АХБ: Монгол Улс дэлхийд үлгэрлэж байна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн Хөгжлийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандранг өөрийнх нь хүсэлт тавьсан дагуу хүлээн авч уулзлаа. Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран АХБ-аас коронавирусийн эсрэг хариу арга хэмжээ авах хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Шадар сайдад мэдээлэл өглөө. Тухайлбал Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл болон Техник туслалцааны төсөл батлуулсан тухай танилцуулсан юм. Тэрээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос коронавируст халдварын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Ноён Павит Рамачандран Монгол Улс өнөөдөр дэлхийд үлгэрлэж байна. Ялангуяа эхний үед халдварын эсрэг маш зоримог шийдвэрүүдийг гаргасан нь эерэг сайн үр дүнтэй байна гэж харж байна. Энэ онцлог, амаргүй цаг үед Азийн Хөгжлийн Банкнаас бүс нутгийн тандалт судалгааг ч хийж байна. Монгол Улсын хувьд эдийн засаг хүндрэх магадлалтай гэж үзээд дэмжлэг туслалцаа үзүүлэх хэд хэдэн хувилбарыг ч бодолцож байна гэсэн юм. Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газар, УОК-оос хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өндрөөр үнэлэсэнд талархал илэрхийллээ. Тэрээр Өнөөдөр би Монгол Улсын Онцгой комиссын даргын хувьд Коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний стратеги, мөн Коронавирусийн халдварын цар тахлын хариу арга хэмжээний төлөвлөгөө гэсэн хоёр чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Уг хоёр баримт бичиг нь салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, мөн Засгийн газар, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулахад хөшүүрэг болох юм. Энэхүү хоёр төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Азийн Хөгжлийн Банкны дэмжлэг их байх болно хэмээн онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

"COVID-19"-ийн эсрэг хамтдаа тууштай тэмцэхийг эрмэлзэж байна

Энэтхэг улсын Ерөнхий сайд Эрхэмсэг Ноён Нарендра Моди өчигдөр буюу 3-р сарын 15 Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн (SAARC) удирдагчид нартай холбогдож, корона вирусын нөхцөл байдлын талаар ярилцан, COVID-19 цар тахал урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх бүс нутгийн зохицуулалтын арга механизмын талаар хэлэлцэв. Энэхүү видео хуралд Афганистаны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ашраф Гхани, Шри Ланкийн Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Готабая Ражапакса, Мальдивын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ибрахим Мохамед Солих, Бангладешийн Ерөнхий сайд Эрхэмсэг хатагтай Шейх Хасина, Непалын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён К.П. Шарма Оли, Бутаны Ерөнхий сайд, Эрхэмсэг Др. Лотай Цэринг, Пакистаны Эрүүл мэндийн сайд Эрхэмсэг ноён Доктор Зафар Мирза болон SAARC-н Нарийн бичгийн дарга нарын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцов. Ерөнхий сайд ноён Нарендра Моди хэлсэн үгэндээ COVID 19 цар тахлаас үүдэлтэй урьд өмнө тохиолдож байгаагүй эрүүл мэндийн онцгой байдал үүсч буй энэ үед аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх нийтлэг стратеги Өмнөд Азийн бүс нутагт боловсруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцоллоо. Хамтран ажиллах дараах саналуудыг Ерөнхий Сайд Моди гаргав: COVID-19 Онцгой байдлын сан байгуулах. Уг санд улс орнууд сайн дурын үндсэн дээр хандив өгөх ба Энэтхэг улс анхны 10 сая ам.долларын орууллаа. Шинээр байгуулагдсан санг түнш улсуудын аль нь ч яаралтай авах арга хэмжээний зардлуудыг санхүүжүүлэхэд ашиглах. Шуурхай Хариу Үйлдлийн Баг (Rapid Response Team) бүрдүүлэх. Тус багын бүрэлдэхүүнд нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан эмч мэргэжилтнүүд багтах ба шаардлагатай тохиолдолд аль ч улс орон руу дайчлагдах байнгын бэлэн байдалд байх. Хөрш зэргэлдээ орнуудын яаралтай тусламжийн багуудад онлайнаар сургалт зохион байгуулах, Энэтхэг Улсын Өвчний Тандалтын Нэгдсэн Портал програм хангамжийг ашиглан вирус тээгчдийг олж тогтооход туслах. Шилдэг туршлагыг хуримтлуулахын тулд SAARC Гамшгийн Менежментийн Төв гэх мэт механизмуудыг ашиглах. Өмнөд Азийн бүс нутагт тархсан халдварт өвчний тархалтыг хянах судалгааны ажлыг уялдуулах нийтлэг судалгааны платформ байгуулах. SAARC бүсийн мэргэжилтнүүд COVID-19-ийн эдийн засагт үзүүлэх урт хугацааны үр дагаврын талаар, мөн дотоод худалдаа, орон нутгийн нэмүү өртгийн сүлжээг энэ нөлөөллөөс хэрхэн яаж хамгаалах вэ гэсэн сэдвээр санал тогтмол солилцох Ерөнхий сайд ноён Нарендра Моди Энэтхэгийн Засгийн Газраас Covid-19-той тэмцэхэд төрөлжүүлсэн хариу арга хэмжээний механизм, улс орон руу нэвтэрч буй хүмүүст скрининг хийх; телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар олон нийтийг сэрэмжлүүлэх; эмзэг бүлгийн хүмүүст хүрч ажиллахад илүү анхаарах; оношилгооны байгууламжийг нэмэгдүүлэх; цар тахлын хяналтын үе шат бүрт мөрдөх журам боловсруулсан гэх мэт авч буй шуурхай арга хэмжээнүүдийн талаар SAARC-ийн удирдагчидтай хуваалцлаа. Одоогийн байдлаар 1400 Энэтхэг болон бусад орнуудын иргэдийг хөрш орнуудаас Хөршүүд нэн түрүүнд бодлогын хүрээнд амжилттай нүүлгэн шилжүүлсэн бөгөөд COVID-19-ийн эсрэг хамтдаа тууштай тэмцэхийг эрмэлзэж байгаагаа дурдан SAARC-ийн орнуудын энэхүү хамтын ажиллагаа нь дэлхийд үлгэр жишээ болох ёстойг онцолсон юм.

ШҮҮХ ХУРАЛДААН системийг ашиглах боломжтой боллоо

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг болон шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилгоор шүүх хуралдааны явц, тухайн хэргийн шийдвэрлэлтийн мэдээллийг хэргийн оролцогч, хэвлэл мэдээллийн байгууллага, сонирхогч этгээдэд шуурхай хүргэх үүднээсwww.livecourt.mn/Шүүх хуралдаан систем/-ийг ажиллуулж эхэллээ. Энэхүү систем нь шүүх хуралдаан эхэлсэн, үргэлжилж байгаа, зөвлөлдөж байгаа болон шийдвэрлэсэн байдлын талаарх мэдээллийг тухайн цаг хугацаанд мэдэх боломжийг бүрдүүлнэ. Хэргийн оролцогч болон сонирхогч этгээдШҮҮХ ХУРАЛДААНсистемийг ашигласнаар шүүх хуралдааны талаарх бодит мэдээллийг шуурхай авахын зэрэгцээ тухайн шүүх хуралдааны оролцогчийн хувьд хүлээлт үүсгэхгүйгээр оролцох боломжийг хангах юм. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг тусгаарлажээ

Нийслэлийн прокурорын газраас Д.Баярсайхан, З.Баянсэлэнгэ болон бусад нэр бүхий 11 хүнд холбогдох / 2002 оны Эрүүгийн хууль/ Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, / 2015 оны Эрүүгийн хууль/ Хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1802004710306 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх явцдаа Д.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн 1802004710306 дугаартай хэргээс З.Баянсэлэнгэ М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох 201701000022 дугаартай хэргийг тусгаарлаж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлэн ирүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-05 -ны өдрүүдэд хянан хэлэлцэж, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох 201701000022 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ.

У.Хүрэлсүх: Ахмад дайчид, цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болсон эрчүүддээ баярын мэнд хүргэе

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 99 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ЗОРИУЛСАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН МЭНДЧИЛГЭЭ 2020.03.18 Монгол Улсын иргэд ээ, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа, Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууд аа, Энхийг сахиулагч-Цэнхэр дуулгатан дайчид аа, Та бүгдэд туурга тусгаар төр улсынхаа сүр хүч, золбоо хийморь нь болсон цэрэг эрсийн баяр-Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол цэрэг улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах үүргээ түүхийнхээ бүхий л үед нэр төртэй биелүүлэн төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг хүлээж ирсэн ялгуусан уламжлалтай билээ. Эдүгээ Монгол Улсын Зэвсэгт хүчин улс орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ энхийн бүтээн байгуулалтад оролцох, хүн амд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх үйлсэд хүндтэй гавьяа байгуулж байна. Монгол Улсын цэрэг, цагдаагийн цэнхэр дуулгатан дайчид улс түмний энх амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалахад идэвхтэй оролцож, эх орон, ард түмнийхээ алдрыг дуурсгаж байгааг Монгол Улсын Засгийн газар бахархан тэмдэглэж байна. Монгол цэргийн баярын энэ өдөр нийт ахмад дайчид, цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болсон эрчүүд, мөн хань ижлийнхээ амжилт, ололт бүрийг сэтгэл догдлон дэмжиж байдаг цэргийн албан хаагчдын ар гэрийнхэнд баярын мэнд хүргэе. Хүн төрөлхтөнд шинэ корона вирусийн тахлын аюул нүүрлэсэн энэ цаг үед цэрэг, цагдаа, онцгой байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын генерал, офицер, ахлагч, цэрэг дайчид, нийт ажилтан, албан хаагчид Та бүхэн хариуцлага, сахилга зохион байгуулалтаараа ард түмнээ үлгэрлэн, эх орныхоо аюулгүй байдлын нүд, чих, бамбай нь болж ажиллана гэдэгт Монгол Улсын Засгийн газар итгэл төгс байна. Монгол цэргийн яруу алдар мандан бадартугай. Монгол Улсын төлөө зүтгэе.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.