Ф.Мэрлин: Франц улсын иргэн COVID-19 халдварын анхны тохиолдлыг авчирсанд маш их харамсаж байна

Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Филипп Мэрлин Юуны түрүүнд Монголд Улсад COVID-19 халдварын анхны тохиолдлыг авчирсан хүн нь Франц Улсын иргэн байгаад маш их харамсаж байна. Надаар дамжуулан Франц улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлснийг уламжилж байна. Бид иргэнтэйгээ холбогдож мэдээлэл авч байгаа. Биеийн байдал нь дээрдэж байгаа гэсэн мэдээлэл авсан. Бид Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн салбар, эмч нарт манай улсын иргэнийг эмчилж чадна гэдэгт итгэж байна хэмээн онцлон тэмдэглэлээ. Тэрээр энэхүү харамсалтай үйл явдлыг цаашид яаж засч залруулж явах тал дээр ихээхэн санаа зовинож байгаагаа уламжилсан юм. Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газраас өвчтөнийг эдгээхийн тулд байгаа бүх хүч чадлаа дайчлан ажилла гэдэг чиглэл өгсөн. Тийм бололцоо байгаа гэдгийг ч манай Эрүүл мэндийн сайд хэлсэн. Тиймээс одоо өвчтөний сэтгэл санааны байдал чухал. Өнгөрсөн хоногуудтай харьцуулахад нийгмийн сүлжээгээр тархаж байсан нэн таагүй хандлага буурч, ард иргэд маань ч ухаалаг хүлээцтэй хандан, тэр хэрээр өвчтөний сэтгэл зүйн байдал тогтворжиж, эмч, өвчтөн хоорондын харилцаа улам сайжирч байна гэлээ. Дэлхий нийтэд цар тахлын түвшинд тархаж буй COVID-19 халдварын Монгол Улсын анхны тохиолдол Франц улсын иргэнээс илэрсэнтэй холбогдуулан тус улсын зүгээс иргэнээ авах хүсэлт гаргаад байсан. Харин өвчтөний сэтгэл санаа, биеийн байдал сайжирч, эдгээнэ гэсэн монгол эмч нарын итгэл өндөр байгааг үндэслэн иргэнээ нутаг буцаах асуудлаар дахин хөндөхгүй гэдгээ Элчин сайд Ф.Мэрлин уулзалтын үеэр хөндсөн. Өвчтөн ч эхэндээ нутаг буцах бодолтой байсан ч Монгол Улсад эмчлүүлэх шийдвэр гарган эмч, мэргэжилтнүүдийн заавраар шинжилгээ, үйлчилгээг ямар нэг асуудалгүйгээр даган биелүүлж байнагэж Монгол Улсын Шадар Сайдын Ажлын Албанаас мэдээллээ.

Трамп Европоос ирэх болон Европ руу явах урсгалыг 30 хоног зогсоолоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп шинэ төрлийн коронавирус нь бүх дэлхийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрсэн тухай ДЭМБ-ын мэдэгдлийн дараа Европоос АНУ-д ирэх болон АНУ-аас Европ руу явах бүх урсгалыг 30 хоногийн турш зогсоохоор болсноо мэдэгдлээ. Гэхдээ энэ шийдвэрт Их Британиас бусад Европын бүх улс орон хамаарч байгаа ба дээрх шийдвэр орон нутгийн цагаар баасан гаригийн /2020.03.13/ шөнө хэрэгжиж эхлэх ажээ. Мөн уг шийдвэр нь худалдаа, ачаа тээвэрт нөлөөлөхгүйг онцолсон байна. Түүнчлэн Covid-19-ийн халдвар авсан иргэддээ санхүүгийн тусламж үзүүлэх яаралтай арга хэмжээг авч эхлэхээ амласан байна. Уг ажилд 50 тэрбум ам.доллар төсөвлөхөөр төлөвлөж байгаа гэв. АНУ-д өнгөрсөн шөнийн дотор 311 шинэ тохиолдол нэмж бүртгэгдэн нийт халдвар авсан хүний тоо 1,300 давсан бол нас барагсдын тоо наймаар нэмэгдэж, 38 болжээ.

“Монголын Элчин сайд нарын клуб” ТББ-аас УОК-т хандив гардууллаа

Монголын Элчин сайд нарын клуб ТББ-ын төлөөлөл өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө. Энхтүвшинд бараалхан дэлхий даяар тархаад буй Коронавирус 19 хэмээх аюулт өвчинтэй тэмцэх, ард түмнээ энэхүү өвчний халдвараас сэрэмжлэн хамгаалах, сэргийлэн аврах талаар Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч буй холбогдох арга хэмжээнүүдийг бүрэн дүүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн захидлыг энэхүү амаргүй үйлсийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд зориулан МЭСК-ийн гишүүдээс чин сэтгэлийн хандив болгон өргөж буй арван сая төгрөгийн хамт гардуулан өгөв. Шадар сайд Ө.Энхтүвшин уг захидал, хандивыг хүлээн аваад ойр холын олон улс гүрэнд хурдтай тархаж буй энэхүү аюулаас хилийн чанад амьдарч сурч, ажиллаж хөдөлмөрлөж, айлчлан зочилж, аялан зорчиж яваа монгол иргэдээ хамгаалах талаар Монголын дипломатуудын гүйцэтгэж буй үүрэг, гаргаж буй хүч чармайлтыг монголын төр засаг, түмэн олон өндөр үнэлж байдгийг илэрхийлэн талархаад уг хандивыг зориулсан үйлсэд нь зохих ёсоор ашиглах болно хэмээв. Шадар сайдад бараалхахад МЭСК-ийн Ерөнхийлөгч, Бригадын генерал, Элчин сайд Д. Гэрэл , дэд Ерөнхийлөгч Элчин сайд Л.Удвал, тэргүүлэгч гишүүн Элчин сайд Х.Бэхбат нар байлцан Коронавирус 19 анх удаа Монголд илэрсэн явдал төр засаг, холбогдох яам, байгууллага, албадын зүгээс үүрэг хариуцлагаа улам чамбайруулах шаардлагатай байгааг харуулсан төдийгүй хувь хүн, иргэн бүр цаашид нэн хариуцлагатай, өндөр ухамсартай, хатуу сахилга журамтай байж болзошгүй аюул заналыг амжилттай гэтлэн давах болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн Монгол Улсын Онцгой комиссын цаашдын ажилд амжилт хүсэв. Эх сурвалж: ГХЯ

Буруу зураг бүхий мэдээлэл болон тухайн иргэний аюулгүй байдалд санаа зовж буйгаа Францын Элчин сайд илэрхийлэв

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч Франц Улсын иргэнээс COVID-19 шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдгүүд илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлж, санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Улсын онцгой комиссын гишүүний хувьд УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй мэдээлж, цаашид тархалтыг Монгол Улсад төдийгүй уг иргэний зорчсон, дамжсан улс оронд урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдүүлэх, холбогдох байгууллагуудаас өгч буй зөвлөмж зааврыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч хамтран ажиллахыг хүсэв. Францын Элчин сайд тус улсын иргэн коронавирусийн халдвар авсан тухай мэдээлэл гарсантай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр уг асуудалтай хамааралгүй иргэний зураг бүхий буруу ташаа мэдээлэл гарч байгаад эмзэглэж, тухайн иргэний аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлж, зохих арга хэмжээ авахыг манай талаас хүслээ гэжГадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Монгол Улсад ажилладаг Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрчээ

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн Аэрофлот компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Тухайн иргэнийг Дорноговь аймагт тусгаарлан, давтан шинжилгээ хийж эхний хариуг баталгаажуулах юм. Нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоож байна. Энэ хугацаанд Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower-т очиж үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө тусгаарлан, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөж байна. Франц Улсаас зөөвөрлөгдөн ирсэн халдварыг тархахаас сэргийлж нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл зогсоолоо. Зайлшгүй шаардлагаар нийслэл, аймаг, сум руу зорчих бол нийслэл, аймгийн Онцгой комисст хүсэлтээ гаргаж зөвшөөрөл авах ёстой. Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг Бадрах Энержи компанид ажилладаг. Нутагтаа 10 гаруй хонохдоо гэрийн ойролцоох дэлгүүрээр үйлчлүүлсэн, сүүлийн 14 хоногт зэрлэг мал, амьтан, сэг зэмтэй харьцаагүй, далайн захаар яваагүй, ойролцоох мужийн Зеблин дүүрэгт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн гэж өгүүлжээ. Монгол Улсад ирж Баянгол зочид буудалд байрлахад нь 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах зөвлөмж өгсөн ч хайхраагүй байна. Улмаар 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр явж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх Бадрах Энержи компанийн Зөөгч Овоо кэмпэд байрлажээ. Түүнээс хойш халуурах, хамар битүүрэх, хоолны дуршил муудах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь тогтвортой, халуунтай байна. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох бүх байгууллага шаардлагатай арга хэмжээг авч байна. Иргэд айж тэвдэлгүй, аль болох гэртээ байх, гараа тогтмол угаах, гадуур явах бол амны хаалт заавал зүүхийг Улсын онцгой комисс дахин зөвлөлөө гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.