байсан юм. Тиймээс ч бушуу туулай борвиндоо баастай гэдэгчлэн хувь улстөрчийнхөө хувьд удаа дараа ёс зүйн алдаа гаргаж, үг үйлдлийнх нь хөнгөн хуумгай алдаа, нэр бүхий улстөрчийн үхэлд сэрдэгдсэн гашуун үйл явдал нь түүнийг нь МАН-аас, УИХ-аас явуулахад хүргэсэн. Энэ үед У.Хүрэлсүх мөн л хамгаалаагүй. Уг нь нэгэн цагт анд нөхдийн дайтай хуурай ах дүү бололцсон сайн цагаа эргэн дурссан бол УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бодоход УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт илүү сайн түүх үргэлжлүүлэн бичигдэх боломж байсан л байх. Гэсэн ч У.Хүрэлсүхийн тооцоод тийм уучлал бичигдээгүй бололтой юм билээ. Тавдугаар сараас хойш тавьсан ганцаарчилж уулзах хүсэлтэд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх таатай хариу өгөөгүйг бодоход шүү дээ. Харин хамгийн сүүлийн жишээ болох Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн асан Д.Батзоригийн тухайд өнөөдөртөө ЖДҮ-ийн зээл олголтын шударга бус хуваарилалтад ганц хүн хариуцлага хүлээж буй мэт харагдаж байгаа боловч түүний араас тодорхой нэр бүхий УИХ-ын гишүүд хариуцлага хүлээх нь нэгэнт тодорхой болчихоод байгаа үйл явц. Тодорхой хэлбэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ирэх тавдугаар сард багтан УИХ-д хэлэлцүүлэгдэж мэдэхээр нөхцөл байдал үүсчихээд буй. Харин бусад гишүүдийн тухайд тойргийнхоо компаниудыг дэмжсэн, зээлээ зориулалтын дагуу зарцуулсан гэх мэт үндэслэлээр хууль хяналтын байгууллагын шийтгэлээс чөлөөлөгдөж болох ч МАН-ын дарга болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн олонд зарласан зарчмаас гажиж өршөөгдөхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болов. Гэхдээ У.Хүрэлсүх өөрөө хууль цааз, бүр шүүгч биш учраас хатуу хариуцлага тооцож, ял шийтгэл оноох тухай асуудал бол мэдээж энд байхгүй. Тэр бүхэн нь хууль шүүхийн байгууллагын зарчмаараа явна. Харин У.Хүрэлсүхийн өнөөдрийн эрх мэдлийн хүрээнд ганц чадах ажил бол УИХ-д нэр дэвших эрхийг нь олгохгүй, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх гэдэг ганц л барьцтай шийдвэр. Дээрхи, гурван тохиолдлоос харахад энэ шийдвэрийн биелэлт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулж, олон нийтэд зарлах тэр өдөр олонд ил болох бөгөөд гагцхүү олонд хандаж хэлсэн үг, албан бусаар задарсан мэдэгдэл зэргээс нь харахад У.Хүрэлсүхийн ЖДҮ-гээс зээл авсан болон зээл олгоход зуучилсан намынх нь ах дүү, найз нөхөд, хамтран зүтгэгчдийнх нь цөөнгүй хэсэг нь ийнхүү сонгуулийн хөзрөөс нь албан ёсоор хасагдах нь тодорхой болов. Харин энэ шийдвэр албажихтай зэрэгцэн УИХ-ын гишүүн болсноор баталгааждаг тухайн улстөрчийн дөрвөн жилийн циклийг бүхэлд нь устгаж, үгүй хийсэн МАН-ын дарга болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүх рүү онилох хэр олон дайсан нам дотор нь төрөн гарахыг таашгүй юм. Нэг ёсны тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуулийн өмнө найз бус дайсан төрүүлэх хүнд ачааг ийн үүрэв бололтой. Гэхдээ төдийгөөс өдий хүртэл үргэлжилсэн улс төрийн зам мөр нь энэ зэргийн бэрхшээлийг даваад гарахад, их нүүдлийн түрүүч хаа очиж буудаллах ёстойг саравчилж харах алсын харааг суулгаа л байлгүй дээ, түүнд. Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

 ЗАСГИЙН ГАЗАР ХЭЛСЭНДЭЭ ХҮРЧ,ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ТАТВАР,НДШ-ИЙН ХӨНГӨЛӨЛТ,ЧӨЛӨӨЛӨЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

У.Хүрэлсүхийн Засгийн газар амлалтаа биелүүлж, эдийн засгаа идэвхижүүлэх, ажлын байрыг хадгалах чиглэлд татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж эхэллээ. Засгийн газрын энэхүү дэмжлэгт ямар аж ахуйн нэгж болоод иргэн хамрагдах нь олон нийтийн анхаарлыг татаж буй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 99.9 хувь нь уг татварын дэмжлэгт хамрагдах юм. Харин үлдсэн 0.1 хувь нь алтны компани байгаа юм. Засгийн газар хэлсэн үгэндээ эзэн болж эдийн засгийн нөхцөл байдал эгзэгтэй байгаа энэ цагт дараахь аж ахуйн нэгж, иргэдэд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байна. Тодруулбал, Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төр болон хувийн их дээд сургуулиуд 2020 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй эдийн засгийн дарамтгүй нуруу тэнэгэр байж болохоор боллоо. Аж ахуйн нэгжийн орлогын 2019 оны тайлангаар 1.5 тэрбумаас бага орлоготой аж ахуйн нэгжүүд 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 сарын 01-ний хооронд олсон үйл ажиллагааны орлогоосоо албан татвар төлөхгүй. Зах худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ , хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр талбай түрээслүүлэгч 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бууруулсан түрээсийн төлбөрийн хэмжээгээр орлогод оногдох албан татвар хөнгөлөлт эдэлнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэлтэй үед бие биенээ дэмжиж, эрсдэл багатай давах туулна гэсэн үг. Сайн дураар нийгмийн даатгал төлдөг иргэдийн хувьд журамд зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагагүй бөгөөд нийгмийн даатгалд нь энэ хугацаанд төлснөөр бичилт хийгдэх юм. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төр болон хувийн их дээд сургуульд ажиллаж байгаа иргэд мөн дээрх хугацаанд цалингаа бүтнээр нь авах боломж бүрдэж байна. Ажил олгогч энэ хугацаанд албан татвар суутган төлөхгүй байх зохицуулалт хийгдэж байна. Корона вирусын дэгдэлттэй холбоотойгоор ганцхан Монгол Улс ч биш дэлхий эдийн засаг, нийгмийн харилцаа сорилтын өмнө тулж ирээд байна. У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газар энэ бэрхшээлийг олж харж, иргэд болоод аж ахуйн нэгжүүдээ татварын дарамтаас чөлөөлж, эрсдэлт цаг мөчийг хамтдаа эвийн хүчээр даван туулах шийдвэрүүдийг ар араасаа гаргаж, эхнээс нь ажил хэрэг болгож эхэллээ. С.Өрлөгжанжин

Ч.Хүрэлбаатар: Нийт аж ахуйн нэгжийн 99.99 хувь нь НДШ төлөхгүй

Шинэ коронавирусын халдвар газар авч хөл хорио тогтоосон энэ үед Монгол Улсын Засгийн газар иргэд, аж ахуй нэгжүүдэд чиглэсэн шат дараалсан шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь энэ сарын 1-нээс 10 дугаар сарын нэгнийг хүртэл зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх шийдвэр юм. Засгийн газрын хуралдаанаар албан ёсны шийдвэр гарч журам баталснаас хойш иргэдийн дунд буруу ташаа ойлголт их байгаа учраас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар албан ёсны тайлбарыг өглөө. Дараах даатгуулагчид НДШ-ээс зургаан сар чөлөөлөгдөх юм байна. Үүнд: -Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд - Төрийн бус байгууллагууд - Төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд - Сайн дурын бүх даатгуулагчидчөлөөлөлтөд хамрагдана. Монгол Улсад татвар төлдөг 108 мянган аж ахуйн нэгж байгууллага байдаг байна. Чөлөөлөлтөд хамрагдсан дээрх даатгуулагчид Монгол Улсын бүх хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын 99.99 хувь юм. Харин үлдсэн 0.01 хувьд нь алтны компани зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж багтаж байна. Алтны үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн найман жилийн хугацаан дахь хамгийн өндөр төвшиндөө хүрсэн. Тиймээс дээрх чөлөөлөлтөд хамрагдахгүй. НДШ-ээс чөлөөлснөөр ажилтан болон ажил олгогчдын зүгээс татвар төлөхгүй. Үүнийг Монгол Улсын Засгийн газар төлнө. Харин нэгэнт төлөгдсөн бол буцаан олгоно гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Түүнчлэн Засгийн газраас авч хэрэгжүүлнэ гэсэн бусад арга хэмжээнүүд ч эхнээсээ хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, нефть бүтээгдэхүүний үнийг бууруулах, хүүхдийн мөнгийг 50 хувиар нэмэгдүүлэх ажил улс орон даяар хэрэгжээд эхэллээ. Гуравдахь буюу Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварыг тэглэх ажил ийнхүү эхэлж байна гэдгийг тэрбээр онцолсон юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.